A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

АЛТ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гадаад валютын нөөц болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй яриа хэлэлцээ хийж, цаашид авах арга хэмжээний саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарт даалгасугай.

2.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоосон Засгийн газрын холбогдох шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хяналт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт даалгаж, уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгаа гаргах зохицуулалтыг оновчтой болгох, санхүүгийн баталгааг бүрэн байршуулсны үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

3.Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор гадаад эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсүгэй.

4.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлогч аж ахуйн нэгжид хууль тогтоомжийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт, хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учрах хор уршгийг арилгах, байгальд ээлтэй технологийн шийдлийг нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах арга хэмжээг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт тус тус үүрэг болгосугай.

5.Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бусаар саад учруулсан тохиолдлыг тухай бүр таслан зогсоож, буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд), Ашигт малтмал, газрын тосны газар (Ш.Ганхуяг)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН