A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт:

"4.1.6.энэ журмын 6.1.2-т заасан дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу эх загвар зураг (эскиз) боловсруулсан байх.";

2/ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:

"4.3.Чөлөөт бүсэд газар ашиглуулах төсөл сонгон шалгаруулахад энэ журмын 4.1-д заасан шаардлагаас гадна Чөлөөт бүсийн тухай хуулийн 7.1.10-д заасны дагуу тогтоосон шалгуур үзүүлэлтийг баримтална.";

3/ 7 дугаар зүйлийн 7.2.12 дахь заалт:

"7.2.12.энэ журмын 4.1-д заасан шаардлага.".

2.Мөн журмын 2.1.3 дахь заалтын "зохион байгуулалтын болон" гэсний дараа "тусгай бүс," гэж нэмсүгэй.

3.Мөн журмын дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:

"1.1.Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 40.5, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 10.3, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3-т тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт (цаашид "төсөл сонгон шалгаруулалт" гэх)-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.";

2/ 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг:

"1.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахад энэ журмыг мөрдөнө.";

3/ 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:

"3.1.Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.2, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 40.5, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 10.3, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3-т заасан газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулна.".

4.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.3.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.8.3 дахь заалтын "MNS ISO 21500 стандартын" гэснийг "MNS ISO 21500:2017 стандартын" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "60-аас" гэснийг "30-аас" гэж, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн "үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах" гэснийг "үндсэн шалгуур үзүүлэлт тус бүрд 1-10 хүртэлх" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ