- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАНГАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 181
Улаанбаатар хот
ХАНГАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12.1.1, 12.1.6, 12.1.9, Авто замын тухай хуулийн 9.1.3-т заасныг тус тус үндэслэн, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3.1-д заасан Хангайн бүсийн хөгжлийн зорилтыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.1.4, 1.3.1.5, 1.4.2.3, 2.2.2.4, 3.3.2.10, 3.3.3.16, 3.3.3.17, 3.3.4.12-т заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хангайн бүсийн зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналын хүрээнд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд үүрэг болгосугай:
1.1.Бүсийн эрчим хүч, зам, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:
1.1.1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг шуурхай авч, бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах гол болон салбар шугам, сүлжээний ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт;
1.1.2.Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.1.3.Эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хангайн бүсийн аймаг тус бүрд 10МВт-ын нар, 20МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д;
1.1.4.Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Хангай сум чиглэлийн авто зам, Арвайхээр-Тарагт-Уянга сум чиглэлийн авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замаас Мандал-Овоо хүртэлх авто замын төслийн санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт;
1.1.5.Орон нутгийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумдын зураг төсөл бүхий инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьд, бусад сумдын инженерийн дэд бүтцийн байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт, бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д;
1.1.6.Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газар, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр, бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д.
1.2.Бүсийн боловсрол, хөдөө ахуй, газар зохион байгуулалтыг хөгжүүлэх хүрээнд:
1.2.1.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар, Багшийн болон Анагаах ухааны коллеж байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д;
1.2.2.Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг судлан шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д;
1.2.3.Хангайн бүсийн малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ноос самнах, арьс шир боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөө аж ахуйн кластер байгуулах, ноосон бордооны үйлдвэр барих асуудлыг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хангайн бүсийн зөвлөл (Б.Цэрэннадмид)-д.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
