A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 6.1.5, 6.1.6, 6.1.7, 13.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.4 дэх заалтыг "Цахилгаан эрчим хүчний орой, шөнө, өглөөний тарифыг мөрдөх хугацааг 21.00 цагаас 09.00 цагийн хооронд тооцно." гэж өөрчлөн найруулж, мөн журмын 2.1, 2.2, 3.3 дахь заалтын "шөнийн" гэснийг "шөнө, өглөөний" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

2.1.цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг нэмэгдүүлэн тогтоох, өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (Э.Түвшинчулуун)-нд;

2.2.журмын өөрчлөлтийн дагуу тарифын өөрчлөлтийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний хэрэглээнд тооцож, хэрэгжилтийг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (Э.Түвшинчулуун)-нд;

2.3.агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн халаалтыг бүх төрлийн хийн түлш болон бусад дэвшилтэт шинэ технологи ашиглан шийдвэрлэх хувилбарыг судлан тодорхойлж, зарим байршилд хэрэглээнд нэвтрүүлж, үр дүнг тооцсоны үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх санал, дүгнэлтийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд 2025 оны II улиралд багтаан танилцуулахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт;

2.4.журмын өөрчлөлтийн дагуу тарифын хөнгөлөлтөд зарцуулах нэмэлт зардал болон энэ тогтоолын 2.3-т заасан арга хэмжээнд хамрагдах айл өрхөд олгох хийн түлшний үнийн урамшуулалд шаардагдах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд.

3.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цаашид цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх, хийн түлшний үнийн урамшуулал олгох асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороогоор хэлэлцүүлж, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, цаашид хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, арга хэлбэр, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээг авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН