A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ХЯНАЛТ, ОРОЛЦООГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Цөмийн энергийн тухай хуулийн 34.4.1, 49.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т "Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй" гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулан ойлгуулах ажлын хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

1.1.Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэн, олон нийтэд хүргэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Ашигт малтмал, газрын тосны газар (Ш.Ганхуяг), Үндэсний геологийн алба (П.Батцацрал)-нд;

1.2.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав), Мал, эмнэлгийн ерөнхий газар (А.Нарантуяа), Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвийн удирдлагад;

1.3.Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордын гүний усны ашиглалт, химийн бодисын хэрэглээ, газрын доор уусган олборлох аргаар олборлоход хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаа, шинжилгээний мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Усны газар (З.Батбаяр), Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн (Л.Жаргалсайхан)-д;

1.4.Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт), "Мон-Атом" ХХК (Д.Далайжаргал)-д.

2.Ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт), "Мон-Атом" ХХК (Д.Далайжаргал)-д даалгасугай.

3.Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Цөмийн энергийн комиссын Ажлын алба (Г.Манлайжав)-нд даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэгтгэн танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ