- Нүүр
- Сайдын тушаал
- ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавихад энэхүү шаардлагыг баримтална.
1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн энэ шаардлагын 2.1-т заасан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагад энэхүү шаардлага хамаарна.
Хоёр.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаа
2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.2-т заасан хөнгөлөлтөд дараах үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд оруулсан хөрөнгө оруулалтыг хамруулна:
2.1.1.телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлэх;
2.1.2.цахим хуудсыг Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал (WCAG- Web Content Accessibility Guidelines)-д нийцүүлэн хөгжүүлэх;
2.1.3.цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
2.1.4.цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хэвлэмэл болон цахим гарын авлага боловсруулах, контент бүтээх, олон нийтэд түгээх;
2.1.5.мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.1.6.хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн программ хангамж, платформ бүтээх, хөгжүүлэх;
2.1.7.Монголын үндэсний паралимпын хороо, түүнд бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, баг, мэргэжлийн тамирчдын оролцсон Паралимпын тэмцээн, арга хэмжээг телевизийн сувгаар олон нийтэд дамжуулах.
2.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.10-т заасан хөнгөлөлтөд дараах үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг хамруулна:
2.2.1.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд өгсөн хандив;
2.2.2.Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх санд өгсөн хандив.
2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.11-т заасан хөнгөлөлтөд дараах төсөл, арга хэмжээг хамруулна:
2.3.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүсэд бүртгэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хуулийн этгээдэд өгсөн санхүүгийн дэмжлэг, хандив.
Гурав.Татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
3.1.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.татвар төлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн, эсхүл өөр хуулийн этгээдийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан бодитой хөрөнгө оруулалт байх;
3.1.2.татвар төлөгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1, 8.5-д заасан үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх;
3.1.3.татвар төлөгчийн өөрийн хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төслийн хувьд тухайн татвар төлөгчийн удирдах дээд байгууллагын баталсан бизнесийн төлөвлөгөөнд туссан, санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх;
3.1.4.татвар төлөгч бусад этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн этгээдтэй төсөл, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хөрөнгө оруулалт авч буй талын санхүүгийн тайланд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх.
3.2.Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив нь дараах шаардлагыг хангасан байна:
3.2.1.хариу төлбөргүй шилжүүлсэн мөнгөн болон биет бус хөрөнгө байх;
3.2.2.санхүүгийн дэмжлэг, хандив хүлээн авч буй этгээд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив олгох татвар төлөгчтэй Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцан хамааралтай этгээд биш байх;
3.2.3.санхүүгийн дэмжлэг, хандив олгосон болон хүлээн авсан этгээд нь тухайн санхүүгийн дэмжлэг, хандивыг энэ шаардлага, стандартад заасан гэрээнд тусгасан зориулалтын дагуу тухайн тайлант хугацаанд зарцуулсныг хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах, татгалзах нөхцөл үүсээгүй талаар акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх;
3.2.4.Иргэний хуульд заасныг баримтлан санхүүгийн дэмжлэг, хандивын тусгай зориулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д нийцүүлэн тусгасан гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх;
3.2.5.санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх;
3.2.6.хандив тусламжаар нийлүүлж буй тохижилт, тоног төхөөрөмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан техник, технологи байх.
3.3.Энэ шаардлага, стандартын 2.1, 2.2-т заасан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.1, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан хасагдах зардлын шаардлагыг хангасан байна.
3.4.Энэ шаардлагын 2-т заасан бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулсан, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн албан татвар төлөгч хуулийн этгээд нь хавсралтад заасан стандартыг хангасан байна.
3.5.Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хүснэгт 1-д заасан бусад шаардлага, стандартыг хангасан байна.
Дөрөв.Хяналт, баталгаажуулалт
4.1.Энэ журмын 2-т заасан хөнгөлөлт эдлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан эсэхэд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
4.2.Татварын байгууллага албан татварын хөнгөлөлтөд хамрагдахаар ирүүлсэн татвар төлөгчийн тайлант үеийн татварын хөнгөлөлтийн мэдээллийг жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ирүүлсэн мэдээллийг энэ шаардлагын хавсралтад заасан тавигдах стандартыг хангасан эсэхийг хуанлийн 30 хоногийн дотор хянаж, баталгаажуулан татварын байгууллагад хүргүүлнэ.
4.4.Хөнгөлөлт эдлэх татвар төлөгч нь хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээний гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг тайлант онд багтаан цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, бүртгүүлнэ.
Тав.Бусад
5.1.Татвар төлөгч нь энэ шаардлагын 2-т заасныг татвараас зайлсхийх үндсэн зорилгоор ашигласан тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
5.2.Аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив нь нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулагдаагүй, гэрээний хэрэгжилт хангагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд татварын холбогдох хуульд заасны дагуу хөнгөлөлт эдлүүлэх үндэслэл болохгүй.
--- o0o ---
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан шаардлагын хавсралт
АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАГАЖ МӨРДӨХ
ДООД БОЛОН ТУСГАЙ ШААРДЛАГА
Хүснэгт 1.
№ | Хуулийн заалт, чиглэл, зориулалт | Зорилго, үндэслэл | Холбогдох стандарт, журам | Тавигдах доод шаардлага | Тусгай шаардлага |
Нэг.Харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг хүргэхэд чиглэсэн аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламж | |||||
1 | Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.6, 9.1.7, 11.2; Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.2, 9.3 | төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх; | Засгийн газрын 2023 оны 354 дүгээр тогтоолоор баталсан "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам" | Харилцаа холбооны үйлчилгээг хүргэх талаарх төрийн болон салбарын бодлогод нийцсэн байх;
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх; | амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг байх; аливаа болзол шалгуургүй, барьцаагүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх; нийлүүлж буй тохижилт, тоног төхөөрөмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн байх; |
2 | Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.1, 20.2; Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.1 | өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
| Засгийн газрын 2023 оны 364 дүгээр тогтоолоор баталсан "Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журам" | Харилцаа холбооны үйлчилгээг хүргэх талаарх төрийн болон салбарын бодлогод нийцсэн байх; Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дэмжлэгт хамрагдаагүй байх; Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх; | амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг байх; аливаа болзол шалгуургүй, барьцаагүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх; нийлүүлж буй тохижилт, тоног төхөөрөмж нь стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн байх; |
Хоёр.Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, нэгдсэн байдлаар хүргэх бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт | |||||
3 | Өргөн нэвтрүүлгийн тухай хууль; Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль. | телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлэх; | - | Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.2, 9.5, 9.7, 9.14-т заасан харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх; | Өргөн форматтай байх;
|
4 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.3, 6.2, 8.1, 8.48 11.2.1, 22.1.5 | хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх;
| Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал (ISO/IEC 40500:2012 WCAG- Web Content Accessibility Guidelines) | Цахим хуудсыг Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлалын дагуу хөгжүүлсэн байх; | Цахим хуудас нь хандалтын тоог харуулдаг байх;
Цахим хуудаст хандах хандалтын тоо өдөрт 50-аас багагүй байх; |
5 | Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.11 | цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх; | Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ батлах тухай"; Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/53, А/95, А/76 дугаар тушаалаар батлуулсан "Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам" | Хөрөнгө оруулалт авсан этгээд нь цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулсан, эсхүл энэ төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байх; | Хүүхэд хамгааллын тухай тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасны дагуу Хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжүүлсэн байх; |
6 | Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйл | цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хэвлэмэл болон цахим гарын авлага боловсруулах, контент бүтээх, олон нийтэд түгээх; | - | Хэвлэмэл болон цахим гарын авлага, контент бүтээл нь оюуны өмчийн зөрчилгүй байх; Хүүхдэд хортой агуулга агуулаагүй байх; Контентыг насны ангиллаар төрөлжүүлсэн, эсхүл зорилтот бүлэгт зориулан бүтээсэн байх;
| 1.Контентыг түгээх этгээдэд тавих шаардлага:
Контентыг цахим орчинд 1 сарын хугацаанд байрлуулж, 100,000-аас багагүй хэрэглэгчийн хандалт авсан байх;
2.Хэвлэмэл болон цахим гарын авлага боловсруулах этгээдэд тавигдах шаардлага: Хэвлэмэл контентын тоо 200 ширхгээс багагүй байх; |
7 | Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1 | мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх; | - | Хөрөнгө оруулагчийн орлого олох үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй хамааралгүй чиглэлээр хэрэгжүүлсэн байх; | Хүүхэд хамгааллын тухай тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасны дагуу Хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжүүлсэн байх; |
8 | Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйл | хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн программ хангамж, платформ бүтээх, хөгжүүлэх; | - | Мэдээллийн технологийн чиглэлийн гарааны компанид хөрөнгө оруулсан байх; | Платформ нь эцэг эхийн хяналт /parent control/-ийг хэрэгжүүлэх боломжтой байх; |
9 | Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.3, 6.2, 8.1, 8.48 11.2.1, 22.1.5 | Паралимпын тэмцээн, арга хэмжээг телевизийн сувгаар олон нийтэд дамжуулах; | Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал (ISO/IEC 40500:2012 WCAG- Web Content Accessibility Guidelines) | Монголын үндэсний паралимпын хороо, түүнд бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, баг, мэргэжлийн тамирчдын оролцсон спортын тэмцээн байх; | - |
Гурав.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүсэд бүртгэгдсэн хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт | |||||
10 | Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль | Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, инновацын экосистем чадавхыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлдвэрлэлийг дэмжих | - | Виртуал бүсэд бүртгэгдсэн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан байх; | - |
Текст томруулах
A
A
A