- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТЛЭГ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.9-д заасан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/189
Улаанбаатар хот
НИЙТЛЭГ ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.9-д заасан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг хавсралт ёсоор баталсугай.
2.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулах, албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж нь үйл ажиллагаандаа дээрх шаардлага, стандартыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар тухай бүр татварын албанд мэдэгдэж ажиллахыг Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга /Э.Мөнхсүх/-д даалгасугай.
3.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнах, татварын албатай тухай бүр мэдээлэл харилцан солилцож, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга /Э.Мөнхсүх/-д даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.
5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/518 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
6.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.
САЙД Т.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
