- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАНГАЙН БҮСИЙГ ТӨРӨЛЖСӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД БҮС БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 182
Улаанбаатар хот
ХАНГАЙН БҮСИЙГ ТӨРӨЛЖСӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД БҮС БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12.1.6, Аялал жуулчлалын тухай хуулийн 19.1.1, Авто замын тухай хуулийн 9.1.3-т заасныг тус тус үндэслэн, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3.1-д заасан Хангайн бүсийн хөгжлийн зорилтыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.10, 3.3.5.7, 3.3.5.8, 3.3.5.9-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хангайн бүсийн зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан саналын хүрээнд Хангайн бүсийг "Төрөлжсөн аялал жуулчлалын дэд бүс" болгон хөгжүүлэхээр тогтсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд үүрэг болгосугай:
2.1.нүүдэлчдийн соёл, уламжлал, байгалийн онцлогт тулгуурласан "Хангайн бүсийн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөө"-ний төслийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор хамтран боловсруулж, танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д;
2.2.Баянхонгор аймгийн "Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей" болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
2.3."Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/" төсөл, арга хэмжээний гэрээний санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулахгүйгээр ажлын нэршил, тоо, хэмжээг шилжүүлэн зохицуулах нэмэлт гэрээг гүйцэтгэгчтэй байгуулах, барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн ашиглалтад оруулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
2.4.бүсийн хөгжлийн онцлогт нийцсэн аялал жуулчлалын чиглэлийн зам дагуу хатуу хучилттай авто зогсоол бүхий үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нарт;
2.5.Дашинчилэн-Орхоны гүүр замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт;
2.6.Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд "Модон барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд.
3.Хангайн бүсийг "Төрөлжсөн аялал жуулчлалын дэд бүс" болгохтой холбогдуулан Бүсчилсэн хөгжлийн бодлогын холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нарт.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
