A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 42

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох онооны аргачлал болон зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд таван жилээр тусгах нөхцөл, шаардлагыг дараах нөхцөлийг харгалзан батлахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд даалгасугай:

1/иргэн, хувийн өмчит хуулийн этгээдийн зээлийн ангилал давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хэвийн ангиллаас бусад ангилалд орсон бөгөөд зээлийн өр, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд, түүнчлэн нийгэм, эдийн засгийн бусад нөхцөл байдалтай уялдуулан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох;

2/иргэн, хувийн өмчит хуулийн этгээдийн зээлийн төрөл, зээлийн өр, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хугацаанаас хамаарч зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох;

3/энэ тогтоолын 1 дэх заалтын 1, 2 дахь дэд заалтад төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын дэргэдэх сангаас болон Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй, түүнчлэн хэвийн зээлийн ангиллаас бусад ангилалд орсон иргэн, аж ахуйн нэгж, түүний зээлийн мэдээллийг хамааруулахгүй байх.

2.Зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн онооны аргачлал, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох үндсэн зарчим, нөхцөл, шаардлагыг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН