- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 67
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэргийг цахимжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын цахим мэдээллийн санг нэгтгэн холбох, цахим системийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглаж нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, үнэлэх ажиллагааг боловсронгуй болгох;
3/эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч цахим хавтаст хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах ажиллагааг боловсронгуй болгох;
4/эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж тайлбар, мэдүүлэг өгсөн хэрэгт нь тухайн хүнийг яллах талын нотлох эх сурвалж болгохгүй байх зохицуулалтыг судлан, олон улсын гэрээнд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг боловсруулж, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
5/энэ тогтоолын 1, 2, 3 дахь дэд заалтад заасан үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх