A

A

A

Бүлэг: 1979

 

 

Эрчим хүчний сайдын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/217 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮР БАРИХ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл (цаашид "төсөл" гэх)-ийг нийтэд зарлах, холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн шалгаруулах, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журамд заасан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл гэдэгт 6 кВ болон түүнээс дээш хүчдэлийн түвшинд сүлжээнд холбогдон үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг худалдах зорилгоор нар, салхины үүсгүүрт хөрөнгө оруулах, барих, эрчим хүчийг үйлдвэрлэн, худалдахтай холбогдсон үйл ажиллагаа хамаарна.

1.3.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.4.Оролцогч нь төсөл шалгаруулалтад оролцох сонирхолоо илэрхийлэх, энэ журамд заасан шаардлага хангасан хуулийн этгээд, хуулийн этгээдийн түншлэл байна.

Хоёр.Төсөл шалгаруулалтыг зохион байгуулах этгээд

2.1.Төсөл шалгаруулалтыг доор дурдсан эрх бүхий этгээд нь хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу зохион байгуулна:

2.1.1.төслийн захиалагч буюу эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

2.1.2.Диспетчерийн үндэсний төв;

2.1.3.сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит хуулийн этгээд;

2.1.4.төсөл шалгаруулалтын хороо буюу төсөл шалгаруулалтыг олон нийтэд зарлан, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах чиг үүрэг бүхий энэ журмын дагуу томилогдох эрх бүхий этгээд.

2.2.Төслийн захиалагч нь төсөл шалгаруулалтыг зохион байгуулахад дараах эрх, үүрэгтэй оролцоно:

2.2.1.төсөл шалгаруулалтаар хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг батлах;

2.2.2.төсөл шалгаруулалтын жишиг баримт бичгийг батлах;

2.2.3.төсөл шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий төсөл шалгаруулалтын хороог байгуулах;

2.2.4.төсөл хэрэгжүүлэх гэрээний загварыг боловсруулах, батлах;

2.2.5.төсөл шалгаруулалтад шалгарсан оролцогчтой холбогдох гэрээ байгуулах;

2.2.6.шаардлагатай тохиолдолд төсөл шалгаруулалтын хорооны санал болгосноор үнэлгээний хугацааг нэг удаа 45 хүртэлх хоногоор сунгах.

2.3.Диспетчерийн үндэсний төв нь төсөл шалгаруулалтыг зохион байгуулахад дараах эрх, үүрэгтэй оролцоно:

2.3.1.эрчим хүчний системийн судалгааг хийж, тухайн онуудад хэрэгжүүлэх хүчин чадал, байршлыг тодорхойлж, төслийн хэрэгцээ шаардлагын судалгааг төслийн захиалагчид жил бүр хүргүүлэх;

2.3.2.хэрэгцээ шаардлагад заасан төслийн нэгдсэн сүлжээнд үзүүлэх нөлөөлөл, горим тогтворжилтын тооцоо, дүгнэлт бусад шаардлагатай мэдээллээр төслийн захиалагчийг хангах;

2.3.3.шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах.

2.4.Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит хуулийн этгээд нь төслийн шалгаруулалтад ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон холбогдох бусад баримт бичгийг боловсруулна.

2.5.Төслийн захиалагч төсөл хэрэгжүүлэх тухай бүр төсөл шалгаруулах хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

2.6.Төсөл шалгаруулах хорооны бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх ба хараат бус гишүүн нь эрчим хүчний салбарт 7 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай, худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан, төрийн үйлчилгээнээс бусад салбарт ажилдаггүй байна.

2.7.Төсөл шалгаруулалтын хорооны хурал нь гишүүдийн 75-аас доошгүй хувь оролцсоноор хүчинтэйд тооцогдож, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

2.8.Төсөл шалгаруулалтын хороо нь төсөл шалгаруулалтыг зохион байгуулахад дараах эрх, үүрэгтэй оролцоно:

2.8.1.төсөл шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, төслийн захиалагчаар батлуулах;

2.8.2.төслийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах;

2.8.3.энэ журмын дагуу төсөл шалгаруулалтыг зохион байгуулах;

2.8.4.төслийг шалгаруулсан тухай зөвлөмжийг гаргаж, төслийн захиалагчид хүргүүлэх;

2.8.5.төсөл шалгаруулалтын хорооны гишүүн нь үүрэгт ажлаа хараат бусаар хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах;

2.8.6.энэ журмын 3.2.3-т заасан төсөл хэрэгжүүлэх баталгааны хэмжээг энэ журамд заасан хязгаарт батгаан тогтоох;

2.8.7 хуульд тогтоомжид заасан бусад.

Гурав.Төсөл шалгаруулалтыг нийтэд зарлах

3.1.Төслийн захиалагч нь төсөл шалгаруулалтын урилгыг урьдчилсан үнэлгээ эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудас болон олон улсад өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

3.2.Энэ журмын 3.1-д заасан хугацаанд төслийн захиалагчийн цахим хуудсанд дараах мэдээллийг байршуулах замаар оролцогч нарыг шалгаруулалтад оролцуулах бэлтгэл ажлыг хангана:

3.2.1.төслийг үнэлэх шалгуур үзүүлэлт;

3.2.2.ирүүлэх маягтын загвар;

3.2.3.төсөл хэрэгжүүлэх баталгаа, түүний хэмжээ нь санал болгож байгаа хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 1-5 хүртэл хувьтай тэнцүү байна;

3.2.4.энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг худалдан авах холбоос.

3.3.Энэ журмын 3.2.4-т заасны дагуу худалдан авах төслийн техник, эдийн засгийн үндэслэлд дараах мэдээллийг зайлшгүй тусгасан байна:

3.3.1.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа;

3.3.2.тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг;

3.3.3.горим, тогтворжилтын тооцоо;

3.3.4.хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинжилгээ (WACC, IRR, NPV).

3.4.Энэ журмын 3.3-т заасан баримт бичгийг боловсруулсан зардлыг доор дурдсан аргачлалын дагуу тооцож, баримт бичгийг худалдан авах үнийг тодорхойлно:

Зардал=I+P*q+L+T+G+C

 

I - суурь төлбөр - тавин мянган нэгж;

P - суурилагдсан хүчин чадал (Ватт);

q - итгэлцүүр (нарны цахилгаан станц-3, салхин цахилгаан станц-5);

L - газрын төлбөр;

Т - Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох тусгай зөвшөөрлийн хураамж;

G - Горим, тогтворжилтын тооцооны төлбөр;

C - Бусад зардал (зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан зардал).

3.5.Төсөл шалгаруулалтын урилгыг нийтэд зарласнаас хойш төслийн үнэлгээний аргачлал, 3.2-т заасан бичиг баримт болон холбогдох бусад баримт бичигт өөрчлөлт оруулахгүй.

3.6.Төсөл шалгаруулалтын хороо нь төсөл шалгаруулалтын үйлчилгээний хөлс, шалгаруулалтад оролцох санал хүлээн авах хаяг, хугацаа зэрэг мэдээллийг зар дээр тодорхой бичнэ.

Дөрөв.Төсөл шалгаруулалтад оролцох санал хүлээн авах

4.1.Төслийн захиалагч нь төсөл шалгаруулалтын санал хүлээн авах, төсөл шалгаруулах цахим платформ бүхий мэдээллийн дэд бүтцийг бий болгож, үйл ажиллагаа явуулах найдвартай орчинг бүрдүүлсэн байна.

4.2.Оролцогч нь энэ журмын 3.1-д заасан хугацаанд урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтээ цахимаар хүргүүлэх ба нэг оролцогч нэг төсөлд санал ирүүлнэ.

4.3.Оролцогч нь урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтийн хамт хуулийн этгээдийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, түншлэл бол түншлэлийн оролцогч хуулийн этгээдийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар болон түншлэлийн гэрээ, талуудын сүүлийн 5 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн баталгаажуулсан хуулбар, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.

Тав.Төсөл шалгаруулалтыг зохион байгуулах

5.1.Төсөл шалгаруулах хороо нь төсөл шалгаруулалтыг дараах үе шаттай зохион байгуулна:

5.1.1.урьдчилсан үнэлгээ;

5.1.2.техникийн үнэлгээ;

5.1.3.санхүүгийн үнэлгээ.

5.2.Урьдчилсан үнэлгээг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

5.2.1.төсөл шалгаруулалтын хороо нь энэ журмын 4.3-т заасан хүсэлтийг хүлээн авч, сүүлийн 5 жилийн ажлын туршлага, санхүүгийн чадавхийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй шаардлага хангасан оролцогчийн жагсаалтыг гаргана;

5.2.2.төсөл шалгаруулалтын хороо төслийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, урьдчилсан үнэлгээгээр өндөр оноо авсан эхний 5 хүртэл оролцогчийг эрэмблэн төслийн захиалагчид хүргүүлнэ;

5.2.3.төсөл шалгаруулалтын хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн төслийн захиалагч холбогдох шийдвэрийг гаргаж, тэнцсэн оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад урина;

5.2.4.энэ журмын 5.2.3-т заасны дагуу шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгарсан оролцогч болон бусад оролцогчид урьдчилсан шалгаруулалтын шийдвэрийг цахимаар мэдэгдэж, тэнцсэн оролцогчийн талаар төслийн захиалагчийн цахим хуудас болон олон улсад өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

5.3.Техникийн үнэлгээг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

5.3.1.Төсөл шалгаруулах хороо нь урьдчилсан үнэлгээний үе шатанд тэнцсэн оролцогчид дараах мэдээлэл бүхий санал ирүүлэх урилгыг цахимаар хүргүүлнэ:

5.3.1.1.төслийн нэр, суурилагдсан хүчин чадал, төсөл хэрэгжүүлэх байршил, техник, технологийн шийдэл, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ;

5.3.1.2.санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийн талаарх мэдээлэл, холбогдох зөвшөөрлүүд (тогтоосон маягтын дагуу);

5.3.1.3.үнийн санал (тогтоосон маягтын дагуу);

5.3.1.4.техникийн болон санхүүгийн санал боловсруулахад шаардлагатай мэдээлэл;

5.3.1.5.техникийн болон санхүүгийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт;

5.3.1.6.төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө;

5.3.1.7.төсөл шалгаруулалт хүчингүй болох нөхцөл;

5.3.1.8.төсөл хэрэгжүүлэх гэрээний загвар;

5.3.1.9.эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загвар;

5.3.1.10.санал нээхээс өмнө тодруулга өгөх тухай;

5.3.1.11.төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа, хүлээн авах газар.

5.4.Оролцогч нь төслийн техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь боловсруулж, цахимаар, тогтоосон хугацаанд ирүүлнэ.

5.5.Төсөл шалгаруулалтын хороо төслийн техникийн болон санхүүгийн саналыг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор үнэлнэ.

5.6.Техникийн саналд 70 болон түүнээс дээш хувь авсан оролцогчийн санхүүгийн саналыг нээнэ.

5.7.Санхүүгийн үнэлгээг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

5.7.1.төсөл шалгаруулалтын хороо оролцогчийн санхүүгийн саналыг эрэмбэлж, эх үүсвэрээс 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний хамгийн бага тариф (НӨАТ-гүй)-ын санал ирүүлсэн төслийг шалгаруулж, зөвлөмж, тайланг төслийн захиалагчид хүргүүлнэ;

5.7.2.энэ журмын 5.7.1-д заасан тайланд төслийн урьдчилсан шалгаруулалтын үнэлгээний талаар болон техник, санхүүгийн саналыг үнэлсэн тайланг тус тус дэлгэрэнгүй бэлтгэж, тусгана;

5.7.3.энэ журмын 5.7.1-д заасан зөвлөмж ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор төслийн захиалагч нь холбогдох шийдвэрийг зөвлөмжид үндэслэн гаргаж, шийдвэрийг техникийн болон санхүүгийн санал ирүүлсэн оролцогчид тус тус мэдэгдэнэ.

Зургаа.Шалгарсан оролцогчтой хэлцэл хийж, гэрээ байгуулах

6.1.Төслийн захиалагч төсөл нь шалгарсан оролцогчтой хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулж, энэ журмын 5.7.1-д заасан хамгийн бага тариф санал болгосон оролцогчтой хэлцэл хийж, гэрээ байгуулна.

6.2.Шалгарсан оролцогч нь хэлцлийн явцад ирүүлсэн техникийн болон санхүүгийн саналаа өөрчлөхгүй.

6.3.Энэ журмын 6.1-д заасан оролцогчтой тохиролцоонд хүрээгүй бол уг хэлцлийг цуцалж, дараагийн бага тариф санал болгосон оролцогчийг хэлцэлд урина.

6.4.Энэ журмын 6.2-т заасныг зөрчсөн, 6.1, 6.3-т заасны дагуу тохиролцоонд хүрээгүй оролцогчийн төсөл хэрэгжүүлэх баталгааг буцаан олгохгүй.

6.5.Төсөл шалгаруулалтад шалгараагүй оролцогчийн төсөл хэрэгжүүлэх баталгааг төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор буцаан олгоно.

6.6.Төслийн захиалагч нь гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор дараах мэдээллийг цахим хуудсандаа байршуулна:

6.6.1.төсөл шалгаруулалтын баримт бичиг;

6.6.2.урьдчилсан үнэлгээнд төсөл ирүүлсэн оролцогчийн тоо;

6.6.3.урьдчилсан үнэлгээний шатанд шалгарсан оролцогчийн нэр;

6.6.4.төсөл шалгаруулалтын шатанд техникийн болон санхүүгийн санал ирүүлсэн оролцогчийн нэр;

6.6.5.санхүүгийн саналыг үнэлсэн оролцогчийн нэр;

6.6.6.төсөл нь шалгарсан оролцогчийн нэр, ирүүлсэн үнийн санал;

6.6.7.төсөл шалгаруулалтын хорооны гишүүдийн тухай.

6.7.Төсөл шалгаруулалт дууссаны дараа ирүүлсэн материалыг төслийн захиалагчийн архивт шилжүүлнэ.

Долоо.Бусад

7.1.Оролцогч нь урьдчилсан үнэлгээний, эсхүл эцэслэн шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ журмын 5.2.4, 5.7.3-д заасны дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор гомдлоо төслийн захиалагчид гаргана.

7.2.Төслийн захиалагч нь гомдлыг хүлээн авч ажлын 5 хоногт багтаан шалгаруулалтын материалтай танилцаж, дахин үнэлгээ хийх эсэх талаар шийдвэр гарган, энэ талаар цахим хуудсаар дамжуулан оролцогч нарт мэдэгдэнэ.

7.3.Төслийн захиалагч нь дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн бол холбогдох материалыг дахин үнэлж, шийдвэрийг энэ журмын 7.2-т заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан гаргаж, оролцогч нарт мэдэгдэнэ.

7.4.Энэ журмын 7.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргасан этгээд нь холбогдох хуулийн дагуу шүүхэд хандана.

7.5.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.6.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--- о0о ---