- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-д 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарсан осолтой холбогдуулан үйл ажиллагааг нь хэвийн горимд шилжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанид 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай.
2.Онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг шууд хариуцан удирдаж, төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилон ажиллуулсугай.
3.Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ажиллах хугацаанд "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-ийн төсвийн зарцуулалт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хяналт тавих ажлыг холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгасугай.
4.Онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэхэд үүрэг болгосугай.
5.Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэгтэй эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг ханган, төлөвлөгөөт засварын ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.
6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Хянасан:
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА
С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх