- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 267
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 340 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-д доор дурдсан агуулгатай 2.28, 2.29, 5.17 дахь заалт нэмсүгэй:
"2.28.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны зээлийн хүүгийн хэмжээг захиргааны холбогдох зардал болон эрсдэлийн түвшнийг тооцон тогтоож, энэ журмын 2.18-д заасан сонгон шалгаруулах удирдамжид тусгана.
2.29.Банканд олгох жижиг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг аймаг, дүүрэгт хуваарилахдаа хүн амын тоо, ажилгүйдэл, ядуурлын түвшин, жижиг зээлийн эрэлт, хэрэгцээний судалгааг харгалзан үзнэ.
5.17.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.8-д заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд санхүүгийн дэмжлэг олгох, дэмжлэгийн төрөл, хэлбэр, хэмжээ, түүний эргэн төлөх эсэх зэрэг бусад нөхцөл шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт тодорхой тусгана."
2.Мөн журмын 5.5.5 дахь дэд заалтын "хугацаа хэтэрсэн" гэсний дараа "зээл," гэж нэмсүгэй.
3.Мөн журмын 2.16, 2.18, 2.19, 2.24, 3.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.16.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах ба тухайн сонгон шалгаруулах ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг тус тус оролцуулна.
2.18.Жижиг зээлийг дамжуулан олгох банканд тавих нэмэлт шаардлага, банктай байгуулах гэрээний жишиг загвар, банкийг сонгон шалгаруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих удирдамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
2.19.Сонгон шалгаруулалтаар шалгарсан банктай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 36 сарын хугацаатай жижиг зээл дамжуулан олгох гэрээ байгуулж, гэрээний дагуу жижиг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттайгаар тухайн банканд байршуулна.
2.24.Жижиг зээлийн хэмжээ нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50.0 сая хүртэл төгрөг байна.
3.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дамжуулан зээлдүүлэх банктай "Багцын батлан даалтын гэрээ" байгуулж, жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийг банканд байршуулна."
4.Мөн журмын 5.3.2 дахь дэд заалтын "100" гэснийг "50" гэж, 3.8, 6.5 дахь заалтын "Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж, 5.16 дахь заалтын "Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэснийг "Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх