- Нүүр
- Дүгнэлт
- Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 08
Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд
нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22.50 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Д.Цолмон, ахлах референт Д.Баясгалан, референт Б.Төрбат, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж; Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа, түүний итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын дэд даргын зөвлөх Г.Гантөгс, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур; Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Л.Энхнасан, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ч.Номин, Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар, М.Мандхай нар; мөн гэрчээр Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж; шинжээчээр хууль зүйн доктор О.Машбат нар хүрэлцэн ирсэн байна.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандан дараах хүсэлт, ихэсгэсэн шаардлагыг ирүүлжээ.
Хүсэлтэд:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж хуульчлан тогтоосон. Үндсэн хуульд 2019 онд оруулсан үндсэн зарчим, үзэл санааны нэг чухал өөрчлөлт нь Засгийн газрыг Ерөнхий сайдын удирдлага дор танхимын зарчмаар шуурхай, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршиж байсан. Гэтэл зарим улс төрчдийн дур зорго, албан тушаалын төлөөх тэмцэл Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож болзошгүй байх тул Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүнийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцэд хандах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн манай Засгийн газарт хамаатай асуудал биш бөгөөд Монгол төрийн тогтвортой байдалд сайн жишиг тогтоож, эрх зүйт төрийн зарчмыг төлөвшүүлэн төгөлдөржүүлэхэд зарчмын хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж хуульчилсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна." гэж, 101.4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй." гэж тус тус заасан.
Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгох бөгөөд нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлтээр бус, харин Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсэгт заасны дагуу буюу "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих" гэдэг томьёоллоор санал хураалгахаар хуульчилсан байна.
Гэтэл Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томьёоллоор санал хураалгахаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн, зохион байгуулж байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн шинжийг агуулж байгааг ч мөн анхаарах шаардлагатай байна.
Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хурлын дарга буюу хуралдаан даргалагч "Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;" бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай.
Иймд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу ... Ерөнхий сайд ...-ын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." гэж хуульчилсны дагуу Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгах гэсэн асуудлыг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна." гэжээ.
2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн ихэсгэсэн шаардлагадаа:
"Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2025 оны ЗГ-1/114 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлттэй холбоотойгоор дараах ихэсгэсэн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж заасан.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь буюу 86.4 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна.
Энэ асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулах саналын томьёоллын талаар Улсын Их Хурлын гишүүдийн дунд маргаан үүсэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураах эсэх талаар гишүүд зөрүүтэй байр суурийг албан ёсоор илэрхийллээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй" гэсэн саналыг дэмжье гэж санал хураавал энэхүү санал хураалт нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой томьёолол буюу гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх гэж заасантай агуулгын хувьд зөрчилдөхөд хүрээд байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар буюу "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулна гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчихөөр байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурал 126 гишүүнтэй болсноор Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024 онд тус тус шинэчлэн найруулж, хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн байтал тэрбээр 2019 оноос өмнө үйлчилж байсан Үндсэн хуулийн заалтын хүрээнд Ерөнхий сайд нарыг огцруулсан үйл баримтыг дурдаж, хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... хууль дээдлэх ..." зарчимд нийцэхгүй байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна." гэж заасан нь "Байнгын хорооны саналаар санал хураалт явуулна" гэсэн утгыг агуулаагүй, харин Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн агуулгад нийцнэ.
Иймд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар буюу "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчинө гэсэн дүгнэлт нэн даруй гаргаж өгнө үү." гэсэн байна.
2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ихэсгэсэн шаардлагадаа:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2025 оны ЗГ-1/114 дугаар албан бичгээр гаргасан хүсэлттэйгээ холбоотойгоор дараах нэмэлт шаардлагыг гаргаж байна.
1.Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар:
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж, 101.2 дахь хэсэгт "Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна." гэж, 101.3 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна." гэж, 101.4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй." гэж тус тус хуульчилсан байна.
Дээрхээс үзвэл, Ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгох бөгөөд уг Байнгын хорооны санал, дүгнэлтээр нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан томьёолол буюу гишүүдийн албан ёсоор тавьсан "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих" гэсэн томьёоллоор санал хураалт явуулж, Улсын Их Хурлын нийт 126 гишүүний 64, түүнээс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцох зохицуулалттай байна.
Гэтэл Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор бус, Байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалт явуулж, "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг зөрчсөн талаар:
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн гаргасан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхээр тов тогтоож, хуралдааны ирцийг мөн өдрийн 09.00 цагаас эхлэн бүртгэсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно." гэж заасан бөгөөд хуралдааны ирц бүрдээгүй, хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт хуралдааны цагийг сунгасан бөгөөд мөн өдрийн 00.00 цаг болоход хуралдааны ирц бүрдээгүй хэвээр байсан.
Гэтэл хуралдаан даргалагч 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг 10.00 цагт нээхдээ өмнөх өдрийн ирцийн бүртгэлийг үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэхээр мэдэгдэж, 10.15 цагт 51.6 хувийн ирцээр хуралдааныг эхлүүлсэн. Энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно." гэж заасныг ноцтой зөрчиж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... хууль дээдлэх ..." төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон гэж үзэж байна.
Иймд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж хуульчлан тогтоосныг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гаргасан Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол бүхэлдээ зөрчсөн тул хянан хэлэлцэж, уг тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Миний бие энэхүү хүсэлтийг гаргахдаа зөвхөн өөрийн тэргүүлж буй Засгийн газрын асуудлаар биш, харин цаашид Монгол Улсын парламентат ёс, засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, төрийн тогтвортой байдалд сайн жишиг тогтоож, эрх зүйт төрийн зарчмыг төлөвшүүлэн төгөлдөржүүлэхэд зөв жишиг тогтоохыг зорьсон болно." гэжээ.
2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн ихэсгэсэн шаардлагадаа:
"Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны ЗГ-1/114, ЗГ-1/115, ЗГ-1/116, ЗГ-1/117 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтэд дурдсан шаардлагын хэмжээг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр ихэсгэж байна.
Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, … үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн Төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг болон мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн.
Тухайлбал, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр "санал хураалтын томьёолол, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураана" хэмээн санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Мөн Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах, уг саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бүрэн эрхэд нь халдаж, хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, мөн зүйлийн 9.10 дахь хэсэгт заасан асуулт асуух, үг хэлэх эрхийг нь эдлүүлээгүй байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхлэх ирц бүрдээгүй, хуралдаан эхлээгүй байхад "Эхний асуудлуудыг хэлэлцэж амжихгүй бол Үндсэн хуулийн цаг хугацаатай холбоотой асуудал учраас, дээр нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж дэмжигдсэн асуудлуудыг өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй юм. Тийм учраас өнөөдрийн чуулганы хуралдааны цагийг сунгаж байна" хэмээн хуралдааны цагийг сунгасан бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааныг "Чуулганы ирц 51.6 хувьтай 66 гишүүн ирцдээ орж чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн болоод байна" гэж хэлж нээсэн байна.
Дээр дурдсан үйлдэл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хянаж, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн хариу тайлбарын тухай
Талуудыг энэхүү маргаантай асуудлаар өөрийн тайлбар, баримтаа гаргаж өгөх тэгш боломжоор хангаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн "Тайлбар, баримт гаргуулах тухай" 2/591 дүгээр албан бичиг, мөн сарын 17-ны өдрийн "Тайлбар, баримт гаргуулах тухай" 2/595 дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагаас тайлбар гаргуулахаар хүргүүлсэн боловч тайлбараа бичгээр ирүүлээгүй байна.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа дараах агуулга бүхий тайлбарыг гаргасан. Үүнд:
"Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа миний бие Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар мэргэшсэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай тул өмгөөлөгч авах боломжоор хангаж, хэргийн материал болон хариу тайлбар гаргах, нотлох баримтыг хуулийн шаардлага ханган гаргаж өгөх боломжоор хангаж өгнө үү.
Улсын Их Хурлын 71 гишүүн кнопдсон шийдвэрээ хамгаалах нэг үүрэгтэй, нөгөө талдаа Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн миний хувьд тухайн өдөр ажил үүргийнхээ хуваариар даргалсан хуралдааныхаа шийдвэрээс болоод Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол би өөрийгөө хамгаалуулах эрхтэй. Дээрээс нь нэмээд Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдаан зөрчсөн гэж орж ирж байх шиг байна. Би өөрөө хуульч хүн биш. Тэгэхээр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан эрхийнхээ дагуу би өмгөөлөгч авах эрхтэй байх.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "нийт гишүүний олонх уг саналыг дэмжвэл" гэж Ерөнхий сайдыг огцруулах асуудлын цаг хугацааг тодорхой болгож, Засгийн газар илүү тогтвортой ажиллах зохицуулалт хийсэн. Үүнтэй холбоотойгоор 2020 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль гарсан. Энэ хуулийн 99 дүгээр зүйл дээр тухайн үед Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг томьёолсон байдаг. Тухайн үед 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсэгт нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна гэж, өнөөдрийн буюу 2024 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна гэж үг үсэггүй адилхан байгаа. 2020 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсэгт Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно гэж заасан нь 2024 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд мөн үг үсэггүй адилхан байгаа. Тухайн үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хурал даргалж байх үед нэг ойлгогдож, өөрийнх нь огцруулах асуудлыг хэлэлцэх үед нэг өөрөөр ойлгогдож байгааг ойлгохгүй байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа 2020 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн яг адил зүйл, заалтаар одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулахад явж байсан протоколыг та бүхэнд уншиж танилцуулъя.
2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс: С.Бямбацогт "... анх удаа ийм өөрийн хүсэлтээр огцрох саналыг Ерөнхий сайд гаргаж байгаа учраас хэлэлцэх дэг байхгүй байна аа. Асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтооно гэсний дагуу өөрөө тогтоож явах шаардлага үүсэж байна. ..." гээд Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах тухай асуудлыг тус хуулиар зохицуулаагүй тул уг асуудлыг хэлэлцэх дэгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн, тус хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 99.4 дэх хэсгийг баримтлан хэлэлцэх талаар горимын санал гаргасан. Уг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гээд, Байнгын хорооны саналаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор тухайн үеийн хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар санал хураалт явуулаад энэ нь дэмжигдсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлтээ өгсөн ч гэлээ Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс дээш нь огцруулах санал өгсөнтэй яг адилтган авч үзсэн.
Хуралдаан даргалагч хүн өөрөө үг үсгийг найруулж, хуралдаан даргалж байхдаа зохиож хэзээ ч бичдэггүй. Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг сонгож, Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдээ шууд томилдог. Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хуулийн зүйл, заалтыг яг адилхан хэрэгжүүлснийхээ төлөө, Улсын Их Хурлын хуралдаан даргалагч би хуулиа хэрэгжүүлснийхээ төлөө Үндсэн хууль зөрчсөн боллоо. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу тэр өдрийн хуралдааныг даргалсан. Өмнөх Үндсэн хуулийн үед ч гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэдэг байсан.
Үндсэн хууль бол юм бүхний цуглуулга, бүхий л ажлын заавар, арга ажиллагааны горим биш. Харин нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль. Түүний нэг үг, томьёолол болгон нь нэг буюу хэд хэдэн хууль болж дэлгэрэн хэрэгждэг жамтай. Тэгэхээр Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг бол Монгол Улсын Их Хурлын тухай хууль, нэмээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн тухайн үед бол 99, одоогийнхоор бол 101 дүгээр зүйлээр өнөөдөр зохицуулагдаж байгаа. Тэгэхээр үүнийг өнөөдөр та бүхэн маань ганцхан Үндсэн хуулийн нэр томьёогоор авч үзээд бусдыг нь авч үзэхгүй гэж Үндсэн хуулийн цэц маань хандахгүй байх гэж найдаж байна.
Үндсэн хуулийн цэц өөрийнхөө хуралдаан хийх дэгтэй холбоотой асуудлуудаа өөрөө шийдээд явдаг гэдэгтэй адилхан би ч гэсэн ийм л хэцүү хуралдааныг тэр өдөр даргалж байсан. Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэхдээ хүчин төгөлдөр болоогүй байгаа хууль дээр ийм зүйл болох гээд байна, дүгнэлт гаргаж өгөөч гэж хэлсэн байгаа юм.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон бичиг явуулсны дараагаар тэр хүмүүсийг гэрчээр татаж үг хэлэх эрхийг нь хааж байна. Улсын Их Хурлын гишүүд бид өнөөдөр энд суугаад үйлдлээрээ жинхэнэ Үндсэн хууль дээр өргөсөн тангаргаа зөрчих ийм нөхцөл байдал руу өөрийн эрхгүй орж байна. Үүнээс үүдээд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүд бид, миний бие ч гэсэн оролцох боломжгүй байна. Оролцсоноороо бараг бид энд Үндсэн хууль зөрчиж байгаа юм шиг, тангаргаасаа няцаж оролцох боломжгүй байна. Тийм учраас бидний зүгээс өнөөдрийн хуралдаанд оролцохгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна." гэжээ.
Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч нарын хариу тайлбарын тухай
Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Итгэмжилсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай" 2/599 дүгээр албан бичгээр Монгол Улсын Их Хурлаас тайлбар гаргуулахаар хүргүүлсэн боловч Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхлэхээс өмнө бичгээр тайлбар ирүүлээгүй байна.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нараас "Тайлбар гаргах тухай" албан бичиг (№УИХ-03/12089)-ээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн болно. Энэхүү албан бичиг нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон байх боловч Үндсэн хуулийн цэцэд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10.13 цагт ирүүлсэн нь тус хуралдааны бүрэлдэхүүнд тухайн тайлбартай урьдчилан танилцах, уг маргааныг хуралдаанд бэлтгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний илтгэлд тусгах цаг хугацааны боломж олгоогүйг тэмдэглэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад дараах агуулга бүхий тайлбарыг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч нараас гаргасан:
"Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчид бид дараах тайлбарыг хүргүүлж байна.
1.Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар:
Улс орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд нь ихэвчлэн хууль тогтоох байгууллагаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр болох тогтоол нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавихаас гадна хэм хэмжээний урьдчилсан хяналт буюу тодорхой асуудлаар хууль гаргахаар Үндсэн хуульд тусгагдсан боловч хууль тогтоогчоос энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд урьдчилсан хяналтыг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Харин Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хууль тогтоомжийн урьдчилсан хяналтыг хэрэгжүүлдэггүй.
Түүнчлэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан "Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах тухай" тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр хориг тавьсан бөгөөд хууль зүйн хувьд уг тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа болно.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт "Тухайн хууль тогтоомжийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэлх хугацаанд уг хууль тогтоомж бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно." гэж зохицуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд хүсэлт гаргасан нөхцөлд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "маргаан шууд үүсгэж шалгана" гэж заасан. Гэхдээ энэхүү маргаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд заасан Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргааны хүрээнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх маргаантай асуудлаар дүгнэлт гаргахаар заасан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна." гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц хүчин төгөлдөр шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Гэтэл Улсын Их Хурал тогтоолоо батлаагүй буюу шийдвэр гаргаагүй, мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээгүй байхад маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүсгэсэн, улмаар үйлчлэл нь түдгэлзсэн, хүчин төгөлдөр болоогүй Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх нь институц хоорондын хяналт тэнцвэр, хууль дээдлэх зарчим, ардчиллын тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэсэнтэй зөрчилдөх нөхцөл бий болох магадлалтай байна.
2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг зөрчсөн эсэх талаар:
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна." гэж, 101.4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй." гэсэн зохицуулалттай.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх чиг үүрэгтэй ажиллаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Дээр дурдсан Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн зохицуулалт нь албан ёсоор тавьсан "Ерөнхий сайдыг огцруулах саналыг" нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхдээ дараах үндсэн шаардлагыг хангасан байх нөхцөлийг заасан.
- гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх;
- асуудал нэгдсэн хуралдаанд хэлэлцэгдэх;
- шийдвэрийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхоор гаргах.
Тиймээс "уг санал"-ыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах эрх нь нэгдсэн хуралдаанд хадгалагдаж, харин Байнгын хороо бол урьдчилсан бэлтгэл, санал боловсруулах шатны бүтэц юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна" гэж, 15.2 дахь хэсэгт "Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ. ..." гэж заасан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын гишүүн Байнгын хороонд заавал харьяалагдах; нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох бүрэн эрхтэй байхаар тогтоосон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Ийнхүү хэлэлцээгүй асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахгүй." гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллана." гэж тус тус заасан.
2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг бус, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах уг саналыг хэлэлцсэн бөгөөд ийнхүү хэлэлцэхдээ зохион байгуулалтын үндсэн хэлбэр буюу чуулган, чуулганы бүрэлдэхүүн хэсэг болох Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож ..." гэж заасны дагуу уг асуудлыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, шаардлагатай тохиолдолд тогтоолын төслийг бэлтгэн оруулах процедурын механизм нь Байнгын хорооны санал, дүгнэлт юм.
Байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулснаар Улсын Их Хурал уг саналыг хэлэлцэж шийдвэрлэх бэлтгэл хангагддаг тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтэд заасан Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан нь Цэцийн маргааны зүйл болох Үндсэн хуулийн боломж байхгүй бөгөөд Цэцийн бүрэлдэхүүн анхааралдаа авна гэж найдаж байна.
Үндсэн хуулийн цэц нь хууль, тогтоол, шийдвэрийн Үндсэн хуулийн нийцлийг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд парламентын дотоод ажиллагаа, тухайлбал санал хураалтын томьёолол, хуралдааны дэгийн асуудалд оролцох эрхгүй. Цэцийн хяналт зөвхөн "хууль, тогтоолын агуулга"-д хамаарна. Харин санал хураалтын томьёолол бол процедурын шинжтэй, парламентын дотоод хэрэгт хамаарах асуудал юм.
"Улсын Их Хурал дэгээ өөрөө тогтооно" гэсэн Үндсэн хуулийн зарчим нь хууль тогтоох байгууллагын дотоод бие даасан байдал, институцийн дархлааг баталгаажуулдаг. Энэхүү зарчимд хуралдааны журам, санал хураалтын дэг, шийдвэр гаргах томьёолол зэрэг асуудлыг парламент өөрөө тогтоох, өөрөө тайлбарлах, өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэсэн утга агуулагдана. Санал хураалтын томьёолол нь парламентын шийдвэр гаргах үйл явцын салшгүй хэсэг бөгөөд парламентын дотоод ажиллагааны бүрэлдэхүүн элемент юм. Энэ нь "хууль тогтоох ажиллагааны дэг"-ийн үндсэн бүрэлдэхүүн тул гадны байгууллагаар хянах, үнэлэх нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй.
3.Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар:
Монгол Улсын Ерөнхий сайд 2025 оны ЗГ-1/114 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн хүсэлтэд: "Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томьёоллоор санал хураалгахаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн, зохион байгуулж байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн шинжийг агуулж байгааг ч мөн анхаарах шаардлагатай байна. ... Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгах гэсэн асуудлыг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна." гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц хүчин төгөлдөр шийдвэр, албан тушаалтны эцэслэн төгссөн үйлдэл, үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Гэтэл Улсын Их Хурал тогтоолоо батлаагүй буюу шийдвэр гаргаагүй, мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээгүй байхад Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ирээдүйд болох нэгдсэн хуралдааныг удирдахдаа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянах маргаан үүсгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад холбогдох албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадгаас бус "ирээдүйд зөрчиж магадгүй" гэдэг үйлдэл, үйл ажиллагааг хянадаггүй билээ. Монгол Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгодог бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан.
Хуралдаан даргалагчийн хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 10, 12-ны өдөр тус тус хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалд зааснаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүрдүүлэх үйл ажиллагааг 09.00 цагаас эхлүүлж, хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал"-ыг хэлэлцэхэд бэлтгэх ажиллагаа эхэлсэн.
Улмаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.", 7.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн хуралдаан эхлэх цагаас өмнө суудлаа эзэлсэн байна." гэж заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдаанаар хэлэлцэхэд бэлтгэх ажиллагаа үргэлжлэн, мөн өдрийн 10.15 цагт нэгдсэн хуралдааны ирц 51.6 хувиар бүрдэж асуудлыг хэлэлцэж эхэлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэж, Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална." гэж, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад "Ерөнхий сайд, ... бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;" онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурал хадгалж шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан.
Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын хэнтэй ч, эрх мэдлийн бусад салаа мөчир болох төрийн институцтэй хуваалцахгүйгээр зөвхөн өөрт нь хадгалж хэрэгжүүлдэг бөгөөд төрийн эрх мэдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард түмнээс эх сурвалжтай буюу ард түмэн, иргэдээс сонгуулийн замаар шилжүүлэн авсан онцлог үндсэн шинжээр илэрхийлэгддэг бөгөөд Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдэл нь Улсын Их Хурлаар хүлээн зөвшөөрөгдөх байдал, итгэл дээр тогтдог. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар, түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүд Улсын Их Хурал онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлснийг мушгин гуйвуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авлаа хэмээн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж олон нийтийг төөрөгдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг алдагдуулж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна." гэжээ.
Дөрөв. Энэхүү маргаанд холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор хууль зүйн доктор (Ph.D.) О.Машбатыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно:
"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолоор О.Машбат намайг Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд бэлтгэхтэй холбогдуулж дүгнэлт гаргах үүрэгтэй шинжээчээр томилжээ.
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор дараах асуултад хариулж, үндэслэл бүхий дүгнэлт гаргахыг энэ тогтоол үүрэг болгосон байна. Үүнд:
Хариулт 1:
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын бие даасан байдлыг хангах, тогтвортой ажиллах боломжийг бий болгоход чиглэж байв. Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш 2019 оныг хүртэлх хугацаанд нийт 14 Засгийн газар байгуулагдсан бөгөөд хоёроос бусад нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорч байжээ. Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож байсан тохиолдол ч бий бөгөөд нэг Засгийн газар бүрэн эрхээ эдэлсэн дундаж хугацаа 1.8 жил байв. Түүнчлэн, сайд нарыг хүн нэг бүрээр Улсын Их Хурлаас сонгогддог байсан учир Ерөнхий сайд багаараа ажиллах боломж хомс, Засгийн газрын гишүүд эвсэж Ерөнхий сайдыг огцруулж байв. Засгийн газрыг огцруулах үйл явцад Улсын Их Хурал ямар нэг эрсдэл хүлээдэггүй байсан учир хариуцлагагүй ханддаг, шинэ Ерөнхий сайдыг томилох явдал 1998 онд хагас жил шахуу сунжирч байжээ.
Энэ байдлыг засах зорилгоор 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэд хэдэн зорилт тавьж байв. Эдгээр нь:
-Ерөнхий сайдыг танхимын зарчмаар ажиллах боломжтой болгох;
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг итгэл үзүүлэх (confidence vote), эсхүл итгэл эс үзүүлэх (no confidence vote) эсэх асуудлаар санал хураадаг олон улсад нийтээр хэвшсэн журмыг тусгах;
-Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх үедээ Улсын Их Хурал өөрөө тарах эрсдэл хүлээдэг болгох;
-Засгийн газрын ажиллах улс төрийн орчин тогтвортой бус, байнга өөрчлөгдөж байсан нь зарим талаар Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөгөөс шалтгаалж байсныг сөөлжүүлэх замаар тогтворжуулах зэрэг байв.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт асар их ач холбогдолтой байв. Энэ заалтын агуулгыг Ерөнхий сайдад итгэл эс үзүүлэх тухай Улсын Их Хурлын санаачилгыг зохицуулахад чиглэсэн болгож өөрчилсөн:
-Ерөнхий сайдад итгэл эс үзүүлэх санал гаргах босгыг тодорхойлсон (Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь);
-Саналыг Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэх хугацааг тодорхойлсон (саналыг албан ёсоор тавьснаас хойш гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ);
-Санал хураалтын үр дүнг зохицуулсан (нийт гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно);
-Санал хураах томьёоллыг тодорхойлсон (Ерөнхий сайдыг огцруулах тухай санал Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлбэртэй байх бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах буюу Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих агуулгаар санал хураана).
Ингэснээрээ Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл зөвхөн органик (определяющая) хэм хэмжээ байснаасаа зарчмын өөр шинжтэй болж өөрчлөгдөж, зохицуулах (регулятивный) үүрэгтэй функционал хэм хэмжээ болсон бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах явц дахь талуудын оролцоо, дараалал, хугацаа, үр дагаврыг журамлах болсон юм.
Хариулт 2:
Ирүүлсэн мэдээллээс үзвэл дараах хоёр янзын томьёолол дээр маргаан гарсан гэж ойлгогдож байна. "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье", "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье".
Энэ хоёр томьёоллыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага хангасан эсэхээр хэмжиж болно. Хэдийгээр санал хураах томьёолол нь хуулийн төсөл биш боловч эл хуулийн зорилго нь Монгол Улсад үйлчилж байгаа бүх хууль, тогтоомжийг нэг агуулгаар ойлгож жигд хэрэглэхэд оршдог, жишиг болгон хэрэглэх, тухайлан харьцуулж судлах зорилгоор хэрэглэх бүрэн боломжтой.
Үзүүлэлт | Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье | Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье |
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх | Тийм | Үгүй |
нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх | Тийм | Тийм |
үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих | Тийм | Үгүй |
хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх | Тийм | Тийм |
жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх | Тийм | Тийм |
Харьцуулж үзвэл, "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье" гэсэн хувилбар давуу талтай байгаа нь харагдана. Энэ нь хоёр шалтгаантай байна, үүнд:
-Эхний шалгуурт "Ерөнхий сайдыг огцруулах санал" гэдэг илүү нийцтэй байна. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд "Ерөнхий сайдыг огцруулах санал" гэдэг томьёолол олонтоо хэрэглэгдэж, харин "Төрийн байгуулалтын байнгын хороо", "Байнгын хорооны санал, дүгнэлт" гэдэг томьёолол зөвхөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд тус бүр ганц удаа хэрэглэгджээ;
-Гурав дахь шалгуурт "Ерөнхий сайдыг огцруулах санал" гэдэг нь илүү нийцтэй байна. "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн санал" бол Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн агуулгатай; энэ саналыг дэмжинэ гэдэг нь огцруулахгүй гэсэн, харин дэмжихгүй гэдэг нь огцруулна гэсэн агуулгатай болж байна. Өөрөөр хэлбэл, урвуу логикоор санал хураах нь "ойлгоход хялбар байх" шаардлагыг хангахгүй байна;
-Бусад шалгуурыг аль аль нь бүрэн хангаж байна.
Энэ харьцуулалтыг үндэслэн дүгнэвэл, "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье" гэдэг томьёолол "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэдгээс илүү нийцтэй байна. Аль аль томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэрэглэсэн боловч "Ерөнхий сайдыг огцруулах санал" гэдгийг мөн хуульд илүү олонтоо хэрэглэжээ. Мөн "дэмжихгүй гэсэн саналыг дэмжье" гэдэг урвуу логик ашигласан нь "ойлгоход хялбар байх" шаардлагыг хангахгүй байна.
Хариулт 3:
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн зохицуулалт 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд өмнөхөөсөө зарчмын хувьд өөрчлөгдсөн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Юуны түрүүнд, талуудын эрх хэмжээг тодорхойлсон чанартай органик хэм хэмжээ байсныг зохицуулсан чанартай функционал хэм хэмжээ болгож өөрчилсөн бөгөөд процессыг журамласан чанартай гэж болно.
Үүнийг тайлбарлахын тулд нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх заалтыг шинжилж үзье. Дөчин гуравдугаар зүйл өмнө нь нийт дөрвөн хэсэгтэй байснаас: Засгийн газрыг огцруулах санал тавих эрхийг хэн эдлэх вэ гэдгийг илүүтэй зохицуулж, Ерөнхий сайд мэдэгдэл гаргаж, Засгийн газрын гишүүний тэн хагас нь огцрох тухай санал гаргаж, Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаж, Ерөнхийлөгч мөн санал гаргаж болно хэмээн тодорхойлсон байв. Түүнчлэн, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал эдгээр саналыг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг шийднэ хэмээн журамласан байв.
Хэн ямар эрх эдлэхийг хуваарилан заасан органик заалтыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд бусад хуулиар дэлгэрүүлэн хэн ямар үйлдлийг хэрхэн хийхийг журамлах шаардлагатай. Үүнтэй холбоотой, 2024 онд шинэчлэн найруулахаас өмнө Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Тухайлбал, огцруулах тухай саналыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ; Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргана; нэгдсэн хуралдаан Байнгын хорооны дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна; нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно гэжээ.
Гэтэл Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл процессын журмыг зохицуулсан функционал заалт болж өөрчлөгдөв. Эл заалт зарчмын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлээр зохицуулж байсан бараг бүх асуудлыг шууд зохицуулсан юм. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг өргөн барьснаас хойш гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ; Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно гэж заажээ. Түүнээс гадна, Ерөнхий сайдыг огцруулсны үр дагаварт нь шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилох үүрэг үүснэ гэдгийг тодорхойлжээ.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг бүхэлдээ функционал хэм хэмжээ болсон учир түүнийг үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, саналын томьёоллыг боловсруулах бүрэн боломжтой талаар судлаачид сүүлийн үед санал бодлоо илэрхийлж байгааг зөвшөөрч болно. Наад зах нь, санал хураалтын томьёоллыг "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье" буюу "Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье" гэсэн томьёололтой байж болохоор байна.
Эндээс дүгнэвэл:
1.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө энэ зүйл тодорхойлсон чанартай органик хэм хэмжээ байсан - Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар дэлгэрүүлэн зохицуулж, Ерөнхий сайдыг огцруулахын тулд хэн санал тавьж, ямар хугацаанд ямар дарааллаар хэрхэн шийдвэрлэх зэргийг тодорхойлох шаардлагатай байв. Ийн зохицуулахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны оролцоог хуулиар тодорхойлж, тус байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэдэг жишиг тогтсон байжээ.
2.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд 2019 онд нэмэлт, өөрчлөлт орсны дараа энэ зүйлийн үүрэг роль өөрчлөгдөж зохицуулах чанартай функционал хэм хэмжээ болж Ерөнхий сайдад итгэл эс үзүүлэх процессыг журамладаг болсон юм. Өмнө нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулдаг байсан дийлэнх асуудлыг Үндсэн хууль шууд зохицуулдаг болжээ.
3.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл органик чанартай хэм хэмжээ байх үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт, түүний дагуу тогтсон жишиг санал хураалтын томьёоллыг боловсруулахад чухал үүрэгтэй байжээ. Гэтэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Үндсэн хуулийн энэ заалтын үүрэг роль өөрчлөгдсөнөөр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой өмнө нь тогтсон жишиг өөрчлөгдөх шаардлагатай болсон байна.
Хариулт 4:
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зорилго нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зохицуулахад оршино. Энэ заалт зохицуулах чанартай функционал хэм хэмжээ бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн санаачилгаар Ерөнхий сайдад итгэл эс үзүүлэх процессын дарааллыг журамласан:
-Хэн санаачлах (Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь);
-Хэрхэн санаачлах (Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор өргөн мэдүүлэх);
-Хэрхэн хэлэлцэх (гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх);
-Ямар үр дагавар гарах (Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно).
Энэ зохицуулалтын зориулалт 2019 оны нэмэлт, өөрчлөлт орсны дараа эрс өөрчлөгдсөн. Өмнө нь Засгийн газрыг огцруулах саналыг хэн хэн тавих эрхтэйг тоочсон тодорхойлох чанартай органик хэм хэмжээ байсан бол өнөөдөр хэн санаачилж, хэрхэн эхэлж, хэзээ санал хурааж, хууль зүйн ямар үр дагавар гарах талаар процессын дарааллыг шууд зохицуулсан чанартай функционал хэм хэмжээ болсон. Энэ процессын дараалалд байнгын хороо ямар нэг үүрэг гүйцэтгэх тухай огт дурдаагүй.
Эндээс дүгнэхэд:
1.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болговол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах томьёолол нь "Ерөнхий сайдыг огцруулах санал"-ыг дэмжих агуулгатай байна.
2.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг аль ч утгаараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах томьёоллыг "Байнгын хорооны санал"-ыг дэмжих агуулгатай гэх үндэслэл ажиглагдахгүй байна.
Хариулт 5:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийг үндэслэн санал хураах томьёоллыг тодорхойлбол "Ерөнхий сайдыг огцруулах саналыг" дэмжих агуулгатай байна. Тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт "Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна", мөн зүйлийн 101.3 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна." гэсэн нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураах томьёоллыг "Байнгын хорооны саналыг дэмжих эсэх" байлгах үндэслэл болохгүй байна.
"Байнгын хорооны саналыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураах гол шалтгаан бол Улсын Их Хуралд хэрэглэж ирсэн жишиг байна. Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж санал хураах томьёоллын талаар тайлбар хийхдээ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024 онд шинэчлэн найруулсан; шинэ, хуучин хоёр хууль дахь Ерөнхий сайдыг огцруулах тухай зохицуулалтад зарчмын ялгаа байхгүй; тиймээс өмнө нь Байнгын хорооны санал, дүгнэлт дээр тулгуурлаж санал хураах томьёоллыг боловсруулж байсан жишиг хэвээр хадгалагдаж байгаа; зөрчилдөх зүйл лавтай байхгүй гэжээ.
Үүнээс дүгнэвэл:
1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдөх зүйл ажиглагдахгүй байна. Түүний дотор, Төрийн байгуулалтын байнгын хорооны оролцооны асуудал ч зөрчилтэй харагдахгүй байна.
2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн аль ч хэсэг Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын томьёоллыг "Байнгын хорооны саналыг дэмжих" агуулга байлгах үндэслэл болохгүй байна.
3.Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын томьёоллыг "Байнгын хорооны саналыг дэмжих" агуулгаар томьёолсон нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх Улсын Их Хурлын дэгтэй холбоотой хуулийн заалтад тулгуурласан жишигтэй холбоотой байна. Энэ жишиг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль төдийгүй Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа тул даруй өөрчлөгдөх шаардлагатай юм.
Хариулт 6:
Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн засагтай бусад оронд Ерөнхий сайдад эс итгэх тухай асуудлыг шийдвэрлэх саналын томьёолол нь хоёрдмол агуулгагүй байдаг. Жишээлбэл, 2025 оны 6 дугаар сарын 17-нд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын депутатуудын танхимд Засгийн газарт итгэл эс үзүүлэх асуудлыг шийдвэрлэх саналын томьёоллыг "Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газарт итгэл эс үзүүлэх" гэж хурал даргалагч Маркета Пекарова Адамова шууд зарласныг тус хуралдааны протоколоос үзэж болно. Тус парламентын дэгийн 85 дугаар зүйлийн дагуу Засгийн газарт итгэл эс үзүүлэх тухай асуудлыг санал гаргасан даруй мэдэгдэх ёстой бөгөөд энэхүү мэдэгдэлд мөн "Засгийн газарт итгэл эс үзүүлэх асуудлыг хэлэлцэх" гэж заасан байна. Түүнчлэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Бундесканцлерт итгэл эс үзүүлэх тухай 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн санал хураалт мөн л хэлэлцүүлж буй төсөл дээр санал шууд хураасан байна. Төсөлд "Бундесканцллер Хэлмут Шмитдэд итгэл эс үзүүлж, түүнийг залгамжлуулан (Бундестагийн орч.) гишүүн, д-р Хэлмут Колийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундесканцлераар сонгов" гэж бичсэн байжээ. Санал хураалтын өмнө Бундестагийн Ерөнхийлөгч Штюклэн "Та бүхний өмнө 9/2004 дүгээр саналыг (Drucksache) хэвлэж тавьсан байгаа" гэдгийг сануулж, зөвхөн "Тийм", "Үгүй" гэсэн саналыг хүчинтэй гэж тооцохыг анхааруулсан байдаг. Энэ хоёр жишээнээс үзэхэд санал хураах асуудлыг Засгийн газрыг огцруулах буюу Ерөнхий сайдыг огцруулах тухай гэж шууд томьёолдог, наад зах нь итгэл эс үзүүлэх тухай өргөн барьсан саналыг дэмжих эсэх тухайд санал хураадаг байна.
Итгэл эс үзүүлэх тухай саналын томьёоллыг Үндсэн хуульд ягштал нийцүүлдэг байна. Бүгд Найрамдах Чех Улсын 2025 оны жишээ болгон үзье. Тус улсын Үндсэн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар:
"1.Депутатуудын танхим Засгийн газарт итгэл эс үзүүлж болно.
2.Тавиас доошгүй депутат Засгийн газарт итгэл эс үзүүлэх асуудлыг (motion) бичгээр тавьсан тохиолдолд Депутатуудын тэнхим хэлэлцэнэ. Депутатуудын ердийн олонхын саналаар асуудлыг батална. [орч.]"
Санал хураахаар илгээсэн мэдэгдэлд "Засгийн газар итгэл эс үзүүлэх асуудлыг хэлэлцэх" гэж заасан бөгөөд санал хураалтыг "Засгийн газарт итгэл эс үзүүлэх" гэж томьёолсон байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 1982 оны жишээг үзье. Тус улсын Үндсэн хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:
"Бундестаг зөвхөн залгамжлагчийг нь сонгосны дараа Бундесканцлерт гишүүдийн олонхийн саналаар итгэл эс үзүүлж, түүнийг чөлөөлөхийг Бундесерөнхийлөгчөөс хүсч болно. Бундесерөнхийлөгч хүсэлтийг биелүүлж залгамжлагчийг томилно. [орч.]"
Ийнхүү заасны дагуу 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Христосын ардчилсан нам, Христосын социалист холбоо болон Чөлөөт ардчилсан намын хамтарсан саналд:
"Бундестаг шийдвэрлэсэн нь:
Бундесканцллер Хэлмут Шмитдэд итгэл эс үзүүлж, түүнийг залгамжлуулан (Бундестагийн орч.) гишүүн, д-р Хэлмут Колийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундесканцлераар сонгов.
Бундесерөнхийлөгчөөс Бундесканцлер Хэлмут Шмитдийг огцруулахыг хүснэ. [орч.] " гэж томьёолж, энэ саналыг шууд томьёолол болгон санал хураажээ. Үүнээс үзэхэд парламент санал хураахдаа томьёоллыг аль болох Үндсэн хуульд нийцүүлдэг гэж дүгнэхээр байна.
Итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хэлэлцэхэд байнгын хороогоор дамжуулахгүй шууд хэлэлцдэг онцлогтойг энд тэмдэглэх нь зүйтэй юм. Байнгын хороо бол хууль тогтоох ажиллагааны гол нэгж бөгөөд "илүү ээдрээтэй, илүү техникийн чанартай асуудалтай холбоотой олон тооны төслийг хэлэлцэх шаардлагатай болсон учир XIX зууны сүүл үеэс байнгын хороо гэх институц зайлшгүй болж эхэлсэн" байна. Чухамдаа, парламентын танхимын үүргийг хөнгөвчлөх, хууль тогтоох ажиллагааг түргэтгэх үүрэгтэй нь холбоотой учир Британийн парламентыг дэвшилтэт гэж үздэг ажээ. Байнгын хороо ерөнхийдөө Засгийн газрын бүтэцтэй төстэй, яам тус бүр тодорхой байнгын хороонд харгалзаж байхаар зохион байгуулагдаж, тэдэнд хяналт тавих үүрэг мөн гүйцэтгэнэ.
Харин итгэл үзүүлэх, эс үзүүлэх бол хууль тогтоох ердийн үйл ажиллагаатай холбоогүй учир байнгын хороо дамжихгүй чуулганы хуралдаанаар шууд хэлэлцэнэ. "Бундестаг, Засгийн газар хоёрын харилцаа бол парламентын системийн зарчмаар тодорхойлогддог. Энэ онцлог нь Засгийн газар тогтохдоо парламентын итгэл дээр байгуулагдаж, түүний өмнө хариуцлага хүлээдэгт оршино." Өөрөөр хэлбэл, хууль тогтоох гэдэг аливаа улсад Ерөнхийлөгчийн буюу парламентын засагтай эсэхээс үл хамааран парламентын амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа юм; харин итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудал бол зөвхөн парламентын засгийн онцлогтой холбогдож тавигддаг "онцгой" үзэгдэл юм. Байнгын хорооны үндсэн үүрэг хууль тогтоохтой холбоотой болохоос эрх мэдэл хоорондын хянал-тэнцлийг хангахтай шууд холбоогүй ажээ.
Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлыг парламентын хуралдааны дэгт аль нэг байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд огт дурсаагүй байдаг бөгөөд асуудлыг чуулганы хуралдааны танхимд шууд хэлэлцэхдээ Үндсэн хуулийн заалтыг дэлгэрүүлэн тайлбарласан байдалтай тусгадаг. Бүгд Найрамдах Чех Улсын Депутатуудын танхимын хуралдааны дэгийн 84 дүгээр зүйлд тавиас доошгүй депутат нийлж Засгийн газарт илтгэл эс үзүүлэх тухай саналыг гаргах бөгөөд Депутатуудын танхимын дарга энэ асуудлыг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг нэн даруй зарлах тухай; 85 дугаар зүйлд Засгийн газарт итгэл эс үзүүлэх асуудлаар санал хураах тухай санал гарсан талаар улс төрийн бүх намын бүлэг, байнгын хороодод нэн даруй мэдэгдэх; Засгийн газарт итгэл эс үзүүлэх асуудал депутатуудын ердийн олонхын саналаар батлагдах; хэрэв итгэл эс үзүүлэх санал батлагдсан бол энэ тухай Ерөнхийлөгчид нэн даруй мэдэгдэх тухай заажээ. Холбооны Бүгд Найрамдах Улсын Бундестагийн хуралдааны дэгийн 97 дугаар зүйлд Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь буюу дөрөвний нэгийг бүрдүүлсэн фракц Бундесканцлерийг огцруулах саналыг бичгээр гарын үсэг зуран тавих тухай; ингэхдээ тодорхой нэгийг нэр дэвшүүлсэн байх тухай, эдгээр шаардлагыг хангаагүй бол хэлэлцэхгүй байх тухай; тийнхүү нэр дэвшигчийн тухайд нууц санал хураалт явуулах тухай; нэр дэвшигч олонхын санал авбал Бундесканцлерт сонгогдсонд тооцох тухай; энэ бүхэн Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд заасан хугацаанд багтаж байх тухай заажээ. Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний ассамблейн дэгийн 217-219 дүгээр зүйл, Бүгд Найрамдах Польш Улсын Сэймийн хуралдааны дэгийн 112-117 дугаар зүйлд тус тус Засгийн газрыг огцруулах санал хураалтын тухай журамласан байдаг ч байнгын хороо ямар нэг үүрэг гүйцэтгэх тухай огт дурдаагүй байна.
Эндээс дүгнэвэл:
1.Хэдийгээр Үндсэн хуульд томьёоллыг шууд заагаагүй боловч Үндсэн хуульд заасан томьёололд дөхүүлсэн томьёоллыг санал хураалтад хэрэглэж байна. Германы 1982 оны томьёолол Үндсэн хуулийн томьёоллоос илүү нарийвчлан заасан байна.
2.Итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хэлэлцэхэд парламентын байнгын хороо оролцдоггүй байна. Байнгын хороо бол хууль тогтоох ердийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд Ерөнхийлөгчийн болон парламентын засагтай эсэхээс үл хамааран хууль тогтоох үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцдог. Харин парламентын засгийн онцлогтой холбоотой, төрийн эрх мэдлийн хянал-тэнцлийн асуудалд, тухайлан итгэл үзүүлэх, эс үзүүлэх зэрэг асуудалд шууд оролцох үүрэг хүлээхгүй байгааг гадаад улс орнуудын Үндсэн хуулийн заалт, парламентын чуулганы хуралдааны дэг зэргээс нийтлэг ажиглагдаж байна." гэжээ.
Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх, 2019.11.14;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Тогтоолд хориг тавих тухай, 2025.10.20, №Е/11;
Монгол Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхий сайдыг огцруулах тухай, 2014.11.05, №68;
Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрыг огцруулах тухай, 2017.09.07, №55;
Монгол Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай, 2021.01.21, №11;
Монгол Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай, 2025.06.03, №52;
Монгол Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай, 2025.10.17, №95;
Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (2019.11.14-ний өдөр батлагдсан)-ийг хэлэлцсэн тэмдэглэл, уг нэмэлт, өөрчлөлтийн төсөл, тус төслийн үзэл баримтлал, танилцуулга, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, судалгаа, холбогдох бусад баримт;
Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан, 2020.05.13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл болон 2024.05.16-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл, уг хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэл, тус хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, судалгаа, холбогдох бусад баримт;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл, 2014.10.22; 2014.10.31;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан, Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл, санал хураалтын дүн, 2014.11.05;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцсэн тэмдэглэл, 2017.08.30;
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл, 2017.09.06;
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл, санал хураалтын дүн, 2017.09.07;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл, 2021.01.21;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл, 2025.06.02;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцсэн тэмдэглэл, 2025.10.10; 2025.10.13;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцээд гаргасан санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэл, ирцийн мэдээ, санал хураалтын дүн, 2025.10.16;
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцсэн тэмдэглэл, ирцийн мэдээ, санал хураалтын дүн, 2025.10.17;
Монгол Улсын Ерөнхий сайд, Баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2025.10.16, ЗГ-1/114; ЗГ-1/115; 2025.10.17, ЗГ-1/116; 2025.10.20, ЗГ-1/117;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2025.10.21, ТГ/870;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2025.10.17, ТГ-02/1204; 2025.10.21, ТГ-02/1214; Холбогдох баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2025.10.21, ТГ-01/1213;
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шаардлагын хэмжээг ихэсгэх тухай, 2025.10.21, ХЭГ/2929; 2025.10.22, ХЭГ/2934;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс томилсон шинжээч О.Машбатын дүгнэлт (цаашид "Шинжээчийн дүгнэлт" гэх), 2025.10.20; 2025.10.21;
Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нар, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичиг, 2025.10.07, №УИХ-03/11570;
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналын танилцуулга;
Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2025.10.09, №УИХ-03/11679;
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар, Тайлбар гаргах тухай, 2025.10.21, УИХ-03/12089;
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирын Eagle News телевизэд 2025.10.14-ний өдөр өгсөн ярилцлагын тэмдэглэл;
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарласан ном, судалгааны түүвэр (Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх), 2025.10.20;
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарласан ном, судалгааны түүвэр (Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс хойших), 2025.10.20;
Парламентын гишүүнийг хуралд оролцоогүй, эзгүй үед нь ирцэд оруулах эсэх, түүнийг эсрэг санал өгсөнд тооцох эсэх талаарх түргэвчилсэн лавлагаа, 2025.10.21;
Ерөнхий сайд болон Засгийн газрыг огцруулахтай холбоотой түргэвчилсэн лавлагаа, 2025.10.21;
Венецийн комисс, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлд өгөх санал, 2025.06.16, CDL-AD(2025)022;
Улсын Их Хурлын Тамгын газрын "Гадаад орнуудын парламентын хуралдааны дэгийн эмхэтгэл"-ээс холбогдох зохицуулалтын түүвэр, 2025.10.21;
Холбогдох ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, өгүүлэл, судалгааны материал зэрэг.
ҮНДЭСЛЭЛ:
Нэг. "Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал"-аар маргаан шууд үүсгэж нэн даруй шалгасан тухай
1.1.Хүсэлт, түүний шаардлага
Монгол Улсын Ерөнхий сайд (цаашид "Ерөнхий сайд" гэх)-ын хүсэлт, түүний ихэсгэсэн шаардлага (цаашид "хүсэлт" гэх)-д Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх гурван шаардлага ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдааныг даргалахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй" саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахаар мэдэгдэж зохион байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэжээ. Мөн Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй, хуралдаан албан ёсоор эхлээгүй байхад 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны ирцтэй нэгтгэн тооцож, 51.6 хувийн ирцээр хуралдааныг эхлүүлсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэжээ. Түүнчлэн хүсэлтэд Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье" гэсэн томьёоллоор бус, харин Байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалт явуулж, Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг баталсан тул уг тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн байна.
1.2.Хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэсэн тухай
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шийдвэрлэхээр, харин иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар шийдвэрлэхээр зохицуулжээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана." гэж хуульчилсан бөгөөд хүсэлтээр шууд үүсгэсэн маргаанд гомдол гаргах эрхгүй байхаар хоёрдмол утгагүй тусгасан байна. Харин тус хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана." заасны дагуу иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авч шалгасан гишүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд гомдол гаргахаар байна.
Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-1/114 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэсэн болно. Түүнчлэн уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах явцад хүсэлт гаргагчаас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-1/115 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж, түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тус тус шаардлагаа ихэсгэсэн байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй." гэж заасан тул хүсэлт гаргагчийн дээрх шаардлагыг нэгтгэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
1.3.Хүсэлт болон ихэсгэсэн шаардлагыг нэгтгэн шалгасан тухай
Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудал нь бүхэлдээ Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаан байна. Эдгээр асуудал нь харилцан хамааралтай байх тул тусгаарлан шийдвэрлэх үндэслэлгүй юм. Тодруулбал, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа гишүүдийн 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн ирцийг нэгтгэн тооцож, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахаа удаа дараа мэдэгдэн, уг санал хураалтын дүнгээр Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолыг баталсанд тооцсон нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд эдгээртэй холбоотой шаардлага нь агуулгын хувьд нэгдмэл асуудал байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэхдээ "нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, ... тогтоол гаргах;" ажиллагааг хийнэ гэж заасны дагуу эдгээр маргааныг нэгтгэн шалгаж, нэг хуралдаанаар шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "... хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ... хийнэ.", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн ... эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ." гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэвч уг маргаан нь бүхэлдээ Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой байх тул анх ирүүлсэн хүсэлтийн шаардлагатай нэгтгэж үүсгэсэн нэг маргаан гэж үзэн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн уг маргааныг тусгаарлаж, Дунд болон Их суудлын хуралдаанаар тус тусад нь шийдвэрлэх тохиолдолд нэг асуудлыг өөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, ялгаатай шийдвэр гаргах эрсдэлтэй байсныг тэмдэглэж байна.
Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." гэж Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг заасан бол Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ..." гэж түүний бүрэлдэхүүнийг тогтоосон байна. Иймд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэрээ гаргана.
Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна." гэж заасан. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бусаар Үндсэн хуулийг чандлан сахиулах явцад Үндсэн хуулийн зохицуулалтын агуулга, ердийн хуулийн тодорхой заалт хоорондын зөрчил бий болох тохиолдолд Үндсэн хуулийн тухайн зохицуулалтыг буюу дээд эрэмбийн хэм хэмжээ, зарчмыг баримтална.
Үндсэн хуулийн цэц нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх цорын ганц байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дэгээ Үндсэн хуулийн хүрээнд өөрөө тогтоож хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Энэ нь бусад улсын үндсэн хуулийн шүүхийн хувьд ч түгээмэл туршлага юм (Венецийн комисс, 2025.06.16, CDL-AD(2025)022).
Иймд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчийн үйл ажиллагаа болон тус хуралдаанаас гарсан тогтоолыг хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр (дүгнэлт) гаргах нь зүйтэй байна.
1.4.Маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэсэн тухай
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрхи хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно." гэж заасан. Энэ нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногт хуралдаанд бэлтгэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд хуралдаанаар хэлэлцүүлэх хугацааны доод хязгаарыг тусгаагүй байна. Иймээс Үндсэн хуулийн цэц онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх маргааныг нэн даруй хянан шийдвэрлэж болохоор байна.
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал байх тул хуралдаанд бэлтгэх ажиллагааг нэн даруй гүйцэтгэсэн болно. Уг маргаан бүхий асуудлыг боломжит богино хугацаанд шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гараагүй байхад шинэ Ерөнхий сайдыг томилох, эсхүл Улсын Их Хурал тарах (Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг), улмаар улс төрийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцийн гишүүн нь ... Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана." гэж хуралдааны товыг зарлах журмыг зохицуулсан боловч Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуульт ёсонд эрсдэл бий болохоос өмнө тус маргааныг нэн даруй хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дээрх заалтаас давуу хүчинтэй үйлчилнэ.
1.5.Улсын Их Хурлын даргын үүргийг хэрэгжүүлэх ажиллагаа нь Үндсэн хуулийн цэцийн хяналтад байх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ." гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлд Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийг зохицуулсан байна. Иймээс Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын даргын үүргийг хэрэгжүүлэх үедээ Үндсэн хууль зөрчсөн эсэх нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээнд багтана. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн өдрөөс буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяад тайлбар, баримтаа гаргах, хууль зүйн туслалцаа авах боломжийг олгох үүднээс удаа дараа хандсан боловч өөрөө уг эрхээ эдлээгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухай
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан байна. Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг гаргахдаа энэ зохицуулалтад тусгагдсан шаардлага тус бүрийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.
2.1."Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал ..." гэдэгт 32, эсхүл түүнээс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан байхыг ойлгоно. Монгол Улсын Их Хурлын гишүүд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн УИХ-03/11570 дугаар албан бичгээр "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" саналыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд тавьсан бөгөөд уг саналд 54 гишүүний гарын үсэг байгаа нь Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна (Улсын Их Хурлын Тамгын газар, 2025.10.17, №ТГ-02/1204).
2.2."... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан өдрөөс хойш 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэхийг хэлнэ. 3 хоногийн дараа хэлэлцэх хугацааг тухайлан заасан нь уг хугацаанд Улсын Их Хурлын гишүүн бүр Ерөнхий сайдыг огцруулах саналтай тэгш эрхтэйгээр танилцах, судлах, санал, асуултаа боловсруулах, Ерөнхий сайд хариу тайлбараа бэлтгэх боломж олгох зорилготой тул уг саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан даруйд Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх нь зүйтэй байна. Гэвч Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирт хандан явуулсан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн УИХ-03/11679 дүгээр хүсэлтэд "… Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан бидний саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед тараалгах арга хэмжээ авна уу. ..." гэсэн байх бөгөөд мөн сарын 07-ны өдрөөс 09-ний өдөр хүртэлх хугацаанд энэхүү саналыг Улсын Их Хурлын гишүүдэд яагаад хүргүүлээгүй тухай тайлбарыг маргалдагч талаас ирүүлээгүй байна. Тус хүсэлтийн дагуу "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" саналыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
2.3."... Ерөнхий сайдыг огцруулах саналыг ... арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ..." гэдэгт Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь санал албан ёсоор тавьсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэхийг ойлгоно. Улсын Их Хурлын 54 гишүүн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр саналыг албан ёсоор тавьсан тул 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөрт багтаан шийдвэрлэх шаардлагатай. Улсын Их Хурал 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" 95 дугаар тогтоолыг баталж, уг асуудлыг 10 хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн байна.
2.4."Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцох" гэсэн заалтын агуулгыг тайлбарлахын тулд тус бичвэрийн үгийн шууд утга (үгчилсэн тайлбар), зорилго (зорилгын тайлбар), 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх үеийн түүхэн нөхцөл байдал (түүхчилсэн тайлбар)-ыг харгалзахаас гадна Үндсэн хуулийн бусад зохицуулалттай холбож цогцоор нь тайлбарлах (системчилсэн тайлбар) нь зүйтэй.
2.4.1.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн бичвэрт "... Ерөнхий сайдыг огцруулах саналыг ... уг саналыг ..." гэж тусгасан нь Байнгын хорооны саналыг нийт гишүүний олонхоор шийдвэрлэнэ гэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд үгийн шууд утгаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэж ойлгогдохоор байна. Монгол хэлний их тайлбар тольд "уг" гэдэг үгийг "тухайн, өгүүлж буй: уг ажил (тухайн ажил, өгүүлэгчийн ярьж буй ажил) ... уг асуудал (тухайн хэлэлцэж буй асуудал), уг байдал (тухайн байдал, өгүүлэгчийн ярьж байх үеийн байдал), уг хэрэг (тухайн хэрэг явдал) ..." гэж тодорхойлжээ. Иймээс Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийн "уг санал" гэдгийг тус хэсгийн 1 дэх өгүүлбэрийн Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь албан ёсоор тавьсан "Ерөнхий сайдыг огцруулах санал" гэж үгчлэн ойлгохоор байна.
2.4.2.Үндсэн хуулийн заалтыг тайлбарлахдаа бичвэрийн үгийн шууд утгыг ашиглахаас гадна тухайн заалтын зорилгод нийцсэн байдлаар утгажуулах шаардлагатай. Тиймээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах болсон зорилгыг тус нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд "Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийт 14 Засгийн газар байгуулагдсан бөгөөд хоёроос бусад нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорч байжээ. Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож байсан тохиолдол ч гарч байв. Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил байгаагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх боломжгүй болж, ардчилсан дэглэмд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байна. Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулахад Улсын Их Хуралд өргөн эрх мэдэл олгосон нь Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг алдагдуулжээ" гэж тодорхойлжээ (Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019).
Парламентын засаглалтай улсад хууль тогтоох эрх мэдлээс гүйцэтгэх эрх мэдлийн хуулийн биелэлтийг хангах чиг үүрэгт хяналт тавих, хариуцлага тооцох зарчим чухал боловч гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдал суларч, үйл ажиллагаа хэт тогтворгүй байх нь ардчилсан дэглэмийг сулруулах эрсдэлтэй байдаг. Тиймээс 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргах саналын босгыг ердийн шийдвэр гаргах босгоос илүү өндөр тогтоосон бөгөөд огцруулах журмыг тодорхой тусгажээ. Энэ нь Улсын Их Хурлын гишүүд тодорхойгүй, эргэлзээ бүхий томьёоллоор өөрийн хүсэл зоригийн эсрэг санал өгөх, эсхүл өгсөнд тооцогдох эрсдэлийг бууруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын шийдвэр гаргах журмыг тусгасан зохицуулалт нь хуулийн тодорхой бус, ерөнхий зохицуулалтаас үүдэлтэйгээр арга заль хэрэглэж, гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх, урвуулан ашиглахаас сэргийлэх үр нөлөөтэй байна. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд томилогдсон шинжээч дүгнэлтдээ "Дөчин гуравдугаар зүйл зөвхөн органик хэм хэмжээ байснаасаа зарчмын өөр шинжтэй болж өөрчлөгдөж, зохицуулах үүрэгтэй функционал хэм хэмжээ болсон бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах явц дахь талуудын оролцоо, дараалал, хугацаа, үр дагаврыг журамлах болсон юм. ... "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн санал" бол Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн агуулгатай; энэ саналыг дэмжинэ гэдэг нь огцруулахгүй гэсэн, харин дэмжихгүй гэдэг нь огцруулна гэсэн агуулгатай болж байна. Өөрөөр хэлбэл, урвуу логикоор санал хураах нь "ойлгоход хялбар байх" шаардлагыг хангахгүй." гэж тайлбарлажээ.
Талууд Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "уг санал" гэдгийг ялгаатай агуулгаар тайлбарласан байна. Тодруулбал, Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтэд "... "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томьёоллоор санал хураалгахаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн зохион байгуулж байгаа нь Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна." (2025.10.16, №ЗГ-1/114), Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчдөөс ирүүлсэн албан бичигт "Санал хураалтын томьёолол нь парламентын шийдвэр гаргах үйл явцын салшгүй хэсэг бөгөөд парламентын дотоод ажиллагааны бүрэлдэхүүн элемент юм." гэжээ (2025.10.21, №УИХ-03/12089). Саналын томьёоллын ялгаатай хувилбараас аль нь Үндсэн хуулийн зохицуулалтын зорилго (парламентын олонхын итгэл хүлээх зарчмыг алдагдуулахгүйгээр гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан, тогтвортой байдлыг хангах зорилго)-д нийцэхийг нь сонгон хэрэглэхийг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг шаардана.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих" гэсэн саналын томьёолол нь санал хураалтын үр дагаврыг шууд ойлгох боломжийг гишүүдэд илүү олгох бөгөөд нийт гишүүний олонх дэмжье гэсэн санал өгсөн тохиолдолд Ерөнхий сайд огцорно. Харин "Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй саналыг дэмжих" гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан тохиолдолд гишүүдэд тодорхой бус байдал үүсэх, эргэлзээ төрөх, андуурч саналаа өгөх бодит эрсдэл үүснэ. Уг эрсдэл бий болсноор хууль тогтоогчийн гүйцэтгэх эрх мэдэлд хариуцлага тооцох эсэх талаарх бодит хүсэл зоригийг алдагдуулах, гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан, тогтвортой байдалд зүй бусаар нөлөөлөх магадлалтай байна.
2.4.3.Үндсэн хуулийн бичвэрт тусгагдсан Улсын Их Хурлын шийдвэр гаргахад шаардлагатай саналын босгыг заасан зохицуулалтыг цогцоор нь системчилж тайлбарлах шаардлагатай. Учир нь Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Үндсэн хуулийн Оршилд тодорхойлсон эрхэм зорилгын хүрээнд, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн бичвэр, үнэт зүйл, эрхэм зорилгыг удирдлага болгосноор Үндсэн хуулийн дотоод нийцлийг алдагдуулахгүй байх, Үндсэн хуулийн зүйл, заалт өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх, ард түмний хүсэл зоригийг эрхэмлэн хамгаалж, үндэсний эрх зүйн тогтолцооны нэгдмэл цогц байдлыг хангах юм (Цэцийн дүгнэлт, 2022, №02).
Үндсэн хуульд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэх саналын босгыг ерөнхий болон тусгайлсан байдлаар тогтоосон. Тодруулбал, Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэж хууль тогтоох байгууллагын шийдвэр гаргах ирц, асуудлыг шийдвэрлэх саналын босгыг ердийн олонх байхаар зохицуулсан байна. Харин Үндсэн хуулийн зарим заалтад ердийн олонхоос илүү өндөр саналын босго тогтоосон байдаг.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нийт гишүүний олонхи" гэдгийг ердийн олонхоос илүү өндөр босгыг заасан бусад заалттай цогцоор нь авч үзэж ойлговол зохино. Жишээлбэл, Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална." гэж зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эсэх шийдвэрийг гаргахад саналын томьёоллоос шалтгаалж үр дүн нь ялгаатай байхаар байна. Тодруулбал, "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахыг дэмжих" гэх саналын томьёоллоор Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулсан тохиолдолд нийт гишүүний дөрөвний нэг буюу 32-оос доошгүй гишүүн нэмэлт, өөрчлөлтийг батлахаас татгалзах байр суурьтай байвал тус нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй. Харин "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахыг дэмжээгүй саналыг дэмжих" гэсэн саналын томьёоллоор санал хураавал 95-аас дээш гишүүн нэмэлт, өөрчлөлтийг батлахаас татгалзах байр суурьд нэгдсэн тохиолдолд нэмэлт, өөрчлөлт батлагдахгүй бөгөөд 94 гишүүн татгалзах байр суурьтай байсан ч уг нэмэлт, өөрчлөлт батлагдана. Энэ тохиолдолд үндсэндээ 32 гишүүний саналаар нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой болно. Тиймээс негатив утгаар буюу "огцруулах/батлахыг дэмжихгүй саналыг дэмжих" гэсэн саналын томьёолол оруулахыг Үндсэн хуулиар хориглоогүй гэж үзвэл практикт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээр батлах боломж бүрдэж, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал зөрчигдөх бодит эрсдэлтэй байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нараас ирүүлсэн тайлбар (2025.10.21, УИХ-03/12089)-т "Улсын Их Хурал дэгээ өөрөө тогтооно гэсэн Үндсэн хуулийн зарчим нь хууль тогтоох байгууллагын дотоод бие даасан байдал, институтийн дархлааг баталгаажуулдаг. Энэхүү зарчимд хуралдааны журам, санал хураалтын дэг, шийдвэр гаргах томьёолол зэрэг асуудлыг парламент өөрөө тогтоох, өөрөө тайлбарлах, өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэсэн утга агуулагдана." гэжээ. Шийдвэр гаргах Улсын Их Хурлын гишүүний саналын босгыг тогтоосон Үндсэн хуулийн зохицуулалтад саналын томьёоллыг тусгаагүй хэмээн үзвэл чуулганы нэгдсэн хуралдаанд саналын томьёоллыг хэрхэн оруулахаас шалтгаалж 32 гишүүний саналаар ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодит эрсдэл үүсгэж байна. Энэ нь ердийн хууль батлахаас хоёр дахин бага шалгуур юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ердийн хууль батлахаас хоёр дахин бага босгоор батлах Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлал байхгүй болно.
Иймд Улсын Их Хурлын шийдвэр гаргах журмыг тусгайлан зохицуулсан Үндсэн хуулийн заалтыг эерэг утгаар ойлгож санал хураана. Тухайлбал, ийм журмыг Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран наймдугаар зүйлийн 2, Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. Үндсэн хуулийн эдгээр зохицуулалтын дагуу шийдвэр гаргахдаа "Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжих", "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих", "Ерөнхий сайдын итгэл хүлээлгэх тогтоолын төсөл батлахыг дэмжих", "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжих", "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих" гэсэн томьёоллоор санал хураах нь Үндсэн хуульд илүү нийцэхээр байна.
2.4.4. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бичвэрийг түүнээс өмнөх бичвэртэй түүхчлэн харьцуулбал агуулга нь тодорхой харагдана. 1992 оны Үндсэн хуулийн бичвэрийн Дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж, 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж Засгийн газрыг огцруулах саналыг хэн тавих, хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар ерөнхий зохицуулсан байжээ. Харин 2019 оны өөрчлөн найруулсан хувилбар нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэн гаргах, хэд хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалтаараа өмнөх хувилбартай төстэй боловч "Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож ..." гэж Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргах журмын талаар нэмж тодорхой зохицуулснаараа, мөн Ерөнхий сайдыг ийнхүү огцруулснаас хойш гуч хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах үр дагавар бий болгосноороо ялгаатай байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт үйлчилж байх үед буюу 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 1992 оны Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа 2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн огцрох саналаа өөрөө ирүүлж, 2025 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох тухай асуудлыг Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хэлэлцжээ. Иймд Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" 95 дугаар тогтоол нь өмнөх бүх тохиолдлоос ялгаатай бөгөөд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан зохицуулалтыг анх удаа хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
Иймд Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд "Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураасан нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.
Гурав. Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэсэн хэсгийг зөрчсөн тухай
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан. Хууль дээдлэх тухай ойлголт нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар илэрхийлэгдсэн боловч агуулга, багтаамжийн хувьд ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг өргөн агуулгаар хамгаалж, үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалыг өөртөө багтаана (Цэцийн дүгнэлт, 2018, №12; №15; 2019, №02; 2020, №01; №03; №06; 2021, №02; 2024, №03; №04; 2025, №02; Цэцийн тогтоол, 2002, №02; 2023, №03; 2024, №02; №03). Тодруулбал, хууль дээдлэх ёс нь эрх зүйн тодорхой байдлыг хангах, үндсэн эрхийн хязгаарлалт хууль ёсны зорилгодоо тохирсон байх, хараат бус, шударга шүүхийн үр нөлөөтэй хяналтад байх зэрэг зарчмыг төдийгүй үндсэн эрхийг баталгаатай хангах, төрийн эрх мэдэл хуваарилах, аливаа хууль, эрх зүйн акт Үндсэн хуульд нийцсэн байх зэрэг үндсэн хуульт ёсны шаардлагыг багтаана. Үндсэн хууль нь Монгол Улсын дээд хууль болж, төр нь Үндсэн хуулийг дагаж мөрдөж буй хэрээр эрх зүйт төрийн шинжийг илтгэх бөгөөд Үндсэн хуулиа дээдэлж байвал тэр нь үндсэн хуульт төр мөн (Цэцийн дүгнэлт, 2024, №02).
Хууль дээдлэх ёсны уг маргаанд хамааралтай агуулгад эрх зүйн тодорхой байдал, хууль хэрэгждэг байх утга багтана. Эрх зүйн тодорхой байдал нь хуулиар юуг зөвшөөрч, хориглох, ямар эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэж байгааг мэдэх, хуулийг сахин биелүүлснээр үүсэх үр дагаврыг урьдчилан таамаглах, үүнийхээ үндсэн дээр хүн хувийн амьдралаа төлөвлөж, хэрэгжүүлэх боломж буюу эрх чөлөөний энгийн утгыг баталгаажуулдаг (Цэцийн дүгнэлт, 2025, №02). Түүнчлэн хууль хэрэгждэг байх шаардлагатай бөгөөд хуулийг иргэн, байгууллага, албан тушаалтан нэгэн адил сахин биелүүлэх ёстой. Тухайлбал, төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд үндэслэсэн, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байх шаардлагатай. Хууль тогтоох байгууллагын шийдвэр гаргах үйл явц нь ил тод, хариуцлагатай, ардчилсан зарчмаар явагдаж хууль ёсны байдлыг хангах шаардлагатай бөгөөд дур мэдэн үйлдэл хийхийг хориглоно.
Үндсэн хуулийн цэц "Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан хууль дээдлэх зарчмын агуулга нь нийт байгууллага, иргэний аливаа үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байхын зэрэгцээ хуулийн хүрээнд явагдах агуулгыг илэрхийлнэ." гэж үзсэн (Цэцийн дүгнэлт, 2024, №01). Тухайлбал, Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнөөрөө хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж шийдвэрлэснийг тэмдэглэж байна (Цэцийн дүгнэлт, 2007, №03). Гэвч Үндсэн хуулиас бусад хуулийн зөрчил бүрийг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх ёсыг зөрчинө гэж шууд үзэхгүй. Харин Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлалыг тодорхойлон зохицуулсан органик хуулийн заалтыг зөрчсөнөөр Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал зөрчигдөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хууль дээдлэх ёсыг зөрчсөнд тооцогдоно.
Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэж хууль тогтоох байгууллагын шийдвэр гаргах ирцийн талаар зохицуулсан. Мөн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно." гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баталсан байна. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.", 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно." гэж Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг нарийвчлан зохицуулжээ. Энэ нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх хугацаа 09.00 цагаас эхэлж, 18.00 цаг хүртэл буюу хуралдаан дуустал үргэлжлэх бөгөөд товлосон асуудлын хэлэлцэх цагийг гишүүдийн олонх хүрэлцэн ирж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал хураалтаар сунгаж болох талаар тодорхой, хоёрдмол утгагүй тусгасан зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж ..." гэж зааснаас үзвэл Пүрэв, Баасан гарагийн хуралдааныг тус тусад нь ойлгохоор байна.
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанд 09.00 цагаас 18.00 цаг хүртэлх хугацаанд 52 гишүүн, 18.00 цагаас 24.00 цаг хүртэлх хугацаанд 9 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна (Улсын Их Хурлын Тамгын газар, 2025.10.21, №ТГ-01/1213). Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу 64 гишүүн хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэйд тооцогдох боловч 10 дугаар сарын 16-ны өдөр 09.00 цагаас 18.00 цаг хүртэлх хугацаанд 52 гишүүн ирцээ бүртгүүлсэн байх тул тус өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хүчингүй буюу хуралдаан болоогүйд тооцогдоно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу товлосон асуудлыг хуралдаанаар хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааныг сунгах санал өгснөөр хуралдааны цаг сунгагдах боломжтой. Гэвч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаан явуулах ирц бүрдээгүй бөгөөд хуралдааны цагийг сунгах санал хураалт явагдаагүй болох нь Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдааны дүрс бичлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тиймээс 2025 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны ирц дангаараа бүрдсэн тохиолдолд тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно. Улсын Их Хурал 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны ирцийг нэгтгэн тооцсон талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "2025 оны 10 дугаар сарын 16-ны Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд ... 09.00 цагт эхэлсэн бүртгэл ... 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.13 цагт ирц бүрдлээ." гэж, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа "Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга 2025 оны намрын ээлжит хуралдааныг 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцтэйгээр үргэлжлүүлэн хуралдуулахад асуудал байхгүй гэсэн тул өнөөдөр нэгдсэн хуралдааныг нээснийг мэдэгдье." гэжээ (Улсын Их Хурлын Тамгын газар, 2025.10.21, №ТГ-01/1213).
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхээр тов гарсан бөгөөд Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож …" гэж заасны дагуу нийт гишүүний олонхын саналаар шийдвэр гаргана. Гэвч Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэн тооцсон үйлдэл нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг, улмаар Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг зөрчигдөхөд хүргэсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт "Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно." гэж заасан тул 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн бүртгэлд орсон гишүүд мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ирцийн бүртгэл болон санал хураалтад оролцоогүй байхад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих санал өгсөнд тооцогдсон байна.
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулж, 12.59 цагт шийдвэрлэжээ. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирц болон Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын мэдээлэл (Улсын Их Хурлын Тамгын газар, 2025.10.21, ТГ-01/1213)-ээс үзэхэд тус өдрийн хуралдаанд 09.00-13.00 цагийн хооронд 50 гишүүн ирцэд бүртгүүлсэн байна. Гэвч өмнөх өдрийн нэгдсэн хуралдааны ирц буюу 61 гишүүний ирц дээр 50 гишүүний ирцийг нэмж, 111 гишүүнийг санал өгснөөр тооцсон байна. Түүнчлэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн 52 гишүүн байсан. Харин огцруулахыг дэмжээгүй санал өгсөн 40 гишүүн, ямар нэгэн тодорхой санал гаргаагүй, хууль бус ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон 19 гишүүн байсан (Ерөнхий сайд, 2025.10.20, ЗГ-1/117) бөгөөд үүнийг няцаах нотлох баримтыг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч нараас буюу маргалдагч талаас ирүүлээгүй болно.
Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. ..." гэж асуудлыг гишүүд саналаа гаргаж шийдвэрлэх буюу идэвхтэй үйлдэл хийснээр санал тоологдох тухай зохицуулсан байна. Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахад зөвхөн санал өгсөн гишүүний тоог тоолох нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх зарчимд илүү нийцнэ. Бусад ардчилсан улсад ирцэд орсон ч санал өгөөгүй гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцдог практик тогтоогдохгүй байна.
Иймд Улсын Их Хурал 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдөр буюу 2 өдрийн ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг зөрчсөнөөр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх ..." зарчмыг алдагдуулсан байна.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан. Иймээс ард түмний бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэж тусгасан бөгөөд энэ зарчим нь төрийн бүх эрх мэдлийг ард түмнээс эхтэй байхыг шаарддаг (Цэцийн дүгнэлт, 2025, №03). Ардчилсан сонгуулиар бүрдсэн парламент асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх нь ардчилсан ёсны хамгийн түгээмэл агуулгад багтана. Тиймээс Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчих замаар Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг баталж, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан нь ардчилсан ёсонд нийцэхгүй байна.
Дөрөв. Нэгтгэн дүгнэхэд
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмыг, түүнчлэн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа тус хуралдааныг даргалахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалгаж, Үндсэн хуулийн эдгээр зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд түүний их суудлын хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан бүх шийдвэр эцсийн байна. Тухайлбал, "... албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно ..." (Цэцийн дүгнэлт, 1995, №01). Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно." гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран тавдугаар зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэснийг зөрчсөн байна.
2.Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчсөн байна.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
Л.ӨЛЗИЙСАЙХАН
О.МӨНХСАЙХАН
Э.ЭНХТУЯА
Ц.ЦОЛМОН
Б.БОЛДБААТАР
Р.БАТРАГЧАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх