A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

1

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр                                                №07                                        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Б.Будхүүгийн итгэмжилсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Б.Будхүү Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлжээ:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ зүйлийн ... 1.5, ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна." гэж, 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж, мөн зүйлийн 12 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын "халдашгүй, чөлөөтэй байх ... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж ... болохгүй. ...", 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчиж байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад зааснаар иргэний эрх чөлөөг нь хязгаарлаж, хорихын тулд хуульд заасан тодорхой үндэслэл байх ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг нэг бүрчлэн тодорхой заасан боловч шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг уг хуульд тодорхой заагаагүй. Хорих арга хэмжээ, ял шийтгэл нь тэр дундаа хаалттай хорих нь Монгол Улсад төдийгүй олон улсад хамгийн хатуу ял, арга хэмжээнд хамаардаг. Хүнийг хорих эрхийг ялангуяа шүүхээс гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байгаа иргэнийг хорих эрхийг шүүхэд олгодог энэ хууль нь ойлгомжтой, тодорхой үндэслэлтэй байх ёстой. Хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох албан тушаалтны санаатай, санамсаргүй алдаа гарч, хуулийн зохицуулалт зөрчигдөж байхыг үгүйсгэхгүй ч аль болох алдаа гаргахгүйгээр уншаад нэг мөр ойлгож хэрэгжүүлэх боломжтой, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн үндэслэлтэй, тодорхой зохицуулалт бүхий хуулийг батлах нь төрийн үндсэн үүрэг юм. Гэтэл тус хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгдэгчийг цагдан хорих эрхийг шүүхэд олгохдоо аливаа үндэслэл, журам заагаагүй.

Шүүх өөрийн эрхийн хүрээнд шүүгдэгчийг цагдан хорих асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан тодорхой үндэслэл заавал дурддаг байх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Тус хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино." гэж заасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа шүүгдэгчийг цагдан хориход дээрх заалтаас ямар үндэслэл, шалтгааныг хэрхэн дүгнэж ойлгох нь тодорхой бус байна. Миний цагдан хоригдож буй Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шүүхэд хэрэг нь шилжсэн гэх шалтгаанаар хугацаагүйгээр, хуулийн тодорхой үндэслэлгүйгээр цагдан хоригдож буй иргэн цөөнгүй байна. Тухайлбал, намайг анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэн хорих ял оноосон ба би өөрийгөө цагаатгах байр суурьтайгаар давж заалдах гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон ч гэм буруугийн асуудлаар аливаа дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, миний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс "цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй" гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ ямар нэгэн үндэслэл, шалтгаан огт дурдаагүй бөгөөд цагдан хорих арга хэмжээний талаар тодруулга хүсэхэд "шүүхийн эрх хэмжээний асуудал" гэх хариуг өгсөн. Хавтаст хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд очсоны дараа өөрийн болон өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй төдийгүй хариу өгөөгүй. Улмаар шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцэхээр болж хүлээгдэж байна. Улсын дээд шүүхэд мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч тус шүүхээс "хяналтын шатны шүүх хуралдаан болохоос өмнө, урьдчилан тусгайлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх боломжгүй" гэх агуулга бүхий хариу өгсөн бөгөөд тус шүүх уг хэргийг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "… шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан нь тодорхой хугацааны журамгүй, хязгааргүй цагдан хорих боломжийг олгож байна. Энэ хуульд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж дуусах тодорхой хугацаа байхгүй. Энэ тохиолдолд прокурор эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа цагдан хоригдож байсан яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон, эсхүл тухайн хугацаанаас эхлэн цагдан хорихоор шүүхээс шийдвэрлэсэн тохиолдолд уг хэрэг хэзээ шийдвэрлэгдэж дуусах нь тодорхойгүй болох ба шүүх, шүүгч хүсвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дуусгахгүй, өөрчлөхгүй байх боломжтой байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тус шийдвэрийг оролцогчдод танилцуулах, давж заалдах гомдол гаргах, шүүх хэргийг шийдвэрлэх, цаашлаад хяналтын журмаар гомдол гаргах, Улсын дээд шүүхээс хэргийг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааны хугацааг тус хуульд тодорхой заасан байдаг.

Хуульд тодорхой хугацаа байсаар байхад уг хугацааг зөрчих, хэтрүүлэх тохиолдол практикт олон байдаг. Түүнчлэн тус хуулийн 39.9 дүгээр зүйл, 40.8 дугаар зүйлд зааснаар дээд шатны шүүхээс эрүүгийн хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах хуулийн зохицуулалт байхгүй хэдий ч практикт мөн л шүүхийн эрхийн асуудал хэмээн хуульд заагаагүй үйл ажиллагаа явагдсаар байна. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шударга ёсыг сахиулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гагцхүү хуульд захирагдах, хууль дээдлэх үндсэн зорилго, зарчимтай шүүх, шүүгч нь аливаа шатлалгүйгээр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Монгол Улсад шүүхийн уг зорилго, зарчим бүрэн хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчих, зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд хүнийг цагдан хорих үндэслэл, журмыг маш тодорхой, ойлгомжтойгоор хуульд тусгаж, шүүхийн эрхийн асуудал хэмээн шийдвэрлэх боломжийг хязгаарлах шаардлагатай.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний тухайд цагдан хоригдож байгаа гэж үзвэл шүүхийн үйл ажиллагаа хугацааны хувьд удаан шийдвэрлэгдэж байгаагаас хамаарч тухайн хүн мөн хуульд заасан өөрийн эрхээ эдлэх боломжгүй нөхцөлд хүрэхээр байна. Дэлхийн олон оронд шүүхээр гэм буруутай нь нотлогдон эцсийн шийдвэр гарах хүртэл хуульд заасан зайлшгүй тодорхой үндэслэлээс бусдаар шүүгдэгчийг цагдан хорьдоггүй ардчилсан нийгмийн жишиг болох хуультай орон олон байдаг гэж ойлгодог. Тус хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ." гэж заасан хэдий ч анхан шатны шүүхээс хорих ял сонсгосон тохиолдолд шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг практик Монгол Улсад нэгэнт тогтжээ. Харин хорихоос өөр төрлийн ялын биелэлт түдгэлздэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "… шударгаар ял оногдуулах, … хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ..." гэж, мөн хуулийн 1.12 дугаар зүйлд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэж тус тус заасан хэдий ч ямар үндэслэлээр Монгол Улсын шүүх тэгш бус, ялгамжтай практик тогтоосон нь ойлгомжгүй байна. Тус хуулийн 31.4, 31.5 дугаар зүйлд сэжигтнийг баривчлах үндэслэл, журмыг, 14.9, 14.10 дугаар зүйлд яллагдагчийг цагдан хорих үндэслэл, журмыг тус тус заасан нь Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтад нийцэж байгаа хэдий ч шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл, журмыг тодорхой заахгүйгээр ерөнхий агуулгаар, хугацаагүй хорих боломж, эрхийг шүүхэд олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг цагдан хорих хугацааг хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл тоолохоор заасан. Улмаар эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэнээр яллагдагч нь шүүгдэгч болж байгаа ба хэргийн материалд шинээр нотлох баримт орох боломж хязгаарлагдмал юм. Мөн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд хугацааны хязгаарлалт байхгүй. Ийм нөхцөлд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд зааснаар уг шаардлага буюу үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан байх ёстой. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял сонсгосон тохиолдолд нэгэнт тухайн шүүх, шүүгч нь хорих ял оногдуулах гэм буруутай гэж дүгнэж байгаа тул цагдан хорьж болох юм. Гэхдээ шүүх өөрийн үзэмжээр цагдан хорьж болохгүй бөгөөд тус хуульд дээрх нөхцөлийг үндэслэл болгон тусгах нь зүйтэй. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хорих ял хэрэгжээд явна. Харин хэргийн оролцогчид гомдол, эсэргүүцэл гаргаж, дээд шатны шүүхийн шийдвэрээр хорих ял оноосон доод шатны шүүхэд, эсхүл прокурорт хэргийг буцаасан тохиолдолд шүүгдэгчийг суллах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөг, эсхүл зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэж үзвэл тус хуульд тодорхой үндэслэл, журмыг тусгах шаардлагатай.

Шүүхээс бусад төрлийн албан хаагчид өөрийн дур зоргоор асуудалд хандаж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, хууль зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох зохицуулалт холбогдох хуульд тусгагдсан байдаг. Харин шүүх, шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргасантай нь холбогдуулан хариуцлага тооцох зохицуулалт Монгол Улсад төдийгүй бусад оронд ч хязгаарлагдмал байдаг. Иймээс шүүхийн хэрэглэх хууль нь тодорхой, ойлгомжтой, Үндсэн хуулийн зөрчил үүсэх боломжийг хязгаарлах нь зүйтэй. Аливаа шүүгдэгч ямар үндэслэлээр хэдий хүртэл хоригдохоо мэдэхгүй байх нь тухайн хүний төдийгүй, түүний гэр бүлийн хүмүүст сэтгэл зүйн дарамт учруулж, цаашдын ажил, амьдрал төлөвлөх, тодорхой зорилго бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх, боломжийг хязгаарлаж байдаг. Харин үндэслэл, хугацаа тодорхой цагдан хоригдох, эсхүл шүүхийн эцсийн шийдвэр гарч, тодорхой хугацаа журамтайгаар ял эдлэх тохиолдолд тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй, ажил амьдралаа төлөвлөх нөхцөл нь дээрхээс илт дээр байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ зүйлийн ... 1.5, ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна." гэж заасан нь, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж буй талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

"Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1988 оны 43/173 дугаар тогтоолоор баталсан Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцын 3-т "... хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй.", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 1, 2, 3, 4, 5 дугаар зүйлд баривчлагдсан буюу цагдан хоригдсон "Хүн бүр" гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь дотоодын хууль тогтоомжийн дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэх нэршлээс үл хамааран цагдан хорих, баривчлах талаар тогтоосон олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ адил хэмжээнд мөрдөгдөх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад ""оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;" ойлгоно гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид энэ бүлэгт заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна." гэж заасан.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй." гэж заасан. Энэ заалтын агуулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны 35 дугаар тайлбарт дур мэдэн гэх ойлголтод хуулиар уг үйл ажиллагааг журамлаагүй байдлыг ойлгохоор заасан бол хуульд заасан үндэслэл, журмаас гадуур гэдэг ойлголтыг "Баривчлах, цагдан хорих аливаа бодит үндэслэлийг хуулиар тогтоох бөгөөд хэт өргөн хүрээтэй буюу дур мэдэн тайлбарлах, хэрэглэхээс сэргийлэх үүднээс тэдгээр үндэслэлийг нарийвчлан тогтооно.", "Цагдан хорих үндэслэлийг сунгах тохиолдол бүрд нөхцөл байдлыг нэг бүрчлэн хэлэлцэж байх." гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд "яллагдагчид" цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн шатанд хэргээ шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа "шүүгдэгч"-ийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх процессыг хуульчлахдаа шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүхийн хэлэлцүүлгийн үндсэн дээр шийдвэрлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, прокурор болон оролцогч нь хуульд заасан үндэслэл, нөхцөлийн дагуу, хуульд заасан шаардлагыг хангасан саналыг шүүхэд гаргах, шүүх уг саналыг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаарх зохицуулалтыг тус хуулиар тогтоож өгсөн нь тодорхой байна. Иймд тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг иргэний мэдээлэлд дурдсан "шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл журмыг тодорхой заахгүйгээр ерөнхий агуулгаар, хугацаагүй хорих боломж, эрхийг шүүхэд олгосон" гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шүүгч нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх, мөн хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж эхлэх үүрэгтэй бөгөөд дээрх зохицуулалтын хүрээнд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нийт хугацааг тодорхойлохоор байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд тус хуулийн 39.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 40.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 36.11 дүгээр зүйлд шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллахаар заасан тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих арга хэмжээ авагдсан шүүгдэгчийн хувьд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд түүний цагдан хоригдох хугацаа тоологдохоор байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах журмыг тус хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2, 39.2 дугаар зүйлийн 2, 40.3 дугаар зүйлийн холбогдох хэсэгт тусгайлан хуульчилсан. Түүнчлэн Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.", 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Хоригдох этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт заасан хугацаагаар хорино.", 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт "Хорих байрны дарга нь хоригдсон этгээдийг хуульд заасан хорих хугацаа дуусах болсон тухай 24 цагаас доошгүй хугацааны өмнө хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд болон харьяалах прокурорт бичгээр ... мэдэгдэх үүрэгтэй.", түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар ... байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх ... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ..." гэж тус тус зааснаас үзэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааны хязгаарлалтыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан зохицуулалтуудын агуулгаас харахад иргэний мэдээлэлд тусгасан үндэслэл нь хууль хэрэглээнд гарсан буруу жишгээс хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан процессыг хуульчлаагүй, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр хууль тогтоогчоос эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих хяналтыг сайжруулах явдал гэж үзэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч шүүхээс тус хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна гэсэн ерөнхий заалтыг удирдлага болгон шүүхийн шатанд шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа "Дараагийн шүүх хурал хүртэл" гэж хуульд заагаагүй хугацаа хэрэглэж хүний эрхийн зөрчил гарч байгааг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Иргэний мэдээлэлд дурдсан дээрх зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгчийг цагдан хорьсон хугацааг хэрхэн тооцох асуудал ямар ч зохицуулалтгүй болж эрх зүйн хийдэл үүсэх зэрэг сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Тиймээс дээр дурдсан хуулийн хийдэл, зөрчлийн асуудлыг шууд Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж шийдвэрлэхээс илүүтэйгээр тухайн асуудлын талаарх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар Монгол Улсын Үндсэн хуулиар хүний эрхийг хангах боломжтой гэж үзэж байна." гэжээ.

Гурав. Мэдээлэл, гомдлыг урьдчилан шалгах болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);

Монгол Улсын шүүхийн холбогдох шийдвэр (шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, магадлал зэрэг);

Монгол Улсын дээд шүүх, Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 2025.05.16, №01/1616;

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.12.25, №1/2577;

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2025.04.11, №1/1791;

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2025.04.28, №01/710;

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.09.30, №01/1464; 2025.02.04, №01/277; Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, 2023; Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, 2025;

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Баримт бичгийн хуулбар хүргүүлэх тухай албан бичиг, 2024.12.23, №ТГ-02/2038;

2017.05.18-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн болон 2024.01.17-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, төслийн үзэл баримтлал, судалгаа, тайлан;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хариу албан бичиг, 2025.04.09, №02/1009; 2025.06.05, №01/1632;

Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2025.04.11, №05/117; Санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023.11.16, №01/1376;

Монголын Хуульчдын холбоо, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2025.04.21, №1/387;

"Монголын Эмнести Интернэшнл" ТББ, Мэргэжлийн дүгнэлт, 2025.04.02, №033;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс томилсон шинжээч О.Мөнхцэцэгийн дүгнэлт (цаашид "Шинжээчийн дүгнэлт" гэх), 2025.04.21;

Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, 1948, 217/А/III/; Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, 1966, 2200А(XXI); Аливаа хэлбэрээр цагдан хоригдсон, эсхүл шоронд хоригдсон бүх хүнийг хамгаалах зарчмын цогц, 1988, 43/173;

НҮБ-ын Хүний эрхийн хороо, Ерөнхий тайлбар: 9 дүгээр зүйл (чөлөөтэй, аюулгүй байх эрх), 1982, №8; Ерөнхий тайлбар: 14 дүгээр зүйл (хуулийн дагуу байгуулагдсан, бие даасан шүүхээр шударгаар, нээлттэй шүүлгэх болон шүүхийн өмнө тэгш байх эрх), 1984, №13; Ерөнхий тайлбар: Шүүх, маргаан таслах байгууллагын өмнө тэгш байх, шударгаар шүүлгэх эрх, 2007, №32, CCPR/C/GC/32; Ерөнхий тайлбар: Чөлөөтэй, аюулгүй байх эрх, 2014, №35, CCPR/C/GC/35; Австралийн эсрэг А, 1997.04.30, CCPR/C/59/D/560/1993; Австралийн эсрэг Даниал Шафи, 2006.11.13, CCPR/C/88/D/1324/2004; Эцсийн ажиглалт: Этиоп Улс, 2011, CCPR/C/ETH/CO/1;

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Дур мэдэн цагдан хорих асуудал хариуцсан Ажлын хэсэг, 2006.11.21, №43/2006 (2008.01.16, A/HRC/7/4/Add.1); Эрх чөлөөгөө хасуулсан хэн бүхэнд шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг эдлүүлэх арга, журмын талаарх НҮБ-ын үндсэн зарчим, удирдамж, A/HRC/30/37;

Европын парламент, Европын зөвлөл, Удирдамж, 2013.06.26, 2013/33/EU;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай загвар хууль (цаашид "Загвар хууль" гэх), II дэвтэр, 2008.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Иймээс Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, аюулгүй байх эрхтэй.", 9 дүгээр зүйлд "Хэнийг ч дур мэдэн баривчлах, цагдан хорих буюу хөөн зайлуулах ёсгүй." гэж тусгаж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-ын 9 дүгээр зүйлд бие махбодын эрх чөлөөг дэлгэрэнгүй баталгаажуулсан тул эдгээр эрхийг хүн бүрд эдлүүлнэ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж тусгаж, хүний нэр төр халдашгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхээс гадна бие махбодын болон бусад эрх чөлөө (хувийн халдашгүй байдал, гэр бүл халдашгүй байх, захидал харилцааны нууц халдашгүй байх, орон байр халдашгүй байх зэрэг эрх), тэдгээрийг хязгаарлахад тавих зарчим, нөхцөлийг тогтоож баталгаажуулсан байна (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04).

Бие махбодын эрх чөлөө нь хүнийг дур мэдэн баривчлах, хорихоос ангид байх эрх юм. "Баривчлах" гэдэгт хүнийг барьж аван эрх чөлөөг нь хасаж эхлэх аливаа үйлдлийг ойлгох бол "хорих" гэдэгт баривчлагдах үеэс эхэлж, суллагдах хүртэл үргэлжлүүлэн эрх чөлөөг хасахыг ойлгоно. Хорих гэдэгт хүнийг саатуулах, цагдан хорих, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах зэрэг бие махбодын эрх чөлөөг хасах бүх хэлбэр багтана. Энэ эрх чөлөөг хасах нь хүний хөдөлгөөнийг хумигдмал орон зайд тодорхой хугацаагаар хүсэл зоригийнх нь эсрэг хязгаарлаж, чөлөөтэй орхин явах боломжгүйгээр суллагдах хүртэл байлгах гэсэн утгатай. Эрх чөлөөгөө хасуулснаар хүн бусад олон эрхээ эдлэх боломжгүй болдог тул энэ нь үндсэн эрхэд халдах хамгийн ноцтой хязгаарлалтын нэгд тооцогдоно (Цэцийн дүгнэлт, 2024, №03).

Үндсэн эрхэд тавих аливаа хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал болон тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх, шүүхийн хяналтад байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хууль шаардана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ (цаашид "цагдан хорих" гэх) нь яллагдагч, шүүгдэгчийг хорих буюу бие махбодын эрх чөлөөг нь хасах хэлбэр тул эдгээр зарчимд нийцсэн байдлаар зохицуулагдах ёстой. Иймээс тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан нь эрх зүйн тодорхой байдал болон тохирсон байх, шүүхийн хяналтад байх зарчмыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:

Нэг. Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмын дагуу үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай. Тодруулбал, үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах бөгөөд уг хязгаарлалт нь хоёрдмол утгагүй, тодорхой, үр дагаврыг урьдчилан таамаглаж, мэдсэнээр зан үйлээ нийцүүлэх боломжтой байдлаар хуульчилбал зохино (Цэцийн дүгнэлт, 2002, №02; 2020, №12; 2021, №02; 2024, №03; Цэцийн тогтоол, 2002, №02). Өөрөөр хэлбэл, эрх зүйн тодорхой байдал нь хуулийг хүмүүст ойлгомжтой байдлаар нарийвчлан тогтоосон, практикт хэрхэн хэрэгжүүлж байгааг нь мэдэж, дагаж мөрдөх боломжтой байхыг шаардана.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах аливаа арга хэмжээний үндэслэл, журмыг хуульд заах, дур мэдээгүй байх гэсэн гурван шаардлага тавигдана. Түүнчлэн Пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр эрх чөлөөтөй, аюулгүй байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй." гэж заасан. Хүнийг цагдан хорих нь дур мэдсэн байж болохгүй бөгөөд хуулиар тогтоосон үндэслэл, журамд тулгуурлах ёстой (Ерөнхий тайлбар, №8, догол 4). "Баривчлах, цагдан хорих аливаа бодит үндэслэлийг хуулиар тогтоох бөгөөд хэт өргөн буюу дур мэдэн тайлбарлах, хэрэглэхээс сэргийлэх үүднээс тэдгээр үндэслэлийг нарийвчлан заана. ... хүний эрх чөлөөг хууль ёсоор хасах журмыг хуулиар тогтоох бөгөөд оролцогч улс тэрхүү журмыг чанд хэрэгжүүлнэ ..." (Ерөнхий тайлбар, №35, догол 22, 23).

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл, журмыг хуульд тодорхой заасан эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд дур мэдэн цагдан хорихоос хамгаалсан эсэхийг энэ дүгнэлтийн Үндэслэл хэсгийн Гуравт авч үзэх болно:

1.1.Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг тодорхой заасан эсэх

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах тохиолдолд түүний бодит үндэслэлийг хуульд заах төдийгүй уул үндэслэл нь тодорхой байна. Хэт өргөнөөр, эсхүл дур мэдэн тайлбарлах, хэрэглэхээс сэргийлэх үүднээс тэдгээр үндэслэлийг хуульд ерөнхий тусгах бус, харин нарийвчлан тодорхойлох ёстой. Тухайлбал, хүнийг цагдан хорих үндэслэл нь тэрхүү арга хэмжээтэйгээ адил түвшний, зайлшгүй, тодорхой хуульчлагдах шаардлага тавигдана. Түүнчлэн хуулиар бүрэн эрх олгоогүй байхад хүнийг цагдан хорьж болохгүй бөгөөд цагдан хорих үндэслэлийг хуульд заагаагүй, нарийвчлан тодорхойлоогүй, эсхүл хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй бол бие махбодын эрх чөлөөг зөрчсөнд тооцно.

Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-аас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:" гээд 1.1 дэх заалтад "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;" 1.2 дахь заалтад "шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;" 1.3 дахь заалтад "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;" 1.4 дэх заалтад "урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй." гэж заасан байжээ. Түүнчлэн тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж зохицуулж байсан. Эдгээр зохицуулалтын 2018-2022 оны хэрэгжилтийн байдалд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгаагаар тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн" цагдан хорих нь нийт цагдан хорьсон шийдвэрийн 19.8 хувь буюу практикт хамгийн түгээмэл хэрэглэсэн хоёр үндэслэлийн нэг байсан бөгөөд хэт өргөн агуулгыг илэрхийлж, хэрэглэхэд хүндрэл үүсгэдэг гэжээ (2023, х. 45, 48).

Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг тус хуулийн төслийн үзэл баримтлалд "яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зарим үндэслэл хэт ерөнхий байгаа нь субьектив шинжтэй байгааг анхаарч цагдан хорих үндэслэлийн обьектив шалгуурыг нарийвчлан тодорхой болгон хуульчлах шаардлагатай байна." гэсэн бол төслийн дэлгэрэнгүй танилцуулгад "яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл нь прокурор, шүүгчийн үзэмжээс хамаарах буюу хэт субьектив шинжтэй байх тул шалгуурыг обьектив байдлаар нарийвчлан тодорхойлж холбогдох зохицуулалтыг тусгалаа." гэж тэмдэглэсэн байна. Иймээс тус нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт шүүх яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг дараах байдлаар дэлгэрүүлэн зохицуулсан байх бөгөөд уг арга хэмжээг зөвхөн хорих ял оногдуулахаар хуульчилсан гэмт хэргийн яллагдагчид авахаар заасан нь хүний бие махбодын эрх чөлөөг хамгаалахад дэвшилттэй болжээ. Уг хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:" гээд 1.1 дэх заалтад "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан;" 1.2 дахь заалтад "шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;" 1.3 дахь заалтад "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;" 1.4 дэх заалтад "урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй." гэж зохицуулсан байна. Түүнчлэн мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:" гээд 2.1 дэх заалтад "энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл;" 2.2 дахь заалтад "эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл амь нас, эрүүл мэнд, бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;" 2.3 дахь заалтад "зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон;" 2.4 дэх заалтад "Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;" 2.5 дахь заалтад "Монгол Улсад байнга оршин суудаггүй." гэж тусгасан байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заажээ.

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дээрх хуулиар цагдан хорих үндэслэлийг дэлгэрүүлэн тогтоохдоо "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн" тус арга хэмжээг яллагдагчид авах заалтыг халсан нь цагдан хорих үндэслэлийг нарийвчлан тодорхойлох шаардлагад нийцсэн байх боловч шүүгдэгчийг ийм хэт ерөнхий заалтаар цагдан хорьж болохоор зохицуулсан байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж нэмжээ.

Шүүх тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн дагуу "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн" шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байх тул энэ зохицуулалт нь шүүгдэгчид уг арга хэмжээг авах үндэслэл гэж үзэхээр байна. Тус хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино." гэжээ. Эдгээр ерөнхий зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг цагдан хорьж болохоор хуульчилсан нь шүүх түүнийг хэт өргөнөөр, эсхүл дур мэдэн тайлбарлах, хэрэглэх эрсдэлийг бий болгож байна. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг хуульд хангалттай нарийвчлан тодорхойлоогүйгээс түүнийг обьектив шалгуургүйгээр буюу үзэмжээрээ цагдан хорих нөхцөл бүрдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ямар үндэслэлээр цагдан хоригдох талаар урьдчилан таамаглах, зан үйлээ нийцүүлэх боломжгүй байна.

Монгол Улсын дээд шүүх (цаашид "Улсын дээд шүүх" гэх)-ээс ирүүлсэн тайлбар (№01/1616)-т практикт шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг голчлон "шүүхийг үл хүндэтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй тухай үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн, эсхүл тэдний аюулгүй байдалд заналхийлсэн, шүүгдэгчийн өөрийнх нь аюулгүй байдлыг хамгаалах шаардлага үүссэн" зэрэг үндэслэлээр авч байна гэжээ. Тус тайлбарт "гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн, эсхүл тэдний аюулгүй байдалд заналхийлсэн" нь шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл болно гэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад гэрч, хохирогчийг "дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" нь яллагдагчийг цагдан хорих үндэслэл байхаар илүү нарийвчлан заасан байна. Түүнчлэн оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан, шүүгдэгчийн өөрийнх нь аюулгүй байдлыг хамгаалах шаардлага үүссэн гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагдан хорихоор тайлбарласан нь яллагдагчийг цагдан хорих үндэслэлтэй адил байх боловч бусад нь яллагдагчийг цагдан хорих үндэслэлээс ялгаатай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;" гэж анх заасан байсан ч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тус заалтын "дахин үйлдэх" гэснийг "үйлдэж болзошгүй" гэж өөрчилсөн байна. Гэвч 2022 оны байдлаар тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасан "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр цагдан хорьсон шийдвэр энэ төрлийн нийт шийдвэрийн 25.4 хувь байсан нь практикт хамгийн түгээмэл хэрэглэсэн үндэслэл болсон бөгөөд ийм хэт өргөн зохицуулалт нь "болзошгүй" гэсэн таамаглалаар хүнийг цагдан хориход хүргэдэг гэж дүгнэсэн байна (Хүний эрхийн Үндэсний Комисс, 2023, х. 45, 48). Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" бол яллагдагчийг цагдан хорих заалтыг халсан байх боловч ийм хэт ерөнхий үндэслэлээр шүүгдэгчийг практикт цагдан хорьж байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн "дахин зөрчил үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй тухай үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон" бол яллагдагчийг цагдан хорихоор хуульчлаагүй боловч шүүгдэгчийг ийм ялимгүй үндэслэлээр цагдан хорьж байгаа практик нь ойлгомжгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг тус хуулийн бусад заалттай хамтад нь, эсхүл дангаар нь хэрэглэж байгаа нь тогтоогдож байна. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт (х. 3)-д "... гол төлөв шүүхээс хэргийг прокурорт буцаах, шүүхийн харьяалал тогтоох, шүүхээс шинжээч томилох зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх, шүүх хуралдааныг хойшлуулж дахин тов тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 9, 11, 12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон "прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт", "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн", "шүүх хуралдаан хүртэл" тодорхой хугацаа заалгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэдэг шүүхийн практик тогтжээ." гэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн (№01/1632) "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүхийн тогтоолд "Шүүгдэгч ...-ын холбогдсон гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, яллах дүгнэлт үйлдсэний дараа өөр дүүргийн прокурорын газраас бусдыг залилсан гэж яллагдагчаар татагдсан зэргийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв." гэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ зөвхөн тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгосон байх бөгөөд шүүгдэгчийг цагдан хорьсон үндэслэлийг ойлгомжтой тайлбарлаагүй байна. Энэ тогтоол гарснаас хойш тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 9 удаа хойшлуулахдаа шүүгдэгчид авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан хүртэл хэвээр үргэлжлүүлсэн байх боловч яагаад хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн тухай үндэслэлээ шүүхийн тогтоолд бичээгүй байна (холбогдох шүүхийн тогтоол). Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал гаргаж, улсын яллагч хариу тайлбар хэлсэн байх боловч эдгээр санал, тайлбарын үндэслэлийг шүүх хэрхэн үзсэн, уг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх ямар үндэслэл байгаа, анх цагдан хорьсон үндэслэл арилсан эсэх талаар эдгээр тогтоолд бичээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг яллагдагчийг цагдан хорих үндэслэлтэй адил нарийвчилж зааж өгөөгүйгээс шүүхээс тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгээс бусад ерөнхий заалтыг удирдлага болгон шүүгдэгчид уг арга хэмжээг авч байна. Тухайлбал, "Шүүгдэгч ... нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1,07 хувийн согтолттойгоор шүүх хуралдаанд ... ирж, шүүх хуралдаан явагдах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байх тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй" гэж үзээд тус хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно." гэж заасныг үндэслэн тухайн шүүгдэгчийг цагдан хорьжээ (Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн шүүгчийн захирамж, №01/710). Энэ захирамжид шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлээ тайлбарласан байх боловч тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг, эсхүл цагдан хорихтой холбоотой бусад заалтыг удирдлага болгоогүй, хэрэглээгүй байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь хуулийн дагуу төдийгүй зайлшгүй, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл зарим шүүхийн шийдвэрт шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх болсон үндэслэл бичигдээгүй байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар шүүгдэгч Б-г гэм буруутай гэж үзэж 2 жилийн хорих ял оногдуулж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр заасан ч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, цагдан хорихоор шийдвэрлэсэн байх бөгөөд яагаад цагдан хорьсон тухай үндэслэлээ бичсэн эсэх нь тодорхойгүй байна (Шийтгэх тогтоол, 2023/ШЦТ/704). Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (2024.03.22, 2024/ДШМ/362)-аар тус шийтгэх тогтоолын шүүгдэгч Б-д холбогдох хэсгийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсоныг бүхэлд нь хүчингүй болгосон (анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн) боловч тодорхой үндэслэл дурдалгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд түүнийг анх цагдан хорьсон үндэслэл арилсан эсэхийг хэрхэн дүгнэсэн талаар тус магадлалд тусгасан эсэх нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад "шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай ..." шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасан ч хорих ялаар шийтгэсэн шүүгдэгчийг шүүхийн тухайн тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ямар үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэж байгаа нь тус хуульд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол хорих ялаар шийтгэх тогтоолын биелэлтийг шүүхээс түдгэлзүүлсэн ч шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ (хувийн баталгаа гаргах зэрэг)-г өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэж байх бөгөөд ямар үндэслэлээр цагдан хорьж байгаагаа шийтгэх тогтоолд тайлбарлан бичихгүй байна. Тухайлбал, иргэний мэдээлэлд "Дэлхийн олон оронд шүүхээр гэм буруутай нь нотлогдон эцсийн шийдвэр гарах хүртэл хуульд заасан зайлшгүй тодорхой үндэслэлээс бусдаар шүүгдэгчийг цагдан хорьдоггүй ардчилсан нийгмийн жишиг болох хуультай орон олон байдаг гэж ойлгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ." гэж заасан хэдий ч анхан шатны шүүхээс хорих ял сонсгосон тохиолдолд шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг практик Монгол Улсад нэгэнт тогтжээ. Харин хорихоос өөр төрлийн ялын биелэлт түдгэлздэг." гэжээ. Түүнчлэн мэдээлэл гаргагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн нэмэлтээр гаргаж өгсөн баримтаас харахад хорих ял оногдуулсан хэд хэдэн шийтгэх тогтоолд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тухайн тогтоол гаргасан өдрөөс эхлэн авсан байх боловч холбогдох үндэслэлээ бичээгүй байна.

Улсын дээд шүүхээс ирүүлсэн тайлбар (№01/1616)-т "Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу 5 хүртэл хоногийн завсарлага авах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг хангасан тохиолдолд, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх, мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулсны дараа шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол оногдуулсан ялын зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу шүүгдэгчид зарим тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага үүсдэг ба эдгээр нь хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлд тэр бүр хамаардаггүйг анхаарах нь зүйтэй" гэжээ. Тус хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулах, эсхүл тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай тусгах зохицуулалт нь дангаараа шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл болохгүй бөгөөд гагцхүү оргон зайлах, гэрчид нөлөөлөх, нотлох баримтыг устгах, өөрчлөх зэрэг хуульд заасан бодитой, тодорхой үндэслэл байгаа тохиолдолд шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шүүхээс шийдвэрлэх учиртай. Ийм үндэслэл байхгүй, эсхүл арилсан байхад шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд, эсхүл шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийг цагдан хорих нь бие махбодын эрх чөлөөг дур мэдэн хасахгүй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай загвар хууль (цаашид "Загвар хууль" гэх)-ийн тайлбар (х. 390-391)-т шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд хорих ялыг нь даруй эдлүүлж эхлүүлэхээр заасан байх боловч "... яллах, эсхүл өмгөөлөх тал давж заалдах гомдол гаргах гэж буйгаа шүүхэд мэдэгдсэн бол шүүх шийдвэрийнхээ биелэлтийг түдгэлзүүлэх ... бүрэн эрхтэй. Энэ нь хэрэв яллагдагч шүүх хуралдаан болтол цагдан хоригдоогүй бол давж заалдах ажиллагаа дуусах ... хүртэл эрх чөлөөтэй байна гэсэн үг. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, оногдуулсан ялыг зөв гэж шийдвэл тухайн үеэс хорих ялыг эдлүүлж эхэлнэ. Гэхдээ шүүх ялын биелэлтийг түдгэлзүүлэхээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд хорих ялаар шийтгүүлсэн этгээдийг цагдан хорино." гэжээ.

Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл нь яллагдагчийг цагдан хорих үндэслэлээс мөн чанарын хувьд ялгаатай байх зүй ёсны хэрэгцээ, шаардлага тогтоогдохгүй байна. Загвар хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн оргон зайлах, гэрчид нөлөөлөх, нотлох баримтыг устгах, өөрчлөх, дахин гэмт хэрэг үйлдэх зэрэг нарийвчлан тодорхойлсон үндэслэлээр зайлшгүй тохиолдолд авахаар заасан бөгөөд эдгээр үндэслэл нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатны аль алинд хүнийг цагдан хориход хамаарахаар байна. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Эстони Улс зэрэг бусад улсад цагдан хорих үндэслэлийг шүүхийн өмнөх, эсхүл шүүхийн шатанд байгаагаас хамааруулан ялгаатай хуульчлаагүй байна.

Бие махбодын эрх чөлөөг ямар шалтгаан, үндэслэлээр хассан талаар тухайн хүн мэдэх эрхтэй бөгөөд энэ шалтгаан, үндэслэлийг мэдэгдэх үүргийг төр хүлээнэ. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ..." гэж заасан нь зарчмын хувьд хоёр утгатай. Нэгд, баривчлагдсан шалтгаан, үндэслэлийг баривчлах үед нь баривчлагдсан хүнд мэдэгдэх ёстой. Хоёрт, хүнийг аливаа хэлбэрээр хорьсон тохиолдол бүрд тийнхүү хорьсон шалтгаан, үндэслэлийг (өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлийн хамт) тухайн хүн, түүний гэр бүлийнхэн болон өмгөөлөгчид нь даруй мэдэгдэх ёстой. Эрх чөлөөг нь хассан шалтгаан, үндэслэлийг мэдэх эрхийг эрх чөлөөг нь хассан бүх тохиолдол (тухайлбал, шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд цагдан хорих)-д эдлүүлэх үүргийг төр хүлээнэ. Энэ үүргийн гол зорилго нь баривчилсан, эсхүл хорьсон нь хууль бус, эсхүл үндэслэлгүй гэж үзвэл тухайн хүн энэ талаар шүүхэд гомдол гаргах боломжийг олгоход оршино. Иймд хуульд тодорхой заасан ямар үндэслэлийг баримтлан хүний бие махбодын эрх чөлөөг хасаж байгаа, ийнхүү хасах зайлшгүй шалтгааны талаар дээрх хугацаанд тухайн хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай.

Хүнийг цагдан хорих шийдвэрийг гагцхүү шүүх гаргах бөгөөд цагдан хориход баримталсан хуулийн болон үйл баримтын үндэслэлийг шийдвэртээ бичих үүрэгтэй. Үүний үндсэн дээр цагдан хорих тухай шийдвэрийн үндэслэлийг тус шийдвэрт гомдол гаргах болон хууль зүйн туслалцаа авах эрхийн хамт тухайн хүнд даруй мэдэгдэнэ. Гэтэл шүүгдэгчийг ямар үндэслэлээр цагдан хорихыг хуульд нарийвчлан тодорхойлоогүй төдийгүй цагдан хорьсон үндэслэл нь зарим шүүхийн шийдвэрт бичигдээгүй, улмаар энэ нь шүүгдэгч цагдан хоригдсон шалтгаан, үндэслэлээ даруй мэдэх эрхээ эдлэх боломжгүй болгож байна. Тухайлбал, шүүгдэгч Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шийтгэх тогтоол (№2023/ШЦТ/704)-д, түүнчлэн тус арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлийг шүүхийн магадлал (№2024/ДШМ/362)-д хуулийн заалт болон үйл баримтад тулгуурлан ойлгомжтой бичээгүйгээс цагдан хоригдсон шалтгаан, үндэслэлээ даруй мэдэж чадаагүй байна. Тэрээр мэдээлэлдээ "Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шүүхэд хэрэг нь шилжсэн гэх шалтгаанаар хугацаагүйгээр, хуулийн тодорхой үндэслэлгүйгээр цагдан хоригдож буй иргэн цөөнгүй байна ... Одоогийн байдлаар ... хэргийн шүүгдэгч 80 хүнээс шүүхээс гэм буруутай, эсхүл гэм буруугүй эсэх нь тогтоогдоогүй 43 шүүгдэгч байгаа ба миний хувьд уг 43 хүнтэй эрх зүйн байдлаар ялгаагүй нөхцөлд байгаа хэдий ч бусад 4 хүний хамт тодорхойгүй шалтгаанаар цагдан хоригдсоор байна ... Аливаа шүүгдэгч ямар үндэслэлээр хэдий хүртэл хугацаагаар цагдан хоригдохоо мэдэхгүй байх нь тухайн хүний төдийгүй түүний гэр бүлийн хүмүүст сэтгэл зүйн дарамт учруулж, цаашдын ажил, амьдралаа төлөвлөх, тодорхой зорилго бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх, боломжийг хязгаарлаж байдаг. Харин үндэслэл, хугацаа тодорхой цагдан хоригдох, эсхүл шүүхийн эцсийн шийдвэр гарч, тодорхой хугацаа журамтайгаар ял эдлэх тохиолдолд тухайн хүн, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй, ажил амьдралаа төлөвлөх нөхцөл нь дээрхээс илт дээр байдаг." гэжээ. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх үндэслэлийг хуулийн заалт болон үйл баримтад тулгуурлан ойлгомжтой бичихгүй, улмаар шүүгдэгчид даруй мэдэгдэхгүй байгааг дээрх шийдвэрээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн бусад шүүхийн 10 тогтоолоос харж болохоор байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд ийм практик бий болсон талаар тэмдэглэсэн. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг тодорхой хуульчлаагүй нь шүүхийн шийдвэрт үндэслэл бичигдэхгүй байх, үүнээс үүдэн цагдан хорьсон шалтгаан, үндэслэлийг шүүгдэгч болон түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид даруй мэдэгдэхгүй байх нөхцөлийг бий болгож байна.

1.2.Шүүгдэгчийг цагдан хорих журмыг хуульд тодорхой заасан эсэх

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах тохиолдолд түүний журмыг хуульд тодорхой зааж, биелэлтийг нь хангах шаардлагатай бөгөөд дур мэдэн хэрэгжүүлж болохгүй. Тухайлбал, хүнийг цагдан хорих журамд тус арга хэмжээний хугацаа зэрэг өргөн агуулга багтана. Түүнчлэн цагдан хорих хугацаанд хуулиар хязгаар тогтоох нь энэ талаарх журамд хамаарахаар НҮБ-ын Хүний эрхийн хороо тайлбарлажээ (Ерөнхий тайлбар, №35, догол 23).

Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 19.6 /Хорлон сүйтгэх/, 29.5 /Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно." гэж тус тус заасан байжээ.

Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчийг цагдан хорих хугацааны зохицуулалтыг дараах байдлаар шинэчилсэн байна. Тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байна." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/, 19.6 /Хорлон сүйтгэх/, 29.5 /Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно." гэж тус тус зохицуулсан байна.

Дээрх нэмэлт, өөрчлөлт нь яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа "1 сар" байсныг "1 сар хүртэл" болгож цагдан хорих хугацаа заавал 1 сар бус, харин түүнээс богино байх боломжтойг тодруулж; түүнчлэн "хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол" гэх хэт ерөнхий үндэслэлээр бус, харин "тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл" гэх илүү обьектив, тодорхой шалгуураар уг арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл сунгахаар өөрчилж; мөн хорих ялын хугацаанаас хамааран цагдан хорих дээд хугацааг бууруулсан зэрэг дэвшилттэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан. Үүний дагуу хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цагдан хорьсон хугацааг мөрдөн шалгах шатанд буюу яллагдагч байх үед цагдан хорьсон хугацаанд оруулан тооцдоггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт шүүх шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор заасан ч ямар хугацаагаар цагдан хорихыг тусгайлан заагаагүй. Гэвч шүүгдэгчийг цагдан хорих хугацаа нь тус хуулиар тогтоосон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаагаар хязгаарлагдана гэж практикт ойлгодог байна. Тухайлбал, тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал (2024, х. 6)-д "... шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих арга хэмжээ авагдсан шүүгдэгчийн хувьд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд түүний цагдан хоригдох хугацаа тоологдож байна." гэжээ. Түүнчлэн шүүгдэгчийг цагдан хорих нийт хугацаа нь шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хугацаагаар тодорхойлогдоно гэх тайлбарыг Улсын дээд шүүх (№01/1616), Хууль зүй, дотоод хэргийн сайд (№1/2577), Улсын ерөнхий прокурорын газар (№1/1791)-аас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн.

Тус хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүгч нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэ хугацаанд уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно гэжээ. Түүнчлэн тус хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлийг 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна." гэжээ. Тус хуулийн 39.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ ... хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно." гэжээ. Тус хуулийн 40.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын зөвлөгөөнөөс шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно." гэж заажээ.

Хяналтын, эсхүл давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, мөн анхан шатны шүүхээс прокурорт буцааж байна (Шинжээчийн дүгнэлт, х. 4). Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн тоон мэдээлэлд 2022-2024 онд "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 49573 хэрэг хүлээн авснаас 42861 хэрэг буюу 86.5 хувийг шийдвэрлэж, 1656 хэрэг буюу 3.3 хувийг прокурорт буцааж, 1032 хэрэг буюу 2.1 хувийг түдгэлзүүлэх болон харьяаллын дагуу шилжүүлж, 4027 хэрэг буюу 8.1 хувийг үлдэгдэл хэрэг эзэлж байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нийт 7138 хэрэг хянан шийдвэрлэсний 1638 хэрэг буюу 22.9 хувийг анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Хяналтын шатны шүүх нийт 483 хэрэг хянан шийдвэрлэсний 222 хэрэг буюу 46.0 хувийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан" гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед ч шүүхээс хэргийг прокурорт буцаадаг талаар Улсын дээд шүүхийн шүүгч хэлж байжээ (Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, 2023.10.25, х. 34).

Шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хуульчилсан боловч уул хугацааг удаа дараа сунгах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, дээд шатны шүүх (Улсын дээд шүүх, эсхүл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх)-ээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах зэрэг шалтгаанаар хугацаа хэтэрч хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах тохиолдол гардаг бөгөөд ийнхүү удаашрах нь яллагдагч, шүүгдэгчийг урт хугацаагаар цагдан хориход нөлөөлж байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа (№01/1632)-д 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 180-аас дээш хоногоор цагдан хоригдож буй 22 шүүгдэгч байна гэжээ. Эдгээрээс хамгийн урт хугацаагаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч нь яллагдагч байх үеэс эхлэн 402 хоног цагдан хоригдоод байна. Түүнчлэн практикт "оролцогчийн гомдол, хүсэлт, хэргийн ээдрээ төвөгтэй байдал зэргээс шалтгаалан" яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг 12-48 сар хүртэл хугацаагаар шийдвэрлэхгүйгээр цагдан хорих тохиолдол гардаг байна (Хүний эрхийн Үндэсний Комисс, 2023, х. 64, 67).

Шүүгдэгч болон яллагдагчийн эрх зүйн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарим талаар ялгаатай тусгасан боловч эдгээр нэршлийн цаана эрүүгийн хэрэгт холбогдсон нэг л хүн байгааг анхаарах учиртай. Энэ ч утгаар яллагдагчаар цагдан хорьсон болон шүүгдэгчээр цагдан хорьсон хугацааны нийлбэрээр тухайн хүнийг цагдан хорьсон буюу бие махбодын эрх чөлөөг нь хассан нийт хугацааг тооцно. Яллагдагчийг цагдан хорих дээд хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд тодорхой заасан ч шүүгдэгчийг цагдан хориход ийм дээд хугацааг хуульчлаагүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширдаг байдлаас үүдэн шүүгдэгчийг урт хугацаагаар цагдан хорих тохиолдол гарч байна. Иймээс цагдан хорих нийт хугацаа нь хэт урт болохоос сэргийлэх үүднээс шүүгдэгчээр цагдан хорих хугацааны дээд хязгаарыг тогтоох, тухайлбал шүүхийн шатанд цагдан хоригдсон хоногийг цагдан хорих нийт хугацаанд оруулан тооцож цагдан хорих хугацааны дээд хязгаарыг хэтрүүлэхгүй байхаар хуульчлах тухай саналыг гаргаж байжээ (Хүний эрхийн Үндэсний Комисс, 2025, х. 403; Монголын Өмгөөлөгчдийн холбоо, №01/1376).

Шүүгдэгчийг цагдан хорих хугацааны дээд хязгаарыг хуульд тогтоовол хэргийн ээдрээ төвөгтэй байдал, яллагдагч, шүүгдэгчийн зан үйл, хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн арга барил зэрэг хүчин зүйлийн улмаас тухайн хугацаанд хэргийг шийдвэрлэх боломжгүй байдал үүсэх, цагдан хорих бодит үндэслэл арилаагүй байхад шүүгдэгчийг суллах, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах (оргон зайлах, гэрчид нөлөөлөх, нотлох баримтыг устгах, өөрчлөх зэрэг) эрсдэлийг бий болгохоор байна. Олон улсын нийтлэг жишгээс харахад шүүхийн өмнөх шатанд цагдан хорих нь гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй этгээдийн бие махбодын эрх чөлөөг хасаж буй тул цагдан хорих дээд хугацааг хуулиар тогтоох чиг хандлагатай байна. Харин шүүхийн шатанд цагдан хорих нь эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн, эсхүл анхан шатны шүүхээс гэм буруутай болохыг тогтоосон байдаг тул цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтайгаар хянах, зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрхийг эдлүүлэх зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульчлах боломжтой.

Шүүх хуульд тодорхой заасан бодитой үндэслэлээр яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорихоор шийдвэрлэснээс хойш тодорхой хугацаа (тухайлбал, 1-3 сар)-ны давтамжтайгаар тухайн үндэслэл арилсан эсэх, үргэлжлүүлэн цагдан хорих нь зайлшгүй эсэх (илүү хөнгөн таслан сэргийлэх арга хэмжээгээр солих боломжтой эсэх)-ийг тогтмол хянах журмыг хуульчлах нь түүнийг дур мэдэн цагдан хорихоос сэргийлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийн хувьд цагдан хорих хугацааг тухай бүр 1 сар хүртэл сунгаж, хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилсан эсэхийг хянахаар зохицуулсан байна. Гэвч шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг ийнхүү давтамжтайгаар хянах, үндэслэл арилсан бол суллах журмыг хуульчлаагүй байна. Улмаар урт хугацаагаар цагдан хоригдож буй шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаан болох хүртэл, эсхүл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих үндэслэл арилсан эсэхээс үл хамаарч бие махбодын эрх чөлөөгөө хасуулах үр дагавартай байх тул энэ талаар тус дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 4.5-д дэлгэрэнгүй авч үзэх болно.

Хүнийг дур мэдэн баривчлах, хорих эрсдэлийг бууруулахын тулд холбогдох үндсэн эрхийг хүн бүрд баталгаатай эдлүүлэхийг Үндсэн хууль шаардана. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Тавин хоёр, Тавин гурав, Тавин дөрөв, Тавин тавдугаар зүйлд болон бусад заалтаар баталгаажуулсан үндсэн эрхийг, түүнчлэн Пактын 9, 10, 11, 14, 15 дугаар зүйлд заасан эрхийг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан Ерөнхий тайлбар (№8; №13; №32; №35 зэрэг)-т тогтоосон агуулгаар хүн бүрд, ялангуяа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид эдлүүлэх, үүнд шаардлагатай журмыг хуульчлах үүргийг төр хүлээнэ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "шударга шүүхээр шүүлгэх эрх" нь зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх болон бусад баталгааг багтаасан өргөн агуулгатай. Энэ баталгаа нь хуулиар тогтоосон хугацаанд хэргийг шийдвэрлүүлэхээс гадна үндэслэл бүхий хугацаанд аль болох шуурхай хянан шийдвэрлэхийг шаардана. Тодруулбал, хэргийг анхан шатны шүүхээр зохисгүй удаашралгүйгээр шийдвэрлүүлэх төдийгүй зохисгүй удаашралгүйгээр эцсийн шийдвэр гаргуулах эрхтэй. Эрүүгийн хэргийн хувьд мөрдөн шалгах, анхан, давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхийн зэрэг бүх шатанд хянан шийдвэрлэх ажиллагаа зохисгүй удааширч болохгүй. Зохисгүй удааширсан эсэх нь тухайн хэргийн онцлог, үйл баримтаас хамаарах учраас үүнийг тодорхойлох хатуу стандарт байхгүй (Загвар хууль, х. 119). Тухайлбал, нэг хэргийг хоёр жилийн хугацаанд хянан шийдвэрлэснийг үндэслэл бүхий хугацаанд тооцож, харин өөр хэргийг нэг жилийн дотор хянан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэх боломжтой.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх дээд хугацааг хатуу хуульчлах боломж хязгаарлагдмал ч зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрхийг хангах шаардлагатай. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал, яллагдагч, шүүгдэгчийн зан үйл, хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн арга барил зэрэг хүчин зүйлд тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохисгүй удааширсан эсэхийг тодорхойлно. Тухайлбал, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад зайлшгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах, эсхүл олон арван шүүгдэгчид холбогдох, олон зуун хавтаст хэрэгтэй шүүх бүрэлдэхүүн бүрэн гүйцэд танилцсаны эцэст шүүх хуралдааныг товлох зэргээс болж хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсныг үндэслэлтэй гэж үзэж болно.

Зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрх нь яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих хугацаатай шууд холбоотой. Учир нь энэ эрх тухайн хүнийг удаан хугацаанд хэрхэх нь тодорхойгүй байлгахаас сэргийлэх төдийгүй шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хуульд тодорхой заасан үндэслэлийн дагуу зайлшгүй шаардлагатайгаас илүү хугацаагаар хүний бие махбодын эрх чөлөөг хасахгүй байхад чиглэнэ. Анхан, давж заалдах эсхүл хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохисгүй удааширч энэ хугацаанд шүүгдэгчийг цагдан хорьсон бол түүний бие махбодын эрх чөлөө зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан мөрдөн байцаалт явуулах хугацаа, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэх хугацааг сунгах зэргээр зохицуулсан байна. Гэвч зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрх, уг эрхийг хангасан эсэхийг тодорхойлох хүчин зүйл (хэргийн ээдрээ төвөгтэй байдал, яллагдагч, шүүгдэгчийн зан үйл, эрх бүхий этгээдийн арга барил зэрэг)-ийг хуульд бүрэн тусгаагүйгээс хянан шийдвэрлэх ажиллагаа зохисгүй удааширсан эсэх, энэ явцад шүүгдэгчийг зайлшгүйгээс урт хугацаагаар цагдан хорьсон эсэх зэрэг асуудлыг тогтоох боломж хумигдмал байна.

Пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт буруутгагдаж баривчлагдсан, эсхүл цагдан хоригдсон "... хүн хэргээ үндэслэл бүхий хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх, эсхүл суллагдах эрхтэй. ..." гэж заасан нь анхан шатны шүүхээр үндэслэл бүхий хугацааны дотор шийдвэрлүүлэх агуулгаар ойлгогддог байна (Ерөнхий тайлбар, №35, догол 37). Харин шүүхийн шатанд хүнийг цагдан хорих хугацаа нь Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:" гээд (c)-д "зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх;" гэж заасантай илүү холбоотой байна. Учир нь НҮБ-ын Хүний эрхийн хорооны 32 дугаар Ерөнхий тайлбар (догол 35)-т "14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (c)-д заасан зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрх нь хүнийг удаан хугацаанд хэрхэх нь тодорхойгүй байлгахаас сэргийлэх төдийгүй шүүх хуралдаан үргэлжлэх явцад цагдан хоригдож байгаа бол тухайн хэргийн нөхцөл байдалд зайлшгүйгээс илүү хугацаагаар эрх чөлөөг нь хасахгүй байх, түүнчлэн шударга ёсыг тогтооход үйлчилнэ. Хэргийн нөхцөл байдалд зайлшгүй гэдгийг хэргийн ээдрээ төвөгтэй байдал, яллагдагчийн зан үйл, уг хэргийг шийдвэрлэх шүүх, захиргааны байгууллагын арга барилыг голлон тооцож, тухайн хэрэг тус бүрд үнэлж тогтооно. Шүүх яллагдагчаас барьцаа авч суллахаас татгалзсан тохиолдолд хэргийг боломжит богино хугацаанд шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэхүү баталгаа нь албан ёсоор яллагдагчаар татсанаас хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл төдийгүй давж заалдах гомдлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гарах хүртэл үйлчилнэ. Анхан болон давж заалдах зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шат зохисгүй удаашралаас ангид явагдана." гэж тайлбарлажээ.

Хоёр. Тохирсон байх зарчмыг хангасан эсэх

Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилготой, энэ зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; Цэцийн тогтоол, 2024, №02; №03).

2.1.Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байна (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан тул энэ зохицуулалтын ерөнхий зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ..." гэж заасан тул эдгээр зорилтод хүрэхийн тулд шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор зохицуулсан байна.

Улсын дээд шүүхээс ирүүлсэн тайлбар (№01/1616)-т "Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах зорилго нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоохтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг хангаж, хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоохтой холбогддог бол шүүгдэгчийн тухайд шүүхээс эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг тогтоох явцад тухайн этгээдээс шүүн таслах ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх, шүүхийн үйл ажиллагааг хэвийн, хуульд заасан хугацааны дотор явуулах зорилгод чиглэдэг." гэжээ. Эндээс үзвэл тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг үндэслэн шүүгдэгчид авах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь явцуу утгаараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах хууль ёсны зорилготой гэж үзэхээр байна.

2.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байхыг уялдаатай байх шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорьсноор шүүгдэгч оргон зайлах, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, нөлөөлөх, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах боломжгүй болох тул тус ажиллагааг хэвийн явуулах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Иймд уялдаатай байх шалгуур хангагдсан байна.

2.3.Хууль ёсны зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг зайлшгүй байх шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Иймээс хүнийг цагдан хорих хуулийн зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зорилгод үйлчлэх ч бие махбодын эрх чөлөөнд хамгийн бага халдах учиртай. Тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгээр шүүгдэгчийг хэт ерөнхий үндэслэлээр цагдан хорихыг шүүхэд зөвшөөрч, цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтайгаар хянах болон зохисгүй удаашралгүй шүүлгэх эрхийг эдлүүлэх журмыг баталгаажуулаагүй нь бие махбодын эрх чөлөөнд хэтрүүлэн халдах нөхцөлийг бүрдүүлсэн байх тул зайлшгүй байх шалгуурт нийцэхгүй байна. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг хуульд тодорхой зааж, уг үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтайгаар хянах, зохисгүй удаашралгүй шүүлгэх журмыг хуулиар баталгаажуулснаар дээрх хууль ёсны зорилгод адилхан хүрэх боломжтой бөгөөд тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгтэй харьцуулахад бие махбодын эрх чөлөөнд илүү бага халдахаар байна.

2.4.Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж байгаа эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, тус зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Хүнийг цагдан хорих нь бие махбодын эрх чөлөөг хасах ноцтой үр дагавартай тул энэ арга хэмжээг гагцхүү адил түвшний ноцтой, хуульд тодорхой заасан үндэслэл, журмаар авах шаардлагатай. Тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн" шүүгдэгчийг цагдан хорьж болохоор зохицуулсан нь хэт өргөн хүрээтэй учраас шүүгдэгчийг ялимгүй үндэслэлээр, эсхүл огт үндэслэлгүйгээр үзэмжээрээ, дур мэдэн цагдан хорих, зайлшгүй шаардлагатайгаас илүү урт хугацаанд цагдан хорих эрсдэл үүсгэж байна. Хүний бие махбодын эрх чөлөөг ийм эрсдэлд оруулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах үр дүнгээр зөвтгөгдөхгүй тул тэнцвэртэй байх шалгуур хангагдаагүй байна.

Гурав. Дур мэдсэн эсэх

3.1.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах арга хэмжээ нь хуульд тодорхой заасан үндэслэл, журамтай байх төдийгүй дур мэдсэн байж болохгүй. Энэ заалт нь хүнийг төрийн байгууллага, албан тушаалтны дур мэдлээс хамгаалах суурь баталгаа мөн. "Дур мэдэн" гэх ойлголт нь зөвхөн "хууль зөрчсөн" гэх агуулгаар хязгаарлагдахгүй, харин шударга бус, урьдчилан таамаглах боломжгүй, зохих журмыг баримтлаагүй, үндэслэлгүй, тохирсон бус гэх зэрэг илүү өргөн хүрээнд тайлбарлагдах бөгөөд дур мэдэл, үзэмжээс ангид байх гэсэн утгатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04). НҮБ-ын Хүний эрхийн хороо дур мэдсэн гэдгийг үүнтэй адил өргөн агуулгаар тодорхойлдог (Ерөнхий тайлбар, №35, догол 12). Иймээс хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлах нь дур мэдсэнд тооцогдох төдийгүй хуулиар зөвшөөрөгдсөн хязгаарлалт, эсхүл түүний хэрэгжилт ч дур мэдсэн шинжтэй байж болно.

3.2.Дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, журмыг тодорхой тусгаагүй, тохирсон байх зарчмыг хангаагүй байна. Улмаар шүүгдэгчид уг арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг тодорхой, обьектив шалгуургүйгээр үзэмжээрээ шийдвэрлэх бүрэн эрхийг шүүгчид олгосон байх тул энэ бүрэн эрхийг дур мэдэн, улмаар ялгаварлан гадуурхах байдлаар хэрэгжүүлэх эрсдэлтэй байна. Маргаан бүхий зохицуулалт нь хэт ерөнхий үндэслэлээр шүүгдэгчийг үзэмжээрээ цагдан хорихыг шүүхэд зөвшөөрсөн байх тул дур мэдэн тайлбарлах, хэрэглэхээс хангалттай хамгаалаагүй байна. Учир нь үндсэн эрхийг хэт өргөнөөр хязгаарлах нь дур мэдсэнд тооцогдоно. Энэ маргаантай холбогдуулан Эмнести Интернэшнлээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлт (догол 23)-д "... хүнийг цагдан хорих байранд ямар хугацаагаар байлгахыг үзэмжээрээ шийдвэрлэх хязгааргүй бүрэн эрхийг шүүгчид олгосон зохицуулалтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд тусгасан нь эрх зүйн тодорхой байдлын зарчмыг зөрчиж, дур мэдэн хандах үр дагаварт хүргэж байгаад гүнээ санаа зовниж байна." гэжээ.

3.3.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах үндэслэл, журмыг хуулиар тодорхой тогтоосон байх нь хангалтгүй. Уг хуулийн зохицуулалт болон түүний хэрэглээ нь тохирсон байх зарчимд нийцсэн байх шаардлагатай. Эрх чөлөөгөө хасуулсан хэн бүхэнд шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг эдлүүлэх арга, журмын талаарх НҮБ-ын үндсэн зарчим, удирдамж (догол 22)-д зааснаар "Шүүх цагдан хорих арга хэмжээ нь дур мэдсэн, хууль ёсны эсэхтэй холбоотой бүх нотлох баримтыг, тухайлбал цагдан хорихыг зөвтгөсөн үндэслэлийг, түүнчлэн цагдан хоригдсон хүний ​​хувийн байдлаас шалтгаалан тавигдсан зорилгод хүрэхэд уг арга хэмжээ зайлшгүй, тохирсон эсэхийг хянаж шийдвэрлэх бөгөөд ийнхүү хянахдаа түүний үндэслэлтэй байдлын, эсхүл хяналтын бусад доод түвшний стандартыг хэрэглэхгүй." Иймд шүүх яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар шийдвэрлэхдээ тохирсон байх зарчмын дөрвөн шалгуур (хууль ёсны зорилготой, энэ зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх)-ыг хэрэглэж, дүгнэх үүрэгтэй.

Эрүүгийн хэрэгт буруутгагдсан хүнийг заавал цагдан хорих шаардлагагүй. Хүнийг цагдан хорих нь онцгой тохиолдол тул цагдан хорих хугацаа аль болох богино байвал зохино. Мөн цагдан хорих нь эрүүгийн хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял, албадлагын арга хэмжээнд тохирохгүй бол уг арга хэмжээг авах ёсгүй. Тухайлбал, буруутгагдаж буй эрүүгийн хэрэгт нь хорих ялаар шийтгэхээр хуульчлаагүй бол яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорихгүй бөгөөд цагдан хорьсон хугацаа нь хуульд заасны дагуу оногдуулж болох хорих ялын дээд хугацаанаас хэтэрсэн бол суллана. Түүнчлэн хүнийг цагдан хорих бодит үндэслэл байхгүй, эсхүл арилсан бол цагдан хорьж болохгүй. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, гэрчид нөлөөлөх, нотлох баримтыг устгах, өөрчлөх зэрэг үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бөгөөд зайлшгүй цагдан хорих шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох, барьцаа авах зэрэг илүү хөнгөн таслан сэргийлэх арга хэмжээ авах нь тохирсон байх зарчимд нийцнэ.

Дөрөв. Шүүхийн хяналтад байх зарчим хангагдсан эсэх

Үндсэн эрхийг хязгаарласан аливаа арга хэмжээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэх, дур мэдээгүй эсэх, тохирсон байх зарчмыг хангасан эсэх зэргийг шүүхээс тухайн арга хэмжээний өмнө, эсхүл дараа хянах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2006, №05; 2024, №03; №04; Цэцийн тогтоол, 2024, №02). Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах аливаа арга хэмжээ шүүхийн үр нөлөөтэй хяналтад байна. НҮБ-ын Хүний эрхийн хороо цагдан хоригдсон хүн ийнхүү хоригдсон талаараа шүүхээр хянуулах боломжтой байх ёстой гэж онцолсон байна (Ерөнхий тайлбар, №8, догол 4). Түүнчлэн НҮБ-ын Аливаа хэлбэрээр цагдан хоригдсон, эсхүл шоронд хоригдсон бүх хүнийг хамгаалах зарчмын цогцын 4 дүгээр зарчимд зааснаар хүнийг цагдан хорих арга хэмжээ нь шүүхээр шийдвэрлэгдэх бөгөөд шүүхийн үр нөлөөтэй хяналтад байна гэжээ. Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүнийг хуульд заасан үндэслэл, журмаар баривчлах, цагдан хорих тохиолдолд уг арга хэмжээг дараах байдлаар шүүхийн хяналтад оруулж, бие махбодын эрх чөлөөг дур мэдэн хасахаас хамгаалахыг Үндсэн хуулиар шаардах бөгөөд энэ хүрээнд шүүгдэгчийг цагдан хорихтой холбоотой шүүхийн хяналтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хангасан эсэхийг тусгайлан шалгана.

4.1.Хүнийг эрүүгийн хэрэгт буруутгаж баривчилсан, эсхүл цагдан хорьсон тохиолдолд түүнийг шүүхийн өмнө нэн даруй (48 цагийн дотор) хүргэж хянуулах бөгөөд хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон нь тогтоогдсон бол тухайн хүнийг нэн даруй суллана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Шүүхийн энэ хяналт нь баривчлагдсан, эсхүл хоригдсон хүн өөрөө гомдол гаргасан эсэхээс үл хамааран хэрэгжих бөгөөд энэ хүрээнд баривчлагдсан, хоригдсон хүн бүрийг шүүхийн өмнө нэн даруй биечлэн хүргэж, тухайн арга хэмжээ хууль ёсны эсэхийг хянуулна.

4.2.Баривчлагдсан, эсхүл цагдан хоригдсон хүн үндэслэл бүхий хугацааны дотор шүүхээр шийдвэрлүүлэх, эсхүл суллагдах эрхтэй (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Энэ эрх шүүхээс өмнөх шатанд цагдан хорих хугацаанд буюу баривчилснаас эхлээд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл цагдан хорьсон хугацааг хамарна. Шүүхээс өмнөх шатанд цагдан хорих хугацаа хэт урт байх нь гэм буруугүйд тооцох зарчмыг алдагдуулна. Шүүх хуралдаан болохоос өмнө суллагдаагүй байгаа хүний хэргийг хууль зүйн туслалцаа авах эрхэд нь нийцүүлэн боломжит богино хугацаанд шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Энэ дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 1.2-т дүгнэсэнчлэн зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрх нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хэрэгжих учраас энэ эрхийг эдлүүлэх нь зайлшгүй шаардлагатайгаас илүү хугацаагаар хүнийг хорихгүй байхад ач холбогдолтой. Хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд удааширсан нь үндэслэлтэй эсэхийг тогтоохдоо хэргийн ээдрээ төвөгтэй байдал, яллагдагч, шүүгдэгчийн зан үйл, эрх бүхий этгээдийн арга барилыг голлон тооцож, тухайн хэрэг бүрд үнэлнэ. Хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нь зайлшгүй бол цагдан хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой эсэхийг шүүгч дахин нягталж үзвэл зохино.

4.3.Хүн бүр баривчлагдсан, эсхүл хоригдсон нь хууль ёсны эсэх гомдлыг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд шүүх баривчилсан, хорьсон нь хууль ёсны эсэхийг удаашралгүй хянаж, хууль бус болох нь тогтоогдсон бол тухайн хүнийг нэн даруй суллах шийдвэр гаргана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Өөрөөр хэлбэл, шүүх хүний бие махбодын эрх чөлөөг хасахыг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн нөхцөлийг шалгаж, үндэслэлтэй эсэхийг тогтоох, үндэслэлгүй бол суллахаар шийдвэрлэх үүрэгтэй. Энэ эрх нь хүний бие махбодын эрх чөлөө, халдашгүй байдлыг шүүхээр хамгаалах баталгаа тул хүнийг баривчилсан, хорьсон бүх тохиолдол, хугацааны турш тухайн хүнд эдлүүлнэ. Тухайлбал, саатуулагдсан, баривчлагдсан, эсхүл цагдан хоригдсон хэн бүхэн ийнхүү эрх чөлөөгөө хасуулсан нь хууль ёсны эсэх гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

4.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад цагдан хоригдсон хүн бүр өөрт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй учраас энэ эрхийг эдлүүлэх журмыг хуулиар тогтоох шаардлагатай.

Яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эсхүл тус арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэх бөгөөд энэхүү шийдвэр эцсийн байна. Гэвч яллагдагчид тус арга хэмжээ авсан, эсхүл хугацааг нь сунгасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг нэг шүүгч (Ерөнхий шүүгч) эцэслэн шийдвэрлэх нь энэ төрлийн захирамжийг хянах эрх мэдлийг хэт төвлөрүүлэх, хяналт, тэнцлийг алдагдуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг сулруулах эрсдэлтэй байна. Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн (гурван шүүгч)-ээр шийдвэрлэхээр хуульчилсан сайн туршлага байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт нэрлэн заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж, мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсгийн дагуу уг гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж тогтоол гаргахаар хуульчилсан. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нэрлэн заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, мөн зүйлийн 122.6 дахь хэсгийн дагуу уг гомдлыг 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, тогтоол гаргахаар заажээ.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, эсхүл хэвээр үргэлжлүүлсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг шүүгдэгчид эдлүүлэх шаардлагатай боловч энэ тухай журмыг тодорхой хуульчлаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан (тэмдэглэл, 2024.01.09, х. 18)-аар хэлэлцэх явцад "шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, түдгэлзүүлэх, хэргийг прокурорт буцаах, харьяалах шүүхэд шилжүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах тохиолдол бүрд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг давхар шийдвэрлэх шаардлага үүсдэг бөгөөд ийнхүү шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрт гомдол гаргах, гаргасан гомдлыг нь хэлэлцэн шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан хуульчлаагүй." гэж дурдаж байжээ.

Шүүгдэгч өөрийг нь үргэлжлүүлэн цагдан хорьсон шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй тохиолдол гарсан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар түүнийг гэм буруутай гэж үзэж 2 жилийн хорих ялаар шийтгэх тогтоол гаргасан байна (№2023/ШЦТ/704). Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн магадлал (№2024/ДШМ/362)-аар тус шийтгэх тогтоолын Б-г гэм буруутайд тооцсоныг бүхэлд нь хүчингүй болгосон (анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн) боловч тодорхой үндэслэл дурдалгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч тус шүүхээс "эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүн нь нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэнэ гэж ойлгох ба шүүхээс тодорхой шийдвэр гаргахгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна." гэж хариу өгчээ (2024.05.15, №2/873). Мөн тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан боловч тус шүүхээс "Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, мөн хүсэлтэд дурдагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх асуудлыг зөвхөн хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэдэг тул Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх хуралдаанаас урьдчилан таны хүсэлтийг шууд хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг үүгээр хүргүүлье." гэжээ (2024.08.19, №02/4363). Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/704 дугаар тогтоолын шүүгдэгч Б-д холбогдох заалтыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна (2024/ХШТ/138). Эндээс үзэхэд шүүгдэгч Б нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (№2024/ДШМ/362)-аар 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн цагдан хоригдсон нь үндэслэлтэй байсан эсэхийг гомдол гаргаж хянуулах боломжгүй байжээ. Мөн энэ хугацаанд тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлж (2024.06.05, №3/2904), улмаар Нийслэлийн прокурорын газраас "... яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгт прокуророос аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах боломжгүй" гэсэн хариу өгчээ (2024.06.27, №4/2029). Шүүгдэгч Б нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн цагдан хоригдсон байх боловч Улсын дээд шүүхээс "80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг"-тэй шүүх бүрэлдэхүүн бүрэн гүйцэт танилцсаны эцэст холбогдох шүүх хуралдааныг товлох тухай хариу (2024.08.19, №02/4363) хүргүүлсэн зэргээс үзэхэд хэргийн ээдрээ төвөгтэй байдал тус хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй гэж тухайн шийдвэрт дурдаж буй нь гомдол гаргах эрхийг зарим тохиолдолд хязгаарлаж байна. Тухайлбал, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ анх авсан болон уг арга хэмжээг 9 удаа хэвээр үргэлжлүүлсэн анхан шатны шүүхийн тогтоолд "Энэ тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай." гэж бичжээ. Үүнээс үзвэл шүүгдэгчийг цагдан хорьсон шийдвэрт гомдол гаргах журмыг тодорхой хуульчлаагүйгээс гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй атлаа урт хугацаагаар цагдан хорьж, гомдол гаргах эрх нь үндэслэлгүйгээр хязгаарлагдаж байна.

Олон улсын сайн туршлагыг харвал цагдан хорьсон шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, шүүхийн өмнөх төдийгүй шүүхийн шатанд цагдан хоригдсон бол энэ тухай шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг тухайн хүнд эдлүүлэх зохицуулалт Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Америкийн Нэгдсэн Улс зэрэг бусад улсад байна.

4.5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүнийг цагдан хорьж байгаа тохиолдолд ийнхүү цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг тодорхой хугацаа (тухайлбал, 1-3 сар)-ны давтамжтайгаар шүүхээс хянах шаардлагатай гэдгийг энэ дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 1.2-т товч тайлбарласан. Эрүүгийн хэрэгт буруутгаж цагдан хорих нь бүх тохиолдолд үндэслэл бүхий, зайлшгүй байх ёстой учраас хүнийг цагдан хорьж байгаа бол шүүх тухайн хүнийг цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг ийнхүү хянах, үндэслэл нь арилсан бол суллах журмыг хуульчлах ёстой.

Шүүгдэгчийг цагдан хорьсон үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтайгаар хянах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү хяналт нь эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх хуралдаанаас хамааралгүй хэрэгжих учиртай. Гэтэл эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, эсхүл хяналтын журмаар шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран ийм хяналтыг давтамжтай хэрэгжүүлэх зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй учраас шүүгдэгчийг зайлшгүйгээс илүү урт хугацаанд цагдан хорих, энэ арга хэмжээ шүүхийн хяналтаас гадуур болох үр дагавар үүсгэхээр байна. Шүүхийн давтамжтай хяналтгүйгээр шүүгдэгчийг удаан хугацаанд цагдан хорих нь эрүү шүүлт, эсхүл хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагад өртөх, эсхүл амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэлийг нэмэгдүүлж, үүнд тавих хяналтыг сулруулах эрсдэлтэй.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтай хянах журмыг тодорхой хуульчлаагүйгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн үр нөлөөтэй хяналтад байх зарчим алдагдахад хүрч байна. Тодруулбал, шүүгдэгч Б нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, мөн өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар цагдан хоригдсон байна. Түүнийг анх цагдан хорьсноос хойш 7 сар орчмын дараа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн ч цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг хэрхэн шийдвэрлэсэн талаар магадлалд тусгасан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд тус хуралдаанаас хойш 9 сар орчмын хугацаанд түүнийг цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг шүүхээс хянаагүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хийдэлтэй, тодорхойгүй байгаатай холбоотой байна.

НҮБ-ын Хүний эрхийн хороо "Шүүхийн шийдвэрээр хугацаатай хорих ял оногдуулснаас бусад тохиолдолд хүнийг ямар нэг хэлбэрээр цагдан хорих тухай шийдвэр нь үргэлжлүүлэн цагдан хорихыг зөвтгөх үндэслэлтэй эсэхийг давтамжтайгаар дахин үнэлэх журмаар хянагдахгүй бол дур мэдсэнд тооцогдоно" гэж үзжээ (Ерөнхий тайлбар, №35, догол 12). Өөрөөр хэлбэл, хүнийг цагдан хорих зайлшгүй, үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд тийнхүү хорьсон шийдвэр нь давтамжтайгаар хянагдах ёстой бөгөөд төрөөс зохих ёсоор зөвтгөж чадах хугацаанаас хэтрүүлэн хоривол дур мэдэн хорьсон гэж үзнэ (НҮБ-ын Хүний эрхийн хороо, 1997.04.30, CCPR/C/59/D/560/1993, догол 9.4; 2006.11.13, CCPR/C/88/D/1324/2004, догол 7.2). Эрх чөлөөг хассан анхны шийдвэр нь хууль ёсны байсан ч тухайн шийдвэр нь давтамжтай хянагдахгүй тохиолдолд эрх чөлөөг дур мэдэн хассанд тооцогдоно (НҮБ-ын Дур мэдэн хорих асуудал хариуцсан Ажлын хэсэг, 2006.11.21, №43/2006, догол 36).

Яллагдагч (шүүгдэгч)-ыг цагдан хорих үндэслэл арилсан эсэхийг шүүх тодорхой хугацааны давтамжтай хянадаг сайн туршлага бий. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэл бүхий хугацааны давтамжтайгаар шүүхээс өөрийн санаачилгаар болон (эсхүл) холбогдох этгээдийн хүсэлтээр хянах бөгөөд ялангуяа цагдан хорих нь хууль ёсны эсэхэд нөлөөлж болзошгүй шинэ мэдээлэл илэрсэн, нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл удаан хугацаагаар цагдан хорьсон тохиолдолд ийм хяналтыг хэрэгжүүлэхийг чухалчилдаг (Европын парламент, Европын зөвлөл, Удирдамж, 2013.06.26, №2013/33/EU, 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг). Түүнчлэн Загвар хуулийн 191, 281 дүгээр зүйлд анхан шатны шүүхийн шүүгч, эсхүл шүүх бүрэлдэхүүн байгаа бол даргалагч нь яллагдагч (шүүгдэгч)-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай эсэхийг гурван сар тутам хянан шийдвэрлэж байхаар тусгасан байх бөгөөд давж заалдах шатанд цагдан хорих асуудлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэхээр зохицуулжээ. Учир нь уг арга хэмжээг шүүгч давтамжтай хянадаггүй, эсхүл цагдан хорих хугацаанд хязгаар тогтоогоогүй бол энэ нь үндэслэл бүхий хугацааны дотор буюу зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрхийн зөрчил болно гэж үздэг байна.

4.6.Шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, хэвээр үргэлжлүүлэх, цагдан хорих хугацааг сунгах, цагдан хорьсон шийдвэрийг тухайн хүний гомдлоор, эсхүл давтамжтайгаар хянах бүрд цагдан хорих үндэслэл байгаа, эсхүл арилсан эсэхийг нэг бүрчлэн хянаж, хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай бөгөөд цагдан хоригдох хугацаа уртсах тусам түүний үндэслэлийг нотлох шаардлага өндөрсөнө. Гэтэл энэ шаардлага тэр бүр хангагдахгүй байгаа нь тогтоогдож байна. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолд "шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй" гэж бичсэн байх боловч тухайн арга хэмжээг авах болсон үндэслэл арилсан эсэхийг хэлэлцсэн, эсхүл дүгнэсэн талаар бичээгүй байна (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн шүүхийн тогтоол, №01/1632). Хүний эрхийн Үндэсний Комиссоос "мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан хугацааны дотор цагдан хоригдсон яллагдагч шүүхэд шилждэг боловч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэг удааширдаг, энэ хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг "дараагийн шүүх хуралдаан хүртэл хэвээр үлдээх" гэсэн шийдвэр гаргадаг бөгөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилсан эсэхийг шүүхээр тогтмол хянан хэлэлцдэггүй ..." гэж дүгнэжээ (2023, х. 69, 72).

4.7.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ... эрхтэй. ..." гэж заажээ. Энэ эрх нь хэрэг, маргааны агуулгыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биеэр оролцохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад цагдан хорих нь хууль ёсны эсэх асуудлыг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг (эсхүл шүүх хуралдаан)-т биеэр оролцох эрхийг агуулна. Уг эрх нь яллагдагч, шүүгдэгч өөрт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хугацаа сунгах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх нь зайлшгүй эсэх талаарх байр сууриа хэлэх, үндэслэл, нотлох баримтыг гаргаж өгөх, танилцуулах, цагдан хоригдож буй нөхцөл байдлыг тодруулах зэрэг ач холбогдолтой. Иймээс өөрийг нь цагдан хорих эсэхийг хэлэлцэхэд биеэр оролцох эрх нь эрүү шүүлт, эсхүл хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагад өртөхөөс тухайн хүнийг хамгаалах баталгаа болно.

НҮБ-ын Хүний эрхийн хороо "цагдан хоригдогч нь шүүгч, эсхүл хуулийн дагуу шүүн таслах бүрэн эрх олгогдсон бусад албан тушаалтан хэргийг нь хянан хэлэлцэхэд биеэр байлцана. Цагдан хоригдогч шүүх хуралдаанд биечлэн оролцох нь цагдан хоригдох хугацаанд ямар харьцаа, нөхцөл байдалд байсныг хянан хэлэлцэх, үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гарсан тохиолдолд цагдан хорих төвд нэн даруй шилжүүлэх боломж бүрдүүлдэг. Ингэснээр хүний аюулгүй байдлыг хангах, эрүү шүүлт, эсхүл хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагад өртөхөөс ангид байх эрхийн баталгаа бий болно" гэжээ (Ерөнхий тайлбар, №35, догол 34).

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгч оролцуулж болно." гэж хуульчилсан нь тус хэлэлцүүлэгт яллагдагч, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх нөхцөлийг бий болгож байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн (№01/1632) шүүгчийн захирамжаас харахад яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн олон тохиолдол байна. Түүнчлэн нэр бүхий яллагдагч цагдан хоригдож байх хугацаанд эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт өртсөн гэх гомдлыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлснийг Хүний эрхийн Үндэсний Комисст шилжүүлсэн байх бөгөөд тус яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснээс хойш уг хугацааг сунгах саналыг хэлэлцсэн 2 удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт тухайн яллагдагч, түүний өмгөөлөгчийг оролцуулаагүй, санал, хүсэлтийг сонсохгүйгээр шийдвэрлэж, дараа нь тухайн яллагдагчийн амь нас хохирсон тохиолдол гарчээ (Хүний эрхийн Үндэсний Комисс, 2025.01.23, №01/01).

Шүүгдэгчийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, уг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй эсэх нь хуулийн зохицуулалтаас тодорхойгүй байна. Түүнчлэн эдгээр асуудлыг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд шүүгдэгчийг биеэр оролцуулаагүй тохиолдол байна (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн шүүхийн тогтоол, №0 1/1632). Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан ч прокурор, оролцогчийн гаргасан саналыг хэрхэн харгалзах нь тодорхойгүй байна.

Тав. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж төрийн хариуцах гурван үүргийг хуульчилсан байна. Нэгд, "хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх" нь үндсэн эрхийг эдлүүлэхэд шаардлагатай хууль батлах, улсын төсвөөс хуваарилах, мөн үндсэн эрхийг хамгаалах, дэмжих, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авах төрийн позитив үүрэг юм. Хоёрт, "хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх" нь үндсэн эрхийг хүндэтгэх төрийн уламжлалт негатив үүрэг болон үндсэн эрхийг хамгаалах позитив үүргийг багтаана. Нэг талаас, энэ заалт нь үндсэн эрхийг иргэн бүр эдэлнэ гэж үзэж, эдгээр эрхэд халдахгүй байх үүргийг төрд хүлээлгэдэг. Нөгөө талаас, төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл бусад этгээд (байгууллага, хувь хүн зэрэг)-ээс хүний үндсэн эрхийг зөрчихөөс хамгаалах агуулгатай. Гуравт, "хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх" нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой ердийн шүүхийн, Үндсэн хуулийн цэцийн болон бусад арга замаар хэрэгжинэ.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу төрөөс хүний бие махбодын эрх чөлөөг хасахгүй байх негатив үүрэгтэй боловч Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу энэ эрх чөлөөг хасах (баривчлах, хорих) зайлшгүй тохиолдолд түүний үндэслэл, журмыг хуульд тодорхой заах, дур мэдэн хэрэгжүүлэхгүй байх позитив үүргийг төр хүлээнэ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэг нь шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар ерөнхийд нь зохицуулсан боловч энэ талаарх үндэслэл, журмыг хуульд нарийвчлан тодорхойлоогүй, уг арга хэмжээг дур мэдэн хэрэгжүүлэхээс хангалттай хамгаалаагүй байна. Тодруулбал, шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг хуульд тодорхой заах, цагдан хоригдсон шалтгаан, үндэслэлээ мэдэх болон зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрхийг эдлүүлэх, цагдан хорьсон шийдвэрт гомдол гаргах болон давтамжтайгаар хянах журмыг тусгах позитив үүргээ төр биелүүлээгүй байх тул энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн байна.

Зургаа. Нэгтгэн дүгнэхэд

6.1.Үндсэн эрхэд тавих аливаа хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал болон тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх, шүүхийн хяналтад байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хууль шаардана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан нь шүүгдэгчийн бие махбодын эрх чөлөөг хасах ноцтой хязгаарлалт боловч эдгээр зарчмыг хангахгүй байгаа нь тогтоогдож байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах аливаа арга хэмжээний үндэслэл, журмыг хуульд заах, дур мэдээгүй байх ёстой ч дээрх зохицуулалт нь эдгээр шаардлагад нийцээгүй байна. Учир нь шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг яллагдагчийг цагдан хорих үндэслэлтэй адил нарийвчилж зааж өгөөгүйгээс шүүхээс "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн" гэх хэт өргөн үндэслэлээр эсхүл бусад ерөнхий заалтыг удирдлага болгон шүүгдэгчид уг арга хэмжээг авч байна. Улмаар шүүгдэгчийг цагдан хорих эсэхийг тодорхой, обьектив шалгуургүйгээр үзэмжээрээ шийдвэрлэх бүрэн эрхийг шүүгчид олгосон байх тул түүнийг дур мэдэн, эсхүл ялгаварлан гадуурхаж хэрэгжүүлэх эрсдэлтэй байна. Түүнчлэн шүүх шийдвэртээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх үндэслэлийг хуулийн заалт болон үйл баримтад тулгуурлан ойлгомжтой бичээгүй тохиолдол гарч, улмаар шүүгдэгч цагдан хоригдсон шалтгаан, үндэслэлээ даруй мэдэх эрхээ эдэлж чадахгүй байна.

Хүнийг цагдан хорих журамд тус арга хэмжээний хугацааг тогтоох зэрэг өргөн агуулга багтана. Шүүгдэгчийг цагдан хорих хугацааг тусгайлан хуульчлаагүй ч практикт энэ хугацааг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаагаар хязгаарладаг гэж ойлгодог байна. Гэвч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаа дараа сунгах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, дээд шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах зэрэг шалтгаанаар уг хугацаа хэтэрч хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах тохиолдол гардаг бөгөөд ийнхүү удаашрах нь яллагдагч, шүүгдэгчийг урт хугацаагаар цагдан хориход нөлөөлж байна. Шүүгдэгчийг цагдан хорих, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дээд хязгаарыг хуульд тогтоохоос илүүтэй зарчмын шинжтэй зохицуулалт байх боломжтой ч энэ нь хангалттай хуульчлагдаагүй байна. Тухайлбал, шүүх хуульд заасан үндэслэлээр хүнийг цагдан хорихоор шийдвэрлэснээс хойш тодорхой хугацаа (тухайлбал, 1-3 сар)-ны давтамжтайгаар тухайн үндэслэл арилсан эсэхийг тогтмол хянах журмыг хуульд тусгаагүй, түүнчлэн зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх баталгааг хангаагүй учраас шүүгдэгчийг зайлшгүйгээс илүү урт хугацаагаар цагдан хорих, энэ арга хэмжээ шүүхийн хяналтаас гадуур болох, улмаар шүүгдэгч эрүү шүүлт, эсхүл хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагад өртөх, эсхүл амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна.

Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилготой, энэ зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг цагдан хорьж болохоор зохицуулсан нь тус ажиллагааг хэвийн явуулах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, уялдаатай байна. Гэвч энэ зохицуулалт нь хэт ерөнхий үндэслэлээр шүүгдэгчийг цагдан хорихыг шүүхэд зөвшөөрч, шүүгдэгчийг ялимгүй үндэслэлээр, эсхүл огт үндэслэлгүйгээр үзэмжээрээ, эсхүл дур мэдэн цагдан хорих, зайлшгүй шаардлагатайгаас илүү урт хугацаагаар цагдан хорих эрсдэл үүсгэсэн учраас тэнцвэргүй байна. Учир нь шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг хуульд тодорхой зааж, уг үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтайгаар хянах, зохисгүй удаашралгүй шүүлгэх журмыг хуулиар баталгаажуулснаар дээрх хууль ёсны зорилгод адилхан хүрэх боломжтой бөгөөд маргаан бүхий зохицуулалттай харьцуулахад бие махбодын эрх чөлөөнд илүү бага халдахаар байна.

Үндсэн эрхийг хязгаарласан аливаа арга хэмжээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэх, дур мэдсэн эсэх, тохирсон эсэхийг шүүхээс үр нөлөөтэй хянах шаардлагатай. Шүүгдэгчийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байх боловч уг шийдвэрт гомдол гаргах журмыг тодорхой хуульчлаагүй байна. Мөн шүүх шүүгдэгчид уг арга хэмжээг авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ цагдан хорих үндэслэл байгаа, эсхүл арилсан эсэхийг нэг бүрчлэн нягталж, хэлэлцэж шийдвэрлэх шаардлага тухай бүр хангагдахгүй байх бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч биечлэн оролцох эрхтэй эсэх нь хуулийн зохицуулалтаас тодорхойгүй байх тул шүүхийн хяналтын үр нөлөө алдагдаж байна.

Төрөөс хүний бие махбодын эрх чөлөөг хасахгүй байх негатив үүрэгтэй ч энэ эрх чөлөөг хасах буюу хүнийг баривчлах, хорих тохиолдолд түүний үндэслэл, журмыг хуульд тодорхой заах, дур мэдэн хэрэгжүүлэхгүй байх позитив үүргийг хүлээнэ. Гэвч дээр дурдсанчлан шүүгдэгчийг цагдан хорихтой холбоотой позитив үүргээ төр бүрэн биелүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг хэт ерөнхий хуульчилж, эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, шүүхийн хяналтад байх зарчимд нийцээгүй хязгаарлалтыг хуульчилснаас дур мэдэн хэрэгжүүлэх эрсдэлийг бий болгосон байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...", мөн зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

6.2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана." гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг энэ дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлэх нь шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх хуулийн зохицуулалтад хийдэл үүсгэх боломжтой тул тус зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэх хугацаа олгох үндэслэлтэй байна.

6.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир энэхүү дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болно.

6.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна:" гээд 1.5 дахь заалтад "цагдан хорих;" гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ зүйлийн ... 1.5, ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна." гэжээ. Шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар ийнхүү зохицуулсан нь хүнийг хорих аливаа арга хэмжээ шүүхийн хяналтад байх зарчмыг хангахтай холбоотой байх тул Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

6.5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга (х. 11)-д уг зохицуулалтыг шинээр нэмсэн учрыг "яллагдагчийг цагдан хорих хугацааг тоолох журмыг нарийвчлан тогтоож өгснөөр шүүхийн шатанд шүүгдэгчийг цагдан хорих хугацаа нь яллагдагчийг цагдан хорих нийт хугацаанд орох эсэх нь тодорхойгүй байсан асуудлыг нэг мөр шийдэх практик ач холбогдолтой" гэж тайлбарласан байх бөгөөд үүнтэй адил тайлбарыг мөн тус хуулийн төслийн үзэл баримтлал (2024, х. 5), Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн хариу (№1/2577)-нд тусгажээ. Үүнээс үзэхэд тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэг нь шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа яллагдагчийг цагдан хорьсон хугацаанд хамаарахгүй гэдгийг нэг мөр болгох замаар эрх зүйн тодорхой байдлыг хангахад үйлчлэх бөгөөд үндсэн эрхийг хязгаарласан шинжгүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...", мөн зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ зүйлийн ... 1.5, ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна." гэж, 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ

Г.БАЯСГАЛАН

ГИШҮҮД

Д.ГАНГАБААТАР

О.МӨНХСАЙХАН

Ц.ЦОЛМОН

Р.БАТРАГЧАА