A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 79

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд даалгасугай:

1/банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламж нь банкуудын эх үүсвэрийн өртөг, зээлийн хүүг тогтооход хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, саналаа танилцуулах;

2/банкнаас эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарладаг болох зохицуулалтыг холбогдох журамд тусгах;

3/Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох.

2.Зээлийн хүүг бууруулж, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд даалгасугай:

1/банк болон банк бус санхүүгийн байгууллага хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал, хугацааг бууруулах;

2/банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага, шалгуурыг төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох.

3.Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн, хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судалж, санал боловсруулан танилцуулахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд, банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох журмыг зээлжих чадварын зэрэглэлтэй уялдуулан боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, танилцуулахыг, энэ тогтоолын биелэлтийн явцыг 2025 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн /Б.Жавхлан/-нд тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН