A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д доор дурдсан агуулга бүхий 2.8, 3.1.11, 5.11, 5.12 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:

1/Журмын 2.8 дахь хэсэг:

"2.8.Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран эрэмбэлсэн шилдэг 100 аж ахуйн нэгжээр тухайн жилд шалгарсан үнэт цаас гаргагчийн хувьд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч, хөндлөнгийн шинжээчтэй гэрээ байгуулахыг шаардахгүй."

2/Журмын 3.1.11 дэх заалт:

"3.1.11.энэ журмын 2.8-д заасан этгээдийн хувьд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тодорхойлолт."

3/Журмын 5.11 дэх хэсэг:

"5.11.Үнэт цаас гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.4-д заасны дагуу хаалттай хүрээнд үнэт цаасыг худалдахаар гаргаж байгаа тохиолдолд дараах баримт бичгийг Хороонд хүргүүлж, мэдэгдэнэ:

5.11.1.гаргаж буй үнэт цаасны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

5.11.2.эрх бүхий этгээдийн шийдвэр."

4/Журмын 5.12 дахь хэсэг:

"5.12.Хороо энэ журмын 5.11-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан хянах ба холбогдох баримт бичгийн шаардлага хангасан гэж үзвэл мэдэгдлийг хүлээн авсан тухай хариуг албан бичгээр хүргүүлнэ."

2.Мөн журмын 3.3 дахь хэсгийн "ажлын 20 өдөрт" гэсний дараа ", энэ журмын 2.8-д заасан үнэт цаас гаргагчийн хүсэлтийг ажлын 10 өдөрт" гэж нэмсүгэй.

3.Мөн журмын 3.1.8 дахь заалтын "болон үнэт цаас гаргагчийн хувьцааг бүртгэхтэй холбоотой бэлтгэл хангагдсан тухай арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолт" гэснийг "тухай шийдвэр" гэж, 7.17 дахь хэсгийн "арилжаа эрхлэх байгууллагын дүгнэлтийн" гэснийг "үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр арилжих бэлтгэл хангагдсан тухай арилжаа эрхлэх байгууллагын тодорхойлолтын" гэж, 9.3.3 дахь заалтын "холбогдох дүгнэлтийг" гэснийг "хувьцааг хоёрдогч зах зээл дээр арилжих бэлтгэл хангагдсан тухай тодорхойлолтыг" гэж, журмын 1 дүгээр хавсралтын 2.2 дахь хэсгийн, 2.6 дахь хэсгийн "хөрөнгийн бирж" гэснийг "арилжаа эрхлэх байгууллага" гэж, мөн хавсралтын 2.2 дахь хэсгийн, журмын 2 дугаар хавсралтын гарчгийн, мөн хавсралтын тайлбарын "хөрөнгийн биржид" гэснийг "арилжаа эрхлэх байгууллагад" гэж, журмын 1 дүгээр хавсралтын 2.3 дахь хэсгийн, 2 дугаар хавсралтын 2.2 дахь хэсгийн "хөрөнгийн биржийн" гэснийг "арилжаа эрхлэх байгууллагын" гэж, журмын 3 дугаар хавсралтын 1 дэх хэсгийн "хувьцааг хөрөнгө оруулагчдад хуваарилах ажиллагааг энэ журмын зохицуулалтын хүрээнд явагдсан талаарх арилжаа эрхлэх байгууллагын дүгнэлтийн хамт" гэснийг "хувьцааг хоёрдогч зах зээлд арилжих бэлтгэл хангагдсан тухай тодорхойлолтыг" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (М.Даваажаргал), "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК (Г.Дашзэвгэ), "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ (Ц.Содхүү)-д, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ