A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 78

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх хамрах хүрээ, үндсэн зарчмыг хавсралтаар баталсугай.

2.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай:

1/"Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.2.3.3 дахь дэд заалт, "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 35 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1.1 дэх дэд заалтад заасан төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх бэлтгэл хангах ажлыг 2025 онд багтаан дуусгах;

2/төрийн байгууллагын албаны чиг үүргээ хэрэгжүүлдэг нарийвчилсан процесс, төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийснээр бий болох бүтэц, зохион байгуулалт, төсөл, арга хэмжээ, холбогдох тайлан, төрийн байгууллагын аливаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Төрийн болон албаны нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, нээлттэй их өгөгдлийн санг бий болгох;

3/төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоход чиглэсэн төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл хийх ажлыг энэ тогтоолд заасан хамрах хүрээ, үндсэн зарчим, ерөнхий удирдамжийг баримтлан хийх, үр дүнд суурилсан удирдлагаар хангаж ажиллах;

4/төрийн үйлчилгээнд хийсэн процессын дахин инженерчлэлийн үр дүнг салбар бүрээр ангилан нэгтгэж, цаашид авч хэрэгжүүлэх саналын хамт 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

3.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ерөнхий удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ц.Сандаг-Очир/-нд даалгасугай.

4.Тухайн байгууллагаас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг Монгол Улсын Их Хуралд ажлаа шуудхариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ц.Сандаг-Очир/-нд даалгасугай.

6.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД.АМАРБАЯСГАЛАН