A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг Гашуунсухайт боомт дахь "Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал"-ын ухаалаг гарцаар нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Хилийн боомтын захиргаа (Б.Батхишиг), "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг (У.Бямбасүрэн)-т тус тус даалгасугай.

2.Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Д.Тогтохбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

3.Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

3.1.Гаалийн төв лабораторид нүүрсний дээжийг 48 цаг, эрдэс, хүдрийн дээжийг 96 цагийн дотор магадлан шинжилж, дүгнэлт гаргах бололцоог 2025 оны 08 дугаар сард багтаан бүрдүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т;

3.2.Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах арга хэмжээ авч, хилийн боомтын бусад лабораториуд ашиглалтад орох хүртэлх хугацаанд хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн нэгдсэн системд холбох ажлыг 2025 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т;

3.3.хилээр нэвтрэх уул уурхайн экспортын бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл, манифестийг нөхөн бичих, хянах, бүртгэх, дамжуулах үе шатыг 2025 оны 08 дугаар сард багтаан бүрэн цахимжуулахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Хилийн боомтын захиргаа (Б.Батхишиг), "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Т.Батбилэг)-т;

3.4.Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсийн нүүрс ачиж, буулгах талбайн хяналтын цэг бүр дээрх тоног төхөөрөмжийн мэдээллийг бодит цагийн горимоор гаалийн ухаалаг гарцын системд холбож, хил нэвтрэх нүүрсний тээврийн хуваарийг цахим системээр шийдвэрлэх ажлыг 2025 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Хилийн боомтын захиргаа (Б.Батхишиг), "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Т.Батбилэг)-т;

3.5.хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл болон иргэний хяналт, шалгалтын мэдээллийг бодит цагийн горимоор хариуцагч байгууллага хооронд дамжуулах, солилцох "Хил нэвтрэх хүсэлт гаргах" үйлчилгээг И-Монгол платформд 2025 оны 3 дугаар улиралд багтаан нэвтрүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Татварын ерөнхий газар (Ч.Чимидсүрэн), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Хилийн боомтын захиргаа (Б.Батхишиг), "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон), "И-Монгол академи" УТҮГ (Б.Мягмарнаран), "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Т.Батбилэг)-т.

4.Монгол Улсаас бусад улс оронтой байгуулсан худалдааны болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт заасан хөнгөлөлтийг үндэсний үйлдвэрлэгчид ашиглах боломжийг нэмэгдүүлж, экспортыг дэмжихэд шаардлагатай "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" (БТКУС)-ийн барааны ангиллын үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд багтаан баталж, мөрдүүлэхийг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.

5."Гадаад худалдааны цахим нэг цонх" мэдээллийн системийг нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхланд, мэдээллийн системийг e-business.mn цахим системд холбохыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нарт даалгасугай.

6."Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ыг "цахим түрүүнд" гэсэн зарчмыг баримтлан, технологид суурилсан, хүний оролцоог бууруулсан шийдлээр 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор шинэчлэн баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т үүрэг болгосугай.

7.Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын гадаад гүйлгээний лавлагааг бодит цагийн горимоор гаалийн мэдээллийн системд дамжуулах ажлыг 2025 онд багтаан зохион байгуулж, мэдээллийн системийн нууцлал, аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэхийг Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Т.Батбилэг)-т тус тус даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсүгэй.

8.Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох, импортлох иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.

9.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах саналыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд үүрэг болгосугай.

10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гашуунсухайт боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Н.УЧРАЛ