- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын хэмжээнд 2025 онд "Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Хот, тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 2 дугаар, "Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 3 дугаар, "Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 4 дүгээр, "Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.
3.Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн мэдээллийг бүрдүүлэх, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай, Чөлөөт бүсийн тухай, Усны тухай, Ойн тухай, Төмөр замын тээврийн тухай, Авто замын тухай, Харилцаа холбооны тухай, Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуульд заасан байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын орон зайн өгөгдөл мэдээлэл бүхий мэдээллийн санг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системтэй бүрэн холбож дуусгах, газар ашиглалтын мэдээллийг тухай бүр зураглаж, нэгтгүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүс, хотын захирагч нарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
