A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗОРИЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 91

Улаанбаатар хот

ЗОРИЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нарт, шинэчлэн баталсан зорилтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт тус тус үүрэг болгосугай.

3.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох салбар тус бүрийн зорилтыг эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зорилт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР