- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтнуудад даалгасугай:
1.1.Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай үүссэн татварын маргаан болон "Антре Гоулд" ХХК-ийн эзэмшиж байгаа талбайн хилийн заагийг тогтоох асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулан 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нарт;
1.2."Петрочайна дачин тамсаг" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг судалж, санал боловсруулан 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.3."Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах талаар санал боловсруулан 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д;
1.4.Дархан, Сэлэнгийн бүсийн "Үйлдвэр технологийн парк"-ийн хөгжлийн төлөвлөгөө болон Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулан, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, явц, үр дүнг 2025 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д;
1.5."Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК (Б.Чагнаадорж)-д;
1.6.Багануурын уурхайг түшиглэсэн "Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор"-ын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д;
1.7."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-т;
1.8.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойг барих төслийн ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;
1.9.Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойн төсөл, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станцын төслүүдийн ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт;
1.10.Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг С.А.С" компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагалдах гэрээнүүд болох "Орд ашиглалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчийн гэрээ"-ний төслийг эцэслэн боловсруулж, 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт)-д;
1.11.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын зураг төслийн явц, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд;
1.12."Гашуунсухайт-Ганцмод", "Ханги-Мандал", "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн замын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийн явцыг сар тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;
1.13.Сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэр бүхий эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, явц, үр дүнг 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгүүдийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод, бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, холбогдох бусад албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай.
3.Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дуусгавар болж байгаатай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгах төсөл, арга хэмжээний саналыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасугай.
4.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөгжлийн төслүүдийг холбогдох яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирсэн саналын дагуу ач холбогдол, хэрэгжих боломжоор нь үнэлж, эрэмбэлэн, төсөвт үзүүлэх нөлөө, санхүүжилтийн эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, 2025 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд үүрэг болгосугай.
5.Хөрөнгө оруулагчдаас гаргасан гомдлыг судлан, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Батцэцэг)-т даалгасугай.
6.Энэ тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явц, тайлан, мэдээг сар тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх