- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр
сарын 29-ний өдрийн 43 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг (цаашид "бодлогын баримт бичиг" гэх)-ийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Хяналт-шинжилгээний зорилго нь бодлогын баримт бичгийн үр дүнд хүрэх явцыг тогтмол хугацаанд ажиглан, зөв чиглүүлэхэд оршино.
1.3.Энэ журмыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 8.1.3-8.1.12 болон 8.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд оролцогч байгууллага (цаашид "байгууллага" гэх)-ууд дагаж мөрдөнө.
Хоёр.Хяналт-шинжилгээ хийх зарчим
2.1.Хяналт-шинжилгээг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнг тогтмол хугацаанд хэмжих байдлаар дараах зарчмыг баримтлан хийнэ:
2.1.1.шударга, хараат бус байх;
2.1.2.хяналт-шинжилгээний дүн нь үнэлгээ хийх үндэслэл болохуйц бодитой байх;
2.1.3.хяналт-шинжилгээний явц, үр дүн ил тод, нээлттэй байх;
2.1.4.оролцогч талууд болон олон нийтийн оролцоог хангасан байх;
2.1.5.өгөгдөл, мэдээлэл найдвартай, эх сурвалж тодорхой байх;
2.1.6.бодитой, нотлогдохуйц байх.
Гурав.Хяналт-шинжилгээ хийх удирдлага,
зохион байгуулалт
3.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (цаашид "Хяналт хэрэгжүүлэх газар" гэх) хөгжлийн бодлогын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллана.
3.2.Байгууллага нь хяналт-шинжилгээний асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан (баг)-тай байх бөгөөд хяналт-шинжилгээний асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан (баг) нь зохион байгуулалтын хувьд бусад нэгжээс хараат бусаар үйл ажиллагаа явуулна.
3.3.Байгууллагын хяналт-шинжилгээний асуудал хариуцсан нэгж нь байгууллагын чиг үүрэг, бүтэц орон тооны хязгаарт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байна.
3.4.Хяналт-шинжилгээний асуудал хариуцсан албан хаагч нь хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
Дөрөв.Оролцогч талуудын эрх, үүрэг
4.1.Байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:
4.1.1.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийх;
4.1.2.тайланд тусгагдсан тоо, мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах;
4.1.3.хяналт-шинжилгээ хийхэд шаардлагатай баримт бичиг, нотлох баримт, статистик мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай гаргаж өгөх;
4.1.4.хяналт-шинжилгээний үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлтийн алдааг залруулах саналыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
4.1.5.хууль тогтоомжид заасан бусад.
4.2.Хяналт хэрэгжүүлэх газар дараах эрх, үүрэгтэй байна:
4.2.1.баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийх, дүнг нэгтгэх, шаардлагатай тохиолдолд хяналт-шинжилгээний үр дүн бодитой эсэхэд газар дээр нь хяналт хийх;
4.2.2.байгууллага, албан тушаалтанд хяналт-шинжилгээ хийх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх;
4.2.3.үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийн сан бүрдүүлж, ашиглах боломжоор хангах;
4.2.4.журамд заасан үүргээ биелүүлээгүй, заасан хугацаанд тайланг хүргүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх.
4.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүрэгтэй байна:
4.3.1.бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг нэгдсэн системд байршуулах;
4.3.2.хяналт-шинжилгээний үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт өөрчлөлт оруулах, төлөвлөлтийн алдааг залруулах арга хэмжээ авах.
4.4.Байгууллагын үнэлгээ, хяналт-шинжилгээний нэгж, ажилтан (баг) дараах эрх, үүрэгтэй байна:
4.4.1.хяналт-шинжилгээ хийхэд шаардлагатай баримт, мэдээллийг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
4.4.2.бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, дүнг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
4.4.3.хяналт-шинжилгээний дүнд үндэслэн холбогдох нэгж, албан тушаалтанд зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулах;
4.4.4.хяналт-шинжилгээний үр дүнд үндэслэн өгсөн зөвлөмжийг удаа дараа биелүүлээгүй, шаардлагатай баримт бичиг, мэдээлэл, бусад холбогдох нотлох баримтыг заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг удирдлагад уламжлах;
4.4.5.хяналт-шинжилгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөлөөр хангуулах;
4.4.6.бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээ, үр дүнг хоёр мянган тэмдэгтэд багтааж, үг, үсгийн болон утга агуулгын алдаагүй тайлагнах;
4.4.7.бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох нотлох баримтын хамт нэгдсэн системд тайлагнаж, баталгаажуулах.
Тав.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг
тайлагнах, хяналт-шинжилгээ хийх
5.1.Байгууллагын бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн, хяналт-шинжилгээний асуудал хариуцсан нэгж, ажилтан (баг)-д тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
5.2.Хяналт-шинжилгээний асуудал хариуцсан нэгж, ажилтан (баг) нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд энэ журмын 6.1, 6.3, 6.4-т заасан аргачлалаар хяналт-шинжилгээ хийж, тайланг баталсан загварын дагуу гаргаж, нотлох баримтын хамт (байгууллагын удирдлагын зөвлөлийн шийдвэр болон бусад) энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд нэгдсэн системд тайлагнаж, баталгаажуулна.
5.3.Хэд хэдэн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнг үндсэн хэрэгжүүлэгч нь нэгтгэн, хяналт-шинжилгээ хийж, нэгдсэн системд тайлагнаж, баталгаажуулна. Хамтран хэрэгжүүлэгч байгууллагын хэрэгжилтийн тайланг дэд хэсэг буюу хавсралтаар нэгдсэн системд байршуулна.
5.4.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хэрэгжилтийн явц, үр дүнг тухайн тайлант хугацааны болон өссөн дүнгээр тус тус тайлагнана.
5.5.Хэрэгжих хугацаа дууссан боловч "үр дүн гараагүй" бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй байсан шалтгааныг нэгдсэн системд дэлгэрэнгүй тайлагнана.
5.6.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн болон явцын хяналт-үнэлгээний үр дүнг үндэсний, салбарын хүрээнд Хяналт хэрэгжүүлэх газар, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн хүрээнд гарах үр дүнг тухайн байгууллага тодорхойлж тайланд тусгах бөгөөд энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд нэгдсэн системд тайлагнаж, баталгаажуулна.
5.7.Сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийсэн тайланг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тайланг нэгтгэн, энэ журмын 5.6-д заасны дагуу үр дүнг тодорхойлж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд нэгдсэн системд тайлагнаж, баталгаажуулна.
5.8.Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн тайланг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд нэгдсэн системд тайлагнаж, баталгаажуулна.
5.9.Хяналт хэрэгжүүлэх газар бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээний дүнг нэгтгэж, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газарт тус тус хүргүүлнэ.
Зургаа.Хяналт-шинжилгээ хийх арга зүй
6.1.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараах аргачлалаар тооцож, хувиар илэрхийлнэ:
6.2.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнг гарцын нөлөөгөөр бий болсон, эсхүл бий болох эерэг болон сөрөг өөрчлөлтөөр тодорхойлно.
6.3.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийхдээ хэрэгжих хугацаа дууссан, хугацаа дуусаагүй буюу хэрэгжиж байгаа гэж ангилж, дүгнэнэ.
6.4.Хэрэгжих хугацаа дууссан бодлогын баримт бичгийн үр дүнг дараах байдлаар дүгнэнэ:
1/бодлогын баримт бичгийн хэрэгжилт нь зорилтот түвшний 85 хувиас дээш бол "үр дүн гарсан";
2/бодлогын баримт бичгийн хэрэгжилт нь зорилтот түвшний 85 хувьд хүрээгүй бол "үр дүнгүй".
6.5.Хэрэгжих хугацаа дуусаагүй буюу хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгийн үр дүнг дараах байдлаар дүгнэнэ:
1/хэрэгжилтийн явц зорилтот түвшний 85 хувь буюу түүнээс дээш бол "үр дүнтэй";
2/хэрэгжилтийн явц зорилтот түвшний 60-84 хувь бол "үр дүн хүлээгдэж байгаа";
3/хэрэгжилтийн явц зорилтот түвшний 30-59 хувь бол "үр дүн хангалтгүй";
4/хэрэгжилтийн явц зорилтот түвшний 0-29 хувь бол "үр дүн гараагүй";
5/хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй.
6.6.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас бодлогын баримт бичгийн хэрэгжих хугацааг сунгасан бол биелэлтийг гүйцэтгэлд тулгуурлан тооцно.
Тайлбар: энэ заалтад "Давагдашгүй хүчин зүйл" гэснийг Гамшгийн тухай хуульд заасан утгаар ойлгоно.
6.7.Тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн дунджийг үр дүн тус бүрээр тооцно.
Долоо.Хяналт-шинжилгээний үр дүнг хэрэгжүүлэх
7.1.Хяналт-шинжилгээний дүнгээр хэрэгжиж байгаа бодлогын баримт бичиг "үр дүн гараагүй" болон "үр дүн хангалтгүй" үнэлэгдсэн тохиолдолд бодлого хэрэгжүүлэгч нь хяналт-шинжилгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн дараах арга хэмжээнээс аль тохирохыг авч хэрэгжүүлнэ:
7.1.1.хэрэгжилтийг эрчимжүүлэх;
7.1.2.нөөцийг (санхүүгийн, хүний нөөцийн, техникийн гэх мэт) оновчтой байдлаар хуваарилж, зохион байгуулалтыг сайжруулах;
7.1.3.бодлогын баримт бичиг хоорондын уялдааг сайжруулах санал гаргах;
7.1.4.бодлого, төлөвлөлтийн баримт бичигт өөрчлөлт оруулах санал гаргах;
7.1.5.бодлогын баримт бичигт үнэлгээ хийх.
7.2.Байгууллагууд тайлант жилийн хяналт-шинжилгээний дүнг цахим системд тайлагнасан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор энэ журмын 7.1.3, 7.1.4-т заасан саналыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг ажлын 20 өдрийн дотор багтаан судалж тухайн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт өөрчлөлт оруулах эсэх талаар дүгнэлт гаргана. Бодлого, төлөвлөлтийн баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн бол холбогдох журмын дагуу төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээг авна.
7.4.Байгууллагаас ирүүлсэн саналын дагуу бодлогод өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэсэн тохиолдолд үндэслэл бүхий хариуг энэ журмын 7.3-т заасан хугацаанд хүргүүлнэ.
7.5.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг энэ журмын 7.3-т заасан хугацаанд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн санал авч, саналын хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
7.6.Байгууллага бодлогын баримт бичигт үнэлгээ хийх саналыг Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлэх бөгөөд уг саналыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ.
Найм.Мэдээллийн нэгдсэн систем
8.1.Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан илгээх, хүлээн авах, үнэлгээ, хяналт-шинжилгээ хийх, мэдээллийн урсгалыг удирдах, хяналтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн системийг ашиглана.
8.2.Хяналт хэрэгжүүлэх газар хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд нэгдсэн системийн дараах асуудлыг хариуцна:
8.2.1.нэгдсэн системд нэвтрэх, тайлан илгээх, баталгаажуулах эрх олгох асуудлыг зохицуулах;
8.2.2.хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн заалт нэг бүрийг хяналтад авч бүртгэн, хариуцан тайлагнах байгууллагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих;
8.2.3.бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрт өөрчлөлт орсон тухай бүр өөрчлөлтийг хийх;
8.2.4.нэгдсэн системийг ашиглах талаар арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.
8.3.Нэгдсэн системд тайлан, мэдээлэл байршуулж байгаа байгууллага, албан тушаалтан мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцна.
8.4.Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн системд нэвтрэх эрхтэй байна.
8.5.Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газарт бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцтай танилцах нөхцөлийг хангах зорилгоор нэгдсэн системд нэвтрэх эрх олгож болно.
8.6.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн системийн хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллана.
8.7.Нэгдсэн систем нь ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд зориулагдсан "Хяналтын самбар" хэсэгтэй байна.
Ес.Хариуцлага
9.1.Энэ журамд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
----о0о----
1
"Хяналт-шинжилгээ хийх журам"-ын
1 дүгээр хавсралт
ТАЙЛАГНАХ ЦАГЛАБАР
№ |
Бодлогын баримт бичиг |
Давтамж |
Гүйцэтгэлийн болон хяналт-шинжилгээний дүнг тайлагнах байгууллага |
Гүйцэтгэлийн болон хяналт-шинжилгээний дүнгийн тайлан хүргүүлэх хугацаа |
||
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт |
Засгийн газар |
Улсын Их Хурлын Тамгын газар болон Үндэсний аудитын газарт |
||||
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого |
Гүйцэтгэлийн явцыг жил тутам цахимаар
|
Яам, агентлаг, аймаг, нийслэл, Улсын Их Хурлын харьяа байгууллага |
Тайлант оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
Тайлант оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор |
5 жил тутам |
2. |
Хөгжлийн зорилтот хөтөлбөр |
5 жил тутам (дуусгавар болохоос 1 жилийн өмнө) |
Яам, агентлаг, аймаг, нийслэл, Улсын Их Хурлын харьяа байгууллага |
Тайлант оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
Тайлант оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
Тайлант оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор |
3. |
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл (Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хамт) |
Жил бүр |
Яам, агентлаг, аймаг, нийслэл, Улсын Их Хурлын харьяа байгууллага |
Дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
Дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор |
Дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
4. |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр |
Хагас жил тутам |
Яам, агентлаг, аймаг, нийслэл, Улсын Их Хурлын харьяа байгууллага |
Тайлант оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
Дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 09 дүгээр сард |
Дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
5. |
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө |
Хагас жил тутам |
Яам, агентлаг, аймаг, нийслэл, Улсын Их Хурлын харьяа байгууллага |
Дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
Дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 09 дүгээр сард |
Дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
6. |
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт |
Жил бүр |
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
Дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
Дараа оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор |
- |
7. |
Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл |
Жил бүр |
Аймаг, нийслэл, хот |
Дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд |
Дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
- |
8. |
Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр |
Жил бүр |
Аймаг, нийслэл, хот |
Дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд |
Дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
- |
9. |
Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө |
Жил бүр |
Аймаг, нийслэл, хот |
Дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор |
Дараа оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор |
- |
----o0o----
Текст томруулах
A
A
A