A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2025 оны 02 дугаар

сарын 05ы өдрийн 71 дүгээр

тогтоолын хавсралт

 

 

 

"БООМТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ" ТӨРИЙН ӨМЧИТ

ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ

КОМПАНИЙН ДҮРЭМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ дүрэм нь "Боомтын хөгжлийн корпорац" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны чиглэл, удирдлага, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлсон эрх зүйн үндсэн баримт бичиг мөн.

 

1.2."Боомтын хөгжлийн корпорац" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид "Компани" гэх) нь Иргэний хууль, Компанийн тухай, Монгол Улсын хилийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хөдөлмөрийн тухай, Шилэн дансны тухай, Авлигын эсрэг хууль болон бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

 

1.3.Компанийн оноосон нэр нь "Боомтын хөгжлийн корпорац" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, товчилсон нэр нь "БХК" ТӨХХК болно. Компанийн оноосон нэр англиар ""Port Development Corporation" State-Owned Limited Liability Company" байна.

 

1.4.Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, банканд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээдэг, өөрийн нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхтэй, санхүүгийн тайлан гаргадаг, ашгийн төлөө хуулийн этгээд мөн.

 

1.5.Компани нь өөрийн тэмдэг, бэлгэдэлтэй байх бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг хэрэглэнэ.

 

1.6.Компанийн тэмдгийг Компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл түүнээс итгэмжлэн хариуцуулсан этгээд түшнэ.

 

1.7.Компанийн байршил нь түүний гүйцэтгэх удирдлага байрлаж байгаа хаягаар тодорхойлогдох бөгөөд хаягийн өөрчлөлтийг Компанийн гүйцэтгэх удирдлага тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.

 

1.8.Компани нь хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр салбар, төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж болно.

 

Хоёр.Зорилго, үндсэн чиг үүрэг

 

2.1.Компанийн зорилго нь боомт, боомтын бүсэд олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

 

2.2.Компани нь доор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:

 

      2.2.1.хилийн боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах;

 

      2.2.2.боомт дахь төрийн өмчийн хөрөнгө, барилга, байгууламж, дэд бүтцийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх болон боомтын  хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

 

      2.2.3.хилийн боомтод төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх;

 

      2.2.4.орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

 

2.3.Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

 

Гурав.Компанийн хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгө

 

3.1.Компани нь 100 хувь төрийн өмчит, 1 (нэг) хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон этгээд байна.

 

3.2.Компанийн зарласан хувьцаа нэг бүр нь 1 (нэг) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000,000 (нэг зуун сая) энгийн хувьцаа байх бөгөөд нийт 100,000,000 ширхэг энгийн хувьцаа гаргана.

 

3.3.Компанийн энгийн хувьцааг Засгийн газраас холбогдох шийдвэр гаргахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхгүй.

 

3.4.Компани нэмж хувьцаа болон бусад үнэт цаас гаргах тохиолдолд тэдгээрийн тоо, гаргах хугацаа, нөхцөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

Дөрөв.Компанийн удирдлага

 

4.1.Компанийн удирдлага дараах бүтэцтэй байна:

 

      4.1.1.Хувьцаа эзэмшигчдийн хурал;

 

      4.1.2.Төлөөлөн удирдах зөвлөл;

 

      4.1.3.Гүйцэтгэх удирдлага.

 

Тав.Хувьцаа эзэмшигчдийн хурал

 

5.1.Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит, ээлжит бус хэлбэртэй байна.

 

5.2.Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг жилд 1 (нэг)-ээс доошгүй удаа хуульд заасны дагуу хуралдуулна.

 

5.3.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 4 (дөрвөн) сарын дотор хуралдуулна.

 

5.4.Шаардлагатай үед хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 60.3-т заасан хугацааг баримтлахгүйгээр хуралдуулж болно.

 

5.5.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хүндэтгэн, хууль тогтоомж болон энэ дүрмээр бүрэн эрхэд нь хамааруулснаас бусад асуудлаар Компанийн удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүй.

 

5.6.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаас гадна Төлөөлөн удирдах зөвлөлөөс Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр оруулсан бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

5.7.Хувьцаа эзэмшигчдийн хурал нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгөх эрхтэй.

 

5.8.Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.

 

Зургаа.Төлөөлөн удирдах зөвлөл

 

6.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг улиралд 1 (нэг)-ээс доошгүй удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн 3 (гурав)-аас доошгүй гишүүний саналаар ээлжит бус хурлыг зохион байгуулж болно.

 

6.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр хуралдуулж болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр, эсхүл цахим болон түүнтэй ижил төрлийн харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргаж болно.

 

6.3.Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 (ес) гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 3 (гурав) нь хараат бус гишүүн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Хувьцаа эзэмшигчдийн хурал томилно.

 

6.4.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

      6.4.1.Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах;

 

      6.4.2.Компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлах;

      6.4.3.Компанийн засаглал, эрсдэлийн удирдлагыг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

      6.4.4.Компани нь үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ нийцүүлэн хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа эрхлэх тухай шийдвэрийг гаргах;

 

      6.4.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагаас хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал.

 

6.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх асуудлыг Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

6.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

 

6.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, Компанийн тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

 

6.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан журамд нийцүүлэн тогтооно.

 

Долоо.Гүйцэтгэх удирдлага

 

7.1.Компанийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ (цаашид "гэрээ" гэх)-нд заасан эрх хэмжээний хүрээнд Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь Компанийн Гүйцэтгэх захирал байна.

 

7.2.Гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлнө.

 

7.3.Гүйцэтгэх захирал дараах шалгуурыг хангасан байна:

 

      7.3.1.бизнесийн удирдлага, санхүү, эрх зүй, эсхүл Компанийн үйл ажиллагаанд хамаарах салбарын мэргэжил, мэдлэг, туршлагатай, дээд боловсролтой байх;

 

      7.3.2.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Компанийг удирдахад харшлахгүй байх;

 

      7.3.3.ашиг сонирхлын зөрчилгүй байх;

 

      7.3.4.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй.

 

7.4.Гүйцэтгэх захиралтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллуулах бөгөөд ажлын гүйцэтгэлийг гэрээгээр хүлээсэн үүрэг, Компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний биелэлт, санхүүгийн болон холбогдох бусад үзүүлэлтээр дүгнэж, бүрэн хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгана.

7.5.Гүйцэтгэх захирал энэ дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл Компанийн нэр хүнд, эдийн засгийн байдалд хохирол учруулсан болох нь тогтоогдвол түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно.

 

7.6.Гүйцэтгэх захирал дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

 

      7.6.1.Компанийн үйл ажиллагааны дотоод журмыг баталж, мөрдүүлэх, хяналт тавих, бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

 

      7.6.2.Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээг биелүүлж, ажлын үр дүн, гэрээний үүргийн биелэлтийг дүгнүүлэх;

 

      7.6.3.Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах;

 

      7.6.4.Компанийн болон салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн биелэлтэд тогтмол хяналт тавих, Компанийн өрсөлдөх чадвар, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх;

 

      7.6.5.хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, хөрөнгө зарцуулалт, ашиглалтад хяналт тавьж, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, тайланг цаг тухайд нь гаргаж, холбогдох этгээдэд тайлагнах, түүний үнэн зөвийг хариуцах;

 

      7.6.6.ээлжийн амралт эдлэх, гадаад дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд өөрийн эрх, үүргийг орлон гүйцэтгүүлэх этгээдийг томилох саналаа Төлөөлөн удирдах зөвлөлд гарган шийдвэрлүүлэх;

 

      7.6.7.хууль тогтоомж болон энэ дүрэм, гэрээнд заасан бусад эрх, үүрэг.

 

Найм.Санхүү, бүртгэл, тайлан

 

8.1.Компани нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулалт, хөрөнгийн өгөөж, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөр, зээл, үндсэн үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамж болон бусад эх үүсвэрээс үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ.

 

8.2.Компани нь холбогдох хууль тогтоомжид заасан санхүүгийн хэрэгслээр хөрөнгө оруулалт татаж, санхүүгийн хэрэгсэл болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үндсэн үйл ажиллагааны чиглэлийн төслийг санхүүжүүлж болно.

 

8.3.Компани нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтөлж тайлагнана.

 

8.4.Компанийн санхүүгийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны  12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

 

 

Ес.Компанийн баримт бичгийн хадгалалт

 

9.1.Компани нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу баримт бичгийг хадгалах үүрэгтэй.

 

9.2.Компани нь баримт бичгийг удирдлагын байрлаж байгаа газар буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн газарт хадгална.

 

9.3.Компани нь энэ дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байнга хадгална.

 

Арав.Ашиг сонирхлын зөрчил

 

10.1.Компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь чиг үүргээ хувийн эрх, ашиг сонирхлоос ангид, шударгаар хэрэгжүүлнэ.

 

10.2.Компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь хувийн ашиг сонирхол үүсэж болзошгүй шийдвэр гаргахад оролцохгүй, аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх үүрэгтэй.

 

10.3.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ зөрчсөн албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын аливаа асуудлыг холбогдох хууль тогтоомж, энэ дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирал шийдвэрлэнэ.

 

10.4.Компанийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд түүнийг шийдэх хуралд оролцож, тайлбар өгөх эрхтэй.

 

Арван нэг.Бусад зүйл

 

11.1.Хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд компани нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.

 

11.2.Компанийн "Ахмадын сан" байгуулах асуудлыг Ахмад настны тухай хууль болон холбогдох журмаар зохицуулна.

 

11.3.Энэ дүрэмд тусгагдаагүй асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

 

11.4.Энэ дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.

 

 

 

 

----о0о----