A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-ын 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.11 дэх хэсэг нэмсүгэй:

"4.11.Иргэдийн санаачилсан асуудал нь энэ журмын 4.8 дахь хэсэгт заасан тоонд хүрсэн тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх бөгөөд тухайн Засгийн газрын гишүүн асуудлыг энэ журамд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ."

2.Мөн журмын 4.8, 4.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"4.8.Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн дараах асуудлаар гаргасан иргэдийн саналыг Монгол Улсын 18 насанд хүрсэн, доор дурдсан тооны иргэн дэмжсэн бол хуралдаанаар хэлэлцүүлнэ:

4.8.1.Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд санаачлах хууль тогтоомжийн төсөл, Засгийн газраас баримтлах бодлого, шийдвэрийг төлөвлөх, боловсруулах асуудлаар 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;

4.8.2.Засгийн газрын бодлого, шийдвэрт тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах, хяналт, шалгалт хэрэгжүүлэх асуудлаар 50.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;

4.8.3.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар 20.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол.

4.9.Энэ журмын 4.8-д хамаарах асуудлаар иргэдээс гаргасан саналыг иргэдийн санал, санаачилгын цахим системд 30-аас доошгүй хоног байршуулж, санал авна."

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ