A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ЗАХИРГААГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.1, 1.1.4-т заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор байгуулсан "Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа"-г Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах "20 минутын хот хөгжлийн төв" болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2."Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа"-ны өр, авлагыг барагдуулах, балансад бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгийг "20 минутын хот хөгжлийн төв"-ийн балансад зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

3."20 минутын хот хөгжлийн төв"-ийн орон тооны дээд хязгаарыг 35-аас илүүгүй байхаар тогтоож, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааны зардлыг 2025 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд даалгасугай.

4."20 минутын хот хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулж, хамтран ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймaг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах тухай" Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалт, "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, 20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН