- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хянан шалгах түр хороо байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 62
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хянан шалгах түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан "Оюу толгой" бүлэг ордын талбайн хил заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, тэдгээрийн шаардлагыг хангуулах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний 11.3(ё)-т зааснаар хөрвүүлэх өдрөөс хойш долоон жил тутамд санхүүжилтийн хүүгийн зохистой хувийг хянан үзэх хугацаа нь 2025 онд болж байгаатай холбогдуулан Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх"-ээр тогтоосугай.
2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/"Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх;
2/"Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах.
3.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
М.Бадамсүрэн Улсын Их Хурлын гишүүн
О.БатнайрамдалУлсын Их Хурлын гишүүн
Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн
Б.Баярбаатар Улсын Их Хурлын гишүүн
Э.Болормаа Улсын Их Хурлын гишүүн
С.Зулпхар Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
Ш.Бямбасүрэн Улсын Их Хурлын гишүүн
П.Ганзориг Улсын Их Хурлын гишүүн
Б.Жаргалан Улсын Их Хурлын гишүүн
Д.Пүрэвдаваа Улсын Их Хурлын гишүүн
Ө.Шижир Улсын Их Хурлын гишүүн
4.Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд даалгасугай.
5.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
1
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх