- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 77
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо /П.Дэлгэрнаран/-нд тус тус даалгасугай:
1/Сонгох, сонгогдох эрхийн талаар:
а/сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг үнэлгээний тайланд үндэслэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
б/хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар санал боловсруулах;
в/сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, арга хэмжээг зөвхөн сонгуулийн жилээр хязгаарлахгүйгээр тогтмол хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийг төсөвт тусгах, сонгуулийн үйл ажиллагаатай холбогдох тухайлсан асуудал бүрээр статистик мэдээллийн санг бүрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
г/эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуучууд зэрэг нийгмийн олон талт бүлгийн төлөөллийг сонгуульд нэр дэвшихэд нь дэмжих, тэдгээрийн сонгогдох эрхийг эдлүүлэхэд чиглэсэн түр тусгай арга хэмжээ авах талаар судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
д/сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, стандартыг сахиулах, гомдол, маргааныг үр дүнтэй шийдвэрлэх, үр нөлөөтэй хариуцлага тооцох, зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх тогтолцоог бүрдүүлэх талаар санал боловсруулах.
2/Хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаар:
а/өмгөөлөгчийг хуульд заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэнтэй нь холбогдуулан эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдуулан хууль бусаар шалгах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах, хариуцлага хүлээлгэхгүй байх баталгаагаар хангах;
б/өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнтэй нь холбогдуулан айлган сүрдүүлэх, хүчирхийлэх, дарамт, шахалт үзүүлэх, бусад байдлаар нөлөөлсөн этгээдийн үйлдлийг үр дүнтэй мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгох;
в/өмгөөлөгч цахим шүүх хуралдааны үед үйлчлүүлэгч болон бусад оролцогчтой чөлөөтэй харьцах, ямар ч үед үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, түүний байгаа газарт чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан байгууллагын дотоод дүрэм, журмыг хуульд нийцүүлэх.
3/Хүний эрх ба цахим технологийн талаар:
а/цахим технологийн хүний эрхийн нөлөөллийг тооцох аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, уг аргачлалаар төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа цахим технологид үнэлгээ хийх зохицуулалтыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд тусгах;
б/Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар тодорхойлсон мэдээллийн эзний эрхийг хамгаалах, хууль тогтоомжид заасныг зөрчсөн мэдээлэл хариуцагч болон мэдээлэл боловсруулагчийн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг, зөрчилд тооцох, хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг судлах;
в/Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, мэдээлэл хамгаалах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх талаар үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох;
г/нийтийн болон хувийн орон зайд байрших дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем, хүнийг тагнах, мөрдөн мөшгих боломжтой бүх төрлийн цахим төхөөрөмжөөс хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөө, хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг холбогдох хуульд нарийвчлан тусгах;
д/хиймэл оюуны хөгжүүлэлт, ашиглалттай холбоотойгоор хүн төвтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, мэдээлэл, өгөгдлийн боловсруулалт ил тод байх, хариуцлагатай байх гэсэн зарчмуудыг уг илтгэлд тайлбарласан агуулгаар "Үндэсний хиймэл оюуны стратеги"-д тусгаж, улмаар Монгол Улсад хөгжүүлэх, ашиглахыг хориглох хиймэл оюуны төрлийг тодорхойлох;
е/хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах болон худал мэдээлэл, хүчирхийлэл, үзэн ядалтыг сэдэлжүүлэх илэрхийлэл бүхий гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй контентын зохист тэнцвэрийг хэрхэн хангахтай холбоотой бодлогыг тодорхойлох;
ё/ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, алслагдсан орон нутгийн болон орлого багатай өрх, монгол хэлээр харилцах боломжгүй хүмүүсийн цахим технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн ялгаатай байдлыг харгалзан хэрэгцээнд нь нийцүүлэн хэрэглээний ур чадвар олгох сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах, үр дүнтэй сургах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний шинжлэх ухааны дэвшлийн үр шимийг хүртэх эрхийг хангах асуудлыг тусгасан цахим хуваагдлыг арилгах бодлогыг тодорхойлж, батлах, хэрэгжүүлэх;
ж/корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеэр цуглуулсан хүний хувийн мэдээлэл, түүний ашиглалт, үйл ажиллагааг Засгийн газрын дотоод хяналтын хүрээнд шалгах.
4/Цахим орчинд үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах талаар:
а/цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийн онцлог байдал, үйлдлийн арга, хэлбэр, цаашид бий болох хор уршиг, хохирлын талаар нарийвчлан судалж, энэ төрлийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхэд шаардлагатай зохицуулалтыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хуульд тусгах боломжийг судлах;
б/Эрүүгийн хуулийн 10.4, 11.7, 13.1, 13.5, 13.12, 14.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд цахим технологи ашиглан үйлдсэн арга, хэлбэрийг тусгах;
в/цахим технологи ашиглан цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх аргачлал боловсруулж, кибер халдлагатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, хүний нөөцийн болон санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх;
г/цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээллийг тэдгээрийн онцлог байдал, хэрэгцээнд нийцүүлэн ойлгогдохуйц, хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэж хүргэх, нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөж, бүх талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх.
5/Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах талаар:
а/насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан гаргаж, энэ төрлийн гэмт хэргийн криминологийн цогц судалгааг хийх, уг судалгааны үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг шинэчлэх;
б/насанд хүрээгүй хохирогчтой ярилцлага хийх, тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг цагдаагийн байгууллагын байрнаас өөр газарт буюу хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдэд аюулгүй, ээлтэй, хүртээмжтэй орчинд мэргэшсэн сэтгэл зүйч, эсхүл нийгмийн ажилтантай ярилцлага хийх хэлбэрээр нэг удаа, шуурхай явуулах бөгөөд дуу, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж нотлох баримтад тооцдог байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч заавал өмгөөлөгчтэй оролцдог байх асуудлаар холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
в/бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, дахин хохирохоос урьдчилан сэргийлэх тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах;
г/хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй хүүхэд хамгааллын тогтолцооны хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын бодит оролцоог хангаж, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
д/насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шинжээч, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчийг тусгайлан мэргэшүүлэн бэлтгэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн мэргэшиж бэлтгэгдсэн оролцогчийг оролцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
е/Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдаж байгаатай холбоотойгоор мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, салбар дундын уялдаа холбоог хангах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр эрхлэх асуудлын хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
6/Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар:
а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцийн шинжилгээ хийх, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ажиллагааны зөвшөөрлийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
б/хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэгтэй хүнд шинжилгээ хийх, оношлох чадавхыг бэхжүүлэх, тэдгээр хүмүүст ял оногдуулахын зэрэгцээ албадан эмчилгээ хийх, суллагдсаны дараа хяналт тавих эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авах;
в/эрүүгийн болон зөрчлийн хэргийг аль болох богино хугацаанд шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажлын ачааллыг үндэслэлтэйгээр тооцож, шийдвэрлэх талаар эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах;
г/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ашиглах цахим системийг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
д/гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд ил болгож хавтаст хэрэгт тусгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
е/баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан даруйд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
ё/гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төр эхлэн барагдуулах, түүнчлэн хохирлыг нөхөн төлөх төсвийн эх үүсвэрийг гэм буруутай этгээдээс гаргуулсан мөнгөн төлбөр, гэмт хэрэг, зөрчлийн торгууль, хүүгийн орлого, авлигын улмаас хураагдсан хөрөнгө орлого зэргээс бүрдүүлэх зохицуулалт бүхий Гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх сангийн тухайлсан хуультай болох эсэх асуудлаар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалж, шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төслийг боловсруулах;
ж/эрүү шүүлтийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн хууль зүйн, эрүүл мэнд, нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн харилцаанд эргэн ороход дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах тухайлсан хуультай болох эсэх асуудлаар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалж, шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулах;
з/хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг авах;
и/хорих анги, цагдан хорих байр, цэргийн анги, хүний эрх чөлөөг хязгаарлах чиг үүрэгтэй газар болон хууль сахиулагчийн ажлын байранд хүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
7/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар:
а/эрүүдэн шүүхээс бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар болон хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцох асуудлыг судалж, шаардлагатай гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах;
б/Эрүүгийн хуулийн 10, 11, 21 дүгээр бүлэгт зохицуулсан "эрүүдэн шүүх" үйлдлийг нэгтгэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судлах;
в/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг хамааруулахгүй байх;
г/Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн үндэсний хэмжээнд хүний эрхийн сургалтын нэгдсэн хөтөлбөрийг Станбулын протоколд нийцүүлэн боловсруулах;
д/эрүү шүүлт тулгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хараат бусаар хянан шалгах бие даасан бүтэц байгуулах.
2.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон гишүүний зөвлөмж, шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, хэрэгжүүлээгүй төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /Д.Сүнжид/-т тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо /П.Дэлгэрнаран/-нд тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/, Төрийн байгуулалтын байнгын хороо /Ц.Сандаг-Очир/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх