- Нүүр
- Сайдын тушаал
- "СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭХ, МУЗЕЙ, НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХӨГЖИМ, КИНО, ГАР УРЛАЛ, ТАЙЗНЫ УРЛАГИЙН БҮТЭЭЛ ТУУРВИХ, ТОГЛОХ, ТҮГЭЭХ, СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙГУУЛАХ, АШИГЛАХ" ХҮРЭЭНД АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.3-д заасан "соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах" хүрээнд албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ шаардлагыг баримтална.
1.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.3-д заасан хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тусгай шаардлага тавигдана.
Хоёр.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
2.1.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.татвар төлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн, эсхүл өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
2.1.2.татвар төлөгчийн өөрийн хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төслийн хувьд тухайн татвар төлөгчийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн төлөвлөгөөнд туссан, санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
2.1.3.татвар төлөгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1, 8.5-д заасан үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
2.1.4.татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
2.1.5.шинээр барьж байгуулах, засварлах, өргөтгөх, тохижилт хийх үйл ажиллагаа нь соёлын салбарын хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн түгээмэл загвар бүхий зураг төсөлтэй байхаас гадна, тэгш хүртээмжтэй ашиглах боломжтой байх;
2.1.6.хандив тусламжаар нийлүүлж буй тохижилт, тоног төхөөрөмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологи байх.
2.2.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет хөрөнгө байх;
2.2.2.санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч буй этгээд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй харилцан хамааралгүй байх;
2.2.3.Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын тусгай зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх;
2.2.4.санхүүгийн дэмжлэг, хандив олгосон болон хүлээн авсан этгээд нь тухайн санхүүгийн дэмжлэг, хандивыг энэхүү шаардлагын 2.2.3-т заасан гэрээнд тусгасан зориулалтын дагуу тухайн тайлант хугацаанд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах болон татгалзахгүй тухайгаа илэрхийлсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
2.2.5.санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх.
2.3.Энэ шаардлагын 2.1, 2.2-т заасан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан хасагдах зардлын шаардлагыг хангасан байна.
2.4.Энэ шаардлагын 1.2-т заасан хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа нь хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна.
Гурав.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа
3.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.3-д заасан соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Дөрөв.Бусад
4.1.Аж ахуйн нэгж нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг татвараас зайлсхийх зорилгоор хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
4.2.Аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаагүй, гэрээний хэрэгжилт хангагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
--- о0о ---
Хүснэгт
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
№ | Хуулийн заалт, чиглэл, зориулалт | Зорилго, үндэслэл | Холбогдох стандарт, журам | Тавигдах доод шаардлага | Тусгай шаардлага | Тайлбар |
Нэг.Соёлын өвийг хамгаалах, сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив | ||||||
1.1 | Соёлын өвийг хамгаалах тухай хууль | Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах.
| - | Соёлын өвийг хамгаалах талаарх төрийн бодлоготой нийцсэн байх;
Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжсэн байх;
Хандив тусламжаар нийлүүлж буй тоног тѳхѳѳрѳмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологид нийцсэн байх; | Төрийн болон орон нутгийн өмчийн музей, галерей, номын сангийн соёлын биет өвийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах байгууллага, өвлөн уламжлагч, угсаатны бүлэг, хамт олны соёлын биет бус өвийг сэргээн амилуулах, соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдалд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн байх; Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх олон нийтэд түгээн сурталчлахад чиглэсэн байх; Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоог шат шатанд бэхжүүлж, өгөгдөл боловсруулах, дамжуулах, хадгалах, ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон, мэдээллийн систем, сүлжээ, сангийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх; Хилийн чанадад хадгалагдаж байгаа Монголчуудын бүтээсэн ба Монголчуудын түүх, соёлд холбогдох соёлын биет өвийг бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн олон талт хэлбэрээр ашиглахад чиглэсэн байх; Соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, соёлын өвийн баялаг байдлыг олон талт агуулга, хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа байх; Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй соёлын өв байх, бүртгэлгүй болон бүртгэгдэж амжаагүй өв бол бүртгэлд заавал бүртгүүлсэн байх; |
|
Хоёр.Музейн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив | ||||||
| Музейн тухай хууль | Музейн сан хөмрөг дэх үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, олон нийтийн музейн боловсролыг дэмжих орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх | MNS 5634:2006 Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс. Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт; | Музейн талаарх төрийн бодлоготой нийцсэн байх;
Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжсэн байх;
Хандив тусламжаар нийлүүлж буй тохижилт, тоног тѳхѳѳрѳмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх; | Соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах, үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүлэг дэглэх, үйлчлэхэд чиглэсэн байх; Гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах, боловсрол, соёлын өвийн анхны өнгө төрх, зан үйл, үйл ажиллагааг сурталчлах танин мэдүүлэх зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, танин мэдэхүйн ажил, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх, үзмэрийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын үнэт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэг дэглэж ашиглахад чиглэсэн байх; |
|
Гурав.Номын сангийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив | ||||||
| Номын сангийн тухай хууль
Зохиогчийн эрхийн тухай хууль | Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах. | MNS5742:2019 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага, стандарт MNS ISO11799:2019 Архив, номын сангийн өв санг хамгаалахад тавих шаардлага стандарт; | Номын сангийн талаарх төрийн бодлоготой нийцсэн байх;
Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжсэн байх;
Хандив тусламжаар нийлүүлж буй тохижилт, тоног тѳхѳѳрѳмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх; | Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах судар болон хуучин ном, гар бичмэлийг сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, олон нийтэд сурталчлах, хадгалах, хамгаалах хэвийн нөхцөлийг хангахад чиглэсэн байх; Гадаадын номын санд хадгалагдаж байгаа монголын түүхэнд холбогдох ном, гар бичмэл болон түүний хуулбарыг Монгол Улсад авчрах, монгол судлалын чиглэлээр гадаадад хэвлэгдсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт нөхөн бүрдүүлсэн үйл ажиллагаа байх; Цахим уншлагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эх сурвалжийг ашиглах, номыг цахимд шилжүүлэх үйл ажиллагаа байх; Тусгай бүлгийн уншигч, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж тусгай форматад хөрвүүлсэн брайлын, сонсдог ном хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх; Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр номын сангийн сан хөмрөг, ном хэвлэлийн бүтээл болон барилга байгууламжид гарсан эрсдэлт хүчин зүйлийн нөлөөг бууруулах, сэргээн засварлах, заал, танхимын шинэчлэлийг стандартын дагуу зохион байгуулахад чиглэсэн байх; Гэрээр ном олгох, зөөврийн номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх; Бүх нийтийн ном уншлагыг дэмжих арга хэмжээ, үйлчилгээ байх; Номын сангийн бүтээн байгуулалт орчин үеийн шийдэл бүхий тэгш хүртээмжтэй ашиглах боломжтой байх; |
|
Дөрөв.Хөгжмийн урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив тусламж | ||||||
| Соёлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Зохиогчийн эрхийн тухай хууль | Улсын санд худалдан авсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, уран бүтээлийн эргэлтэд оруулах.
Хөгжмийн том хэлбэрийн бүтээл туурвих, тоглох, түгээх үйл ажиллагааг дэмжих, урын санг баяжуулах
Хөгжмийн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг дэмжих. | "Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт "Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоол | Соёл, урлагийн талаарх төрийн бодлоготой нийцсэн байх
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилтод нийцсэн байх;
Хандив тусламжаар нийлүүлж буй хѳгжмийн зэмсэг, тоног тѳхѳѳрѳмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологид нийцсэн байх;
| Орчин үеийн дэвшилтэд технологи, хөгжмийн программд суурилсан, хөгжүүлэлт бүхий нэгдсэн платформыг хөгжүүлэхэд чиглэсэн байх; Хөгжмийн бичлэг, рекордс болон лабелингийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн байх; Хөгжмийн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчдийг хөгжмийн зэмсэг, дагалдах хэрэгсэл, хөгжмийн нот, партитур, гарын авлага бусад шаардлагатай нарийн мэргэжлийн эд хэрэглэлээр хангахад чиглэсэн байх; Олон улсын болон үндэсний хөгжмийн уралдаан, наадам зохион байгуулах болон түүнд хамтлаг, уран бүтээлчдийг оролцоход дэмжлэг үзүүлсэн байх; Гоцлол, цөөхүүл, найрал хөгжим, дууг бүх насныханд зориулан олон төрөл, жанраар болон үндэсний, сонгодог, орчин үеийн хэлбэрээр шинээр зохиомж, бүтээсэн байх; Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг туурвих, тоглох, түгээх үйл ажиллагааг гадаадад болон дотоодод зохион байгуулсан байх; Улсын санд худалдан авсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг тоглох, түгээхэд тухайн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч ба мэргэжлийн урлагийн байгууллага, мэргэжлийн сургуулийн тоглолт, сургалт, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чиглэсэн байх; Хөгжмийн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчийн урын санд хадгалагдаж байгаа дуу, хөгжмийн бүтээлийг сэргээн шинэчлэх, тоглох, түгээх үйл ажиллагааг дангаар болон хамтран зохион байгуулсан байх; Дуу, хөгжмийн бүтээлд тулгуурласан баяр, наадам, нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн арга хэмжээ байх; |
|
Тав.Кино урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив тусламж | ||||||
| Кино урлагийг дэмжих тухай хууль
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Зохиогчийн эрхийн тухай хууль | Монгол Улсын кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх. | "Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай" Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоол
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоол | Кино урлагийн талаарх бодлоготой нийцсэн байх;
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилтод нийцсэн байх; | Монголын түүх, бүх цаг үеийн хөгжил, бүтээн байгуулалт, соёл, ахуй амьдралыг харуулах, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд чиглэсэн бүтээл байх; Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан бүтээл байх; Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол кино бүтээлээр оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулсан байх; Үндэсний кино бүтээлийн хадгалалтыг сайжруулж нийтэд түгээх боломжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа байх; Кино үйлдвэрлэл, түгээлтэд шаардлагатай техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд чиглэсэн байх; Кино болон контент үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг дэмжихэд чиглэсэн байх; Кино, контент үйлдвэрлэлийн шинэ төрөл хэлбэрийг нэвтрүүлэх, олон улсын зах зээлд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд чиглэсэн байх; Орчин үеийн техник технологи, үзвэр үйлчилгээний шаардлагад нийцсэн кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаа байх; |
|
Зургаа.Гар урлалын бүтээл туурвих, түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив тусламж | ||||||
| Соёлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Зохиогчийн эрхийн тухай хууль | Монгол Улсын гар урлал, дүрслэх урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх.
| MNS 5634:2006 Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс. Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт;
"Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай" Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоол;
Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам" ;
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоол; | Соёлын талаарх төрийн бодлоготой нийцсэн байх;
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих зорилтод нийцсэн байх;
Хандив тусламжаар нийлүүлж буй гар урлалын бүтээл туурвих тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологид нийцсэн байх; | Гар урлалын шинээр болон сэргээн бүтээсэн бүтээл байх; Үндэсний зан заншил, соёлын өвийг сурталчилсан агуулгатай монгол зургийн дэг сургуулийг болон сонгодог, орчин үеийн урсгал чиглэлээр уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан бүтээсэн хэрэглээний болон урлагийн бүтээл бүтээхэд чиглэсэн байх; Олон улсын гар урлалын наадам, үзэсгэлэнд оролцох монгол бүтээл байх; Монгол Улсад олон улсын гар урлалын үзэсгэлэн, экспо, уралдаан наадам зохион байгуулахад чиглэсэн байх; Гар урлалын бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа байх; |
|
Долоо.Тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив тусламж | ||||||
| Соёлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Зохиогчийн эрхийн тухай хууль | Соёлын үйл ажиллагаа, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих;
Уран бүтээлчдийн хөгжил, авьяас, ур чадварыг хөгжүүлэх;
Тайз, циркийн урлагийн хөгжлийг дэмжих, сурталчлан таниулах. | MNS 6476:2014 Мэргэжлийн урлагийн байгууллагын орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандарт; | Соёлын талаарх тѳрийн бодлоготой нийцсэн байх;
Хандив тусламжаар нийлүүлж буй тоног тѳхѳѳрѳмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологид нийцсэн байх; | Шинээр уран бүтээл туурвих болон урын санд байгаа уран бүтээлийг сэргээх, үндэсний уламжлалт соёл, дэлхийн сонгодог урлагийг сурталчилж олон нийтийн хүртээл болгоход чиглэсэн байх; Тайзны уран бүтээлийг дэвшилтэт техник, технологи ашиглан түгээх боломжийг бүрдүүлсэн байх; Хүүхэлдэйн болон хүүхэд, залууст зориулсан тайзны бүтээл туурвих, түгээх; Тайзны уран бүтээл болон уран бүтээлчдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, программ хангамж, хөгжүүлсэн байх; Тайзны урлагийн фестиваль, уралдаан наадам, тоглолт, арга хэмжээг гадаадад болон дотоодод тоглох, түгээхэд чиглэсэн байх; Уран бүтээлчдийг үндэсний болон олон улсын уралдаан наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэн байх; Тайзны урлагийн мэргэжлийн байгууллагыг техник тоног төхөөрөмж, хувцас, жижиг хэрэглэл, дүрс, гэрэл, дуу чимээний хэрэгсэл болон бусад шаардлагатай нарийн мэргэжлийн эд хэрэглэлээр хангахад чиглэсэн байх; Тайзны урлагийн шинэ барилга, байгууламж барих, архитектурын шийдэлтэй барилгын зураг, төсөв бүхий бүтээн байгуулалтын төсөл байх; Орчин үеийн шийдэл бүхий тайзны шоу, үзэсгэлэн, экспо зохион байгуулахад чиглэсэн байх; Тайзны бүтээлийн хувцас урлал, үйлдвэрлэл, худалдааг өргөжүүлэх, тайзны бүтээлд зориулсан үндэсний хувцас урлалын болон нүүдэлчин угсаатан, монгол туургатны үндэсний дээл хувцасны олон улсын баяр наадам, фестиваль, зохион байгуулахад чиглэсэн байх; |
|
Найм.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив тусламж | ||||||
| Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
Зохиогчийн эрхийн тухай хууль | Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих, үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх | "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоол; | Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаарх төрийн бодлоготой нийцсэн байх; Хандив тусламжаар нийлүүлж буй, тохижилт, тоног тѳхѳѳрѳмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн шинэ техник, технологид нийцсэн байх;
| Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийн хангамж, бизнесийн таатай орчин, зохион байгуулалтыг хангасан байгууламж байх; Байгууламж нь дэвшилтэд техник, өндөр технологид суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдэд хүртээмжтэй байх; Байгууламж нь өөрийн үндсэн үүрэг функцүүдээ гүйцэтгэхэд шаардлагатай тээврийн, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн шийдлүүдтэй байх; Улаанбаатар хот болон бусад дагуул хотуудтай хамгийн үр ашигтай, оновчтой саадгүй хэлбэрээр харилцах боломжтой байх; соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг туршлага солилцох, гадаад улсад дадлагажих, гадаад ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэсэн байх; Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэц, системийг бий болгох, хэрэгжүүлэхэд чиглэсэн байх; Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд чиглэсэн байх; Бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээх платформ бий болгох, түгээлтийн олон улсын сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байх. |
|
--- о0о ---
Текст томруулах
A
A
A