- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 60
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжиж үнийг зохистой түвшинд тогтворжуулах зорилгоор импортоор оруулах мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонтой холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/Өрсөлдөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Худалдааны тухай болон Демпингийн эсрэг хуулийн төслийг тус тус боловсруулж, 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/улсын стратегийн нөөцөд шаардлагатай 100.000 тонн улаанбуудайн нөөцийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх;
3/гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг итгэмжлэгдсэн, лавлагаа лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах;
4/гурилын үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлж, улаанбуудайн гурил, үр тариаг татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүлэн ажиллах;
5/баруун бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурил, тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг бий болгох, төлөвлөгөө гаргаж, "Атрын 4 дүгээр аян"-ы хүрээнд хэрэгжүүлэх;
6/алслагдсан бүс нутгийн гурил, тэжээлийн үйлдвэрлэл, хангалтыг хэвийн түвшинд хүртэлх хугацаанд үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй тээврийн зардлыг бууруулах, шаардлагатай гурил, малын тэжээлийг тухайн бүс нутгийн хилийн боомтоор оруулж үнийн болон хангалтын тогтвортой байдлыг бий болгох;
7/мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын хангамж, нийлүүлэлт хомсдох, үндэслэлгүйгээр үнэ өссөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосныг үйлдвэрлэгчдэд мэдэгдэх, үйлдвэрлэгчдийн зүгээс холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/, Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
1
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх