- Нүүр
- Тогтоол
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлах тухай

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 23
Улаанбаатар хот
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлах тухай
Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр.Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
2.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид ЭХХШтХ гэх/ 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу "өөрийгөө өмгөөлөх эрх"-ийг эдэлнэ. Уг эрхийг ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй" онцгой тохиолдлуудаас бусад үед баталгаатай эдэлдэг. Мөн зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх тохиолдлуудаас бусад нөхцөлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг нийтлэг баримтлахаар зохицуулжээ.
2.2.Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар бүлэгт эрүүгийн хэргийг уг журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд заавал өмгөөлөгч оролцуулах эсэх талаар нарийвчлан зохицуулаагүй байсан хэдий ч мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална" хэмээн нийтлэг журмыг баримтлах талаар тодорхой заасныг практикт нэг мөр ойлгон хэрэглэж ирсэн.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ЭХХШтХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно" гэж заасан тул яллагдагч, шүүгдэгч нар эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх шатанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн практик тогтжээ.
2.3.Гэвч хууль тогтоогч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмсэн ЭХХШтХ-ийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Уг нэмэлт, өөрчлөлтөөс хойш хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "өөрийгөө өмгөөлөх" эрхийг хэрхэн хангах талаар хууль хэрэглээний ойлгомжгүй байдал үүсэж, мөрдөгч, прокурор, шүүгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн уг заалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж буй нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулах нөхцөлд хүргэж, энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үзүүлэлт буурахад нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.
Тухайлбал, улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2020-2024 онд нийт 81.002 хүнд холбогдох 68.394 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэснээс 25.945 хүнд холбогдох 23.726 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь нийт хэргийн 34.6 хувийг эзэлж байна. Дээр дурдсан 23.726 хэргийн 44.9 хувийг нийслэлд, 55.1 хувийг орон нутагт хянан шийдвэрлэснээс үзэхэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийслэл болон орон нутагт нэгэн адил хэрэглэгдэж байгааг харж болно.
Ийнхүү хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн дийлэнх хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах - 60 хувь), 11.4 дүгээр зүйл (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах – 4.1 хувь), 17.1 дүгээр зүйл (Хулгайлах – 6.1 хувь), 27.10 дугаар зүйл (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих – 8.2 хувь)-д заасан гэмт хэргүүд эзэлжээ.
Харин сүүлийн жилд буюу 2024 онд улсын хэмжээнд хялбаршуулсан журмаар нийт 4.546 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 12.0 хувиар буурч, үүний дотор нийслэлд хянан шийдвэрлэсэн хэргийн тоо өмнөх онтой харьцуулбал 39.3 хувь буюу 908 хэргээр буурсан үзүүлэлттэй байна.
2.4.Дээр дурдсан нөхцөл байдал Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны практик, шүүхийн шийдвэрт хийсэн судалгаа, эрүүгийн хэргийн нэгдсэн мэдээ зэргээс харагдаж байна. Түүнээс гадна ЭХХШтХ-ийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ..." гэснийг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар, зөвлөмж гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхэд санал ирүүлснийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд дээрх заалтыг албан ёсоор тайлбарлах шаардлагатай гэж үзсэн болно.
Гурав.Тайлбарын цар хүрээ
3.1.Энэхүү тайлбарын цар хүрээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ..." гэсэн заалтаар хязгаарлагдана.
Дөрөв.Тайлбарын арга зүй
4.1.Тайлбарын холбогдох хэсэгт тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал, хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчим болон хүний эрхийн шаардлагад нийцүүлэн тайлбарлах; логик болон системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах), хууль тогтоогчийн үзэл баримтлалыг харгалзан хуулийн зорилгоор нь тайлбарлах аргаар тус тус тайлбарлана.
Тав.Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл
5.1.Монгол Улсын соёрхон баталсан Нэгдсэн Үндэстний байгууллагын Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүхэд ... даруй шилжүүлэх бөгөөд тухайн хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй" гэж заасан. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө бодитой илэрхийлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, цаг хугацааг хэмнэх, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл учруулахгүй байх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээн эдлүүлэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй болох нь олон улсын сайн жишиг болон дотоодын шүүхийн шийдвэр, практикт хийсэн судалгаагаар тогтоогджээ.
Дээр дурдсанчлан 2024 онд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх жилүүдээс буурахад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн ЭХХШтХ-ийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч томилж оролцуулах журмыг хуульчилж, уг заалтыг мөрдөгч, прокурор, шүүгч өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж буйтай холбоотой болохыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт хийсэн судалгааны үр дүнгээс илэрхий харж болно.
5.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн "...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ..." эрхийг баталгаатай эдлэхээр хуульчилсан, мөн Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлд "Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ" гэж заасныг салбар эрх зүйн хуулиар буюу ЭХХШтХ-ийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна" гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана" хэмээн тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх эрхээ сонгон эдлэх нь хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй. Учир нь эрх зүйн бүрэн чадамжтай бие хүн бүр өөрийн хувь тавиланг шийдвэрлэх бүрэн эрх чөлөөтэй ба үүнийг хувь хүний автономи чанар (the right to self-autonomy) гэнэ. Энэхүү хувь хүн өөрийгөө мэдэх эрх нь хүний халдашгүй байдлын нэг хэсэг мөн. Уг эрхийнхээ хүрээнд бие хүн туйлын эрхүүдээс бусад эрхээ эдлэхээс сайн дураар татгалзах явдлыг тухайн хүний шийдвэр гаргалт, түүнийг дагасан хариуцлагын асуудалтай холбож үздэг. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид эрх, үүрэг, хууль зүйн үр дагаврыг бүрэн, тодорхой, ойлгомжтой тайлбарлаж өгсөн ба яллагдагч, шүүгдэгч энэ талаар бүрэн, хангалттай ойлголт авсны үндсэн дээр өөрт олгосон хууль зүйн боломжуудаас аль нэгийг нь сонгон хэрэгжүүлэхээр шийдсэн бол уг шийдвэрийг хувь хүний автономи байдлын хүрээнд хүндэтгэх учиртай.
5.3.ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өөрийгөө өмгөөлөх буюу өмгөөлөгчийн эрхийг эдэлж, яллах талтай мэтгэлцэх эрхээ тэгш хэрэгжүүлэх боломжтойгоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргавал Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасны дагуу мөрдөгч, прокурор, шүүх өмгөөлөгчөөр хангах үүрэг хүлээнэ.
Мөн хууль тогтоогчоос ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй 6 нөхцөлийг тусгайлан тодорхойлж, заавал өмгөөлөгч оролцох хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгчөө сонгож аваагүй бол шүүх, прокуророос томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах замаар Үндсэн хуульд заасан дээрх үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъектүүдэд даалгасан.
5.4.Үүнээс бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх журмыг ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно", мөн хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно" гэж тус тус тодорхой хуульчлан заажээ.
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх явцад ЭХХШтХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээрх нийтлэг журмыг нэгэн адил баримтална.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн процесс хуулийн системчлэлийн уялдаа холбоонд нийцүүлэн авч үзвэл яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч оролцуулахгүйгээр явуулахыг хориглосон агуулга бүхий заалт ЭХХШтХ-ийн 17 бүлэгт заасан тусгай журамд тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулийн үзэл баримтлал, танилцуулгад мөн ийм агуулга бүхий заалт байхгүй байна.
Тухайлбал, хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төслийн танилцуулгад "... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч авахаас татгалзаж буй яллагдагчид үнэ төлбөргүй өмгөөлөгч томилж (томилогдсон өмгөөлөгч) оролцуулах зохицуулалтыг тусгалаа" гэсэн нь яллагдагч, шүүгдэгчийн "Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "...өөрийгөө өмгөөлөх..." эрхийг хөндөөгүй буюу хувь хүний сонголт хийх эрх чөлөөг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм. Харин тэдний хууль зүйн туслалцаа авах буюу өмгөөлүүлэх эрхийг баталгаатай хангахад чиглэгдсэн зохицуулалт гэж үзэхээр байна.
5.5.ЭХХШтХ-ийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ял болон 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, мөн зүйлийн 7 дахь хэсэгт нэрлэн заасан Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад бүх гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Энэ төрлийн гэмт хэргүүд нь ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй болно.
Иймд яллагдагч, шүүгдэгч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу "өөрийгөө өмгөөлөх" эрхийг хэрэгжүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд түүний холбогдсон хэрэг нь ЭХХШтХ-ийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч оролцуулах нөхцөлд хамаарахгүй бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтлэг журмын дагуу өмгөөлөгчийг томилж оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой гэж Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэв.
Харин яллагдагч, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, эсхүл өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгож аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "өмгөөлүүлэх" эрхийг хангах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу өмгөөлөгчийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж ЭХХШтХ-ийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг нэг мөр ойлгох нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон
ТАЙЛБАРЛАХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "... өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ..." гэсэн нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй, эсхүл өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгож аваагүй яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж ойлгох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлөөс бусад тохиолдолд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилох уг журам хамаарахгүй.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
