- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ДУГААР ЗҮЙЛИЙН
50.1.23 ДАХЬ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах", Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр.Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн (цаашид Шүүхийн тухай хууль гэх) 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь дараах байдлаар тогтоогдов.
Нийт шүүгчийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулахтай холбоотойгоор Ажлын хэсгээс тус чуулганаар хэлэлцэх тулгамдсан асуудлын талаар шүүгчдээс санал асуухад "Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо"-ны асуудлыг зайлшгүй хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзжээ.
2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Нийт шүүгчийн чуулганы хэлэлцүүлгийн үеэр шүүгч нараас Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын талаар нэлээдгүй санал шүүмж гарсан, тухайлбал, "... хуулийн уг зохицуулалт нь Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хэргийн үйл баримтыг дүгнэх, улмаар шүүгчийн мэргэжлийн алдааг сахилгын шийтгэл гэж үзэх, шүүхийн хараат бус байдалд халдах эрсдэлийг бий болгож байна..." гэжээ. Иймд чуулганд оролцогчдын олонхын саналаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, мөн 50.1.1, 50.1.26 дахь заалтыг Улсын дээд шүүхээр албан ёсоор тайлбарлуулах нь зүйтэй гэж үзэж, Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол гарсныг чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр "Санал уламжлах тухай" албан бичгээр Улсын дээд шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн "Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэх нь: Монгол Улс ба гадаадын зарим улсын зохицуулалт" сэдэвт судалгааны ажил болон Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн бусад заалтуудад холбогдох судалгааны үр дүнгээс үзвэл, Шүүхийн сахилгын хорооноос 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд буюу 3 жил, 10 сарын хугацаанд шийдвэрлэсэн нийт 487 хэргийн (цахим хуудаст байршуулсан магадлал) 152 буюу 30 гаруй хувь (152 магадлал, тогтоол) нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчилтэй холбоотой маргаан байгаа нь бага бус тоо юм.
Дээрх судалгаанд "... Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэснийг "хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгоно" гэж нийтлэг байдлаар тайлбарлаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явц дахь шүүгчийн хууль хэрэглээнд холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ дийлэнх тохиолдолд "шүүгчийн захирамж, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрх хэмжээ Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй", "… шүүгч хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг хэрхэн хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна …" гэж дүгнэсэн атлаа зарим нэг хэргийн үйл баримт, түүнийг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлд тайлбар, дүгнэлт өгсөн тохиолдол байна ... Жишээ нь, "... энэ тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул ...", "... хэргийг хянаад дахин шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй, төлбөртэй болохыг дурдсан шийтгэх тогтоол гаргасан нь ... "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна" гэх зэргээр тайлбарлажээ.
Мөн судалгаанд "... уг зөрчил нь ихэвчлэн процессын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчийн үйл ажиллагааг хамруулж ойлгосон байх ба материаллаг хууль хэрэглээтэй, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг хамааруулаагүй байна ..." гэсэн хэргийн оролцогчийн тайлбарт Сахилгын хороо дүгнэлт өгөөгүйг дурдаж, "... уг заалтыг шүүгчийн мэргэжлийн алдаанаас хэрхэн ялган зааглах тухай болон тус заалтын агуулга, ялангуяа "илт тодорхой, ноцтой, удаа дараа" гэдгийг хэрхэн ойлгох тухай хангалттай тодорхой ойлголт бий болоогүй байна" гэж дүгнэжээ.
Үүнээс үзвэл Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалт дахь хууль зүйн тодорхой бус ойлголтуудыг хууль хэрэглэгч (Шүүхийн сахилгын хороо)-ийн зүгээс хэт ерөнхий байдлаар тайлбарлах, шүүгчийн гаргасан зөрчил ноцтой эсэхэд, хэргийн оролцогчийн гаргасан тайлбарт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэх, эсхүл тайлбарлаж буйгаасаа өөрөөр хэрэглэх тохиолдол байгаа нь хууль хэрэглээний нэгдмэл байдал бий болоогүй, хуулийг тайлбарлах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
Түүнчлэн, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад хууль тогтоогчдын дунд уг хуулийн заалтын үзэл баримтлал, түүнийг хэрхэн ойлгож хэрэглэх, шүүгчийн мэргэжлийн алдаанаас яаж ялгах зэрэгтэй холбоотой нэлээд маргаан, мэтгэлцээн үүссэн байх бөгөөд нэр бүхий гишүүдээс "Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах бүрэн эрхийн хүрээндээ Шүүхийн тухай хуулийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох боломжтой" талаар санал гаргасан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 23 дугаар магадлалд "... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтаар "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;", 50.1.23 дахь заалтаар "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;"-ыг шүүгчид хориглохоор заасан нь агуулгын хувьд хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх нөхцөлийг алдагдуулсан гэж үзэхээр байна ... маргагч талуудын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хийсэн тайлбар, маргааны баримтуудаас үзэхэд Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байх, зохих заалт хоорондын уялдаа хамаарлыг харгалзахгүй байх, сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг, шүүгчийн дотоод итгэлээрээ шийдвэрлэх асуудлыг хянан шалгаж, өөр хоорондоо ялгаатай шийдвэр гаргаж байгаа нь иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргах үндэслэл болсон гэж үзэхээр байна ... хуралдаанаар хэлэлцэж буй маргаан бүхий асуудал нь эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах, боловсронгуй болгох, холбогдох зохицуулалтын практик хэрэглээтэй холбоотой асуудал байна. Ийм асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байхгүй болно ..." гэж дүгнэсэн нь уг тайлбарыг гаргахад харгалзан үзэх үндэслэл болов.
Нэгтгэн дүгнэвэл, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын зорилго, агуулгын талаар хууль хэрэгжүүлэгч-шүүгч, хэрэглэгч-шүүгч, иргэд, цаашилбал хууль тогтоогчдын хувьд ч нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Иймд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ямар алдаа нь сахилгын зөрчил болох, үр дагаврыг нь хэрхэн харгалзах, материаллаг хууль хэрэглээний алдааг хамааруулах эсэх, эсхүл энэ нь мэргэжлийн алдаа болох эсэх, уг зөрчлийг зөвхөн хуулийн хориглосон, үүрэг болгосон императив хэм хэмжээг зөрчсөн шүүгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлах эсэх, удаа дарааг хэрхэн тооцох, үүнд ямар зөрчлийг хамааруулах зэргийг нэг мөр тайлбарлах шаардлагатай гэж үзлээ.
Гурав.Тайлбарын цар хүрээ
Тайлбарын цар хүрээ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалт дахь дараах хууль зүйн ойлголтоор хязгаарлагдана.
1."хуулийн илт тодорхой заалт";
1.1."хууль";
1.2."хуулийн ... заалт";
1.3."илт тодорхой";
2."ноцтой зөрчих";
3."удаа дараа";
4."үйлдэл";
5."эс үйлдэхүй".
Дөрөв.Тайлбарын арга зүй
Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар, эрх зүйн харьцуулалтын аргаар (харьцуулсан судалгаа) тус тус тайлбарлана.
Тав.Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл
Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэсэн заалт дахь хууль зүйн тодорхой бус ойлголтыг хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн зорилго, системчлэл, хэл зүйн дүрэм, эрх зүйн харьцуулалтын аргаар тайлбарлавал:
5.1."Хуулийн илт тодорхой заалт" гэдгийг Шүүхийн сахилгын хорооноос "хуулийн заалтын утга нь хэнд ч илэрхий ойлгомжтой, маргаангүй, нэг мөр байх" гэж тайлбарлаж байгаа нь хэл зүйн үүднээс үндэслэлтэй боловч хэт ерөнхий байх тул уг ойлголтын хууль зүйн агуулгыг дараах байдлаар илүү тодруулах нь зүйтэй байна.
5.1.1."Хууль" гэдгийг материаллаг болон формаль утгаар ойлгох бөгөөд материаллаг агуулгаараа гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан бүхий л захиргааны хэм хэмжээний актыг хамруулдаг бол, формаль утгаараа зөвхөн хууль тогтоогчоос тодорхой дэгийн дагуу баталсан (Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу) эрх зүйн хэм хэмжээний актыг ойлгодог.[1] Уг заалт дахь "хуулийн" гэснийг хууль тогтоогчийн хүсэл зориг болон уг хуулийн агуулга, зорилгоор нь тайлбарлавал зөвхөн Улсын Их Хурлаас баталсан формаль хууль гэж ойлгох ба үүнд шүүгчээс тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэсэн материаллаг хуулиас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дагаж мөрдөх процессын (эрүү, иргэн, захиргааны, зөрчлийн ...) хуулиуд бүхэлдээ хамаарна.
5.1.2."Хуулийн … заалт" гэдэг нь "хуулийн зохицуулалт" гэсэн ерөнхий утгыг илэрхийлэх ба үүнд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн зүйл, хэсэг, заалт, нэр томьёо бүхэлдээ хамаарна.
5.1.3."Илт тодорхой" гэдэг нь тухайн хуулийн зохицуулалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүйгээр илэрхийлсэн, шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль хэрэглэх арга, ур чадвар шаардахааргүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон, агуулгын хувьд тодорхой буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шинжтэй байна. Жишээ нь:
-тоон утгатай хэмжээ, хугацаа тогтоосон ("30 хоногийн дотор", "18 насанд хүрсэн", "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэх" гэх мэт) заалт;
-шууд нэг утгаар хэрэглэгдэх агуулга ("үүрэгтэй", "хамаарахгүй", "зөвшөөрөл олгохыг хориглоно", "биеэр оролцоно", "бичгээр тайлбар өгнө", "захиргааны актыг мэдэгдэнэ" гэх мэт) буюу хууль тайлбарлах аргаар тайлбарлах шаардлагагүй, хуульчийн тусгай мэдлэг, ур чадвар шаардагдахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалтыг ойлгоно.
Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх үед хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг дүгнэж шийдвэрлэх зэргээр шүүхээс уг заалтыг хэрэглэхэд хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол "илт тодорхой" гэж үзэхгүй. Мөн үүнд тухайн хууль зүйн ойлголтыг хуульд тодорхойлсон боловч маргааны үйл баримтад хэрэглэхийн тулд үндсэн шинжийг нь тайлбарлах, дүгнэлт хийх зэргээр субсумц хийх буюу зүйлчлэх шаардлагатай бол хамаарахгүй. Жишээ нь, захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцэл, гэмт хэрэг, зөрчил гэх мэт хууль зүйн ойлголтыг хуульд тодорхойлсон боловч төрийн байгууллагын тодорхой шийдвэр, үйл ажиллагаа захиргааны акт, эсхүл захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх, маргаан бүхий гэрээ нь захиргааны, эсхүл иргэний гэрээнд хамаарах, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, тодорхой этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил, эсхүл гэмт хэрэг болох зэрэгт дүгнэлт өгөх, зүйлчлэл хийх шаардлагатай бол илт тодорхой заалт гэж үзэхгүй.
Процессын хуулийн тухайд, уг ойлголтод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг утгаар ойлгогдож хэрэглэгддэг, агуулга нь нэгэнт тогтсон нэр томьёо, ойлголт, хуулийн заалт хамаарна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг агуулгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн ("мэтгэлцэх зарчим", "нотлох баримт", "итгэмжлэгдсэн төлөөлөгч", "хэргийн материалтай танилцах", "хууль зүйн туслалцаа авах", "талуудын зарчим", "мөрдөн шалгах зарчим" гэх мэт) ойлголт, агуулгыг "илт тодорхой" заалтад хамааруулна. Харин шүүгчид эрх олгосон "эрхтэй", "болно" гэсэн заалт, түүнчлэн хэд хэдэн арга хэмжээнээс аль нэгийг нь сонгох боломж олгосон зохицуулалт хамаарахгүй.
5.2."Ноцтой зөрчих" гэдгийг материаллаг болон процессын хуулийн хувьд ялгамжтай авч үзэх нь зүйтэй.
Материаллаг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хуулийн агуулгыг илэрхий өөрөөр, дур зоргоороо тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэлгүй орхисны улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Жишээ нь, гомдол гаргах эрхтэй шүүхийн шийдвэрт "гомдол гаргах эрхгүй" гэж, хэргийн оролцогчийн нэр, хаяг, эд хөрөнгө зэрэг чухал мэдээлэл, шүүхээс авсан арга хэмжээ, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг (нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хангасугай гэх мэтээр)-ийг буруу бичсэн зэргээс хэргийн оролцогч болон бусад этгээд эрх, эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хохирох ноцтой үр дагаварт хүргэсэн бол уг ойлголтод хамааруулах боломжтой.
Харин шүүгч санамсаргүйгээр техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй.
Гэхдээ уг алдаа нь шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй, үл тоомсорлосон хандлага, харилцаанаас шалтгаалсан, давтан гаргасан, гаргасан алдаагаа хуулийн дагуу залруулах боломжтой атал зориуд цааргалсан бол үүсгэсэн үр дагаврыг нь харгалзан үзсэнээр сахилгын зөрчилд тооцож болно.
Дээр тайлбарласанчлан, "хуулийн илт тодорхой заалт" гэдэг нь хэнд ч ойлгомжтой буюу шүүгчээс мэргэжлийн тусгай мэдлэг, хууль тайлбарлан хэрэглэх ур чадвар шаардахгүй тул хуулийн илт тодорхой заалт зөрчсөнийг "мэргэжлийн алдаа" гэж үзэхгүй.
5.3."Удаа дараа зөрчих" гэсний "удаа дараа" гэх ойлголтыг төрийн албан хаагчийн нийтлэг (хөдөлмөрийн) харилцааг зохицуулж буй "Төрийн албаны тухай хуулийн агуулгаар тайлбарлах нь зүйтэй. Уг хуулийн 47.1.1-д "... удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж заасан тул энэ агуулгаар "хуулийн илт тодорхой заалтыг гурав ба түүнээс дээш удаа зөрчих" гэж ойлгоно.
Хуульд "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн" гэсэн бие даасан хоёр нөхцөлийг "эсхүл" холбоосоор заагласан байх тул шүүгч нэг бол хуулийн илт тодорхой заалтыг 1 удаа "ноцтой" зөрчихөд хариуцлага хүлээнэ, эсхүл ноцтой бус зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн бол хариуцлага хүлээнэ гэж ойлгохоор байна.
Шүүгчийн гаргасан зөрчил нь дээр тайлбарласан "ноцтой" шинжийг агуулаагүй, мөн техникийн шинжтэй алдаа биш бол ноцтой бус зөрчилд хамаарна.
Шүүгч хуулийн илт тодорхой заалтыг 1-2 удаа ноцтой бус байдлаар зөрчсөн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Иймд "удаа дараа"-г тоолохдоо шүүгч 3 дахь удаа зөрчил гаргахаас өмнө хуулийн илт тодорхой заалтыг 2 удаа зөрчсөн нь "ноцтой зөрчил"-д хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Шүүхийн сахилгын хорооны тогтоол хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно.
Мөн Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд шүүгч хуулийн илт тодорхой заалтыг 3 удаа зөрчсөн талаар дурдсан бөгөөд тухайн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаагийн бие даасан зөрчил тогтоогдвол "удаа дараа"-д тооцно.
Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хөөн хэлэлцэх хугацааг шийтгэлийн төрлөөс хамаарч заасан тул уг зохицуулалтыг 50.1.23-т заасан зөрчлийн удаа дараагийн үйлдэл, эс үйлдэхүйн хооронд тооцож хэрэглэх үндэслэлтэй.
Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ... удаа дараа зөрчсөн" гэж заасан тул шүүгч Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т зааснаас бусад зөрчлийг, тухайлбал 50.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргаж, хариуцлага хүлээсэн нь уг заалт дахь "удаа дараа" гэх ойлголтод хамаарахгүй.
5.4."Үйлдэл" гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.
5.5."Эс үйлдэхүй" гэдэгт шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хийх ёстой зүйлийг хийгээгүй, тодорхой үйл ажиллагаа явуулахаас татгалзах, идэвхгүй үйлдлээр орхигдуулахыг ойлгоно. Жишээ нь шүүгч өөрийн гаргасан алдааг засахаас зориуд зайлсхийх, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол зэргийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй, удаан хугацаагаар дарах гэх мэт.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг
ТАЙЛБАРЛАХ нь:
1."Хууль" гэдгийг Улсын Их Хурлаас баталсан хууль гэж ойлгох ба үүнд материаллаг болон процессын хуулиуд хамаарна.
2."Хуулийн … заалт" гэдэг нь "хуулийн зохицуулалт" гэсэн ерөнхий утгыг илэрхийлэх ба үүнд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн зүйл, хэсэг, заалт бүхэлдээ хамаарна.
3."Илт тодорхой" гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно.
Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол "илт тодорхой" гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй.
Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй.
4."Ноцтой зөрчих" гэдгийг:
а.Материаллаг хуулийн хувьд, хуулийн илт тодорхой заалтын агуулгыг илэрхий өөрөөр, дур зоргоороо тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэлгүй орхисны улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
б.Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй.
Уг алдаа нь шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй, үл тоомсорлосон хандлага, харилцаанаас шалтгаалсан, давтан гаргасан, гаргасан алдаагаа хуулийн дагуу залруулах боломжтой атал зориуд цааргалсан бол үүсгэсэн үр дагаврыг нь харгалзан үзсэнээр сахилгын зөрчилд тооцож болно.
5."Удаа дараа" гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
6."Үйлдэл" гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.
7."Эс үйлдэхүй" гэдэгт шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй, тодорхой үйл ажиллагаа явуулахаас татгалзах, шийдвэр гаргахгүй орхигдуулахыг ойлгоно.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ИЛТГЭГЧ ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх