A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

ГОВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12.1.6, Аялал жуулчлалын тухай хуулийн 19.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.5.7, 3.3.5.10, 3.3.5.12-т заасан зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Говийн бүсийн зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Говийн бүсийг "Байгалийн өвийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын тусгай дэд бүс" болгон хөгжүүлэхээр тогтсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд үүрэг болгосугай:

2.1."Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө"-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор боловсруулж хэрэгжүүлэхийг Говийн бүсийн зөвлөл (О.Батжаргал)-д, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд;

2.2.Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн "Боржигон" чуулгын барилга, Дундговь аймгийн "Төв халх" дуулалт жүжгийн театр, Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын барилгыг ашиглалтад оруулахад шаардагдах нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт;

2.3.Дундговь аймгийн Цагаансуварга орчмын палеонтологийн дурсгалт газрын нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг эрчимжүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Дорноговь аймгийн Эргэлийн зоо, Өмнөговь аймгийн Шар цав, Нэмэгтийн их хонгил, Хэрмэн цав орчимд аялал жуулчлалын тусгай бүс байгуулах асуудлыг судалж, танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн бүсийн зөвлөл (О.Батжаргал)-д;

2.4.Говийн бүсийн аймгуудын зам дагуух үйлчилгээний цогцолборын газрын байршилд өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т;

2.5.Өмнөговь аймгийн "Гурвансайхан нисэх буудал"-ыг 4D ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөх ажлын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар судалж, танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН