- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 218
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 16.3, "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 1 дүгээр хавсралт, "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Төлөвлөгөөнд заасан арга хэмжээг жил бүрийн улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төлөвлөгөөний дагуу эрхлэх асуудлын хүрээнд болон харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн жилийн тайланг дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдөр, хагас жилийн тайланг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, түүний явц, үр дүнгийн талаарх мэдээллийг хагас, бүтэн жилээр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийн жилийн тайланг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
