- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ДУЛААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
Эрчим хүчний зохицуулах хорооны
2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн
164 дугаартай албан бичгийн хавсралт
ДУЛААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасан дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид "Хангагч" гэх/ хэрэглэгчийг дулаанаар хангахтай холбогдож үүссэн гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлоход оршино.
1.2.Энэхүү дүрмийг хангагч, хэрэглэгч болон шинээр гэрээ байгуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Хоёр. Гэрээний нөхцөл, шаардлага
2.1.Хангагч, хэрэглэгч нь Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм, Холболтын журам, энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ"-г өмчлөгчтэй, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулна.
2.2.Иргэн, хуулийн этгээд дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна.
2.2.1.олгогдсон техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн, техникийн боломжтой нөхцөлд дулааны тоолуурыг заавал эзэмшлийн заагт суурилуулсан байх;
2.2.2.хэрэглэсэн дулааны эрчим хүчний тооцоог нийлж баталгаажуулсан, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх;
2.2.3.шугам сүлжээний эзэмшлийн заагийг хоёр тал харилцан тохиролцож баталгаажуулсан байх;
2.2.4.тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх;
2.2.5.дулааны шугам сүлжээ, тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих норм, стандартын дагуу хийж, аюулгүй, найдвартай байдлыг хангасан байх;
2.2.6.дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байх;
2.3.Иргэн (айл өрх)-тэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээнд дараах нөхцөлийг тусгана.
2.3.1.дулааны тоо хэмжээ, төрөл;
2.3.2.дулааны эрчим хүчний чанар;
2.3.3.төлбөр тооцооны нөхцөл, тарифын төрөл;
2.3.4. талуудын эрх, үүрэг, хариуцлага;
2.3.5.дулааны эрчим хүчийг илүү, дутуу түгээснээс шалтгаалан үүссэн маргааныг шийдвэрлэх;
2.3.6.гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай;
2.3.7.гэрээний хугацаа /тоогоор болон бичвэрээр бичих/;
2.3.8.шаардлагатай гэж үзвэл зарим хэрэглэгчдийн хувьд төлбөрийн батлан даалт гаргуулсан, барьцаа төлбөр төлсөн эсэх асуудлыг тусгах;
2.3.9.эзэмшлийн зааг /бүдүүвч, зургийн хамт/;
2.3.10.хэрэглэгчийн шаардлагатай мэдээлэл;
2.3.11.дулааны төлбөр төлөх цэгүүд;
2.3.12.хангагчийн эрх бүхий ажилтнуудын хаяг, утас;
2.3.13.дулааны төлбөрийн тухай хангагчийн тодорхойлолт;
2.3.14.иргэн (өмчлөгч, эзэмшигч)-ий үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар, өмчлөгчийн итгэмжлэл, тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ зэргийг хавсаргасан байна;
2.4.Хуулийн этгээдтэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах гэрээнд энэ зүйлийн 2.3-т зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана.
2.4.1.тоног төхөөрөмж, техникийн өгөгдлүүд;
2.4.2.төлбөр тооцооны хэмжих хэрэгслийн байршил, ашиглалтад хүлээн авсан тухай протокол, акт;
2.4.3.хэрэглэгч хуулийн этгээдийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгаа болон тэдгээрийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа;
2.4.4.эзэмшлийн заагаас дулааны тоолуур, төлбөр тооцооны хэрэгсэл хүртэлх шугамын алдагдлыг тодорхойлсон тооцоолол, алдагдлын хувь хэмжээ;
2.4.5.барилга байгууламжийн ангилал, хаяг, байршил, барилгын нийт болон халаагдах эзлэхүүн, талбайн хэмжээ, барилгын эрчим хүчний гэрчилгээний хуулбар,
2.4.6.дулаанаар хангах объектын байгуулалтын зураг, ашиглалтад орсон огноо, дулааны узелийн дэлгэрэнгүй мэдээлэл, барилга болон халаалтын системд хийсэн их засвар, шинэчлэлийн дэлгэрэнгүй мэдээлэл;
2.5.Хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгасан тухай тодорхойлолт авсан байна.
2.6.Хангагч, хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж, сунгах ба халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэнэ.
2.7.Хэрэглэгчийн шугам сүлжээний заагийг тухайн шугам сүлжээний өмчлөлийн харьяаллаар тогтооно.
2.8.Дулааны тасалдлаас учирсан аливаа хохирлыг нөхөн төлөх талаар дулаанаар хангах гэрээнд тодорхой тусгасан байна.
2.9.Хангагч байгууллагаас олгосон техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу хэрэглэгчийн эзэмшлийн шугам, тоноглолыг харилцан зөвшилцсөний үндсэн дээр гуравдагч этгээд өргөтгөн шинэчилсэн тохиолдолд дундын өмчлөлийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг дулааны ачаалал, хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээр хамтран хариуцна.
2.10.Хангагч нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах хүртэл заслын буюу түр дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулах ба байнгын ашиглалтад хүлээн авсан даруй өмчлөгч тус бүртэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.
2.11.Хангагч нь энэхүү дүрмийн 2.2-т заасан шаардлагуудыг хангаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулахгүй, сунгахгүй байх үндэслэл болно.
Гурав. Үйлчилгээний түвшин
3.1.Хангагч нь хэрэглэгчийг гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр найдвартай хангана.
3.2.Хангагч нь дулааны тасалдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, машин механизм, хүн хүч, тоног төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгана.
3.3.Төлөвлөгөөт засвар үйлчилгээ, хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхээр бол 24-өөс доошгүй цагийн өмнө, гэмтэл, аваар саатлын үед шуурхай арга хэмжээ авч дулаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлэх талаар хэрэглэгчид тус тус мэдэгдэнэ.
3.4.Хангагч нь хэрэглэгчдэд соёлтой, боловсон үйлчилгээ үзүүлж, дулааны эрчим хүчний талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
3.5.Дулаан хангамжийн чанарын үзүүлэлт, горим тохируулгатай холбоотой хэрэглэгчийн санал, хүсэлт өргөдлийг хүлээн авсан даруй шийдвэрлэж, чанарын үзүүлэлтийг хангах, төлбөр тооцоотой холбоотой гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэнэ.
3.6.Хангагч нь орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээг хүлээн авахдаа барилгын батлагдсан зураг төслийг тухайн орон сууцны бодит талбайн хэмжээтэй харьцуулан хянаж, холбогдох материалын хамт хүлээн авна. Хэрэв зөрүүтэй тохиолдолд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэнэ.
3.7.Төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой дулаан хангамжийг түдгэлзүүлэх талаар хэрэглэгчдэд 72 цагийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
3.8.Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банканд очсоноос хойш алданги тооцох, дулааны эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хугацааг гэрээгээр зохицуулна.
3.9.Хэрэглэгч өөрийн хүсэлтээр барилга байгууламж, орон сууцыг 1 сараас багагүй хугацаагаар дулааны эрчим хүчээр хангуулахгүй тохиолдолд хангагчид албан ёсоор мэдэгдэх бөгөөд хангагч нь "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 6.1.12-т зааснаас бусад хугацаанд техникийн боломжоос хамааруулан шийдвэрлэнэ.
3.10.Хэрэглэгч нь баталгаажсан дулааны тоолуурыг холболтын цэгт суурилуулах хүсэлт гаргасан нөхцөлд суурилуулах зөвшөөрөл, төлбөр тооцоонд хүлээн авах асуудлыг хангагч холбогдох стандартын шаардлагад нийцүүлэн халаалтын бус улиралд хүлээн авч шийдвэрлэнэ.
Дөрөв. Дулааны эрчим хүчний чанарын үзүүлэлт
4.1.Хангагч нь дараах стандартуудаас гадна холбогдох барилгын норм ба дүрэм бусад эрх зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллана.
4.1.1.Дулааны эрчим хүч. Нэр томьёо, тодорхойлолт MNS 5085:2001;
4.1.2.Орон сууц, олон нийтийн барилга. Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт MNS 5825:2007;
4.1.3.Орон сууцны барилга-халаалтын дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтыг тодорхойлох арга MNS 5827:2007;
4.1.4.Авто зогсоол, Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007;
4.1.5. БНбД 25-01-20 Барилгын дулаан хамгаалалт;
4.1.6.MNS EN 832:2013 Барилгын дулаан хамгаалалт- Халаалтын эрчим хүчний хэрэглээний тооцоо-Орон сууцны барилга;
4.1.7.MNS ISO 13790:2013 Барилгын дулаан хамгаалалт- Халаалт ба хөргөлтийн эрчим хүчний хэрэглээний тооцоо;
4.1.8.БНбД 41-04-13 Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт;
Тав. Дулааны эрчим хүчний төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ
5.1.Төлбөр тооцооны ерөнхий нөхцөл:
5.1.1.Дулааны эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан дулааны тоолуур, усны тоолуурын заалт, барилгын эзлэхүүн, талбай, зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо нь дулааны эрчим хүчний төлбөр тооцооны үндэслэл болно;
5.1.2.Дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээнд үндэслэн тогтооно;
5.1.3.Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их засвар, гэмтэл саатлаас шалтгаалан дулааны эрчим хүчээр хэрэглэгчийг хязгаарласан тохиолдолд хязгаарласан хугацаанд ногдох дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг тухайн сарын төлбөрөөс хасаж тооцно;
5.1.4.Хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхэд бусад орон сууцны хэрэглэгчдийн дулаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлснээс үүсэх дутуу түгээсэн дулаан, дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифын төлбөрийг бусад хэрэглэгчийн төлбөрөөс хасаж тооцох ба захиалга өгсөн хэрэглэгч хасаж тооцсон төлбөрийг хариуцна;
5.1.5.Хэрэгцээний халуун усны систем нь хамааралгүй схемээр буюу ус, дулаан дамжуулах төв, халаалтын цогц төхөөрөмжийн дараагаас холбогдсон, буцах шугамтай хэрэглэгчийн халуун усны системийг дулааны тоолуур суурилуулах техникийн боломжгүй хэрэглэгч гэж үзнэ;
5.1.6.Хэрэглэгч дулаанаар хангагдах барилга байгууламжийн эзлэхүүн, талбай, хэрэгцээний халуун усны ачааллыг гэрээнд зөв тусгуулаагүй болон холболтыг өөрчлөх, эзлэхүүн, талбайг нэмсэн, багасгасан нь илэрсэн бол энэ тухай акт үйлдэн дээрх зөрчилд нөхөн төлбөр ногдуулна. Нөхөн төлбөрийг тооцох хугацааг тодорхойлох боломжтой бол холбогдох баримтыг хавсаргах ба хугацааг тодорхойлох боломжгүй нөхцөлд дулаан авахаар гэрээнд заасан хугацаанаас эхлэн нөхөн төлбөр ногдуулна;
5.1.7.Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банканд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон дулааны эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна;
5.1.8.Дулааны эрчим хүчээр хязгаарласан, дутуу нийлүүлсэн дулааны хэмжээг тоолуурын заалт, диспетчерийн тэмдэглэл, шуурхай ажиллагааны журнал, параметрийн мэдээ, хэрэглэгчийн дуудлагын бүртгэлийг үндэслэн тогтоож харгалзах төлбөрийн хасалтыг хийнэ;
5.1.9.Хэрэглэгч төлбөр тооцооны маргаантай асуудлаарх санал, хүсэлтээ хангагчид албан ёсоор мэдэгдэх ба хангагч мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэнэ;
5.1.10.Төлбөр тооцооны хэмжих хэрэгсэлтэй холбогдсон маргааныг хэмжил зүйн улсын байцаагч, төлбөр тооцоотой холбоотой маргааныг харьяаллын дагуу хангагч байгууллага тус тус шийдвэрлэнэ. Хангагчийн шийдвэрийг хэрэглэгч эс зөвшөөрвөл Эрчим хүчний зохицуулах хороонд хандан шийдвэрлүүлж болно;
5.1.11.Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээр төлбөрт үйлчилгээ хийлгэж болно;
5.1.12.Үйлчилгээтэй орон сууцны үйлчилгээний хэсэг болон оффисын барилгыг хэсэгчлэн өмчилсөн тохиолдолд дангаар өмчилсөн хэсгийн дулааны эрчим хүчний төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллын дагуу дулааны тоолуур эсхүл эзлэхүүнээр тооцон төлөх ба дундын эзэмшлийн өөрт ногдох хэсгийн халаалтын төлбөрийг нэмж төлнө;
5.1.13.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу хэрэглэгчийн өмчлөлийн шугам сүлжээ, хаалт арматурт лац, ломбо тавьж, талууд актаар баталгаажуулж, дүрмийн 3.9-д заасны дагуу хангагч халаалтыг хаасан тохиолдолд халаалтын төлбөр тооцохгүй ба дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифын төлбөрийг халаалтын үргэлжлэх хугацаанд хамааруулан тооцно;
5.1.14.Дулааны тоолуургүй айл өрх, аж ахуйн нэгжийн халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг Монгол Улсын MNS 6058:2009 стандарт /Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал/-д заасны дагуу, эзлэхүүнээр тооцох хэсгийн өндрийн хэмжээг барилгын хянаж батлагдсан зураг төсөлд заасан өрөөний шалны түвшнээс таазны дотор гадаргуу хүртэлх босоо хэмжээ буюу өрөөний дотор цэвэр өндрийн хэмжээгээр тооцох ба батлагдсан зураг төсөл байхгүй тохиолдолд талбай, өндрийн хэмжилтийг тус стандартын 8.1 дэх заалтыг үндэслэн эрх бүхий байгууллага хийнэ;
5.1.15.Дулааны тоног төхөөрөмж, шугам, сүлжээ эвдэрч гэмтсэнээс хэрэглэгчийн халаалтыг хаасан тохиолдолд хаасан хугацаанд ногдох халаалтын төлбөр, дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг тухайн сарын төлбөрөөс хасаж тооцох бөгөөд уг төлбөрийг буруутай этгээд хариуцна;
5.2.Тоолууртай хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөл:
5.2.1.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг хангасан дулааны тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах бөгөөд дулааны тоолуур суурилуулах техникийн боломжгүй хэрэглэгчдийн хэрэгцээний халуун ус халаасан дулааны төлбөр тооцоонд усны тоолуурыг ашиглана. 5.2.2.Дулааны тоолуур, усны тоолуурыг хэмжил зүйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага холбогдох стандартын дагуу суурилуулах бөгөөд тооцоонд авахдаа дараах материалын бүрдлийг хангуулсан байна.
5.2.2.1.тоолуур суурилуулсан протокол;
5.2.2.2.тооцоонд хүлээж авсан тухай акт;
5.2.2.3.баталгаажилтын гэрчилгээ;
5.2.4.Хангагчийн эрх бүхий ажилтан нь тухайн хэрэглэгчийн тоолуурын лац ломбоны бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хянаж сард 2-оос доошгүй удаа тоолуурын тооцооны хуудас дээр параметрийн тэмдэглэгээ хийж хэрэглэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулна. Энэхүү хуудас болон тоолуурын архивын мэдээллийг үндэслэн сарын төлбөр тооцоог хийх бөгөөд энэ нь буцах усны температурын өндөржилтийг тооцох үндсэн баримт болно.
5.2.5.Дулааны эрчим хүчний төлбөр тооцоог тоолуураар хийж байгаа хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны эрчим хүчний тоо хэмжээн дээр дулааны шугамын алдагдлыг 5 хүртэл хувиар нэмж тооцох ба алдагдал тооцох хувь хэмжээг хангагч, хэрэглэгч гэрээгээр тохирно.
5.2.6.Дулааны болон усны тоолуур нь ашиглалтын явцад холболт, тохируулгын буруутай үйлдэл, тоолуурыг дур мэдэн таслах, лац ломбо гэмтээсэн болон гаднын нөлөөллөөр заалт буруу гарсан тохиолдолд энэ тухай хэмжил зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тоолуурын заалтыг хэрэгсэхгүй болгон төлбөрийг зураг төслөөр тооцсон хүчин чадал болон задгайгаар нөхөн тооцно.
5.2.7.Дулааны болон усны тоолуур нь ашиглалтын явцад гэмтэх, эвдрэх, тоолуурын тэжээлийн доголдол гарах нь хэрэглэгчээс шалтгаалаагүй болохыг хэмжил зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон тохиолдолд усны тоолуураар тооцдог бол өмнөх 3 сарын дунджаар, дулааны тоолуураар тооцдог бол халаалтын улиралд /тухайн хэрэглэгчийн дулааны ачаалалд өөрчлөлт ороогүй бол/ өмнөх оны тухайн сарын дулааны хэмжээг гадна агаарын температураас хамааруулан, халаалтын бус улиралд тухайн улирлын хамгийн их хэрэглээгээр тус тус нөхөн тооцно.
5.2.8.Тоолуурыг баталгаажуулах болон бусад шалтгаанаар салгах бол хангагч, хэрэглэгчийн эрх бүхий төлөөлөгчийг байлцуулан лац, ломбоны бүрэн бүтэн байдал болон бусад зүйлийг шалган акт үйлдэнэ.
5.2.9.Хэрэглэгчийн дулааны тоног төхөөрөмж дээр суурилуулсан нэмэлт усны тоолуурын заалтыг үндэслэн нэмэлт устай хамт алдагдаж байгаа дулааны энерги болон нэмэлт усны төлбөрийг гэрээнд заасны дагуу хэрэглэгчээс тооцон авна.
5.2.10.Дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож буцах усны температур өндөржсөнд ногдох дулааны төлбөрийг бусад хэрэглэсэн дулааны төлбөрийн нэгэн адил төлнө.
5.3 Тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөл:
5.3.1.Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжээгээр тарифын ангиллын дагуу тооцох бөгөөд орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллаар, үүнээс бусад нөхцөлд аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллын дагуу тооцно. Анхны батлагдсан зургаас өөр зориулалтаар уг барилгыг ашиглах бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дулааны эрчим хүчээр найдвартай хангах техникийн хувьд боломжтой эсэх тооцоог үндэслэн төлбөрийн ангиллыг тогтооно.
5.3.2.Дулааны тоолуургүй, эсхүл усны тоолуургүй хэрэглэгчийн салхилуулаг, ахуйн ба технологийн хэрэгцээний халуун усыг халаасан дулааны эрчим хүчийг тодорхойлохдоо тухайн барилга объектын хянагдсан зураг төслийн хүчин чадлын 75 хувиар тооцно.
5.3.3.Нийтийн зориулалттай орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай хэсэг болон албан байгууллага, үйлчилгээ, конторын зориулалттай аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид дулааны тоолуургүй тохиолдолд халаалтын төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллын дагуу эзлэхүүний хэмжээгээр тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох нийт эзлэхүүний өндрийн хэмжээг барилгын хянаж батлагдсан зураг төсөлд заасан өрөөний шалны түвшнээс таазны дотор гадаргуу хүртэлх босоо хэмжээ буюу өрөөний дотор цэвэр өндрийн хэмжээгээр тодорхойлно.
5.3.4.Айл өрхийн халаалтын төлбөрийг дулааны тоолуургүй тохиолдолд ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу талбайн хэмжээгээр тооцох бөгөөд халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг сууцны болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тооцно. Халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээнд халаах хэрэгсэлгүй сууцны бус зориулалттай туслах талбай (тагт, лоож, веранд, террас)-г оруулж тооцохгүй ба сууцны бус зориулалттай туслах талбайн зориулалтыг өөрчлөн халаах хэрэгсэл суурилуулж тасалгааны зориулалттай ашиглаж байгаа тохиолдолд тус талбайг халаалтын төлбөр тооцох талбайд нэмж тооцно.
5.3.5.Халаах хэрэгсэлгүй боловч бусад халаалттай өрөө, тасалгааны дулаан солилцоогоор халж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын халаалтын төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллаар, орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа барилгын халаалтын төлбөрийг ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллаар тооцно.
5.3.6.Орон сууцны барилгын дундын өмчлөлийн явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, коридор, орцны халаалтын төлбөрийг халаах хэрэгсэл бүхий давхрын талбайн хэмжээгээр ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу тооцох ба сууц өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж нь дундын өмчлөлийн халаалтын төлбөрийг гэрээний дагуу хангагчид төлж болно. Энэ тохиолдолд орон сууцны дундын өмчлөлийн халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг хангагч, сууц өмчлөгчдийн холбоотой хамтран баталгаажуулж баримтжуулсан байна.
5.3.7.Орон сууцны барилгын зориулалтыг өөрчлөн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа хэсгийн халаалтын төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллаар, хүн амьдарч буй хэсгийн халаалтын төлбөрийг ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу тус тус тооцно.
5.3.8.Орон сууцны барилгын подвалын хэсэгт халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч/ суурилагдсан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд халаалтын төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллын дагуу, халаах хэрэгсэл суурилагдаагүй барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалгыг холбогдох норм дүрэм, стандартын дагуу хийгээгүй, дулаан солилцоо явагдаж байгаа тохиолдолд халаалтын төлбөрийг ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу тус тус тооцно.
5.3.9.Орон сууцны барилгын зоорийн давхарт халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч/ суурилагдсан авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг зоорийн давхрын нийт талбайн 50%-иар тооцох бөгөөд халаалтын төлбөрийг ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу тооцно.
5.3.10.Орон сууцны барилгын авто зогсоолын зориулалттай зоорийн давхарт халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч/ суурилагдаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандартын дагуу хийгдээгүй, дулаан солилцоо явагдаж байгаа тохиолдолд халаалтын төлбөрийг энэ дүрмийн 5.3.9-д заасны дагуу ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу тооцно.
5.3.11.Орон сууцны барилгын подвал, авто зогсоолын зориулалттай зоорийн давхарт халаах хэрэгсэл (регистр, усан агаар халаагч) суурилагдаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /"Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцсэн тохиолдолд актаар баримтжуулан гэрээнд тусгаснаар халаалтын төлбөр тооцохгүй.
5.3.12.Авто зогсоол эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн зогсоолын болон дундын эзэмшлийн өөрт ногдох хэсгийн халаалтын төлбөрийг хариуцах ба зориулалтыг өөрчлөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол халаалтын төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын тарифын ангиллын дагуу тооцно.
5.3.13.Халаалттай нэг болон түүнээс дээш давхар авто зогсоолын зориулалттай барилга байгууламж, албан байгууллага, амины орон сууцны авто зогсоолын халаалтын төлбөрийг дулааны тоолуургүй тохиолдолд халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг өмчлөлийн болон дундын эзэмшлийн нийт талбайн 50%-иар тооцох бөгөөд ахуйн хэрэглэгчийн тарифын ангиллын дагуу тооцно.
Зургаа. Дүрмийн биелэлтэд хяналт тавих, хүлээлгэх хариуцлага
6.1.Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хяналт тавина.
6.2.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- oOo ---
Текст томруулах
A
A
A