A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Зам, тээврийн сайдын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/78 дугаар тушаалын хавсралт

 

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа (цаашид "аюултай ачаа" гэх) тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавихад оршино.

1.2.Аюултай ачаа тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь тухайн ачааны ангилал, төрлөөс хамааруулан тээвэрлэлтийн маршрут (замнал), цагийн хуваарийг баталгаажуулан, авто тээврийн хэрэгсэл болон тээвэрлэх ачаа, хүний нөөцийн талаарх мэдээллийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүргүүлэн, тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдлийг ханган баталгаажуулж тээвэрлэлт гүйцэтгэнэ.

1.3.Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд аюултай ачаа тээвэрлэхдээ, Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх яамд хоорондын протоколд заасны дагуу, бусад улсын чиглэлд Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу тээвэрлэнэ.

1.4.Аюултай ачааны тээвэрлэлтийг энэхүү журам болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн баталсан дүрэм, журам, заавар, стандартыг баримтлан гүйцэтгэнэ.

Хоёр.Аюултай ачааны тээвэрлэлт

2.1.Аюултай ачаа-гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.3-т заасныг ойлгоно.

2.2.Тээвэрлэлтийн маршрут-ачаа илгээгчээс хүлээн авагчид хүлээлгэн өгөх тээврийн хэрэгслийн явах зам, хурд, түр зогсолт хийх, хоноглох, шатахуун цэнэглэх газар авто тээврийн хэрэгсэл болон ачааны нэр төрөл, тоо хэмжээ, тээвэрлэгч жолоочийн талаарх мэдээлэл агуулсан тээвэрлэлт, зохион байгуулалтын бүдүүвч зургийг ойлгоно.

2.3.Аюултай ачааг "Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598 стандартад тусгагдсан техникийн шаардлагыг хангасан тухай автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, аюултай ачааны таних тэмдэг болон аюулын шинж чанарын талаар санамж байрлуулсан зориулалтын тээврийн хэрэгслээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тээвэрлэнэ.

2.4.Аюултай ачааг хүн, мал, амьтан болон өөр бараа бүтээгдэхүүнтэй хамт, мөн шуудан тээвэр, нийтийн тээврийн хэрэгсэл, суудлын автомашин, ердийн хөсгөөр тээвэрлэхгүй.

2.5.Аюултай ачааны хайрцаг, сав, баглаа боодол нь гэмтэлгүй, бүрэн бүтэн, баримт бичгийн бүрдлийг хангасан, автотээврийн хэрэгсэл нь "Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага" МNS 4978 стандартын шаардлагыг хангасан байна.

2.6.Тээвэрлэлтийн үед ачаа унах, сав баглаа боодол гэмтэх, холилдохоос сэргийлэн, ачааг зөв байрлуулж, хөдөлгөөнгүй сайтар бэхэлсэн байна. Автотээврийн хэрэгслийг бүрэн унтраасны дараа ачааг ачиж, буулгана.

2.7.Тээвэрлэлтийн явцад аливаа саатал гарч зайлшгүй зогсох тохиолдолд авто замыг чөлөөлөх бөгөөд боломжгүй нөхцөлд зорчих хэсгийг чөлөөлж, бусад тээврийн хэрэгсэл ойртон ирж болзошгүй 2-оос доошгүй чигт, автотээврийн хэрэгслээс 100 м-ээс багагүй зайд "Орохыг хориглоно" тэмдгийг байрлуулахаас гадна замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зайлшгүй зогсолт хийх үеийн арга хэмжээг авч, хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйц дохио өгөн анхааруулж, аюул ослоос сэргийлнэ.

2.8.Их хэмжээтэй шингэн түлш (шатахуун), шахсан хийг зориулалтын автоцистернээр тээвэрлэнэ. Автоцистерн ба чиргүүлийн торхны баруун, зүүн гадна талд "Галын аюултай" гэсэн үгийг хурц ялгарах тод өнгөөр заавал бичих бөгөөд мөн аюулын шинж чанарыг тодорхойлсон таних тэмдгийг байрлуулсан байна.

2.9.Аюултай ачаа ачсан автотээврийн хэрэгслийг шатахуун тээвэрлэгч зориулалтын явуулын автоцистерн ашиглан цэнэглэнэ.

2.10.Тээвэрлэгч нь аюултай ачааны тээвэрлэлтийн талаарх мэдээллийг тухайн аймаг нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, Тээврийн цагдаагийн алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс болон тээвэрлэлт зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. Энэхүү мэдээлэл цахим хэлбэртэй байж болно.

2.11.Бага хэмжээний шингэн түлшийг төмөр торхонд, шахсан хийг баллонд тээвэрлэнэ. Өргөн хэрэглээний шахсан хий (шингэрүүлсэн шатдаг хий)-г бага хэмжээ (1.5 тонноос доош)-гээр хот, суурин газарт түгээхдээ дараах шаардлагуудыг хангуулсан байна. Үүнд:

2.11.1.баллон баталгаажуулах эрх бүхий байгууллагаас техникийн магадлал хийж баталгаажуулсан хоосон болон шахсан хийтэй баллоныг тээвэрлэлтэд хүлээн авна. Баллон нь цэнхэр өнгөөр будагдсан, дээр нь хар өнгийн тосон будгаар ачааны нэрийг нь бичсэн байх ба түүний мөрөн дээр үйлдвэрийн марк, үйлдвэрлэсэн он, баллоны дугаар, даралтын хэмжээ, дахин шалгах хугацааг заасан байна;

2.11.2.баллонтой шахсан хийг тээвэрлэхэд хоногтой, хоног нь дотроо резинэн зөөлөвчтэй хөндөл дэр мод 2-3-ыг тэвшний уртааш хөдөлгөөнгүй байрлуулж тэдгээрийн хоногонд баллоныг, тагийг нь нэг тийш харуулан ачина. Үе хооронд резинэн зөөлөвч бүхий хоёр талдаа хоногтой модон хөндлөөр жийрэглэж, дээд үеийг талдаа хоногтой хөндлөвчөөр таглана. Баллонуудыг холхих хөдөлгөөнгүй байрлуулсан байвал зохино;

2.11.3.баллоныг босоо байрлалд, эргүүлгэн хаалтуудыг нэг зүг рүү харуулж байрлуулан хооронд нь жийрэг тавьж ачиж болно. Баллонд жийргийн зориулалтаар, баллон тавих ховил гарган хийсэн хөндлөн мод, мөн 25 мм-ээс багагүй зузаантай олсон буюу резинэн цагираг /нэг баллонд хоёр цагираг/ хэрэглэж болох бөгөөд эсвэл баллонууд өөр хоорондоо мөргөлдөхөөс сэргийлсэн бусад жийрэг хэрэглэж болно;

2.11.4.баллонтой хийг хэт халахаас сэргийлэх арга хэмжээг авах ба тостой алчуур, торхтой шатахуун, тослох материалтай хамт ачихыг хориглоно;

2.11.5.хоосон баллонд үлдэгдэл даралт байх тул цэнэглэсэн баллоныг тээвэрлэхтэй адил шаардлагын дагуу тээвэрлэнэ.

2.12.Шингэрүүлсэн хийн түлшний зориулалтаар автотээврийн хэрэгсэлд ашиглах баллон нь хаалт, хамгаалах хавхалгаас гадна дүүргэлтийн дээд түвшинг заах хэмжүүртэй байна. Энэхүү баллонд дүүргэлтийн тусгай хавхлаг, ууршилтын төлөвд байгаа хийг авах хаалт, баллон дахь шингэрүүлсэн хийн түвшин хэмжигч, хий гаргах хаалт зэргийг суурилуулж болно.

2.13.Хүчил, шүлт зэрэг идэмхий шингэнийг үйлдвэрлэгчээс савласан зориулалтын тусгай шилэн саванд тээвэрлэнэ. Шилэн сав нь гадуураа модон хайрцаг, гөрмөл шээзгий бүхий давхар савтай байна. Автотээврийн хэрэгслийн тэвшинд шилэн савны хоолой (таг)-г дээш харуулж босоогоор хөдөлгөөнгүй бэхэлж ачина.

2.14.Аюулын зэрэг өндөр химийн хорт болон аюултай бодис бүхий ачааг зөвхөн өдрийн цагаар ачиж буулгах ба түүний ачааны тэмдэглэгээнд заасан зааврын дагуу аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

2.15.Аюултай ачаа тээвэрлэх жолооч нь (цуваагаар тээвэрлэх үед цувааны ахлагч нь) замын хөдөлгөөний эрчим, автотээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хоорондын зайг барьж, хурдыг тухайн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон, өдрийн цагт ойрын гэрлээ асааж явна.

2.16.Аюултай ачааг 3-аас илүүгүй тооны автотээврийн хэрэгслийг оролцуулан цуваагаар тээвэрлэх ба дараах шаардлагуудыг хангуулна. Үүнд:

2.16.1.тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцахаар томилогдсон ажилтан (цувааны ахлагч) цувааг зохион байгуулж, зөвшөөрөгдсөн маршрутын дагуу замын хөдөлгөөний дүрэм, аюултай ачааны стандарт, аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан тээвэрлэх ажиллагааг удирдана;

2.16.2.цувааны ахлагч цувааны эхний автомашинд явах бөгөөд цувааны эхэнд хамгаалалтын автомашин, төгсгөлд нөөц автомашин дагалдан явна;

2.16.3.цувааны эхний болон сүүлчийн автомашин "цуваа" гэсэн тод бичлэгтэй байх ба цуваанд эзлэх дугаарыг автомашин бүрийн урд болон ард талд тод харагдахуйцаар жигд байрлуулна.

2.17.Аюултай ачаа тээвэрлэх техникийн нөхцөл, шаардлагыг "Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага" МNS 4978 стандартад тусгана.

2.18.Аюултай ачаа тээвэрлэсэн автотээврийн хэрэгслийг сайтар цэвэрлэж, хоргүйжүүлнэ.

2.19.Аюултай ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгсэл нь байршил тогтоох төхөөрөмж (GPS), эсхүл тахографоор тоноглогдсон байх бөгөөд тэдгээр нь хяналт тавих эрх бүхий байгууллагын сүлжээнд холбогдсон, бүрэн ажиллагаатай, мэдээлэл дамжуулах боломжтой байна.

Гурав.Аюултай ачаа тээвэрлэх нөхцөл, шаардлага

3.1.Тээвэрлүүлэгчийн тээвэрлэлтэд бэлтгэсэн аюултай ачаа нь зориулалтын сав, баглаа боодолтой, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг" MNS 5029 стандартын шаардлага хангасан англи эсвэл монгол хэл дээр үйлдэгдсэн хаяг, шошготой байна.

3.2.Тээвэрлүүлэгч нь үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн аюултай ачаа нэг бүрээр боловсруулсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг байгаль орчны болон гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан байна.

3.3.Аюултай ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт хагас жил тутам (жилд 2 удаа)-д хамрагдаж, тэнцсэн байна.

3.4.Тээвэрлэгч нь аюултай ачаа тээвэрлэх автоцистерн, чиргүүлийн торхыг, тээвэрлүүлэгч нь шахсан хийн баллоныг тухайн аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн газар, хэлтсээр баталгаажуулсан байна.

3.5.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь тухайн аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтсээр аюултай ачааг ачиж, буулгах, тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулсан байна.

3.6.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачааны автотээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийг хадгалах байр, талбай, зогсоолын аюулгүй ажиллагаанд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байна.

3.7.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ачиж, буулгах ажилтан, тээвэрлэх автотээврийн хэрэгслийн жолооч болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

3.8.Тээвэрлэлтийн гэрээ (ачааны дагалдах бичиг), замын хуудсыг жолооч заавал биедээ авч явна. Ачааны дагалдах бичиг нь холбогдох мэдээллийг агуулсан QR код байж болно.

3.9.Тээвэрлэгч нь аюултай ачааны тээвэрлэлтийг зөвхөн аюултай ачаа тээвэрлэх чиглэлээр сургалтад хамрагдсан мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх үүрэг хүлээнэ.

3.10.Аюултай ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгслийг хот, суурин газарт зориулалтын бус гарааш, зогсоолд, орон сууцны хорооллын дунд болон хүн ам олноор төвлөрч суурьшсан газарт тавихыг хориглоно. Зориулалтын зогсоол нь харуул хамгаалалтай, дүрс бичлэгийн болон гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

3.11.Аюултай ачаа тээвэрлэх жолооч, тээвэрлэлт хариуцсан ажилтан (зааварлагч) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эрх олгогдсон байгууллагын тусгайлсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.

3.12.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллага дор дурдсан агуулгын хүрээнд сургалтын хөтөлбөрийг баталж, зохион байгуулна. Үүнд:

3.12.1.улс хоорондын болон дотоодын аюултай ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдал, олон улсын гэрээ, хэлэлцээрүүд;

3.12.2.аюултай ачааны ангилал;

3.12.3.аюултай ачааны савалгаа ба шошго;

3.12.4.аюултай ачааны тээвэрлэлтийн баримт бичгүүд;

3.12.5.тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагатай холбоотой "Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598 болон "Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага" МNS 4978, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг" MNS 5029 стандартууд;

3.12.6.тээвэрлэлтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдал;

3.12.7.ачааг аюулгүй ачих, бэхлэх, буулгах аргууд;

3.12.8.осол, саатлын үед ажиллах зааварчилгааг дагаж мөрдөх талаар;

3.12.9.бусад.

3.13.Сургалт нь үндсэн, цистернийн болон тухайн ангиллын аюултай ачааны сургалтаас бүрдэнэ.

3.14.Сургалтад хамрагдсан жолооч, тээвэрлэлт хариуцсан ажилтан (зааварлагч)-аас шалгалт авч гэрчилгээг олгоно.

3.15.Тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага нь хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэн, тээвэрлэлтийн нөхцөлд шинэ шаардлага бий болсон тохиолдолд жолооч, тээвэрлэлт хариуцсан ажилтныг давтан сургах арга хэмжээг авна.

3.16.Сургалтын байгууллага нь сургалтад хамрагдсан жолооч, тээвэрлэлт хариуцсан ажилтнуудын талаар мэдээллийн сан хөтөлж, төрийн холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангана.

3.17.Тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн явцад болзошгүй аюул учирсан тохиолдолд хор уршгийг арилгах зориулалтын багаж, хэрэгсэл (гал унтраагуур, хүрз, лоом, сүх, шуудайтай элс, хувин г.м), хор саармагжуулах бодис, уусмал, арьс болон амьсгал хамгаалах зориулалт бүхий нэг бүрийн хамгаалах хэрэгсэл зэргээр автотээврийн хэрэгсэл бүрийг "Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага" МNS 4978 стандартын хүрээнд хангасан байна.

3.18.Аюултай ачааг тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь дотоодын хяналтыг тавьж, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

3.19.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачаа тээвэрлэлтэй холбогдсон мэдээллийн цахим сан үүсгэж, тухай бүр шинэчлэн, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангана.

Дөрөв.Аюултай ачаа тээвэрлэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

4.1.Аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа автотээврийн байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, замын хөдөлгөөний аюулгүй байдалд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтнууд хяналт тавьж хэрэгжүүлнэ.

4.2.Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагууд, эсхүл эрх олгогдсон мэргэжлийн холбоод хяналт тавин ажиллаж болно. Хяналт нь цахим хэлбэртэй байж болно.

4.3.Автотээврийн хяналтын улсын байцаагч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих цагдаагийн байгууллагын ажилтан нь аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон зөрчлийг илрүүлсэн тохиолдолд холбогдох байгууллагатай яаралтай холбоо тогтоож болзошгүй аюул, ослыг таслан зогсоох арга хэмжээ авна.

4.4.Иргэд, байгууллага нь аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдолтой хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаарх санал, хүсэлтээ төрийн аль ч шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

4.5.Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--- o0o ---