A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 255

Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Аялал жуулчлалын тухай хуулийн 19.1.1, Төсвийн тухай хуулийн 42.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.5-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор тогтсугай.

2.Хөнгөлөлттэй зээлийн 6 (зургаа) нэгж хувийн хүүгээс давсан санхүүжилтийн өртгийг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тооцож Монгол Улсын 2025 оны батлагдсан төсөвт багтаан Засгийн газраас хариуцан төлөх, цаашид шаардагдах эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нарт үүрэг болгосугай.

3.Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг цаашид холбогдох судалгаанд үндэслэн бүсчлэл, зориулалт буюу эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэх замаар нарийвчлан тогтоохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН