- Нүүр
- Сайдын тушаал
- ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХОРИОТОЙ БОЛОН ХҮҮХДЭД ХОРТОЙ АГУУЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХОРИОТОЙ БОЛОН ХҮҮХДЭД ХОРТОЙ АГУУЛГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Хүүхэд хамгааллын тухай хууль /цаашид "Хууль" гэх/-ийн 4.1.15, 4.1.16-д заасан хүүхдийг хориотой[1] болон хүүхдэд хортой[2] агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой оролцогч талуудын үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Энэ журмаар зохицуулах харилцаанд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон эдгээртэй нийцүүлж гаргасан холбогдох журмын зохицуулалтыг баримтална.
Хоёр.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
2.1.Цахим орчинд контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа байршуулахад энэхүү журмын 2.2-т заасан шаардлага болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.12-т заасан орон тооны бус Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-өөс баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу насны ангиллын тэмдэглэгээ байршуулсан байна.
2.2.Цахим орчинд контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа байршуулах этгээд нь дараах шаардлагыг хангасан эсэхийг нягтлах үүрэгтэй:
2.2.1.хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон агуулга орсон эсэх;
2.2.2.хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхэд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авсан эсэх;
2.2.3.хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэл болон гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан харуулсан, эсхүл сурталчилсан эсэх;
2.2.4.Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хориглосон агуулгыг түгээсэн эсэх;
2.2.5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13.1.2-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан, бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан эсэх;
2.2.6.Тамхины хяналтын суурь конвенц, Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх, утаат болон электрон тамхи, шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүнийг (өсвөр үеийнхний шүтэн биширч, даган дуурайдаг хүмүүсээр хэрэглүүлэх маягаар) далд хэлбэрээр сурталчлах, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэх аргачлал заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан, бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан эсэх.
2.3.Цахим орчны үйлчилгээ эрхлэгч[3] нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.5-д заасны дагуу энэхүү журмын 2.2-т заасныг зөрчсөн контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг түгээхийг хориглоно.
2.4.Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас хамгаалж, урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.4.1.цахим орчинд хүүхэд хамгааллын талаар өөрийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтад хамрагдах, мэргэшсэн этгээдээс зөвлөгөө, туслалцаа авах;
2.4.2.хүүхдийн ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн эцэг эхийн хяналтын горимыг идэвхжүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон хязгаарлалт тогтоох;
2.4.3.хүүхдийнхээ ашиглаж буй үүрэн холбооны дугаарыг хүүхдийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/-ийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт үнэн зөвөөр бүртгүүлэн, хэрэглээнд хяналт тавих;
2.4.4.гэр бүлийн орчинд хүүхдийн ашиглаж буй интернэтийг 18+ контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх.
2.5.Хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэхэд боловсролын сургалтын байгууллага дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.5.1.цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан цахим болон танхимын сургалтыг зохион байгуулах;
2.5.2.сургуулийн болон дотуур байрын орчинд ашиглаж буй интернэтийг 18+ контентын шүүлтүүртэй байхаар интернэтийн үйлчилгээ эрхлэгч[4]-тэй байгуулах гэрээнд тусгаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.3.багш, ажилтан цахим орчинд нөхөрсөг бус харилцсан суралцагчдын хооронд үүссэн маргааныг зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2.5.4.өөрийн үйл ажиллагаанд мөрдөх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой дүрэм, журамд сургуулийн орчинд интернэтийн хэрэглээнд хяналт тавих зохицуулалтыг тусгаж, мөрдүүлэх;
2.5.5.багш, ажилтнаас цахим орчинд хориотой болон хүүхдэд хортой агуулга бүхий мэдээлэл, сурталчилгааг түгээхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
2.5.6.багш, ажилтан боловсролын сургалтын үйл ажиллагаанд хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллахдаа цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангасан платформыг ашиглана.
2.6.Хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэхэд интернэтийн үйлчилгээ үзүүлж буй этгээд4 дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.6.1.айл өрхөд үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэдтэй эсэхийг тодруулах, хүүхэдтэй тохиолдолд 18+ контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх заавар зөвлөмжөөр хангах;
2.6.2.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.6-д заасан арга хэмжээг авах технологийн боломжийг бүрдүүлсэн байх.
2.7.Хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэхэд мөн хуулийн 25.2-т заасан байгууллага дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.7.1.Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгах, хэрэгжилтийг хангах;
2.7.2.холбогдох олон улсын байгууллага, үндэстэн дамнасан платформ[5], төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
2.7.3.цахим орчинд хүүхэд хамгаалахад оролцогч талуудад сургалт зохион байгуулах;
2.7.4.Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.
2.8.Хуулийн этгээд нь мөн хуулийн 14.4, 52.7-д заасан сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд сургалтын агуулгад цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийг тусгах, олон нийт болон өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулан сургалт зохион байгуулна.
Гурав.Хамгаалах үйл ажиллагаа
3.1.Цахим орчинд түгээсэн агуулгаас хориотой болон хүүхдэд хортой агуулгыг мэдээлэх, илрүүлэх, эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаа нь хориотой болон хүүхдэд хортой агуулгаас хамгаалах үйл ажиллагаа (цаашид "хамгаалах үйл ажиллагаа" гэх) болно.
3.2.Хүн, хуулийн этгээд нь цахим орчинд хориотой болон хүүхдэд хортой агуулга түгээсэн, эсхүл цахим орчин ашиглан хүүхдийг дарамталсан, урхидсан, дээрэлхсэн байж болзошгүй нөхцөл байдлыг Зөвлөл, Хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн 108 дугаарт мэдээлнэ.
3.3.Энэ журмын 3.2-т заасны дагуу мэдээллийг хүлээн авсан байгууллага нь хүүхдэд хортой агуулга түгээсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг Зөвлөлд, хориотой агуулга түгээсэн болон цахим орчин ашиглан хүүхдийг дарамталсан, урхидсан, дээрэлхсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг Хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагад нэн даруй шилжүүлнэ.
3.4.Хүүхдэд хортой агуулга түгээсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй холбоотой шийдвэр гаргах харилцааг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.12-т заасан орон тооны бус зөвлөлийн ажиллах журмаар зохицуулна.
3.5.Хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага нь хориотой болон цахим орчин ашиглан хүүхдийг дарамталсан, урхидсан, дээрэлхсэн эсэхийг тогтоож, холбогдогч этгээдэд уг агуулгыг устгах эсвэл түр хязгаарлах талаар хугацаатай мэдэгдлийг хүргүүлнэ. Хориотой агуулга түгээснээс үүсэх хор уршгийг арилгах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/-оор дамжуулан цахим орчны үйлчилгээ эрхлэгчид агуулгыг устгах эсвэл түр хязгаарлах хүсэлт гаргаж болно.
3.6.Хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага нь энэ журмын 3.5-д заасан мэдэгдлийг мэдээлэл байршуулсан цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл өөрийн цахим сүлжээнд мэдээлсэн цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно.
3.7.Зөрчилд холбогдогч этгээд нь энэ журмын 3.5-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг эрх бүхий этгээдэд цахим шуудан, эсхүл утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ.
3.9.Зөрчилд холбогдогч этгээд 3.5-д заасан мэдэгдлийн дагуу зөрчлийг арилгаагүй, эсхүл цахим орчны үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй бол хориотой агуулгыг хязгаарлах технологийн арга хэмжээг авах тухай шийдвэрийг хүүхдийн эрхийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагаас Зохицуулах хороонд хүргүүлнэ. Шийдвэр нь дараах шаардлагыг хангасан байна:
3.9.1.шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байх;
3.9.2.хэрэгжүүлэх технологийн арга хэмжээ /агуулгыг устгах, хандалтыг хаах, түр хязгаарлах/-ний төрлийг тодорхой тусгасан байх;
3.9.3.зөрчилд холбогдсон цахим хаяг, цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах хугацааг заасан байх;
3.9.4.хориотой агуулга, зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг байршуулсан цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргах.
3.10.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 3.9-д заасан мэдэгдэлд дурдсан технологийн арга хэмжээг технологийн боломжит хүрээнд нэн даруй хэрэгжүүлэх[6] бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийг Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим шуудангаар мэдэгдэнэ.
3.11.Зохицуулах хороо нь энэ журмын 3.5-д заасан эрх бүхий байгууллагаас цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн зөрчил арилсан талаарх шийдвэр, дүгнэлтийг ирүүлсэн тохиолдолд хандалтыг сэргээх технологийн арга хэмжээг нэн даруй авна.
Дөрөв.Бусад
4.1.Энэхүү журмын хүрээнд гомдол, мэдээлэл хүлээн авсан, түүний мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байгууллага нь хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хүргүүлж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
4.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- о0o ---
[1] Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.15."хориотой агуулга" гэж хуулиар хориглосон контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг.
[2] Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.16."хүүхдэд хортой агуулга" гэж хуулиар хориглоогүй боловч хүүхдийн эрүүл мэнд, нас, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх контент, бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг.
[3] Хүүхэд хамгааллын тухай хууль. "цахим орчны үйлчилгээ эрхлэгч" гэж цахим хуудас, цахим хэрэглүүр /аппликэйшн/, платформ, цахим орчин ашиглаж контент, бүтээлийг олон нийтэд хүргэх үйлчилгээ үзүүлэгч этгээдийг ойлгоно.
[4] Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.4-т заасан харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийг ойлгоно.
[5] Facebook, Instagram, Google, YouTube, TikTok, Х гэх мэт
[6] Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.6.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу цахим орчинд түгээсэн хүүхдэд хортой болон хориотой контентыг өөрийн сүлжээнд хязгаарлалт хийх технологийн арга хэмжээг авна.
Текст томруулах
A
A
A