- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын
2025 оны 8 дугаар сарын 25-ны
өдрийн А/337 дугаар тушаалын хавсралт
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД
ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх дэс дараалал, үйл ажиллагааны зааврыг тогтооход энэ журмын зорилго оршино.
1.2.Гаалийн хяналт тавих, бүрдүүлэлт хийх албан тушаалтан гаалийн мэдээллийн автоматжуулсан систем (цаашид "CAIS" систем гэх), хорио цээрийн удирдлагын мэдээллийн систем ("QIMS")-д зөвхөн өөрт олгогдсон эрхээр нэвтэрч, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Гаалийн харилцаанд оролцогч нь гадаад худалдааны үйлчилгээ эрхлэгчдийн систем (цаашид "CEPS" систем, "GAALI.mn")-д өөрийн эрхээр нэвтэрч гаалийн харилцаанд оролцоно. Эрхээ бусдад ашиглуулснаас гарах үр дагаврыг эрх эзэмшигч бүрэн хариуцна.
1.3.Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн хяналтын бүх үе шатанд ажиглалт хийнэ.
1.4.Гаалийн хяналт, бүрдүүлэлтэд теле хяналтын нэгдсэн систем, хяналт, шалгалтын техник, багаж хэрэгсэл, энгэрийн камер, эрэлч нохой, мэдээллийн санг ашиглана.
1.5.Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлд заасан гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гаалийн хяналт, шалгалтын явц, үр дүн, илэрсэн зөрчлийг бэхжүүлэн авах зорилгоор дуу авиа, дүрс бичлэгээр баталгаажуулна. Гаалийн зорилгоор дуу авиа, дүрс бичлэгийг хийх, хадгалах зэрэгтэй холбогдсон үйл ажиллагаанд Гаалийн хяналт, шалгалтын явцад дуу авиа, дүрс бичлэг хийх, ашиглах заавар"-ыг дагаж мөрдөнө.
1.6.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтад үндэслэн тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллага CEPS системд "Ачааны манифест"-ыг нөхөн бичиж, гаалийн байгууллагад цахимаар илгээнэ. ТИР карней бүхий тээврийн хэрэгслийг Олон Улсын гэрээ, конвенцийн дагуу шийдвэрлэнэ.
1.7.Ачааны манифестыг тээвэрлэгч болон тээвэр зуучлалын байгууллага цахимаар нөхөн бичих, гаалийн байгууллага хянахад "Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам"-ыг дагаж мөрдөнө.
1.8.Ачааны манифестын мэдээллийг Монгол Улсын гаалийн байгууллага, бусад орны гаалийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрийн дагуу цахимаар солилцож болно.
1.9.Гаалийн бүрдүүлэлтийн явцад гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой үндэслэлтэй мэдээлэл хүлээн авсан тохиолдолд нэн даруй гаалийн хяналт, бүрдүүлэлт, хорио цээр, эрсдэл, зөрчилтэй тэмцэх асуудал хариуцсан нэгжийн холбогдох албан тушаалтан CAIS системийн гаалийн мэдүүлгийн "Мэдээлэл" талбарт зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг тодорхой бичиж оруулна.
1.10.Бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, бүрдүүлэлт хийж буй албан тушаалтанд зөвлөмж, чиглэлийг албан бичгээр, эсхүл CAIS системийн холбогдох мэдээллийн талбараар дамжуулан мэдэгдэж, зөвлөмж, мэдээллийг хүргүүлсэн албан тушаалтан биелэлтэд хяналт тавина.
1.11.Гаалийн хилээр нэвтрүүлэх хориглосон, хязгаарласан бараатай холбоотой мэдээллийг эрх бүхий удирдах албан тушаалтан харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан зөвлөмж, чиглэлийг хүргүүлж болно. Хүргүүлсэн мэдээлэл, зөвлөмжийг 24 цагийн дотор албан бичгээр цахимаар хүргүүлж, эсхүл CAIS системийн холбогдох мэдээллийн талбарт оруулж баталгаажуулна.
1.12.Ухаалаг гарц суурилуулсан хилийн боомт, гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгслийг бүртгэх, хяналт тавихад холбогдох зааврыг дагаж мөрдөнө.
1.13.Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, чөлөөт бүсэд хийнэ. Түргэн муудах, аюултай, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, төрийн болон албаны нууцад хамаарах, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар, түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, мөн зайлшгүй шаардлагатай бусад барааны шалгалтыг мэдүүлэгчээс цахимаар эсхүл бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт, ажлын өдөрт ажлын цагт багтаан мэдүүлэгчийн зардлаар хийж болно.
1.14.Мал, амьтныг хилийн гаалийн хяналтын бүсэд оруулмагц мал эмнэлгийн хяналт хариуцсан албан тушаалтан эрүүл мэндийн анхдагч үзлэгийг 1 цагийн дотор хийж эхлэх бөгөөд бичиг баримтыг шалган тэмдэглэл үйлдэж, энгэрийн камерын бичлэгээр баталгаажуулна.
1.15.Улсын хилээр оруулах ургамал, ургамлын гаралтай түүхий эд, тарих үрийн материал /амьд үр, суулгац, тарьц, хөврөл, ургал эрхтэн/, хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай үр тариа, улаан буудайн гурил, төрөл бүрийн будааг хилийн гаалийн хяналтын бүсэд оруулмагц ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан албан тушаалтан тээврийн хэрэгслээс буулгахгүйгээр хортон шавж, хог ургамал, ургамлын өвчин илрүүлэх анхдагч үзлэгийг 1 цагийн дотор хийж эхлэх бөгөөд бичиг баримтыг шалган тэмдэглэл үйлдэж, энгэрийн камерын бичлэгээр баталгаажуулна.
1.16.Эрүүл мэндийн болон анхдагч үзлэгээр өвчний шинж тэмдэг, хөнөөлт организмын сэжигтэй тохиолдол илэрсэн үед мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг түр тусгаарлан, саатуулж, хорио цээрийн хяналтад оруулан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулна. Энэхүү хорио цээрийн хяналтыг тусгайлан бэлтгэсэн түр тусгаарлах хэсэгт хийнэ.
1.17.Саатуулсан хугацаанд амьтны гоц халдварт өвчин, ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн нь баталгаажсан тохиолдолд тухайн үзлэг хийсэн албан тушаалтан экспортлогч улсад буцаах мэдэгдлийг нэн даруй өгч, эсхүл гаалийн байгууллагын хяналт дор устгах арга хэмжээ авах шийдвэр гаргаж, тухайн гаалийн байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.
1.18.Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.
1.19.Улсын хилээр нэвтрүүлэх мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, хуучин хувцас, шарил тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэлтийн гэрчилгээтэй байна.
1.20.Дор дурдсан барааг мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэсний үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлнэ.
1.20.1.олон улсын хөл хориот өвчний сэжиг илэрсэн болон онош батлагдсан зорчигчийн гар тээш, дагалдах ачаа, эд зүйлс;
1.20.2.хүний шарил;
1.20.3.дотоод хорио цээртэй зүйлс илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн;
1.20.4.халдварын сэжигтэй мал, амьтан, ургамлын хорио цээртэй зүйлс илэрсэн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, хашлага, тоног хэрэгсэл, өвс, тэжээл, дэвсгэр, сав, баглаа боодол, чигжээс, байр, агуулах, талбай, бохирлогдсон байж болзошгүй орчны хөрс, байгууламж, бусад.
1.21.Халдварын сэжигтэй, хорио цээртэй зүйлс бүхий чингэлэг, тээврийн хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн түр тусгаарлах хэсэгт байрлуулж халдваргүйжүүлнэ.
1.22.Энэ журмын 1.13-1.20 дахь хэсгийн хэрэгжилтэд тухайн гаалийн байгууллагын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, эрүүл ахуй, стандартын хяналт хариуцсан албан тушаалтан хяналт тавьж ажиллана.
1.23.Хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаалийн удирдах төв байгууллагаас баталсан зааврыг дагаж мөрдөнө.
1.24.Хилийн боомт болон гаалийн хяналтын бүсэд хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хими, цацрагийн осол, хордлого зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед тухайн гаалийн байгууллагын хорио цээрийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан мэргэжлийн байгууллагатай хамтран хариу арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ.
1.25.Тээвэрлэгч, мэдүүлэгч эсхүл гаалийн хяналтын бүс, баталгаат бүс эзэмшигч, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгч нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, гаалийн шалгалт хийх нөхцөлийг ажлын өдөрт багтаан бүрдүүлнэ.
1.26.Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс эзэмшигч, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгч нь хяналтын камерын бичлэг хийгдсэн өдрөөс хойш теле хяналтын серверт 6 сарын хугацаатай хадгалж, 12 сарын хугацаатай архивлана. Энэ хяналтын камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглана.
1.27.Хяналтын камерын бичлэгийн хадгалалт, хамгаалалтад зөрчилтэй тэмцэх асуудал хариуцсан нэгж, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, холбогдох албан тушаалтан хяналт тавьж ажиллана.
1.28.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг үндэслэлгүйгээр саатуулсан тохиолдолд тухайн хувь хүн, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
1.29.Хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, хяналт, шалгалтын онцлогоос шалтгаалан гаалийн хяналтын технологи ажиллагааны заавар болон ажил үүргийн хуваарийг харьяа гаалийн байгууллагын дарга энэ журам болон албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэн баталж, гаалийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллана.
1.30.Тээврийн төрлөөс үл хамааран тээврийн баримтад хүлээн авах буюу хүрэх гаалийн хяналтын бүсийн мэдээлэл байхгүй тохиолдолд барааны гаалийн бүрдүүлэлтийг хилийн гаалийн байгууллагад хийж дуусгана.
1.31.Гаалийн байгууллага гаалийн хяналтын төлөвөөс үл хамаарч гаалийн хилээр нэвтрүүлэх авто тээврийн хэрэгсэлд хийх шалгалтыг 1 цагт, тогтоосон цагийн хуваарьтай төмөр замын болон агаарын тээврийн хэрэгсэлд хийх шалгалтыг хуваарьт цагт багтаан хийж гүйцэтгэнэ.
1.32.Их өгөгдөлд суурилан эрсдэл тооцож, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын шалгалтыг автоматаар хийж болно.
1.33.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, техникийн шаардлагад заасан болон энэ журамд тусгайлан заасан хугацааг мөрдөнө.
1.34.Энэ журмын хэрэгжилттэй холбоотой хүн, хуулийн этгээд, төрийн бусад байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Хоёр. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах
2.1.Бараа, тээврийн хэрэгсэл нь агаар, төмөр зам болон авто замаар тээвэрлэн улсын хилээр оруулсан үеэс хилийн гаалийн хяналтад байна.
2.2.Хилийн гаалийн байгууллага нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримтыг гаалийн хяналтад авсан үеэс гүний гаалийн байгууллагын хяналтад оруулах хүртэлх хугацаанд хяналт тавина.
2.3.Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага хооронд ачааны манифестаар 3 цагийн дотор хяналтад явуулна.
2.4.Тээвэрлэгч хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор тээвэрлэнэ.
2.5.Тээврийн хэрэгслийн эзэмшигч, тээвэрлэгч байгууллага улсын хилээр бараа, тээврийн хэрэгслийг оруулахаас 72 хүртэл цаг дотор цахим гарын үсэг эсвэл QR цахим тэмдгээр баталгаажсан барааны дагалдах бичиг баримт, зорчигчийн мэдээллийн хамт гаалийн байгууллагад CEPS, Gaali.mn системээр хүсэлт илгээнэ. Энэ хүсэлтэд үндэслэн хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад оруулна.
2.6.Гадаад улсад бүртгэлтэй автотээврийн хэрэгслийг гаалийн байгууллага CEPS системд барааны дагалдах бичиг баримт болон зорчигчийн мэдээллийн хамт бүртгэл үүсгэн 1 цагийн дотор CAIS системд оруулж, гаалийн хяналтын бүсэд нэвтрүүлнэ.
2.7.Гүний гаалийн хяналтад илгээх бараа, тээврийн хэрэгсэлд тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллага ачааны манифестыг CEPS систем ашиглан нөхөн бичиж, бүртгэлээс барааны дагалдах бичиг баримтыг татаж хавсарган, гаалийн байгууллагад 1 цагийн дотор цахимаар илгээнэ. Мөн шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг цахимаар оруулах боломжтой байна.
2.8.Авто замаар тээвэрлэн улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллага хяналтын бүсэд оруулах үед жинлэж, жингийн мэдээлэл CAIS системд автоматаар бүртгэгдэнэ.
2.9. Авто болон төмөр замаар тээвэрлэж буй ачаатай тээврийн хэрэгсэл, чингэлгийг хилийн гаалийн байгууллагын чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжөөр шалгасан тохиолдолд тэр даруй рентген зургийг зурган файл болгон импортын ачааны манифестад хавсарган илгээнэ.
2.10.Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авахдаа тээвэрлэгч болон тээвэр зуучлалын байгууллагаас цахимаар ирүүлсэн дагалдах бичиг баримтыг системд баталгаажуулалт хийснээр гаалийн хяналтад авсанд тооцно.
2.11.Битүүмжлэлтэй тээврийн хэрэгсэлд ачсан барааг гаалийн хяналтад авахад лац, ломбо, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг, задгай тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд барааны байрын тоог тээвэрлэгчээс хилийн гаалийн байгууллагад цахимаар ирүүлсэн даруй дагалдах бичиг баримттай тулган шалгана.
2.12.Энэ журмын 2.11-т заасан шалгалтаар мэдээлэл зөрсөн, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээ гэмтсэн тохиолдолд түүнийг мэдсэн даруй тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан, тэмдэглэл үйлдэж, бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогоос шалтгаалан тохирох тэмдэглэгээг шинээр хэрэглэнэ.
2.13.Улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд энэ журмын 1.13-1.20 дахь хэсэгт заасан арга хэмжээ болон холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.14.Хилийн болон гүний гаалийн хяналтад илгээх бараа, тээврийн хэрэгсэлд хилийн гаалийн байгууллага энэ журмын 2.10-2.13-т заасан хяналтыг хэрэгжүүлж, ачааны манифестыг CAIS системд баталгаажуулснаар бараа, тээврийн хэрэгсэл нь хүрэх гаалийн байгууллагын хяналтад илгээгдэнэ.
2.15.Хилийн гаалийн хяналтын бүс хооронд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад илгээхэд ачааны манифестаар хяналт тавина. Хүрэх хяналтын бүс хариуцсан албан тушаалтан ачааны манифест, цахим хүсэлтийг хүлээн авч баталгаажуулан 1 цагийн дотор гаалийн хяналтын бүсэд оруулна.
2.16.Тээвэрлэгч хилийн гаалийн байгууллагаас хүрэх гаалийн байгууллагын хяналтад тээвэрлэсэн барааг гаалийн хяналтын бүсэд оруулж, гаалийн хяналтын бүс эзэмшигчид 1 цагийн дотор хүлээлгэн өгнө.
2.17.Гаалийн хяналтын бүс эзэмшигч бараа, тээврийн хэрэгсэл, гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг ачааны манифест, дагалдах бичиг баримтын мэдээлэлтэй 1 цагийн дотор тулган шалгаж, гаалийн хяналтын бүсэд оруулах хүсэлтийг CEPS системээр илгээнэ.
2.18.Гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааны бодит мэдээлэл зөрүүтэй, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээ гэмтсэн тохиолдолд гаалийн хяналтын бүс хариуцсан албан тушаалтанд мэдээлж, тэмдэглэлээр хүлээлгэн өгнө.
2.19.Энэ журмын 2.18-д заасан албан тушаалтан ирүүлсэн мэдээллийг нягтлан хуульд заасан арга хэмжээг авч, CAIS системд баталгаажуулснаар бараа, тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллагын хяналтад авсанд тооцно.
2.20.Гаалийн хяналтад байгаа бараа тээврийн хэрэгслийг зөвхөн гаалийн хяналт дор ачааны манифестаар шилжүүлнэ. Гаалийн байгууллагын хяналтын бүс хооронд шилжүүлэхэд тухайн гаалийн байгууллагад, харин гаалийн байгууллага хооронд шилжүүлэхэд тээврийн хэрэгслийн төрөл солигдох эсэхээс үл хамааран ачааны манифестын хаяг солих хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн асуудал хариуцсан нэгжид гаргаж шийдвэрлүүлнэ.
2.21.Гаалийн хяналтын бүс дэх гаалийн хяналтад байгаа барааг гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсэд оруулах тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горим сонгоно.
Гурав. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх
3.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд Гаалийн тухай хуульд зааснаар 3 хоног хүртэл хугацаагаар хадгалж болох бөгөөд энэ хугацаанд мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн горим сонгоогүй бол гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
3.2.Гаалийн түр агуулахад оруулах боломжгүй бол гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнд тооцож, гаалийн хяналтын бүсэд хадгална.
3.3.Хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардах барааг зориулалтын агуулах, байгууламжид хадгалах бөгөөд тухайн гаалийн хяналтын бүс нь зориулалтын агуулахгүй тохиолдолд Гаалийн тухай хуульд заасан шаардлага хангасан мэдүүлэгчийн агуулахад, татварын баталгаа гаргуулан битүүмжлэн хадгалуулж болно.
3.4.Мэдүүлэгч барааг мэдүүлэхэд гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар", гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг хүлээн авч, шалгахад "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ыг дагаж мөрдөнө.
3.5.Мэдүүлэгч гаалийн байгууллагад барааг CEPS болон Gaali.mn систем ашиглан мэдүүлэхэд CAIS системээс тухайн бараанд шалгалт хийх "Улаан", "Улбар шар", "Ногоон" хяналтын төлөв илэрхийлэгдэж, шалгалт хийх албан тушаалтан санамсаргүй сонголтоор автоматаар томилогдоно.
3.5.1.Гаалийн хяналтын "Ногоон" төлөв сонгогдсон тохиолдолд гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын болон бараанд хийх шалгалтаас чөлөөлөх;
3.5.2.Гаалийн хяналтын "Улбар шар" төлөв сонгогдсон тохиолдолд гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтад шалгалт хийж, барааг шалгалтаас чөлөөлөх;
3.5.3.Гаалийн хяналтын "Улаан" төлөв сонгогдсон тохиолдолд гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримт, бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх.
3.6.Энэ журмын 1.9-д заасан мэдээллийг үндэслэн "Ногоон", "Улбар шар төлөв"-т сонгогдсон гаалийн мэдүүлэгт шалгалт хийж болно. Энэ тохиолдолд хяналт, шалгалт хийх гаалийн улсын байцаагч CAIS системээс санамсаргүй сонголтоор автоматаар томилогдоно.
3.7.Энэ журмын 1.9, 3.6-д заасан үндэслэлээр барааг шалгаж шийдвэрлэсэн тохиолдолд CAIS системийн гаалийн мэдүүлгийн "Мэдээлэл" талбарт шийдвэрийн үндэслэл, шалтгаан, шалгалтын үр дүнг 1 цагийн дотор бичиж оруулна.
3.8.Мэдүүлсэн бараанд гаалийн болон бусад татвар, хураамжийн нэхэмжлэх дараах байдлаар үүснэ:
3.8.1.гаалийн хяналтын "Ногоон" төлөв сонгогдсон мэдүүлэгт автоматаар;
3.8.2.гаалийн хяналтын "Улбар шар" болон "Улаан" төлөв сонгогдсон мэдүүлэгт гаалийн байгууллага бичиг баримтын шалгалт хийж дууссанаар;
3.9.Мэдүүлэгч татвар, хураамжийг төлснөөр гаалийн мэдүүлэг "Ногоон", "Улбар шар" төлөвт сонгогдсон тохиолдолд автоматаар, "Улаан" төлөвт сонгогдсон тохиолдолд бараанд шалгалт хийж, зөрчил илрээгүй бол тус тус хүчин төгөлдөр болж, барааг эзэнд нь олгоно.
3.10.Гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болсноор мэдүүлэгч нь тухайн гаалийн мэдүүлгийг Gaali.mn системээс хэвлэн авах боломж бүрдэнэ.
3.11.Гаалийн зөрчилтэй тэмцэх асуудал хариуцсан нэгжээс гэмт хэргийн шинжтэй, худалдааны луйвар, барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой үндэслэл бүхий мэдээлэл ирүүлсэн тохиолдолд татвар төлсөн буюу түүнээс хойших үе шатанд тус нэгжийн дарга хамтарсан хяналт шалгалт хийх үндэслэл, шалтгааныг CAIS системд оруулан баталгаажуулмагц хамтран шалгалт хийх албан тушаалтан CAIS системээс санамсаргүй сонголтоор автоматаар томилогдоно.
3.12.Бараа, тээврийн хэрэгсэлд хийсэн шалгалтын үр дүнг CAIS системд 1 цагийн дотор оруулна. Энэ журмын 1.9, 3.11 дэх хэсэгт заасан мэдээллийн дагуу зохион байгуулсан гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар баталсан зааврын дагуу дуу авиа, дүрс бичлэгээр баталгаажуулна.
3.13.Бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын өдөрт, ажлын цагт багтаан дуусгана. Хэрэв тухайн өдрийн ажлын цагт хяналт шалгалтыг бүрэн хийж дуусгах боломжгүй тохиолдолд удирдах албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.
3.14.Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар батлагдсан холбогдох журмыг дагаж мөрдөнө.
3.15.Магадлан шинжилгээнд хамруулах шаардлагатай барааг гаалийн хяналтын төлөвийг харгалзан хамруулна. Магадлан шинжилгээний дүгнэлтийг гаалийн мэдүүлэгт тусгана.
3.16.Магадлан шинжилгээнд хамруулах шаардлагатай бараа гаалийн хяналтын "Улаан" төлөвт сонгогдсон тохиолдолд магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэн бичиг баримтын шалгалтыг 3 хүртэл цагийн дотор хийж гүйцэтгэнэ.
3.17.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны дагалдах бичиг баримтаас барааны нэр, ангиллын код зөрүүтэй, мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах, тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчсөн, гэмтэж, муудсан, битүүмжлэл алдагдсан барааг гаалийн хяналтын төлөв харгалзахгүй нэн даруй магадлан шинжилгээнд хамруулна.
3.18. Бараа гаалийн хяналтад байх хугацаанд тоо хэмжээ нь дутсан, жин нь багассан, гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь гаалийн шалгалтаар илэрсэн тохиолдолд уг барааг гаалийн хяналтад байх хугацаанд МҮХАҮТ болон бусад эрх бүхий байгууллагаас цахимаар ирүүлсэн магадалгаа, дүгнэлтийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.
3.19. Гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийн явцад зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3.20.Гаалийн хяналт, шалгалтаар барааны нэр, төрөл, марк, үзүүлэлт, тоо хэмжээ, барааны ангиллын кодыг буруу мэдүүлсэн, эсхүл гаальд мэдүүлээгүй бараа илэрсэн тохиолдолд өмнөх гаалийн мэдүүлгийг хэвлэн, зөрчлийн нотлох бичиг баримт болгох бөгөөд зөрчилд холбогдсон барааны гаалийн мэдүүлгийг шинээр нөхөн мэдүүлж, гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.
3.21.Гаалийн бүрдүүлэлт хийгдэж дууссаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн байгууллагад 1 цагийн дотор цахимаар илгээж зөвшөөрөл авна.
Дөрөв. Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх
4.1.Монгол Улсын хилээр гаргах барааг гаалийн байгууллагад хүсэлт гарган гаалийн хяналтын бүсэд оруулна. Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд орсон үеэс хилээр гарах хүртэлх хугацаанд гаалийн хяналтад байна.
4.2.Гаалийн байгууллага гаалийн хилээр гаргах барааг энэ журмын 1.13-т заасны дагуу мэдүүлэгчийн зардлаар мэдүүлэгчийн байр, агуулах, талбай, байгууламжид гаалийн хяналт, шалгалтыг ажлын өдөр ажлын цагт багтаан гүйцэтгэнэ.
4.3.Улсын хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.4.Мэдүүлэгч хилээр гаргах барааны хүсэлтийг дагалдах бичиг баримтын хамт хавсарган CEPS болон Gaali.mn системээр илгээх бөгөөд гаалийн байгууллага 1 цагийн дотор CAIS системд хянан баталгаажуулна.
4.5.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 3.4-3.22-д заасны дагуу шалгаж, хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
4.6.Гаалийн хилээр гаргах барааг гаалийн байгууллага, гаалийн хяналтын бүс хооронд гаалийн мэдүүлгээр хяналтад илгээж, тээвэрлэгч байгууллага барааг гаалийн хяналт дор тээвэрлэнэ.
4.7.Бараа, тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээний аль тохирохыг сонгон хэрэглэж, CAIS системд 1 цагийн дотор бүртгэнэ.
4.8.Гүний гаалийн байгууллагын бүрдүүлэлтийг CAIS системд баталгаажуулснаар хилээр гарах тээврийн хэрэгслийн бүртгэл автоматаар үүсэж, хилийн гаалийн байгууллагад цахимаар илгээгдэнэ.
4.9.Хилийн гаалийн байгууллага экспортын гаалийн мэдүүлгийг үндэслэн бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн хяналтын бүсэд очмогц нэн даруй оруулна.
4.10.Барааг битүүмжлэлтэй тээврийн хэрэгсэл, чингэлэгт ачсан тохиолдолд лац, ломбо, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг, задгай тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд барааны байрын тоо, бусад бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгчээс цахимаар ирүүлсэн дагалдах бичиг баримттай тулган шалгаж хилийн гаалийн хяналтад авна. Зөрчилгүй тохиолдолд гаалийн мэдүүлгийг CAIS системд 30 минутын дотор баталгаажуулж хүчин төгөлдөр болгоно.
4.11.Гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн хяналтын бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад мэдүүлэгчийн хүсэлтээр гаалийн хяналтын бүсээс буцаан гаргахгүй. Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй тохиолдолд мэдүүлэгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн хяналтын бүсээс буцаан гаргаж болно.
4.12.Гаалийн хяналт, шалгалтын явцад гаалийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж, тухайн барааг мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулна.
4.13.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагад анх мэдүүлсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг энэ журмын 4.5-д заасны дагуу хилийн гаалийн байгууллага хийж гүйцэтгэнэ.
4.14.Хоосон чингэлгийг хилийн чанадад гаргах хүсэлтийг үндэслэн гүний гаалийн байгууллага хяналт тавьж, 1 цагийн дотор хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээнэ. Үүнд:
4.14.1.Төмөр замаар тээвэрлэгдэх хоосон чингэлэгт лац, ломбо тавьж;
4.14.2.Авто замаар тээвэрлэгдэх хоосон чингэлэгт лац, ломбогүйгээр.
4.15.Хилийн гаалийн байгууллага гүний гаалийн байгууллагаас илгээсэн хоосон чингэлгийг эсхүл гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг шалгаж, зөрчилгүй тохиолдолд тэр даруй хилээр гаргах зөвшөөрлийг олгоно.
4.16.Хэрэв гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээ гэмтсэн, мэдээлэл зөрсөн, зөрчил илэрсэн тохиолдолд нэн даруй тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Тав. Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих
5.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулах болон гаргахад хяналт тавих хилийн гаалийн байгууллага тээврийн баримтаар гаалийн хяналтад авч, ачааны манифестаар хяналт тавина.
5.2.Тээвэрлэгч, тээвэр зуучлалын байгууллага нь агаар, авто, төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг үндэслэн ачааны манифестыг нэн даруй нөхөн бичиж, гаалийн байгууллагад илгээнэ.
5.3.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх барааг гаалийн хяналтад авсан гаалийн байгууллага "Гаалийн хяналтад байгаа", гаалийн хяналтаас гаргаж байгаа гаалийн байгууллага "Монголын гааль зөвшөөрөв" хяналтын тэмдгийг тээврийн үндсэн бичиг баримтын зөвхөн эх хувьд дарж, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулан тээвэрлэгчид шилжүүлэн гаалийн хяналтад илгээнэ. Цахимаар ирүүлсэн тохиолдолд тэр даруй тээвэрлэгчийн тухайн систем рүү баталгаажуулж цахимаар мэдээллийг солилцоно.
5.4.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх барааны ачааны манифестыг нөхөн бичих, хянахад "Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам"-ыг дагаж мөрдөнө.
5.5.Гаалийн байгууллага нь дамжуулан өнгөрүүлэх бараанд илгээгч улсын гаалийн байгууллагын тавьсан гаалийн тэмдэглэгээг хүлээн зөвшөөрч болно.
5.6.Дамжуулан өнгөрүүлэх барааг гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгсэл солих үйл ажиллагааг гаалийн хяналт дор гүйцэтгэнэ.
5.7.Шаардлагатай тохиолдолд барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхэд тухайн бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагын хяналтад орсон үеэс гаалийн хилээр буцаан гаргах хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийг дагалдуулж болно.
5.8. Дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн нэг байгууллага хяналтад авсан үеэс нөгөө хилийн гаалийн байгууллагын хяналтад оруулах хүртэлх хугацаанд эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагын хяналтад байна.
5.9.Шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь барааг шилжүүлэн ачих хилийн гаалийн байгууллагын хяналтад байна.
5.10.Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага дараах тохиолдолд шалгана:
5.10.1.гаалийн битүүмжлэл гэмтсэн, эсхүл алдагдсан;
5.10.2.гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгслийг нягтлан шалгах тодорхой үндэслэл байгаа.
5.11.Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгслийг шалгахдаа тээвэрлэгч, зуучлагч байгууллагын төлөөлөгчийг оролцуулах ба шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагаас төлөөлөгч байлцуулна.
5.12.Дотоодод дамжуулан өнгөрүүлэх бараанд Гаалийн тухай хууль, энэ журам болон "Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам"-ын холбогдох заалтын дагуу гаалийн хяналт тавина.
5.13.Уул уурхайн эрдэс, бүтээгдэхүүнийг нэг гаалийн хяналтын бүсээс нөгөө гаалийн хяналтын бүсийн хооронд дотоодод дамжуулан өнгөрүүлэх тохиолдолд ачааны манифестаар хяналт тавина.
5.14.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
5.15.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлэх мэдэгдэл, олон улсын мал эмнэлгийн болон ургамлын хорио цээрийн гэрчилгээ, дагалдах бичиг баримт, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг нэн даруй шалгаж, зөрчилгүй тохиолдолд улсын хилээр нэвтрүүлнэ.
Зургаа. Бусад
6.1.Гаалийн байгууллага хооронд бараа, тээврийн хэрэгслийг хяналтад илгээхэд гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээвэрлэнэ.
6.2.Барааг гаалийн хяналтын төлөвийн дагуу шалгалтаас чөлөөлсөн бол гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтад хамруулж, гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нягтлан шалгаж болно.
6.3.Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон, эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн барааг нэн даруй хилийн чанадад буцаан гаргах, буцаах боломжгүй бол бараа устгах горимыг хэрэгжүүлэх журмын дагуу устгана.
6.4.Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд албан тушаалын тодорхойлолт болон чиг үүргийн дагуу оролцсон, зөвшөөрөл олгосон, баталгаажуулсан гаалийн албан тушаалтан түүнээс үүсэн гарах эрх зүйн үр дагавар, хариуцлагыг бүрэн хариуцна.
6.5.Гаалийн удирдах төв байгууллагын харьяа гаалийн байгууллага нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гаалийн баталгаат бүс, хяналтын бүсэд хяналт тавьж ажиллана.
6.6.Энэ журмаар зохицуулагдаагүй харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
6.7.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийхдээ энэхүү журмыг дагаж мөрдөөгүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
----оОо----
Текст томруулах
A
A
A