- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 187
Улаанбаатар хот
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эрдэнэс Тавантолгой" ХК-тай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" урт хугацаагаар байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар шуурхай нэвтрүүлэх ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), "Эрдэнэс Тавантолгой" ХК (Х.Мөнхжаргал)-д даалгасугай.
2."Эрдэнэс Тавантолгой" ХК-тай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" урт хугацаагаар байгуулсан аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх нүүрсийг бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК (Х.Мөнхжаргал)-д үүрэг болгосугай.
3."Эрдэнэс Тавантолгой" ХК-тай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" урт хугацаагаар байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тээвэрлэх, ачих, буулгах, хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), "Эрдэнэс Тавантолгой" ХК (Х.Мөнхжаргал)-д даалгасугай.
4.Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, холбогдох зардлыг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд тус тус даалгасугай:
4.1.нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд улсын хилийн зурваст газар ашиглуулах асуудлыг тэргүүн ээлжид шийдвэрлэж, холбогдох зөвшөөрөл олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал) нарт;
4.2.Тавантолгой уурхайгаас Ханги, Гашуунсухайт хилийн боомтууд хүртэлх бүх үе шатны нүүрс тээвэрлэх үйл ажиллагааны өртөг, тарифыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК (Х.Мөнхжаргал), "Монголын төмөр зам" ХК (О.Батчулуун) нарт;
4.3.нүүрс ачих, буулгахтай холбоотой зардлыг бууруулах чиглэлд талбай эзэмшигч хуулийн этгээд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), "Эрдэнэс Тавантолгой" ХК (Х.Мөнхжаргал) нарт;
4.4.экспортод гарч байгаа зарим төрлийн нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах жишиг үнийг олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан индексжүүлэн бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт.
5.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх