A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "ЭРЧИСТ МОНГОЛ" ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

"ЭРЧИСТ МОНГОЛ" ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх хүрээнд "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-ын 2.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.6.Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 66 хувийн төлөөллийг "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, 34 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ."

2."МИАТ" ТӨХК, "Монголын төмөр зам" ХК, "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК, "Автоимпекс" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Төрийн орон сууцны корпораци" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тус тус тогтоосугай.

3.Энэ тогтоолын 1, 2-т заасан компаниудын дүрэмд "Эрчист Монгол" ХХК-тай менежментийн гэрээ байгуулах болон "Эрчист Монгол" ХХК-аас тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөгч томилж, удирдамж, чиглэл өгч ажиллахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, "Эрчист Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын болон "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн Засгийн газрын гадаад зээллэгийн хүрээнд үүссэн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулан, өр төлбөрийг төлүүлэх ажлыг зохион байгуулахыг "Эрчист Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ