- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 263
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.2, 24.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д доор дурдсан агуулгатай 4.9 дэх заалт нэмсүгэй:
"4.9.Шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж замын хөдөлгөөнд оролцоно:
а/хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх;
б/цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд-хөх-улаан;
в/шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны, шүүх шинжилгээний байгууллагын тусгай зориулалтын, онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын, гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын, хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цагдаа, шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламж, үйлчилгээний, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улсын онцгой комиссын гишүүдийн болон тухайн аймаг, нийслэлийн онцгой комиссын гишүүдийн албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-улаан;
г/хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд-ногоон;
д/цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд-шар."
2.Мөн дүрмийн 25.1 дэх хэсгийн "Мопед" гэсний дараа "болон түүний төрөлд бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл" гэж нэмсүгэй.
3.Мөн дүрмийн 1.2.25 дахь дэд заалтын "хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг." гэснийг "50 куб.см-ээс их ажлын багтаамж бүхий дотоод шаталтат, эсхүл 4кВт-аас их чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн хурд нь 50 км/цаг (мопед)-аас илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг." гэж, 5.12 дахь заалтын "г" дэх дэд заалтын "дугуйт хавтан" гэснийг "залууртай, залуургүй дугуйт хавтан" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Мөн дүрмийн 12.5 дахь хэсгийн "а" дэд заалтын "суурин газрын гадна 70 км," гэснийг хассугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх