A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

1

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн

72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Б.Болдбаатар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл, гомдол гаргагч иргэн Н.Туяа оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эзгүйд нь маргааныг хянан шийдвэрлэхийг зөвшөөрч байгаа тухай албан бичгийг ирүүлсэн болно.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Н.Туяа Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

"... Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасан байна. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт "Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно." гэжээ.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд мандатын тооноос дутуу санал тэмдэглэсэн бол хүчингүй байхаар зохицуулсан нь сонгогч иргэнд заавал мандатын тоотой тэнцүү сонголт хийхийг тулгасан, чөлөөт сонголт хийх Үндсэн хуулиар олгосон хууль ёсны эрхийг нь зөрчиж байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... чөлөөтэй ..." сонгох иргэний эрх нь нэр дэвшигчдээс заримыг нь болон бүгдийг сонгохгүй байх эрхийг ч мөн өгсөн гэж ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн харьяалах тойрогт нэр дэвшигчдээс итгэл үнэмшлээрээ мандатын тооноос илүүгүй сонголт хийх бүх тохиолдол хүчинтэй байх зарчим юм. Мандатын тооноос илүүгүй бүх сонголт хүчинтэй гэдгийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт "Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно." гэж зохицуулснаар хангалттай баталгаажуулж байна. Тодруулбал, таван мандаттай тойрогт нэг ч нэр дэвшигчийг сонгоогүй буюу мандатын тооноос таваар дутуу санал хүчинтэй байхад нэгээр дутуу нь хүчингүй болох нь логикийн болон шударга ёс, сонгогчийн чөлөөт сонголтын зарчмын хувьд буруу юм. Энэ нь уг хуулийн заалтууд хоорондоо уялдаагүй, логикийн зөрчилтэй байгаад зогсохгүй Үндсэн хуульд заасан иргэний чөлөөтэй сонгох эрхийг ноцтой зөрчсөнийг давхар нотолж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэж заасныг зөрчсөн эсэх асуудлыг магадлан шалгаж, маргаан үүсгэж, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг баталгаажуулсан. Улмаар Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэсэн нь сонгогчдод сонголт хийх боломжтой хувилбарыг санал болгож, сонгогч тэдгээрээс өөрийн хүсэл зоригоор хэн нэгний хөндлөнгийн оролцоо, нөлөөлөлгүйгээр чөлөөт сонголт хийх боломж юм.

Түүнчлэн чөлөөт сонгуулийн үндсэн зарчим нь хууль зүйн утгаараа иргэн сонгуульд заавал оролцох үүрэг, хариуцлага хүлээхгүй байх явдал бөгөөд сонгогч саналаа өгөх үед нөлөөлөх, албадах, хүчээр өөрийнх нь сонгохыг хүсээгүй хүнийг нэр заан тулгаж, түүний төлөө санал өгүүлэхээс сонгогчийг хамгаалахад чиглэдэг болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгуульд оролцох, эс оролцохыг албадсан, эсхүл хориглосон аливаа агуулгагүй бөгөөд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж сонголт хийхэд нь нөлөөлөх утга илэрхийлээгүй гэж үзэж байна.

2.Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ..." гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "... мандатын тооноос илүү, эсхүл дутуу ..." гэсэн нь сонгогч сонгуульд чөлөөтэй сонгох эрхээ эдлэхэд анхаарах арга зүйн асуудлыг хуульчилсан зохицуулалт юм.

Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлд сонгох эрхийг аливаа алагчлалгүй, үндэслэлгүй хязгаарлахгүйгээр эдлүүлэх ёстойг заасан бөгөөд уг Пактыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 1996 онд гаргасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны 25 дугаар Ерөнхий тайлбарт "Иргэд төрийн хэргийг явуулахад чөлөөтэй сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох нөхцөлд 25 дугаар зүйлд заасан агуулгаар тэдгээр нь засгийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн үг бөгөөд сонгуулийн тогтолцоогоор дамжуулан энэ эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа тайлагнана. Мөн төлөөлөгчид зөвхөн өөрт нь Үндсэн хуулийн дагуу олгосон эрх мэдлийг л хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Чөлөөтэй сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн хэргийг явуулахад оролцох эрхээ иргэд сонгох процессоор дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд энэ процессыг "b"-д заасны дагуу хуулиар тогтоосон байх ёстой." гэж тайлбарлажээ.

Тодруулбал, үндсэн хуулийн эрх зүйн онол ёсоор засгийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай бөгөөд ард түмэн өөрийг нь төлөөлж төлөөлөгчдийн байгууллагад сонгогдон ажиллах хүнийг тухайн мандатын тоонд нийцүүлэн сонгох нь төрийг удирдах хэрэгт ард түмнийг бүрэн утгаар оролцоход нь хуулиар тогтоосон журмын дагуу арга зүйн дэмжлэг үзүүлж буй явдал болно. Ийнхүү сонгогч тухайн мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийг дугуйлахгүйгээр өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийг мандатын тоонд нийцүүлэн нэр дэвшигчдийн дундаас чөлөөтэй сонгох бүрэн боломжтой. Судлаачид Үндсэн хуульд заасан сонгох эрхийг тайлбарлахдаа "... Улсын Их Хурлын гишүүнийг сонгох сонгуульд оролцож, хэн нэгний төлөө санал өгч, сонголт хийж байгаа нь тухайн этгээдийг өөрийгөө төлөөлөн хууль тогтоох эрхийг шилжүүлэн өгч буй хэрэг" гэсэн бөгөөд сонгогч мандатын тоотой тэнцүү тоогоор өөрийг нь төлөөлөх этгээдийг сонгосноороо уг эрхээ дутуу дулимаг бус, харин бүрэн утгаар эдэлж буй хэрэг юм.

3.Өмнө нь үүнтэй ижил төрлийн маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр өдгөө хүчин төгөлдөр байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтдээ "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцсэн баримтуудад үнэлэлт хийж үзэхэд Улсын Бага Хурлаас 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд сонгогчдын эрх тэгш байх, чөлөөтэйгөөр сонгох эрхийг алдагдуулан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчив гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Маргагч талуудын гомдолд өөрсдийн сонгохыг хүссэн нэр дэвшигчид нь уг тойргоос сонгох мандатын тоонд хүрэхгүй тохиолдолд сонгохыг хүсээгүй бусад нэр дэвшигчийн төлөө хүчээр санал өгүүлж, сонгуулийн чөлөөт зарчмыг алдагдуулав гэсэн нь тодорхой баримтаар нотлогдохгүй байна. ... Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуультай харшилдав гэж үзсэн иргэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нарын хүсэлтийг хангах үндэслэлгүй байна." гэжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Мэдээлэл, гомдлыг урьдчилан шалгах болон маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааны хүрээнд дараах баримт бичиг, тайлбар, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс баримт, тайлбар, дүгнэлт, лавлагааг гаргуулан авсан болно:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн гишүүний тогтоол, Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол);

Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай", 2008.03.31, №16;

Монгол Улсын дээд шүүх, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.11.19, №04/5513;

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.07.04, №3/694; 2024.11.15, №2/1064; 2024.11.27, №1/1076; 2025.01.08, №1/14;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн судалгааны төв, "Сонгуулийн санал хураалт, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбоотой гадаад улсын хуулийн түүвэр орчуулга, харьцуулсан судалгаа," 2024;

Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шинжээчийн дүгнэлт, 2025.01.15;

Нээлттэй нийгэм форум, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.11.22, №81;

Сонгогчдын боловсрол төв, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2024.11.27, №18;

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо, Ерөнхий тайлбар: Төрийг удирдах хэрэгт оролцох эрх, сонгох эрх, төрийн алба хаших тэгш боломжтой байх эрх, 1996, №25, CCPR/C/GC/25; Ерөнхий тайлбар: Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, 2011, №34, CCPR/C/GC/34;

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар, Сонгуулийн эрх зүйн орчныг хянах удирдамж, 2013;

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас томилогдсон Олон улсын сонгуулийг ажиглах хороо, Монгол Улс - Парламентын сонгууль, Урьдчилсан үр дүн, дүгнэлтийн талаарх мэдэгдэл, 2024.06.28;

Монгол Улсын Их Хурлын сонгууль 2024, "Чөлөөт, шударга сонгуулийн зарчмуудыг хөндсөн зарим асуудал" ерөнхий тойм.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхэд дараах үндэслэл тогтоогдож байна:

Нэг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн зохицуулалтын талаарх маргааныг шийдвэрлэхэд олон улсын эрх зүй болон Үндсэн хуулиар хамгаалсан "чөлөөтэй сонгох эрх"-ийн агуулгыг тодорхойлох нь ач холбогдолтой байна.

1.1.Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Иймээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-аар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлж, түүний ерөнхий тайлбарыг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим гэж үзэж баримтална.

Ардчилсан сонгуулийн зарчим нь олон улсын хүний эрхийн гэрээнд тусгалаа олсон байна. Тодруулбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй." гэж, 3 дахь хэсэгт "Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно." гэж заасан бол Пактын 25 дугаар зүйлийн (а) хэсэгт иргэн бүр "төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох;", (b) хэсэгт "сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;" эрх, боломжийг үндэслэлгүй хязгаарлалт, ялгаварлан гадуурхалгүйгээр эдэлнэ хэмээн заасан. Ардчилсан сонгуулийн эдгээр зарчмыг хангаж, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэх нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг мөн. Нэгдсэн Үндэсний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Хүний эрхийн хорооноос Пактын 25 дугаар зүйлээр хамгаалсан эрхийн тухай 25 дугаар Ерөнхий тайлбарыг 1996 онд гаргасан. Тус тайлбарын 4 дэх доголд "25 дугаар зүйлээр хамгаалагдсан эрхийг эдлэхэд тавих аливаа хязгаарлалт нь объектив, үндэслэл бүхий шалгуурт тулгуурласан ..." бөгөөд "хуулиар тогтоосон" байна гэжээ.

Төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурласан тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд ардчилсан сонгууль нь ард түмний бүрэн эрхт байдлын тухай ойлголтоос үндэстэй. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж зааж Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс эхтэй болохыг тодорхойлсон байна.

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална." гэж, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэж тус тус заасан. Эдгээр заалт нь нэг талаас Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн Улсын Их Хурлын гишүүнийг сонгох эрхтэй, нөгөө талаас Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй гэдгийг тус тус баталгаажуулсан болно.

Улсын Их Хурлын сонгууль нь өөрсдийн төлөөлөгчдийг сонгох, эсхүл солих боломжийг иргэдэд тодорхой хугацааны давтамжтайгаар олгосноор тэдгээрийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахыг шаардаж, эгэх хариуцлагыг бий болгодог. Түүнчлэн сонгууль нь улс төрийн санал зөрөлдөөнийг шийдвэрлэх, сонгуулийн дүнд үндэслэн эрх мэдлийг тайвнаар шилжүүлэхэд ач холбогдолтой.

Ардчилсан сонгуулийн зарчмын дагуу явуулсан сонгуульгүйгээр ардчилсан нийгэм оршин байх боломжгүй. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүнийг иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох, саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг хамгаалсан болно (Цэцийн тогтоол, 2022, №01; Цэцийн дүгнэлт, 2025, №01). Эдгээр зарчим нь сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг баталгаажуулж, ардчилсан сонгууль явуулах суурь нөхцөлийг тогтоож өгдөг.

1.2.НҮБ-ын Хүний эрхийн хорооны 25 дугаар Ерөнхий тайлбарын 19 дэх доголд "Сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан хуулийн хүрээнд (b) хэсэгт нийцүүлэн сонгуулийг шударга, чөлөөтэй болон тогтмол явуулна. Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцоход хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг нь гажуудуулах, хязгаарлах аливаа албадлага, нөлөөлөлд өртөхгүйгээр, аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа чөлөөтэй өгөх, ард нийтийн санал асуулгад оруулсан төслийн төлөө, эсхүл эсрэг саналаа чөлөөтэй өгөх, засгийн газрыг чөлөөтэй дэмжих, эсхүл эсэргүүцэх эрхтэй. ..." гэжээ. Энэ тайлбар болон бусад холбогдох олон улсын байгууллагын зөвлөмж, шийдвэрээс үзэхэд чөлөөтэй сонгох зарчим нь сонгогч тодорхой нэр дэвшигч, нам, эвслийн төлөө саналаа өгөх, эсхүл өгөхгүй байх шийдвэрээ аливаа албадлага, нөлөөллөөс ангид гаргаснаар хэрэгждэг байна. Саналаа нууцаар гаргах зарчмын гол зорилго нь сонгогч чөлөөт сонголт хийх нөхцөлийг бүрдүүлж, улмаар сонгуулийн дүн сонгогчдын хүсэл зоригийн жинхэнэ илэрхийлэл байх баталгааг хангах юм. Нөгөө талаас сонгогч тодорхой нам, эвсэл, нэр дэвшигчид саналаа өгөхгүй байх эрх нь чөлөөт сонголтын нэг хэлбэр мөн.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих эсэх сонголтоо хараат бусаар хийх, саналын хуудаст тэмдэглэх боломжийг сонгогчид олгох, уг сонголтыг нь хүндэтгэх агуулгыг илэрхийлнэ. Тодруулбал, сонгогч аль нэг нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих, эсхүл дэмжихгүй байх саналаа чөлөөтэй өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхтэй нь холбогдуулан сонгогчийг албадлага, дарамт, сүрдүүлэг, эсхүл зүй бус нөлөөлөлд оруулж болохгүй. Уг зарчим нь зөвхөн саналаа өгөх эрхээр хязгаарлагдахгүй бөгөөд сонгуулийн бүх үйл явцыг хамардаг.

Маргаан бүхий зохицуулалт нь сонгогч тойрогт ногдох мандатын тооноос цөөн нэр дэвшигчийг дэмжих сонголтоо хэрэгжүүлэхийн тулд мандатын тоотой тэнцүүлж санал өгөх, улмаар өөрийн дэмжихгүй нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэхээс өөр аргагүйд хүргэхээр байна. Өөрөөр хэлбэл, сонгогч нэр дэвшигчийн талаар чөлөөт сонголт хийх, саналаа тэмдэглэх боломжийг хязгаарлажээ. Түүнчлэн тойрогт ногдсон мандатын тооноос дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцсоноор тухайн сонгогчийн санал гээгдэж, дэмжсэн нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг тоолохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Нөгөө талаас энэ нь тухайн сонгогчийн дэмжлэгийг хүлээгээгүй нэр дэвшигч үндэслэлгүйгээр нэмэлт санал авах, зүй бус давуу байдал олох үр дагавартай. Иймээс тус зохицуулалт нь сонгуулийн дүн сонгогчдын хүсэл зоригийн бодит илэрхийлэл байх нөхцөлийг алдагдуулах эрсдэл үүсгэж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн тойрогт ногдсон мандатын тооноос "... дутуу ..." нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт нь чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн маргаан бүхий зохицуулалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

Монгол Улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хуулиар шаардах бөгөөд аль нэг зарчмыг нь хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн үндэслэл болно (Цэцийн дүгнэлт, 2017, №07; 2020, №03; 2023, №03; 2024, №02; №03; №04; 2025, №01; №03; Цэцийн тогтоол, 2024, №02; №03). Сонгох, сонгогдох эрх нь туйлын эрх биш тул зөвхөн эдгээр зарчмыг хангасан хязгаарлалтыг хуульчлах боломжтой. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчмыг хангасан эсэхийг шалгаснаар чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн эсэх нь тодорхойлогдоно.

2.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгээр баталгаажсан хууль дээдлэх ёсны хүрээнд үндсэн эрхийг гагцхүү хуульд тодорхой заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно. Уг зарчим нь үндсэн эрхийн хязгаарлалт хууль ёсны үндэслэл бүхий байх, хэрэгжүүлэх журам, хязгаарлалтын цар хүрээг тодорхой тусгасан байхыг шаардана. Мөн үндсэн эрхийг дур мэдэн хязгаарлахыг хориглоно.

2.1.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангах хүрээнд үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах, уг хязгаарлалт нь хоёрдмол утгагүй, тодорхой ойлгогдохоор, зохицуулалтаас үүдэх үр дагаврыг урьдчилан таамаглах, сахин биелүүлэх боломжтой байдлаар хуульчилбал зохино (Цэцийн дүгнэлт 2002, №02; 2020, №12; 2021, №02; 2024, №03; Цэцийн тогтоол, 2002, №02). Үр дүнд нь эрх бүхий этгээд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, иргэн зан үйлээ хуульд нийцүүлэх нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт нь тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох талаар тодорхой тусгасан байх тул түүнийг эрх бүхий этгээд нэг мөр хэрэгжүүлэх, иргэн зан үйлээ нийцүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

Гэсэн хэдий ч тус хуулийн заалт хоорондын нийцэл алдагдаж, зөрчилтэй байдал үүссэн байх тул эрх зүйн тодорхой байдлыг хангахгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт "Сонгогч нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно." гэж заасан бол мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж хуульчилсан байна. Тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт "... нэг ч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй ..." болон 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ..." гэсэн хоёр ойлголт нь холбогдох нэр дэвшигч, эсхүл нам, эвслийг дэмжихгүй гэсэн сонгогчийн сонголтыг илэрхийлэх утгаараа төстэй байна. Гэтэл нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй (огт тэмдэглэгээ хийгээгүй) саналын хуудсыг хүчинтэйд тооцсон атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор заасан нь хуулийн зохицуулалт хооронд зарчмын хувьд зөрчил үүсгэж, сонгогчийг төөрөгдөлд оруулж болохоор байна.

2.1.2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор заагаагүй мөртлөө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "... дутуу ..." нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор тусгасан нь олныг төлөөлөх аргаар явагдах адил төстэй сонгуулийн тогтолцооны хувьд ялгаатай үр дагавар үүсгэхээр байгааг дурдах нь зүйтэй.

2.2.Тохирсон байх зарчимд нийцсэн эсэх

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь тохирсон байх зарчимд нийцсэн байх шаардлагатай. Энэ зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №03; Цэцийн тогтоол, 2024, №03). Маргаан бүхий хуулийн заалт нь эдгээр дөрвөн шалгуурыг хангасан эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна:

2.2.1.Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байх бөгөөд уг хязгаарлалт болон зорилго нь хоорондоо уялдаатай байна (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №03; Цэцийн тогтоол, 2024, №03).

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.", 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.", 5.6 дахь хэсэгт "Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.", 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ." гэж тус тус заажээ.

Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарт уг зохицуулалтын зорилго нь сонгогч сонгох эрхээ эдлэхэд "... арга зүйн дэмжлэг үзүүлж буй явдал ..." гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл, хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэвэл саналын хуудсыг хүчингүйд тооцохоор заасан нь олон мандаттай тойрогт сонгогч хэрхэн саналаа тэмдэглэхийг зохицуулж, сонгох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоо уялдсан байхаар байна.

2.2.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байх шалгуурыг хангах ёстой. Тус зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг сонгохыг энэ шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №03; Цэцийн тогтоол, 2024, №03).

Олон мандаттай тойрогт мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэвэл саналын хуудсыг хүчингүйд, эсхүл хүчинтэйд тооцдог хоёр загвар байна. Аль аль нь сонгогч саналаа тэмдэглэж сонгох эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр байх боловч эхний загвар нь сонгогч өөрийн дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэхийг албадах замаар чөлөөтэй сонгох зарчмыг илүү ихээр хязгаарласан байх тул зайлшгүй байх шалгуурыг хангаагүй байна.

Саналын хуудаст тэмдэглэсэн санал нь тухайн сонгогчийн чөлөөт​​ сонголтын илэрхийлэл байх учраас тойрогт ногдсон мандатын тооноос хэтрүүлэхгүйгээр тодорхой нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэх, эсхүл тэмдэглэхгүй байх боломж олгох нь чөлөөтэй сонгох зарчимд илүү нийцнэ. Тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү, эсхүл түүнээс цөөн тооны нэр дэвшигчийнтөлөө саналаа өгөх тохиолдолд сонгогч өөрийн дэмжих нэр дэвшигчийг сонгох, дэмжихгүй нэр дэвшигчийг сонгохгүй байх замаар хүсэл зоригоо бодитоор, чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ.

2.2.3.Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангах ёстой. Үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь уг эрхийг хамгаалах ашиг сонирхлоос доогуур байж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №03; Цэцийн тогтоол, 2024, №03). Маргаан бүхий зохицуулалтаар сонгогч бүр тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн төлөө санал заавал тэмдэглэх үр дагавар үүссэн нь сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгөх сонголтыг үгүйсгэж, нэр дэвшигчийг дэмжих эсэхээ шийдвэрлэх боломжийг хумьж, сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг гажуудуулах, сонгуулийн дүнд нөлөөлөх ноцтой эрсдэлтэй байх тул тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй байна.

Сонгогч тухайн саналын хуудаст байгаа нэр дэвшигчдээс өөрийг нь төлөөлж чадна гэсэн итгэлийг хэнд хүлээлгэхээ бие даан шийдсэний үндсэн дээр саналаа чөлөөтэй өгөх эрхтэй. Иймээс сонгогч нэр дэвшигчийн талаарх сонголтоо саналын хуудаст тусгах, сонгуулийн дүнг бодитой гаргах нь тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэхээс илүү чухал юм.

2.3.Олон мандаттай тойргийг ашигладаг бусад ардчилсан улсад сонгогч тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү, эсхүл түүнээс цөөн тооны нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэх эрхтэй байна. Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт (х. 20-21)-д чөлөөтэй сонгох зарчмыг Үндсэн хуульдаа тусгаж хамгаалсан улсуудын хувьд "... тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох ..." зохицуулалтыг хуульдаа тусгаагүй байна гэжээ. Мөн парламентын сонгуулийг олныг төлөөлөх аргаар явуулах тохиолдолд нэг мандаттай сонгуулийн тойргийг хэрэглэх нь түгээмэл байх бөгөөд хуудаст тэмдэглэсэн санал нь тодорхой байвал хүчин төгөлдөрт тооцох, сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг чухалчлах чиг хандлагатай байна гэж тус дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн гүйцэтгэсэн "Сонгуулийн санал хураалт, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбоотой гадаад улсын хуулийн түүвэр орчуулга, харьцуулсан судалгаа" (х. 30)-д хамрагдсан улсуудын эрх зүйн актад сонгогч мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох агуулгатай хэм хэмжээ байхгүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэлд мандатын тооноос илүү нэр дэвшигчийг тэмдэглэсэн, саналын хуудас гэмтсэн зэргийг хамааруулсан байна гэжээ.

2.4. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд "Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах ... эрх чөлөө багтана." гэж, мөн Пактын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.", 2 дахь хэсэгт "Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ..." гэж тус тус заасан болно.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2011 онд гаргасан Пактын 19 дүгээр зүйлээр хамгаалсан эрхийн тухай 34 дүгээр Ерөнхий тайлбарын 4 дэх доголд "Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Пактын 17, 18, 25, 27 дугаар зүйлээр мөн баталгаажуулсан. Эдгээр эрх чөлөө нь хүний бусад эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Жишээлбэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ... сонгох эрхийг хэрэгжүүлэхэд салшгүй холбоотой.", 7 дахь доголд "Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхэлд нь хүндэтгэх нь Оролцогч улс бүрийн хууль зүйн үүрэг болно. Төрийн эрх мэдлийн бүх салаа (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл) болон үндэсний, бүсийн, орон нутгийн зэрэг бүх түвшний, эрх бүхий бусад байгууллага энэ үүргийг сахин биелүүлнэ. ...", мөн 9 дэх доголд "19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн аливаа оролцооноос ангид үзэл бодолтой байх хувь хүний эрхийг хамгаална. Пактаар энэхүү эрхэд ямар нэг хязгаарлалт, тусгай нөхцөл тогтоогоогүй. ...", 10 дахь доголд "Ямар нэг үзэл бодол баримтлах, эс баримтлахыг тулгах аливаа үйлдлийг хориглоно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь үзэл бодлоо илэрхийлэхгүй байх эрх чөлөөг мөн багтаана." гэж тус тус тодотгон тайлбарласан байна.

Үзэл бодолтой байх эрх нь сонгох эрх, ялангуяа чөлөөтэй сонгох эрхтэй салшгүй холбоотой. Тиймээс НҮБ-ын Хүний эрхийн хорооны 25 дугаар Ерөнхий тайлбарын 19 дэх доголд "... Сонгогч хүчирхийлэл болон хүчирхийллийн сүрдүүлэг, шахалт, шан харамж, эсхүл аливаа төрлийн зүй бус хөндлөнгийн оролцооноос ангид, хараат бусаар үзэл бодлоо чөлөөтэй бий болгох эрхтэй." гээд сонгуульд оролцохдоо энэ үзэл бодлоо баримтлах, саналаа чөлөөтэй өгөх эрхийг эдлэх агуулгыг тусгажээ.

Туйлын эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй бөгөөд түүнийг хязгаарлах нь аль ч хууль ёсны зорилгоор зөвтгөгдөхгүй. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх дотоод эрх чөлөө нь туйлын эрх, харин итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь туйлын бус эрх юм. Итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө нь хүн итгэл үнэмшлээ чөлөөтэй бий болгох, баримтлах, өөрчлөх эрхийг агуулах бөгөөд итгэл үнэмшил гэдэгт улс төрийн, шинжлэх ухааны, түүхийн, ёс суртахууны, шашны зэрэг итгэл үнэмшил, үзэл бодол багтаж хамгаалагдана. Аль нэг итгэл үнэмшил, үзэл бодлыг баримтлах, эсхүл баримтлахгүй байхаар хүнийг албадаж болохгүй. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн дагуу сонгогч саналын хуудсаа хүчинтэйд тооцуулахын тулд тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү санал өгөх, дэмжсэн нэр дэвшигчийн тоо нь үүнээс цөөн тохиолдолд дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө санал өгөхийг хуулиар албадаж байгаа нь тодорхой нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн сонгогчийн итгэл үнэмшил, үзэл бодлыг үгүйсгэж байх тул итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хөндсөн байна.

Гурав. Сонгуулийн тухай хууль тогтоомж, түүний талаар Үндсэн хуулийн цэцээс урьд гаргасан шийдвэр

3.1.Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно." гэж заасны дагуу 1992, 2005, 2011, 2015, 2019 онд тус тус холбогдох хуулийг баталж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг нийт 9 удаа (1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020, 2024 онд) зохион байгуулжээ. Эдгээр 9 сонгуулийн 7 нь олныг төлөөлөх тогтолцоогоор, 2 нь холимог тогтолцоогоор явагдсан. Тодруулбал, Улсын Их Хурлын 76 гишүүнийг 1996, 2000, 2004, 2016 онд 1 мандаттай 76 тойргоос, 1992, 2008, 2020 онд олон мандаттай, томсгосон тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар сонгосон бол 2012 онд 48 гишүүнийг олон мандаттай, томсгосон 28 тойргоос олныг төлөөлөх аргаар, 28 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар, харин 2024 онд Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг нь олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос олныг төлөөлөх аргаар, 48 гишүүнийг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгосон байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар суудал хуваарилсан 13 тойрог нь 2-10 мандаттай байхаар зохион байгуулжээ.

Үүнээс 1992, 2019 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль (1992 оны хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 2019 оны хуулийн 72 дугаар зүйлийн 72.1)-д тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох; 2011 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль (47 дугаар зүйлийн 47.1.2)-д тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцохоор тус тус хуульчилсан байна. Эдгээр хуулийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцээс өмнө нь хянаж, түүнийг Үндсэн хуульд заасан сонгуулийн зарчимд нийцүүлэх, боловсронгуй болгох хүрээнд холбогдох шийдвэрийг гаргасан байна.

3.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай (1992 он) хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт "Санал огт тэмдэглээгүй, эсхүл мандатын тооноос дутуу буюу илүү тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн ..." саналын хуудсыг хүчингүйд тооцохоор заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж, Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн 04 дүгээр дүгнэлт гаргасан нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл, онцлогт нийцсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Уг дүгнэлтийн хянавал хэсэгт "... Маргагч талуудын гомдолд сонгогчид өөрсдийн сонгохыг хүссэн нэр дэвшигчид нь уг тойргоос сонгох мандатын тоонд хүрэхгүй тохиолдолд сонгохыг хүсээгүй бусад нэр дэвшигчдийн төлөө хүчээр санал өгүүлж, сонгуулийн чөлөөт зарчмыг алдагдуулав гэсэн нь тодорхой баримтаар нотлогдохгүй байна. ..." гэжээ.

3.3.Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 03 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 5/36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "санал огт тэмдэглээгүй бол ... саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "чөлөөт" гэсэн сонгуулийн зарчмыг зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 02 дугаар тогтоолоор энэ дүгнэлтийг хэвээр үлдээсэн байна.

3.4.Үндсэн хуулийн цэц 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /2005 он/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт "Сонгогч нь саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсэж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ." гэсэн заалт Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон холбогдох бусад заалттай нийцсэн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж, Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн 11 дүгээр дүгнэлтийг гаргажээ.

Уг зохицуулалтын талаарх "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 8.1 дэх заалтад"Сонгогч саналаа өгөхдөө энэ зүйлийн 47.3.-т зааснаар"саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг"дугуйлна. Энэ нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар олгогдсон"төрийн байгууллагад сонгох"үндсэн эрхийн хэрэгжилт тул сонгогч нь нэр дэвшигч нараас хэнийг нь ч сонгохыг хүсээгүй бол аль ч дугаарыг дугуйлахгүй байх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүнийг санал хураалтад оролцсон гэж үзэхээс гадна саналын хуудсыг нь хүчинтэйд тооцно. Түүнчлэн сонгохыг хүсэж байгаа нэр дэвшигчийн тоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос бага байвал сонгогч уг тооноос дутуу хэмжээгээр зөвхөн өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүний саналын хуудас мөн хүчинтэй байна. Харин тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү дугуйлсан бол саналын хуудас хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3.-т зааснаар хүчингүйд тооцогдоно." гэсэн байх бөгөөд энэ тайлбар одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

3.5.Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн тойрогт ногдсон мандатын тооноос "... дутуу ..." нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох заалтын талаарх маргааныг агуулгын хувьд хянан хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар шийдвэр гаргаагүй байна.

Дөрөв. Нэгтгэн дүгнэхэд

4.1.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох, саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг баталгаажуулсан нь Монгол Улсын иргэний "... төрийн байгууллагад сонгох, сонгогдох ..."үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, сонгуулийн дүн сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг тусгахад чиглэж байна.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь сонгогч нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих, эсхүл дэмжихгүй байх сонголтоо албадлага, дарамт, сүрдүүлэг, эсхүл гаднын зүй бус нөлөөлөлгүйгээр өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлын дагуу хийж, саналын хуудаст тэмдэглэх агуулгатай. Иймээс сонгогч нэр дэвшигч нараас сонгохдоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү санал тэмдэглэж болохгүй ч хэнийг ч дэмжсэн санал өгөөгүй байх, мөн өөрийн дэмжсэн нэр дэвшигчийн тоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос цөөн байвал уг мандатын тооноос дутуу хэмжээгээр зөвхөн өөрийн дэмжсэн нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэх эрхтэй байна.

4.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилснаар сонгогч өөрийн сонголтоо хүчингүйд тооцуулахгүйн тулд дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө санал нэмж тэмдэглэхээс өөр аргагүйд хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Тус зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлын болон тохирсон байх зарчмыг хангахгүй байх тул чөлөөтэй сонгох зарчмыг зөрчсөн байна. Нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилсан нь хоорондоо зарчмын хувьд зөрчилтэй, сонгогчийг төөрөгдөлд оруулж болохоор байх тул эрх зүйн тодорхой байдал алдагдсан байна. Маргаан бүхий заалт нь сонгогч саналаа тэмдэглэхэд дэмжлэг үзүүлж сонгох эрхийг бүрэн утгаар эдлүүлэх зорилготой мэт боловч сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгөх сонголтыг үгүйсгэж, сонголтоо илэрхийлсэн саналыг нь үл тоолох, улмаар чөлөөтэй сонгох зарчмыг хамгийн бага хязгаарласан арга зам гэж үзэхээргүй байх тул зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй байна.

Сонгогч өөрийн дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэхийг хуулиар албадаж байгаа нь тодорхой нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн сонгогчийн итгэл үнэмшил, үзэл бодлыг үл хүндэтгэсэн байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хөнджээ.

4.3.Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилсан нь аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа чөлөөтэй өгөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг гажуудуулах үр дагавартай байна. Түүнчлэн сонгогч өөрийн дэмжсэн нэр дэвшигчийн төлөө өгсөн саналаа хүчинтэйд тооцуулахын тулд хуулийн албадлага дор дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө нэмж санал өгөхөөс аргагүйд хүргэж байгаа нь өөрийн санал буюу үзэл бодлыг эс баримтлахыг тулгаж байх тул үзэл бодолтой байх туйлын эрхийг хөндсөн байна. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь Пактын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үзэл бодолтой байх эрх болон 25 дугаар зүйлийн (b) хэсэгт заасан "... сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг ..." үндэслэлгүйгээр хязгаарлаж, Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж ...", 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ." гэж заасантай харшилж байна.

4.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно." гэж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон байна (Цэцийн тогтоол, 2024, №02). Иймд Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН

ГИШҮҮД

Ж.ЭРДЭНЭБУЛГАН

Д.ГАНГАБААТАР

О.МӨНХСАЙХАН

Б.БОЛДБААТАР