A

A

A

Бүлэг: 1979

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн

25/29 дүгээр тогтоолын хавсралт

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРГИЙГ ТОДОРХОЙЛСОН НИЙТЛЭГ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрхлэх худалдаа, үйлчилгээний /цаашид "худалдаа, үйлчилгээ" гэх/ төрөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг удирдлага болгоно.

1.4.Энэ журам нь гадаадын хөрөнгө оруулалттай иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилнэ.

ХОЁР. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

2.1.Худалдаа, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

2.1.1.худалдаа;

2.1.2.хоол үйлдвэрлэл үйлчилгээ;

2.1.3.ахуйн үйлчилгээ;

2.1.4.зочлох үйлчилгээ;

2.1.5.чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;

2.1.6.авто үйлчилгээ;

2.1.7.тоглоомын төвийн үйлчилгээ;

  2.1.8.соёл урлагийн үйлчилгээ.

ГУРАВ.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь холбогдох стандартын шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагаагаа явуулна.

3.2.Худалдаа, үйлчилгээний газар нь Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, иргэн, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй, гэр хороолол, зуслан, ногоон бүсэд байрлалтай бол сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байна.

3.3.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу хөтөлнө.

3.4.Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг дүүргээс баталсан байршилд эрхлэх ба худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаажилттай бараа бүтээгдэхүүнийг худалдах, түүгээр үйлчлэх, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх, орчны цэвэрлэгээг хариуцна.

3.5.Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг нь дүүргээс баталсан цэвэр орчин, хатуу хучилт бүхий талбайд байрших, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх, орчны цэвэрлэгээг хариуцан, тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллаж бусад үед талбайг чөлөөлнө.

 

3.6.ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна.

ДӨРӨВ.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

 4.1.Иргэн, хуулийн этгээд энэ журмын 2-т заасан худалдаа, үйлчилгээ эрхлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн цахим системд илгээнэ:

4.1.1.галын аюулгүй байдлын дүгнэлт, хэрэв тухайн ажлын байрыг түрээсээр ашиглаж байгаа бол эзэмшигч, өмчлөгчийн холбогдох байгууллагаас гаргуулсан галын дүгнэлтийн хуулбар;

4.1.2.стандартын шаардлага хангасан кассын машин, и-баримт хэвлэх төхөөрөмж, пос терминалын талаарх мэдээлэл /үйл ажиллагаанаас хамаарч/;

4.1.3.шаардлагатай бол худалдаа, үйлчилгээний газрын ажилтны мэргэжлийн сургалтад хамрагдсаныг нотлох баримт;

4.1.4.хог тээврийн гэрээ, хэрэв тухайн ажлын байрыг түрээсээр ашиглаж байгаа бол эзэмшигч, өмчлөгчөөс холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.

ТАВ.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭЭР МЭДЭГДЭХ

5.1.Иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ эрхлэх тухай мэдэгдлийг дараах дарааллын дагуу хүргүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ:

5.1.1.ulaanbaatar.mn цахим системийн "Үйлчилгээ эрхлэх мэдэгдэл" цэсэд Төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн "ДАН" системээр нэвтэрч овог нэр, хаяг, утас, цахим хаягийг мэдээлэх;

5.1.2.эрхлэх үйлчилгээний төрлийг сонгож, "үйлчилгээ авах" хэсэгт нэвтрэх;

5.1.3.тухайн үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлага, хүлээх үүрэгтэй танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээс хуулийн этгээд бол "Улсын бүртгэлийн гэрчилгээ"-ний мэдээлэл, иргэн бол "Иргэний үнэмлэх"-ийн мэдээлэл, үйлчилгээ явуулах байрны өмчлөгч, эзэмшигч бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эзэмшигч, өмчлөгчтэй байгуулсан холбогдох гэрээ;

5.1.4.худалдаа, үйлчилгээ эрхлэх газрын хаяг;

5.1.5.энэ журмын 4-т заасан баримтыг хавсаргах.

5.2.Энэ журмын 2.1.4-т заасан үйлчилгээг нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан газар, 2.1.5-д заасан үйлчилгээг нийслэлийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан газар, 2.1.8-д заасан үйлчилгээг нийслэлийн соёл, урлагийн асуудал хариуцсан газар хүлээн авна.

5.3.Энэ журмын 5.2-т зааснаас бусад үйлчилгээний талаарх мэдэгдлийг тухайн харьяалах дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж хүлээн авна.

5.4.Худалдаа, үйлчилгээ эрхлэх тухай мэдэгдлийг хүлээн авсан энэ журмын 5.2, 5.3-д заасан нэгжийн хариуцсан албан хаагч бүрдлийг ажлын 2 өдрийн дотор шалган бүрдүүлэх баримт бичиг дутуу бол нөхөн авна.

5.5.Хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу зохицуулна.

  5.6.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн санг төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээр дамжуулан цахим хэлбэрээр ашиглахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр батлагдсан мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглахтай холбоотой журмыг мөрдөнө.

ЗУРГАА.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй:

6.1.1ахим системд мэдэгдсэнээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;

6.1.2.төрийн бодлого, хууль, журам, стандарттай холбоотой санал боловсруулж, шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргах;

6.1.3.худалдаа, үйлчилгээндээ хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновац нэвтрүүлсэн, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд шагнал, урамшуулалд хамрагдах;

6.1.4.худалдаа, үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;

6.1.5."Тохирлын гэрчилгээ"-тэй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар хүргэлтийн үйлчилгээ эрхлэх;

6.1.6.энэ журамд заасан эрх зөрчигдсөн гэж үзвэл дээд шатны байгууллага, албан тушаалтан, эрх бүхий байгууллагад гомдол гаргах;

6.1.7.энэ журамд заасан бүрдүүлэх материалын үнэн зөвийг өөрөө хариуцах.

6.2.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:

6.2.1.татвар төлөгчөөр бүртгүүлж, цахим төлбөрийн баримтын системд холбогдон, үйлчилгээ үзүүлэх тухай бүр төлбөрийн баримт олгох, Нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан бараа, үйлчилгээ эрхлэх тохиолдолд нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх;

6.2.2.холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

6.2.3.тогтоосон цагийн хязгаарыг мөрдөж ажиллах;

6.2.4.орчны 50м хүртэлх талбайн цэвэрлэгээг хариуцах;

6.2.5.галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг хангаж ажиллах;

6.2.6рүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөгөөр иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх;

6.2.7.ТҮЦ нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй барааг худалдах;

6.2.8.мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалах, худалдах;

6.2.9.мод, барилгын материал, элс, хайрга, цемент, шохой, чулууны худалдаа, дахивар нөөцийн цэгийг дүүргээс зөвшөөрсөн байршилд эрхлэх.

6.2.10.Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 18 насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй байх, насанд хүрсэн эсэхийг тодорхойлох зорилгоор баримт бичгийг шалгах, шалгуулахаас татгалзсан тохиолдолд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахгүй байх.

ДОЛОО.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ

7.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Дүүргийн засаг дарга, хяналтын байгууллага, цагдаа, онцгой байдлын газар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна.

7.2.Дүүргийн засаг даргын Тамгын газар энэ журмын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас, бүтэн жилээр тайлагнаж, өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлнэ.

7.3.Дүүргийн засаг дарга энэ журмын хэрэгжилтэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина.

7.4.Хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлнэ.

7.5.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.5.1.дүүргийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих;

7.5.2.худалдаа, үйлчилгээний чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.

НАЙМ.ХАРИУЦЛАГА

8.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.