- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралт
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн (цаашид "хууль" гэх)-д заасны дагуу сонирхогч этгээд, оролцогчоос хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "өрсөлдөөний байгууллага" гэх), санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "Сангийн яам" гэх)-д гомдол гаргах, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулна.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
1.2.Хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ журам хамаарахгүй.
1.3.Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.
1.4.Гомдол хууль болон энэ журамд заасан бүрдүүлбэр, агуулгад тавигдах шаардлагад нийцсэн байна.
Хоёр.Гомдолд тавих бүрдүүлбэрийн шаардлага
2.1.Гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1.албан бичгийг хуульд заасан хугацааны дотор гомдол хянан шийдвэрлэх байгууллагад эх хувиар, эсхүл албан бичиг солилцооны дундын систем ("DocX систем")-ээр баталгаажуулж хүргүүлэх;
2.1.2.гомдлыг Монгол хэлний тухай хуулийн 6.7-д нийцүүлж монгол хэлээр үйлдсэн байх;
2.1.3.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38.1-д заасан бүрдүүлбэрийг хангах;
2.1.4.гарын үсэг, тамга /тэмдэг/-ийг эх хувиар хэрэглэсэн байх.
2.2.Гомдолд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
2.2.1.итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд гарын үсэг зурсан бол гомдол гаргах эрх олгосон итгэмжлэлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.2.2.гадаадын хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг нотлох баримт;
2.2.3.гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийн монгол орчуулга;
2.2.4.өрсөлдөөний байгууллагад гаргах гомдолд журмын 3.3-т заасан нотлох баримт;
/Энэ заалтад СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
2.2.5.Сангийн яаманд гаргах гомдолд энэ журмын 4.1, 4.2-т заасан нотлох баримт.
2.3.Гомдлыг гомдол хянан шийдвэрлэх байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэснээр хүлээн авсанд тооцно.
2.4.Гомдол энэ журмын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд гомдлыг буцаах үндэслэл болно.
Гурав.Өрсөлдөөний байгууллагад гомдол гаргах, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх
/Энэ бүлгийн гарчигт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.1.Өрсөлдөөний байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг хуулийн 58.1-д заасан хугацаанд хүлээн авна.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.2.Сонирхогч этгээдийн гомдолд өрсөлдөөн хязгаарласан гэж үзсэн тендер шалгаруулалт, түүний багцын мэдээллийг тодорхой тусгасан байна.
3.3.Өрсөлдөөний байгууллагад гаргах гомдолд захиалагчаас урилга хүлээн авсан, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан журмаар сонирхлоо илэрхийлсэн болохыг нотлох баримтыг хавсаргана.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулан, хасалт хийсэн/
3.4.Өрсөлдөөний байгууллага хуулийн 58.3-т заасан шаардлагыг хангахгүй гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.5.Өрсөлдөөний байгууллага гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахтай холбоотойгоор захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг утсаар тухайн өдөрт багтаан мэдэгдэж, цахим системд нийтэлж, албажсан шийдвэрийг захиалагчид хүргүүлнэ.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
3.6.Энэ журмын 3.5-д заасан мэдэгдлийг үндэслэн захиалагч тендерийн нээлтийн хугацааг сунгах шаардлагатай бол энэ тухай цахим системд нийтэлнэ.
3.7.Өрсөлдөөний байгууллага гомдлын агуулга, шаардлагаас хамааран шаардлагатай баримт бичгийг цахим системээр нэвтэрч танилцах ба тендер шалгаруулалтын хувийн хэргээс шаардлагатай баримт бичгийг цахимаар, эсхүл бичгээр ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.8.Өрсөлдөөний байгууллага гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүсвэл захиалагчийн холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.9.Өрсөлдөөний байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан эсэхийг гомдлын хүрээнд хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
3.9.1.захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 58.5-д заасан шийдвэрийг гаргах;
3.9.2.захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид мэдэгдэх.
3.10.Өрсөлдөөний байгууллага хуулийн 58.3-т заасны дагуу өөр этгээдийн гомдлоор шийдвэрлэж хариу өгсөн асуудал бол гомдол гаргагчид хүргүүлэх албан бичигт өмнөх шийдвэрийн хуулбарыг хавсаргана.
/Энэ хэсгийг СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар нэмсэн/
Дөрөв.Сангийн яаманд гомдол гаргах, гомдлыг хүлээн авах
4.1.Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд:
4.1.1.гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх;
4.1.2.шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх;
4.1.3.захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах;
4.1.4.тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх.
4.2.Хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай сонирхогч этгээд, оролцогчийн гомдолд захиалагчид гаргасан гомдлын хуулбарыг хавсаргасан байна.
4.3.Хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдолд захиалагч тус оролцогчийн тендерээс татгалзсан аль нэг үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрөх тухай үндэслэл, тайлбар ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзсан шийдвэрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гомдлыг хуулийн 59.3-т заасныг хангахгүй гэж үзнэ.
4.4.Тендерийн баталгааны хүчинтэй хугацааг цахим системээр шалгах ба энэ журмын 4.5-д заасан шаардлагыг багцтай тендер шалгаруулалтын гомдол гаргасан багц тус бүрд хамаарна.
4.5.Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэснээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан нөхцөлд захиалагч өмнөх оролцогчид дахин гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотой гомдлыг хуулийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудал гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж буцаана.
4.6.Сангийн яам энэ журмын 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5-д заасныг зөрчсөн, эсхүл санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана.
/Энэ хэсэгт СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан/
4.7.Сангийн яам хуулийн 59.5-д заасны дагуу өөр этгээдийн гомдлоор шийдвэрлэж хариу өгсөн асуудал бол гомдол гаргагчид хүргүүлэх албан бичигт өмнөх шийдвэрийн хуулбарыг хавсаргана.
/Энэ хэсгийг СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар нэмсэн/
4.8.Захиалагч хуулийн 28.1-д заасан шийдвэрийг хуулийн 28.3-т зааснаар нийтэлснээс хойш тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийж, ижил үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээсэн бол шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай оролцогчид мэдэгдэнэ. Ижил үндэслэл бүхий захиалагчийн шийдвэрт хуулийн 59.1-д заасан гомдол гаргах хугацааг эхний шийдвэрийг цахим системд нийтэлсэн өдрөөс тоолно.
/Энэ хэсгийг СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар нэмсэн/
Тав.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх
5.1.Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ.
5.2.Сангийн яам энэ журмын 5.1-д зааснаар урьдчилан мэдэгдсэн тохиолдолд захиалагч гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байна.
5.3.Сангийн яам хуулийн 59.6-д заасан шийдвэрийг захиалагчид бичгээр хүргүүлнэ.
5.4.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахтай холбоотойгоор тухайн тендер шалгаруулалтын хувийн хэргийн баримт бичигтэй цахим системээр танилцах эрхтэй байна.
5.5.Сангийн яам хуулийн 48.4-т заасан тендер шалгаруулалтын хувийн хэргээс гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд холбоотой баримт бичгийг цахимаар, эсхүл бичгээр ирүүлэхийг захиалагчаас шаардана.
/Энэ хэсгийг СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/
5.6.Энэ журмын 5.5-д зааснаар шаардсан баримт бичгийг тогтоосон хугацааны дотор ирүүлээгүй бол хуулийн 59.9-д заасныг үндэслэн цахим системд байршуулсан баримт бичигт үндэслэн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
/Энэ хэсгийг СС-ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/99 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
5.7.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүсвэл захиалагчийн холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно.
5.8.Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь Сангийн яамны гаргах шийдвэрийн төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй.
5.9.Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ.
5.10.Захиалагч энэ журмын 5.9-д даалгасан асуудлаар үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавьснаар оролцогчийн тендертэй холбоотой өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон бол хуулийн 28.1, 28.2, 28.3-т зааснаар дахин шийдвэр гаргаж, мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт СС-ын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах, тушаал хүчингүй болсонд тооцох тухай А/119 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/
5.11.Гомдол гаргагч хуулийн 59.1-д заасан хугацаанаас хойш гомдлын үндэслэлийг нэмэгдүүлэх, өөрчлөх, эсхүл гомдол, түүний үндэслэлээс татгалзсаныг Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд харгалзан үзэхгүй.
5.12.Нэг тендер шалгаруулалттай холбоотойгоор хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн 28.1-д заасан шийдвэртэй холбоотой гомдол ирүүлсэн тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх хугацааг сүүлийн гомдол ирүүлсэн хугацаанаас тоолно.
5.13.Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.
5.14.Захиалагч хуулийн 24.3-т заасан үндэслэлээр шийдвэр гаргах хугацааг сунгах бол энэ тухай шийдвэр гаргаж, цахим системээр оролцогчдод мэдэгдэнэ.
Зургаа.Бусад
6.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх