A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 44

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай

Монголын ард түмэн Эх болсон байгаль дэлхийгээ сүслэн дээдэлж, энэрэн хүндэтгэж, байгалийн ивээл эрхшээлд зохицон амьдарсаар ирсэн билээ.

Монгол өв уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг урт хугацаанд үргэлжлүүлэн өрнүүлэх зорилгоор эрдэмтэн судлаачдын санаачилгыг дэмжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Жил бүрийн 5, 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласугай.

2. Тэрбум мод үндэсний өдрийн хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарт уриалсугай.

3. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ