- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО ЯВУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 260
Улаанбаатар хот
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО ЯВУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод шаардлагатай суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болон 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тус тус тасалбар болгон төрийн мэдээлэл солилцооны үндсэн системээр дамжуулан тухай бүр Үндэсний статистикийн хороонд хууль тогтоомжийн дагуу нийлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгаж, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.
2.Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод ашиглах мэдээллийн сангийн мэдээллийн чанарыг сайжруулах, шинэчлэх, баталгаажуулах арга хэмжээг харьяа нутагт дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Тооллогын дүнг 2026 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
