A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 57

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай:

1/ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай, хүүгийн татаастай санхүүгийн зохицуулалтын тогтолцоог бий болгож, холбогдох хууль тогтоомжид тусгах талаар зохих арга хэмжээг авч, хэрэгжилтийг зохион байгуулах;

2/ногоон зээлийн хүүгийн татаасын 80-аас доошгүй хувийг дулаалгын материал, угааргүй халаалтын тоног төхөөрөмжид төвлөрүүлэх зорилгоор агаар орчны бохирдлыг бууруулах дулаалга, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй халаалт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн бүтээгдэхүүний санхүүжилтэд чиглүүлсэн агуулгаар "Ногоон зээлийн хүүгийн зардлыг санхүүжүүлэх гэрээ"-г шинэчлэн боловсруулж, уг гэрээг жил бүрийн эхний улиралд багтаан арилжааны банкнуудтай байгуулж, хэрэгжүүлэх;

3/ногоон зээл, хүүгийн татаасын ил тод байдлыг хангах "Хэмжих-Хянах-Тайлагнах" баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар зохих арга хэмжээг авч, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;

4/утаагүй бүсэд хамаарах дэд төвүүд, агаарын бохирдол өндөртэй болон дахин төлөвлөлтийн бүсийг тогтоож, нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган, тухайн бүсэд эрчим хүчээр найдвартай хангах төлөвлөлтийг боловсруулж, ипотекийн болон ногоон зээлийн хөнгөлөлт, ногоон зээлийн хүүгийн татаасын бодлогыг чиглүүлэх, энэ талаар олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх;

5/эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шалгуур /BestGER/-т суурилсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, аудит, хяналт шинжилгээ, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6/хот, суурин газрын гэр хорооллын хэсэгт амины орон сууц барьсан тохиолдолд 50-аас дээш хувийн эрчим хүчний хэмнэлттэйг нотлох тохирлын болон ногоон барилгын шалгуур /BestGER/ гэрчилгээг тус тус авсныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох талаар эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулах;

7/төрийн өмчит болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийг төлөвлөхдөө ногоон барилгын шалгуур /BestGER/ гэрчилгээний "В" болон түүнээс дээш үнэлгээтэй, 50-аас дээш хувийн эрчим хүчний хэмнэлттэй байх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8/төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй технологид үе шаттайгаар шилжүүлэх;

9/монгол гэрийн эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын стандартыг шинээр боловсруулж, үйлдвэрлэл, аудит, хяналт шинжилгээ, баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, холбогдох хууль тогтоомжид тусгах талаар зохих арга хэмжээг авч, хэрэгжилтийг зохион байгуулах;

10/Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн багцын 50-аас доошгүй хувийг ногоон барилга, барилгын материал үйлдвэрлэгч, эрчим хүчний хэмнэлт бий болгох чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч, ногоон барилгын баталгаажуулалт хийх иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулах;

11/ногоон барилгын шалгуур /BestGER/ гэрчилгээ, 70-аас дээш хувийн эрчим хүчний хэмнэлттэйг нотлох тохирлын гэрчилгээтэй дулаалгын ажил гүйцэтгэсэн иргэнд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

12/ногоон барилгын шалгуур /BestGER/ гэрчилгээний "B" болон түүнээс дээш үнэлгээтэй, 70-аас дээш хувийн эрчим хүчний хэмнэлттэйг нотолсон тохирлын гэрчилгээтэй амины орон сууцыг худалдсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

13/улсын хэмжээнд утааг бууруулах чиглэлээр дулаалгын төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжилтийг зохион байгуулах;

14/агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олгож байгаа холбогдох татаасыг дулаалгын бодлогод чиглүүлж, ногоон зээлийн хүүгийн татааст шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, зээлийн хүүг 6 хувиас ихгүйгээр тогтоох;

15/монгол гэрийн дулаалгын нийт зардлын тодорхой хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;

16/Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т туссан айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, орлого олох бололцоог нээж байгаа "10000 нарны дээвэр" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах;

17/эрчим хүчний хэмнэлт, ногоон барилгын хөгжлийг дэмжихтэй уялдуулан холбогдох чиглэлийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургуулийн хичээлийн хөтөлбөрт ногоон барилга, тогтвортой хөгжлийн агуулгыг тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулах.

2.Ногоон зээлийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд үүрэг болгосугай:

1/ногоон зээлийн ангилал, шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн тодорхойлж, ногоон санхүүжилтийн тайлагнал, хяналт шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгон ил тод байдлыг сайжруулах;

2/арилжааны банкнуудын ногоон зээлийн тайлан гаргах давтамж, бүрдүүлэлт, мэдээллийн чанар, шалгуурыг шинэчлэн сайжруулах арга хэмжээг авах;

3/ногоон зээлийн хүүгийн татаасын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад валютаар хийгдэх своп хэлцэлд бодлогын дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авах;

4/ногоон барилгын зээлийн эрсдэлийн жинг бууруулах бодлогыг ногоон барилгын шалгуур /BestGER/-т уялдуулан цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шаардлагатай зохицуулалтыг шинэчлэн боловсронгуй болгох;

5/Oрон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд ногоон барилгын шалгуур /BestGER/ үнэлгээний үзүүлэлт, эрчим хүчний хэмнэлтийн бодлоготой уялдуулан, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд давуу байдал олгох зохицуулалтыг тусгаж, хэрэгжүүлэх.

3.Энэ тогтоолд заасан арга хэмжээний биелэлтийн тайлан, үр дүнг үнэлсэн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

1