A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 61

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан холбогдох аргачлалыг шинэчлэн боловсруулж, батлах;

2/хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1, 271.2 дахь хэсэгт нийцүүлэх зорилгоор судалгаа хийж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хянан баталгаажуулсан орчуулга, тэдгээрийн эх бичвэрийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 2026 онд багтаан бүрэн эхээр байршуулах;

4/хууль санаачлагчид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагын албан хаагчдыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан холбогдох аргачлал, арга зүйгээр хангах, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэх.

2.Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт даалгасугай:

1/хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох;

2/хуульд заасны дагуу баталсан боловч бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;

3/эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хуульд нийцүүлэн шинэчлэн батлах;

4/эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх.

3.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох салбарын хууль тогтоомжийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1, 271.2 дахь хэсэгт нийцүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийн судалгаа, саналыг Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт даалгасугай.

4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хуульд нийцүүлэн хийж, үнэлгээг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тогтмол байршуулах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Баасандорж/, Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.

5.Монгол Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасны дагуу товьёг хийх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодод даалгасугай.

6.Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг нийтийн эрх зүйн этгээдэд зөвлөсүгэй.

7.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.

8.Энэ тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

1