- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ (Хархорум хотын Захирагчийн ажлын алба)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 136
Улаанбаатар хот
БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасныг үндэслэн "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1, 2 дахь дэд заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны удирдлагын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:
1.1.Хархорум хотын Захирагч;
1.2.Хархорум хотын ерөнхий архитектор;
1.3.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны дарга;
1.4.Хархорум хотын ерөнхий менежер.
2.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг доор дурдсанаар тогтоосугай:
2.1.Захиргааны удирдлагын газар (Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Гэрээ, эрх зүйн хэлтэс, Дотоод аудит, хяналт-шинжилгээний албатай);
2.2.Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогын газар (Хот төлөвлөлтийн хэлтэс; Хот байгуулалт, хяналтын хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);
2.3.Олон нийттэй харилцах газар (Судалгааны хэлтэстэй).
3.Хархорум хотын Захирагчийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 68 хүртэл байхаар тогтоосугай.
4."Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг татан буулгаж, тус захиргааны төсөв, хөрөнгө, эрх, үүрэг, бүтэц бүрэлдэхүүнийг Хархорум хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.
5.Захирагчийн ажлын албаны 2025 оны үйл ажиллагааны зардалд шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх, цаашид улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
6.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Хархорум хотын Захирагч Л.Халтарт үүрэг болгосугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
